Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2022/00441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2022/00007/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ... тоотод оршин суух Ц.Ц-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ... байр, Д ХКомпанид холбогдох,

“Д ХКомпанийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 8,610,766 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухайшаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “Д ХК-нд 2000 оны 8 дугаар сард ажилд орж байсан. Тухайн үед цалин хөлсний нягтлангаар анх ажилд орж байсан. 2014-2017 он хүртэл ахлах нягтлангаар ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа хийж байтал ерөнхий нягтлан чамд хэлэх юм байна гэсэн. Би өрөө рүү нь яараад орсон тухайн үед  надад тушаалыг харуулсан намайг компанийн нууц мэдээлэл задруулсан гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн байсан. Тухайн үед би ямар нууц мэдээлэл задруулсан талаар мэдээгүй татварын газраас шалгалтын үйл ажиллагаа явагдаж байсан тэрэнтэй холбоотой юм болов уу гэж таамаг дэвшүүлээд байж байсан. Тэгээд би нууц задруулсан гэх баримтаа үзсэн чинь телеграмаар миний явуулсан файлыг үзүүлсэн уг файлыг технигч М надаас ажил хэргийн шугамаар авдаг зүйл байсан. М надаас 2060-0005 дансны дэлгэрэнгүйг надаас авч дуусаагүй хөрөнгө оруулалтын засварыг хийхийн тулд надаас авсан дансны мэдээлэл байсан. Засвар хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл солилцдог. Нэг өдөр М та мэдээллээ явуулсан уу надад мэдээлэл ирэхгүй байна гэж манай өрөө рүү ороод ирсэн. Би чам руу явуулсан гэж хэлээд шалгаад хартал М руу андуураад явуулсан байсан. Би андуурч явуулсан байсан файлаа тэр дор нь устгасан. Би ахиад М руу явуулсан байдаг. Энэ мэдээлэл бол санхүүгийн нууц тайлан мэдээлэл гэж үзэхгүй байгаа. Компани нууцын тухай хуулиар санхүүгийн тайлангийн мэдээ задруулсан тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг. Компанийн удирдлага намайг санхүүгийн тайлангийн мэдээ мөн дуусаагүй үйлдвэр технологийн нууцыг задруулсан гэх үндэслэлээр намайг ажлаас халсан байсан. Санхүүгийн тайлан гэдэг бол нягтлан гаргадаг. Би 2060-0005 дансыг санхүүгийн тайлан гэж үзэхгүй байгаа. Санхүүгийн тайлан гэж юуг хэлэх вэ гэхээр санхүүгийн тайлан бол нягтлан бодогч хүний гаргаж яваа эцсийн бүтээл байдаг. Санхүүгийн тайлангаас ямар мэдээлэл авч болдог вэ гэхээр санхүүгийн тайлан бол байгууллагын амжилтыг харах ганц толь нь болдог. Тэгэхээр 2060-0005 дангаараа санхүүгийн тайлан болж чадахгүй. Тэндээс хүн байгууллагын нууц харах боломжгүй дуусаагүй барилгын ажлыг хуримтлуулж үлдээд оны эцэст акт үйлдээд нэмж эцсийн бүтээл болдог. Санхүүгийн тайлан маань өөрөө 4 хэсгээс бүрддэг. Бланс, орлого үйлдвэрлэлийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан гэсэн 4 хэсгээс бүрддэг. Санхүүгийн тайлангийн нууц задруулсан гэж үзэхээр тухайн байгууллагын тамга, тэмдэг дарсан байвал энэ нь санхүүгийн тайлан болдог. Үйлдвэр технологийн нууц задруулсан гэж бичсэн байдаг. Үйлдвэрлэл гэдэг нь хүний оролцоотой тодорхой ажлын процессоор нөлөөлөх байгалийн түүхий эд, эсхүл хагас боловсруулсан, үйлдвэрийн техник ашиглан эдийн засгийн болон хэрэглээний зориулалттай бараа бүтээгдэхүүн зүйлийг үйлдвэрлэл гэнэ. Технологи гэдэг нь тухайн ямарваа орц зүйлийг илэрхийлсэн илэрхийлэл юм. Манай компани эрчим хүчийг худалдаж аваад өөрийн зардал тооцоод эрчим хүчний яамнаас тогтоосон үнэ тарифаар борлуулдаг. Иймээс миний бие санхүүгийн болон үйлдвэрийн нууцыг задруулаагүй гэж үзэж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсанаас болж миний бие шүүхэд хандсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан заалтын хувьд ажил олгогчид ямар хөрөнгөд нь ноцтой хохирол учруулсан эсэх нь тогтоогдохгүй байна. 