Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0013

 

 

  

      2022           12           26                                        128/ШШ2023/0013

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Т.Гангэрэл, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч:С**** э***** ч****** ХХК /РД: /

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т***, Б.Б********,

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Н********,

          Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н*******, Д.Д********нарын Эрчим хүчний зохицуулах хооронд холбогдуулан С**** э***** ч****** ХХК-ийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т***, Б.Б********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Д.Д********, иргэдийн төлөөлөгч Д.Х*********/цахимаар/  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч С**** э***** ч****** ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан.

          2.С**** э***** ч****** ХХК нь Эрчим хүчний яамны цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт баригдах 21 мВт-ын хүчин чадалтай нарны /техникийн нөхцөлд салхины гэж зөрүүтэй бичигдсэн/ цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн системд холбох 70/2017/22 дугаар техникийн нөхцөлийг 1 жилийн хугацаатай авсан.

          3.Тус компанийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

          Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2870 дугаар захирамжаар С**** э***** ч****** ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус холбогдох захиргааны хэргээс Эрчим хүчний яаманд холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 248 дугаар захирамжаар Эрчим хүчний яаманд холбогдуулан гаргасан  70/2017/22 тоот техникийн нөхцөлийн сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан.

          Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШТ/2022/0159 дүгээр тогтоолоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШТ2022/0994 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн.

          4.Нэхэмжлэгч С**** э***** ч****** ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

          “Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тодорхой ажил хийгдээгүй, эрчим хүчний барилга байгууламж 21 мвт нарны цахилгаан станц барих 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2-т Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2; 6.7-д заасныг үндэслэсэн байна. Манай компани нь Монгол улсын төрөөс эрчим хүчний талаарх баримтлах бодлого дунд хугацааны хөтөлбөр Монгол Япон улсын эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд манай компани нь 2018 оноос 2019 онуудад Япон улсын Sharp корпорацтай хамтран Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт 21 мвт чадалтай нарын цахилгаан станц барих төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд хоёр улсын Засгийн газрын Хамтарсан Кредит Олгох Механизм төсөлд шалгарсан хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр үзүүлж буй Япон улсын Засгийн газрын дэмжлэгийг ашиглахаар гэрээ хэлэлцээрийг эцэслэн хийж дуусгасан болно.

          Улмаар Төв аймгийн Баянчандмань сумын нарны цахилгаан станцын төслийг 2014 оноос эхлэн судалгааны ажлуудыг эхлүүлж техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан байдлын үнэлгээ зэрэг бичиг баримтуудыг холбогдох хууль дүрмийн хүрээнд иж бүрэн дуусгаж 2017 онд Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авч жил бүрийн үйл ажиллагааны тайлан гаргаж, Д** ХХК-тай Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх суурь хүчин зүйлийн нэг болох эрчим хүчний эх үүсвэрийг бүтээн байгуулахаар ажиллаж байгаа билээ.

          Манай компанийн хувьд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй буюу шууд тус компаниас хамааралтай байдлаас үүдэн барилгын ажлыг эхлүүлээгүй нөхцөл байдал байхгүй болно. Техникийн нөхцөлийн хугацаа дууссанаас шалтгаалан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 онд дунд үнэлгээтэй байсан бөгөөд улмаар шүүхэд захиргааны хэрэг үүссэн техникийн нөхцөл дууссан байдлаас шалтгаалсан байхад хангалтгүй гэж дүгнэсэн байна. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрмийн дагуу ажил эхлүүлэх зөвшөөрлийг орон нутгаас авах боловч Барилгын тухай хуулийн 28.2.1-д зааснаар Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд Техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэрийг хавсаргах заалттай юм. Манай компанийн зүгээс Техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд Эрчим хүчний яаманд гаргасан боловч Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбогдуулан Техникийн нөхцөлийг сунгах асуудлыг шийдэхгүй байсан. Энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос 21 мвт нарны цахилгаан станц барих 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл хангалтгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

          Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 191 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журмын 5.4-д "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй, үйл ажиллагааны үзүүлэлт зохистой түвшинд хүрээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл сунгах, эсэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ" гэж заажээ. Эрчим хүчний зохицуулах хорооноос сүүлийн 2 жилд манай үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргасан зүйлгүй болно. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Эрчим хүчний тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт хуульд заасан хугацааны дотор Эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн. Уг хүсэлтэд Эрчим хүчний зохицуулах хороо нь хууль, байгууллагын журамд заасан хугацаанд хариу өгөөгүй хуульд байхгүй нэмэлт төхөөрөмж байрлуулах шаардлага тавьсан. Энэ шаардлага нь хуульд заасан шаардлага биш байсан учраас боломжгүй гэх хариуг өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хангалтгүй гэх тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгаагүй байж сунгагдах эсэх нь тодорхойгүй байхад шалгаж, хангалтгүй гэж дүгнэсэн асуудал гарсан.

          Ийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар хангалтгүй гэж дүгнэсэн тогтоолыг хүчингүй болгуулъя, заасан хугацааны дотор хүсэлтээ гаргасан учраас сунгахгүй байгаа нь хууль бус учраас тусгай зөвшөөрөл сунгахыг даалгаж өгнө үү.” гэв.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 161 дүгээр тогтоолоор С**** э***** ч****** ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгсөн бөгөөд уг нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлснээр нь дүгнэж үнэлгээг өгдөг.

          Тус ХХК-иас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлттэй холбоотой тайланг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21/124 тоот албан бичгээр, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/125 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн баримтуудыг үндэслэн тус компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэсэн. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д "Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах" гэсэн заалтын хүрээнд барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, Барилга угсралтын ажил дуусаж, Улсын комиссын акт баталгаажаагүй байсан бөгөөд компаниас ирүүлсэн

          "Манай компани нь Япон улсын S**** к******** Монгол улсын барилга угсралт, эрчим хүчний чиглэлийн төслийн танилцуулга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа хийх байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон" гэсэн тайлбарыг харгалзан үзэж 20 хувийн үнэлгээтэй дүгнэсэн; Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2-д Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах гэсэн заалтын хүрээнд Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан.

          Эрчим хүчний зохицуулах хороонд зөвхөн 21 МВт-ын нарны цахилгаан станцын зураг төслийг ирүүлсэн, тус зураг төслийг батлуулаагүй байсан тул 45 хувийн үнэлгээтэй дүгнэсэн; Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.3-д барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх заалтын хүрээнд Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийлгээгүй тул 0 хувийн үнэлгээтэй дүгнэсэн; Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4-т Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахад санхүүжүүлэх хөрөнгө оруулагчтай эцэслэн гэрээ хэлцэл байгуулах" гэсэн шаардагдах хөрөнгийг заалтын хүрээнд Д** ХХК-тай гэрээ байгуулсан, Төсөл хөгжүүлэлтийн харилцан ойлголцлын санамж бичгийг Японы S**** к******** болон С**** э***** ч****** ХХК-ийн хооронд байгуулсан тул 95 хувийн үнэлгээтэй дүгнэсэн; Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-т Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх гэсэн заалтын хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумаас 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 50 га газрыг 30 жилийн хугацаатай нарны станцын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, барилга угсралтын ажлыг эхлүүлэх тухай Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл аваагүй. барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй гэж үзсэн тул 40 хувийн үнэлгээтэй дүгнэсэн; Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.6-д " Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах" гэсэн заалтын хүрээнд барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээг урьдчилсан байдлаар байгуулсан, Эрчим хүчний яаманд техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж 80 хувийн үнэлгээтэй тус тус дүгнэсэн бөгөөд нийт 6 заалтын дунджаар 47 хувиар Хангалтгүй үнэлгээтэй дүгнэсэн.

          Энэ үнэлгээг С**** э***** ч****** ХХК-иас ирүүлсэн нотлох баримтууд болон Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн өгсөн хуулийн дагуу гарсан захиргааны акт болно. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үүгэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Өмнөх хурлаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг тогтоолоор нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэчихсэн. Сунгахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд Эрчим хүчний зохицуулах хороо хүсэлтийг хүлээж аваад 2020 оны 01 дүгээр сарын 23-нд 5/92 дугаар албан бичгийг өгсөн. Уг албан бичигт сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу цэнэг хураагууртай байх, техник эдийн засгийн үндэслэлээ тодотгоод Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулах, техник эдийн засгийн үндэслэл шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тарифыг дахин ирүүлж батлуулах, техникийн нөхцөлийг сунгуулах дөрвөн шаардлагыг нэхэмжлэгч талд хүргүүлсэн.

Албан бичигт дурдсан эхний асуудал бол Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гуравдугаар хурлын тэмдэглэлд тусгагдсаны дагуу тухайн үед тусгай зөвшөөрөл гарсан бүх сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт тавигдсан Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу цэнэг хураагууртай байх гэдэг нөхцөлийг тавьсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу техник эдийн засгийн үндэслэлээ тодотгох шаардлагатай. Үүнтэй холбоотой тарифын асуудал заавал шинэчлэгдэх шаардлагатай болдог. Энэ дагуу шаардлагуудыг тавьсан.

