Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2022/00073/И |
Дугаар | 135/ШШ2022/00461 |
Огноо | 2022-03-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2022/00461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2022/00073/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХААДСАА-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ... тоотод оршин суух Б.Ц-д холбогдох
...3,750,000 төгрөгийг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /цахимаар/, хариуцагч Б.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан-ийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ц нь 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 072 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгний FT-200 маркын хадлангийн иж бүрдэлийг урьдчилгаа 50% болох 2 500,000 төгрөг төлөн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 1,250,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага нийт үнийн дүн 3,750,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Гэрээ байгуулж байх үед би оюутан байсан, надад трактор авах шалтгаан байхгүй. Манай гэрийхэн ч аваагүй.гэрээнд инйи гарын үсэг байхгүй. Миний бичиг баримт мөн, харин хэн ашиглаж авсан талаар хэлэх зүйл алга. Гэрээнд дурьдсан 99... дугаар бол ээж Л-ын дугаар, 99... дугаар минийх, 99.... гэсэн дугаар хэнийхийг мэдэхгүй, намайг авсан гэдгээ сан өөрөө 10 хувь ч болтугай нотлох ёстой .10... тоот гэсэн бүртгэл бол манайх ширээ нуруунд газартай, тэр хаягаар бүртгэлтэй байсан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Б.Ц-ад холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна
Талуудын байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 24-ий өдрийн 072 тоот гэрээний үнийн дүн 5,000,000 төгрөгөөс урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,500,000 төгрөгийн төлбөрийг гаргуулна нэхэмжлэгч шаардаж,хариуцагч гэрээнд гарын үсэг байхгүй ,аваагүй гэж маргаж байна. /хэргийн 4-5 дугаар хуудас/
2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 072 тоот гэрээний нэг тал Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Б.Ц гэжээ.
Гэрээний хавсралтад ДА...35 иргэний үнэмлэх хавсаргасан, өөрийн бичиг баримт талаар хариуцагч маргаагүй, гэрээний 6.1-д гэрээнд заагдсан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэжээ./хэргийн 4-7 дугаар хуудас /
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар,хугацаанд нь зохих ёсоор , шударгаар гүйцэтгэнэ гэжээ.
Талуудын байгуулсан гэрээний 3.2-т төлбөрийн хуваарийг 2013 он он 500,000 төгрөг,2014 он 500,000 төгрөг, 2015 он 500,000 төгрөг 2016 он 500,000 төгрөг , 2017 он 500,000 төгрөг төлнө гэж тохирсон байна.
Дээрхий гэрээнд үүрэг гүйцэтгэгч Б.Ц гарын үсэг зураагүй ч ,Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байх тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иймд шилжүүлэн авсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөгийг хариуцагч Б.Ц төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч шилжүүлэн авсан зүйлийг аваагүй маргаж байгаа боловч өөрийх нь бичиг баримтаар маргааны зүйл болсон хадлангйин иж бүрдлийг хэн авсан талаар тодруулах хсүэлтийг гаргаагүй,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар өөрийн тайлбарыг холбогдох нтлох баримтийн хамт гаргаагүй байна.
Мөн гэрээний 3.3-т хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд, мөн заалтад заасан хугацаанаас эхлэн төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хоногт төлнө. Алданги тооцох хугацаа нь хуваарьт төлбөрийг төлснөөр дуусгавар болно гэжээ.
Дээрхи гэрээнд хариуцагч Б.Ц гарын үсэг зураагүй тул хочр талын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ , мөн зүйлийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд алданги 1,250,000 төгрөгийг хариуцагч Б.Ц-аас гаргуулах үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 24 -ны өдрийн 072 тоот гэрээний нэг тал Тариалан эрхлэлтийг дэмжих сан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг байгуулан, тогтоолын 2 дугаар заалтаар ТЭДС-ийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага зэргийг шилжүүлэхээр тогтоожээ.
Иймд Хөдөө аж ахйуг дэмжих сан гэрээний нэг тал болох Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх, үүргийг шилжүүлэн авсан тул шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хариуцагч Б.Ц-аас гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгож, алданги 1 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ц-аас 2,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 , 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч хариуцагч Б.Ц-ас 2 250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААДСАА-д олгож , алданги 1 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Б.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид ,,,,,,,,,төгрөг төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