2060-0005 гэдэг чинь ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ. Энэ өнөөдөр нууцын зэрэглэлд орох уу ямар сөрөг үр дагавар, ямар бодит хохирол учраад байгааг нотолж чадахгүй байна. Санхүүгийн тайлан үйлдвэр үйлчилгээний баримт бичгүүд гээд байна тодорхойгүй бусдад болон гадны байгууллагад бодит хохирол учирсан юм шиг яриад байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан заалтыг шууд авч хэрэглэж байгаа нь алдаатай, өөрөөр хэлбэл ямар баримт дээр зөрчил гарсан юм, шууд л нэг тушаал, хайнга хандаж гаргасан нь хүний амь амьдралд сөргөөр нөлөөлж байна. Манай талаас 421 дүгээр тушаалыг үндэслэлгүй гаргасан байна гэж үзэж байна. Нууцлалын зэргийг тодорхойлж чаддаггүй, технологийн ямар хохирол учраад байгаа юм гэхэд тодорхойлох боломжгүй гэж хэлдэг. Ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байгаа нь харагдаж байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар зөвшөөрөхгүй байгаа учир ажилд нь эргүүлж томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг нөхөж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Д ХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус мэргэжилтэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим телеграм ашиглаад тус компанийн 2060-0005 Дархан түгээгүүрийн дуусаагүй үйлдвэрлэлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гадны байгууллагад задруулсан. Дээрх үйлдэлд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 421 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухайг дараах хууль зүйн үндэслэлээр тайлбарлаж байгаа. 1. 1999 оны 5 дугаар сарын   16-ны өдөр баталсан байгууллагын нууцын тухай хуульд тухайн байгууллага нууц мэдээллээ өөрсдөө зохицуулна, энэ журмаар зохицуулна гэж заасан байдаг. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот тушаалаар батлагдсан Д ХК-ийн нууцын журмын 2.4-т зааснаар санхүүгийн үйл ажиллагааны тайлан үйлдвэрлэл технологитой холбоотой баримт бичгүүдийг нууцад хамааруулна гэж заасан байдаг. Тус ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.7-д тухайлан заасан ноцтой зөрчил буюу компанийн санхүү эдийн засаг болон техник технологийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан. Энэ нь 2060-0005 дуусаагүй үйлдвэрлэл Дархан түгээгүүрийн их ба урсгал засвар техник технологийн засварт зарцуулсан 1,711,639,834 дансны дэлгэрэнгүй хуулгыг бусдад задруулсан байдаг. Ц.