Техникийн нөхцөлийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан байсан учраас дууссан техникийн нөхцөлийн хугацааг сунгуулах эсвэл хүчин төгөлдөр байдлыг хангаж өгөх байдлаар албан бичгийг хүргүүлсэн. Үүний дараа нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас энэ асуудал түр хойшлоод явж байсан. Нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүхээс түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсний дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний зохицуулах хороо нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авснаас хойших хугацааны бүх тусгай зөвшөөрлийг олгохдоо 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу нөхцөл шаардлагыг дүгнэдэг. Нөхцөл шаардлагаа хангалтгүй буюу 47 хувьтай биелүүлсэн учраас тусгай шаардлагын нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн гэдэг актыг гаргасан. 126 дугаар тогтоол бол баримт дотор байгаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт гээд тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэмд заасны дагуу 6 үзүүлэлтийг дүгнэдэг. 6 үзүүлэлтийн дундаж буюу үнэлгээ нь 47 хувьтай байгаа. 60-аас доош хувийг хангалтгүй гэж үнэлэхээр дүрэмд заасан. Үүний дагуу хангалтгүй гэж үнэлсэн.

С**** э***** ч****** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан шийдвэрээс хамаарч манайхаас дараагийн процесс ажиллагааг явуулсан. Ингэхдээ 11 сард хүчинтэй хугацааны нөхцөл шаардлагыг ирүүлэх албан бичиг хүргүүлсэн. Энэ компанитай үүнээс хойш 2 сар уулзалт хийж нөхцөл шаардлагатай холбоотой асуудлыг тодруулж байсан. 6 заалтын дунджаар дүгнэсэн. Эхний заалт эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах заалтыг холбогдох аргачлалын дагуу дүгнэхэд 0 оноотой байсан. Гэхдээ бид тухайн компанийн хийсэн ажлыг харгалзан үзээд 100 хувь байхаас 20 хувь тавьсан. 2, 3 дугаар шаардлагын тухайд хоёр дээр нь зураг төслөө боловсруулаад зөвшилцөх гэж байгаа. Энэ нь зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэн батлуулах, зөвшилцөх гэж байгаа. Батлагдсан зураг төслийн эзлэхүүнд оногдох хувиар тооцож оноог өгдөг. Үүнд тус компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эрчим хүчний яамнаас нэгдсэн сүлжээнд холбогдох техникийн нөхцөлөө авсан. Хүчинтэй хугацаандаа зураг төслөө боловсруулж, батлуулаагүй. Батлуулна гэдэг бол цахилгаан дамжуулах үндэсний сүлжээтэй зөвшилцөж батлуулдаг. Энэ ажлаа хийгээгүй байсан.

Тухайн үед нэхэмжлэгч компаниас зураг төсөл боловсруулдаг компанитай гэрээ байгуулж зөвхөн нарны станцын зураг төслийг боловсруулсан байсан. Энэ бол батлагдаагүй, зөвхөн боловсруулсан. Энэ ажлыг харгалзан үзээд энэ заалтыг 45 хувиар дүгнэсэн. 3 дахь заалтад батлуулсан зураг төслийг Эрчим хүчний хөгжлийн төвөөр магадлал хийлгэх ёстой. Үүнийг хийлгээгүй учраас 0 оноо өгсөн. 4 дэх заалтад тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор хөрөнгө оруулагчтай тохиролцож гэрээ байгуулсан байх. Уг шаардлага дээр 95 хувь тавьсан. Энэ шаардлага дээр маш хангалттай оноог тавьж өгсөн. Энэ дотроо цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бол 20 хувь, хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулсан бол 80 хувь хүртэл оноо тавьдаг. Нэхэмжлэгч компанийн хувьд японы S**** к******** болон С**** э***** ч****** компанитай санамж бичиг байгуулсан. Санамж бичгийг хүчин төгөлдөр болгох урьдчилсан нөхцөлийг хангаагүй байсан. Гэхдээ тухайн 3 жилийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 95 хувь тавьсан. 4 дэх заалтын дагуу хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан бол үүнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байна.

Үүний дагуу барилга байгууламжийг эхлүүлээгүй, газрын гэрчилгээ гэх мэт Эрчим хүчний яамнаас авсан техникийн нөхцөл зэргийн ажлуудыг бид нар харгалзаж үзсэн. Энэ бол аргачлалын дагуу дүгнэвэл 10 оноо авахаар заалт. Хийсэн ажлыг нь харгалзаж үзээд 40 хувь гэж дүгнэсэн. 6 дугаар заалтад барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих болон барилга угсралтын илд далд ажлын акт баримт бичгийг баталгаажуулсан байна гэж заасан. Үүнд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлтэй байна гэдэгт 40 оноо өгч, барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих гэрээг байгуулаагүй, зөвхөн урьдчилсан гэрээг байгуулсан тул 40 оноо өгч нийт 80 оноогоор үнэлсэн. Ингээд зургаан заалтын дунджаар 47 хувь буюу хангалтгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талын зүгээс манайхаас албан бичиг өгснөөс хойш 2 сарын хугацаанд бид нар хамтран ажилласан. Үүний эцэст 47 хувиар үнэлэгдсэн.“ гэв.

8.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэрийг дэмжинэ.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.С**** э***** ч****** ХХК-ийн гаргасан тус компанийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч  С**** э***** ч****** ХХК дараах үндэслэлээр маргасан.

        1/Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн дагуу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжихээр заасан байхад хариуцагч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль бус.

          2/Бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос 21 мвт нарны цахилгаан станц барих 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл хангалтгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

        3/Эрчим хүчний зохицуулах хорооноос сүүлийн 2 жилд манай үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргаагүй учир  2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй гэж дүгнэсэн нь хууль бус.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

          3.Эрчим хүчний зохицуулах хорооноос С**** э***** ч****** ХХК-ийн 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        3.1.Эрчим хүчний зохицуулах хорооноос С**** э***** ч****** ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж  барих 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор 3 жилийн хугацаатай олгосон.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаар тогтоолоор С**** э***** ч****** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дунд гэж дүгнэсэн.

3.2.Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулахаар гаргасан хүсэлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/92 дугаар албан бичгээр “... горимын тооцоог дахин хийлгэх, техник эдийн засгийн үндэслэл дахин тодотгож, эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулах, үнийн тарифын саналаа ирүүлж, хянуулж батлуулах, техникийн нөхцөлийг сунгуулах, ...зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэн ирүүлсний дараа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай асуудлыг хэлэлцүүлэх боломжтой” гэсэн хариуг хүргүүлжээ.

3.3.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Сонирхогч хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих, буюу үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо, ...д гаргах”, 20 дугаар зүйлийн 20.1-т “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 21.2-т заасан шаардлага хангасан, уг барилга байгууламжийг барих хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгох”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж тус тус заасан.

3.4.Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-т техникийн нөхцөл авахад бүрдүүлэх баримт бичгүүдийг нэрлэн заасан бөгөөд мөн дүрмийн 2.2-т зааснаар Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох тохиолдолд энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгээс гадна эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр, Диспетчерийн үндэсний төвийн тухайн жилийн горимын тооцоог тус тус хавсаргахаар зохицуулсан.

3.5.С**** э***** ч****** ХХК нь техник эдийн засгийн үндэслэлийг нарны зайн хуримтлууртайгаар тооцон дахин боловсруулсан тул шинэчлэн батлуулах хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Эрчим хүчний яаманд хүргүүлж, Эрчим хүчний сайдаас Горимын тооцоо хийх тухай 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр а/1314 дугаар албан бичгийг Д********** ү******* т**ХХК-д хүргүүлсэн.

3.6.Д********** ү******* т**ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02/1565 дугаар албан бичгээр “...сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг нэгдсэн сүлжээнд нэмж зэрэгцээ ажиллагаанд залгаж ажиллах боломжгүй байна” гэж, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 01/520 дугаар албан бичгээр “...ТБНС-д томоохон чадлын, тохируулгын горимд ажиллах чадамжтай эх үүсвэр холбогдон ажиллах хүртэл С**** э***** ч****** ХХК-ийн 21 мвт-ын нарны цахилгаан станцыг ТБНС-д зэрэгцээ залгах боломжгүй байна” гэсэн горимын тооцооны дүгнэлтийг хүргүүлжээ.

          3.7.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор С**** э***** ч****** ХХК-ийн 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн. Уг тогтоолыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШТ/2022/0159 дүгээр тогтоолоор хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШТ2022/0994 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээсэн нь хүчин төгөлдөр болсон.

        3.8.Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд Эрчим хүчний зохицуулах хороо нь С**** э***** ч****** ХХК-ийн 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг сунгаагүй эс үйлдэхүй гаргаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооноос С**** э***** ч****** ХХК-ийн 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолоор С**** э***** ч****** ХХК-ийн 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэжээ.