Цтай байгуулсан ажлын байрны тодорхойлолтод хийх ажил үүргийг нарийвчлан зохицуулсан байгаа. Тус ажил үүргийн 4.2 дээр бол нууц хадгалах үүргийг тусгаж өгсөн хэрэв нууцыг хадгалаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгүүлэхээр гарын үсэг зуруулсан байдаг. Энэ хүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил юм, өөрөөр хэлбэл ажил олгогчид хөдөлмөрийн гэрээний үүрэг харшлах эс үйлдэл байна гэж үзэж байгаа. Ийм үйлдлийг гаргасан учир ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халсан. Нууцад манай санхүүгийн ажил хамаарахгүй гэж байна. Манайх 4 салбар хэсгүүдтэй Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн нэг хэсэг дээр гэхэд 1,7 тэрбум төгрөгийн хуваарилалт байна. Хонгор сумын Гио од гэх компаниас 3,520,000 гэх мөнгөн дүн тавигдсан, их засвар гэхэд 86,400,000 гэх жишээний тоолоод үзэхийн бол нийтдээ 221 ажил арга хэмжээний үнийн дүн байна. Манайх бол зөвхөн түгээх үйл ажиллагаа хийж байна гээд байдаг. Энэ тоног төхөөрөмж урсгал засварууд хийгдэж байж энэ түгээгүүр үнэн зөв байх ёстой. Нэг төвийн санхүүгийн тайлан задарч байгаа бол байгууллагын санхүүгийн нууц задарч байна гэсэн үг. Санаатай ч бай, санамсаргүй ч бай үйлдэл нь хийгдсэн учир ажлаас халж байгаа юм. Энэ бол шат дараалалгүйгээр хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн заасан нууц задрагдсан учир хөдөлмөрийн тухай хуулиар ноцтой зөрчилд тооцогдож ажлаас халсан юм. Өөрийн ажлыг хялбарчлаад телеграмаар мэдээллээ солилцсон гэж байгаа албан ёсны хаягаар явуулаагүй зэрэг нь ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь Д ХКомпанид холбогдуулан тус компанийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин 8,610,766 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлаа нэхэмжлэгч Ц.Ц нь Байгууллагын нууцын тухай хуулийг зөрчсөн, байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Үйлдвэрлэл техникийн холбогдолтой баримт бичгүүдийг бусдад задруулсан, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна гэж маргадаг.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Цтай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан Санхүү эдийн засгийн хэлтэст Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллуулсан байна. Үүнээс өмнө ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

Д ХКомпанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дугаартай сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Ц.Цыг компанийн дансны хуулгыг бусдад зөвшөөрөлгүй тараасан гэж хөдөлмөрийн гэрээний 5.2.7-д “компанийн санхүү эдийн касаг болон техник технологийн нууцад хамаарах бичиг баримт мэдээллийг задруулсан” заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хариуцагч байгууллагын Үндсэн хөрөнгийн ня-бо-ийн ажлын байрны тодорхойлолтын 2. Ажилтны хүлээх хариуцлагад “...4. Удирдлагын мэдээллийн системийн найдвартай байдлыг хангаж чадаагүй, 5. Компанийн мэдээллийн нууцыг хадгалж чадаагүй...” гэж, 4. Ажлын байрны нөхцөл 4.2. Онцгой нөхцөл-д “...нууц хадгалах” гэж, Д ХКомпанийн гүйцэтгэх захирлын 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай Компанийн нууцын журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 2.4-т “Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Үйлдвэрлэл, техникийн холбогдолтой баримт бичгийг компанийн нууц баримт бичгийн жагсаалтыг нэгдсэн тоо бүртгэлд оруулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдаанд “...байгууллагын 2060-0005 дансны дэлгэрэнгүйг технигч Э.Мт харилцаа холбооны телеграмм сүлжээг ашиглан явуулахдаа Ш.М гэдэг хүн рүү андуурч явуулсан, энэ нь намайг ажлаас халах ноцтой зөрчил биш, байгууллагад яг ямар хохирол учирсан нь тогтоогдоогүй, ковид гарснаас хойш ашиглаж эхэлсэн шүү дээ телеграммыг” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй байна.  