4.2.Эрчим хүчний зохицуулах хороо 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг гаргахдаа 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 161 дүгээр тогтоолын дагуу олгосон 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны журмын 6.7, 6.8-д    заасны дагуу дүгнэсэн байна.

4.3.Тодруулбал, С**** э***** ч****** ХХК нь техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд нарны цахилгаан станцыг барьж байгуулаагүй, эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй талаараа маргаагүй.

Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд цахилгаан станц барьж байгуулан ашиглалтад оруулах заалтыг холбогдох аргачлалын дагуу 0 хувь,

Нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд зураг төсөл боловсруулдаг компанитай гэрээ байгуулж, станцын зураг төслийг боловсруулсан боловч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээтэй зөвшилцөж батлуулаагүй тул 45 хувиар,

Батлуулсан зураг төслийг Эрчим хүчний хөгжлийн төвөөр магадлал хийлгээгүй учраас 0 хувиар,

Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор хөрөнгө оруулагчтай тохиролцож гэрээ байгуулсан байх шаардлагын дагуу  S**** к********тай санамж бичиг байгуулсан тул 95 хувиар,

Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсанаас хойш 12 сарын дотор барилга байгууламжийг эхлүүлээгүй 40 хувиар,

Барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих болон барилга угсралтын илд далд ажлын акт баримт бичгийг баталгаажуулах 40 оноо, барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих гэрээг байгуулаагүй, зөвхөн урьдчилсан гэрээг байгуулсан тул 40 оноо өгч нийт 80 оноогоор дүгнэж, эдгээр зургаан заалтын дунджаар 47 хувь буюу хангалтгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

4.4.Маргаан бүхий акт нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.”тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”; 9.2.”Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны журмын 6.1.”Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор нөхцөл, шаардлагын биелэлтийг цахим системээр тайлагнах бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.”,

6.2.”Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг жил бүрийн 4 дүгээр сард багтаан ЭХЗХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэнэ.”,

6.3.”Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтыг энэ дүрмийн 6.1-д заасан хугацаанд тайлагнаагүй тохиолдолд биелэлтийг “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэнэ.”,

6.4.”Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны хэрэгжилтийг дүгнэхдээ үзүүлэлт бүрийн дунджаар дүгнэх бөгөөд тогтоосон хугацаа нь дуусаагүй шаардлагын заалтыг хасаж тооцно.”,

6.5.”Эрчим хүчний тухай хуулийн 12.1.1-12.1.10, 12.1.12-д заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг дүгнэхдээ техникийн болон санхүүгийн үйл ажиллагааны үндсэн хүчин зүйлийн бодит өөрчлөлт, ЭХЗХ-ны тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг харгалзан үзнэ.”,

6.6.”Нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг энэ дүрмийн 6.8-д заасан аргачлалын дагуу үнэлж ЭХЗХ-ны хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр дүнг холбогдох шийдвэрийн хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.”,

6.7.”Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын үзүүлэлтүүдийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр дараахь байдлаар дүгнэнэ.”,

Нөхцөл, шаардлагын

зорилтын биелэлт (%)

Үнэлгээ

90-ээс 100 хүртэл

Хангалттай сайн

75-аас 90 хүртэл

Сайн

60-аас 75 хүртэл

Дунд

60 хүртэл

Хангалтгүй

6.8.”Нөхцөл, шаардлага, тухайн оны зорилтыг дараахь аргачлалаар үнэлнэ” гэж заасанд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

4.5.Иймээс С**** э***** ч****** ХХК-ийн 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4.6.Эрчим хүчний яамны цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт баригдах 21 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн системд холбох 70/2017/22 дугаар техникийн нөхцөл нь  1 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд энэ хугацаанд холболтын ажил хийгдээгүй тохиолдолд дахин шинээр техникийн нөхцөл авна гэж заажээ.

 Шүүхийн энэхүү шийдвэр нь С**** э***** ч****** ХХК нь цахилгаан станцын горимын тооцоог дахин хийлгэх, техник эдийн засгийн үндэслэлийг шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, техникийн нөхцөл шинээр авах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

            5.Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд С**** э***** ч****** ХХК-ийн гаргасан тус компанийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “тусгайлан санал байхгүй, шүүхийн шийдвэрийг дэмжинэ” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.2, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2-т тус тус зааснаар С**** э***** ч****** ХХК-ийн гаргасан тус компанийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН

                       ШҮҮГЧ                              А.МӨНХ-ӨЛЗИЙ

                       ШҮҮГЧ                              Т.ГАНГЭРЭЛ