Гэрч Ш.М-ын “...Тэр өдөр би Ц.Х-тай хамт манай ажлын гадаа машинд сууж байсан. Тухайн өдөр телеграмм суулгасан өдөр байсан бөгөөд миний утсанд мессеж ирсэн, тэгээд ирсэн мессежийг хальт хартал Д ХК-ийн бланс байсан, би гайхаад хүүе танай ийм мэдээлэл надад хүрээд ирлээ гээд Ц.Х-д үзүүлсэн, Ц.Х ямар сонин юм бэ гээд утас авч харсан. Өөр зүйл болоогүй. Надад ямар ч хамаагүй асуудал. Би өөрөө шалгаж байгаа байгууллагын мэдээлэл, материалыг хэн нэгэнд дамжуулсан асуудал байхгүй. Ц.Цаас лавлаж асуугаагүй, надад ямар ч хамаагүй болохоор тэгээд устгасан, Ц.Цыг явуулсан гэж ч мэдээгүй. Ц.Х хажууд хамт байсан учир үзүүлсэн...”, гэрч М.Г-ийн “...Телергаммыг 2020 оны 11 сард ковид гарснаас хойш ашиглаж эхэлсэн. Ажлын уялдаа холбоогоо сайжруулж, мэдээлэл сонсох зэрэгт ашигладаг. ...Ц.Ц манай өрөөнд орж ирээд тушаалыг уншиж танилцсан. Ц.Ц өөрөө юу ч мэдээгүй байсан. Энэ андуурсан байхаа, би хүн рүү юу ч явуулаагүй гэж хэлж байсан. Үдээс хойш нь Ц.Ц өөрийн файлаа шүүж үзээд манай өрөөнд орж ирээд Дархан түгээх төвийн тооцооны техникч М руу тооцоогоо тулгуулахаар явуулах гэж байснаа М гэж хүн рүү явуулчиж гэж хэлсэн...”, гэрч Э.Мын “...Дуусаагүй үйлдвэрлэлийн бараа материалын зардлын жагсаалтыг дамжуулах ёстой байсан. Тухайн өдрөө Ц.Цаас мэдээллээ авч чадсан. Явуулна гэж хэлснээс нь хойш 1 цаг гаруй хүлээгээд ирүүлэхгүй болохоор нь өрөө рүү нь ороод явуулна гэсэн яасан бэ гэсэн чинь явуулсан ш дээ гэсэн. Ирээгүй байна гэсэн чинь алив харья гээд компьютер рүүгээ харснаа өө Мөнхбаяр гэж хүн рүү явуулцан байна гээд над руу дахиад явуулсан...” гэх мэдүүлгүүдээр хариуцагч байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, байгууллагын дансны мэдээллийг задруулсан ялимгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг хариуцагч Д ХКомпанид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, нэхэмжлэгч Ц.Цы хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл хийсэн байхыг заавал шаарддаг.

Гэтэл Ц.Цы телеграмм харилцаа холбооны хэрэгслээр дансны мэдээллийг явуулахдаа андуурч өөр хүн рүү явуулсан үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Ц Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, тухайн ажлын байранд нууцыг хадгалах, хамгаалах талаар баталгааг ажил олгогчоос гаргуулаагүй, 2002 оны компанийн нууцын журмын хавсралтад заасан компанийн нууцтай танилцах болон зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш гэдэг нь хэрэгт авагдсан дээрх журмаар нотлогдон тогтоогдсон. /хх-ийн 50-53 дахь тал/

Ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад заасан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу Ц.Цы сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс /2021.8 сар-1,217,032.73 төгрөг, 2021.9 сар-1,503,568.02 төгрөг, 2021.10                                  сар-2,084,590.46=4,805,191.21:3=1,601,730.40 төгрөг/ 1,601,730.40 төгрөг болж байх бөгөөд үүнийг 2021 оны 11 дүгээр сарын 16 - 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэл бодоход 6,406,921.61 төгрөгийн цалин гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлээс 2,203,844.39 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Цыг Д ХКомпанийн Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 тус тус зааснаар Д ХКомпанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 421 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Ц.Цыг тус компанийн Санхүү эдийн засгийн хэлтсийн Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилж, Д ХКомпаниас ажилгүй байсан хугацааны цалин 6,406,921.61 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.        

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д ХКомпанид даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д ХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид нийт 117,460.74 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЖАВХЛАНТӨГС