Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2022/00466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/00490/и 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ... тоотод оршин суугаа,Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ... байранд оршин байгаа, БСУГ-т холбогдох,

 

Тэтгэмж 5,104,302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Ц нь 1993 оноос өдрийг хүртэл боловсролын байгууллагад тасралтгүй 29 жил бага ангийн багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд Увс аймгийн Баруунтуруун суманд 1993-2000 онд, Дархан-Уул аймгийн ... дугаар сургуульд 2000-2007 онд, Дархан-Уул аймгийн ... дүгээр сургуульд 2007-2020 онд, Дархан-Уул аймгийн .... сургуульд 2020-оос өдийг хүртэл ажиллаж байгаа.

Хуулийн дагуу орон нутгийн багш нарт 5 жил тутам 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг 2007 онд 1 удаа авсан. Үлдсэн 2 удаагийн тэтгэмжийг хувийн сургуульд ажиллаж байгаа шалтгаанаар аваагүй. Одоо ... төрийн өмчит сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Хуулийн дагуу багш нарт 5 жил тутам 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах материалын 2021 оны 06 сард бүрдүүлж өгснөөр тэтгэмжид хамрагдах эрх үүсч төсөвт суулгасан байгаа ба яг авах үед хувийн сургуульд өмнө нь ажиллаж байсан гэх шалтгаанаар энэхүү тэтгэмжийг олгохгүй гэж холбогдох газраас мэдэгдсэн.

Иймээс энэхүү асуудлыг Боловсролын тухай хуулийн 43.1.7 дахь заалтын дагуу шийдэж өгч, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 5,104,302 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие П.П нь иргэн Ч.Ц-ийн нэхэмжлэлийн дагуу БСУГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцох болсон. Уг нэхэмжлэл нь багш нарын хөдөө орон нутгийн багш нарт 5 жилд тутамд нэг удаа олгодог тэтгэмжийн талаар билээ. Уг асуудлыг зохих хууль журмын дагуу шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч БСУГ-т холбогдуулан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жилийн тэтгэмж болох 5,104,302 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь Увс аймгийн Баруунтуруун суманд 1993-2000 онд, Дархан-Уул аймгийн ... дугаар сургуульд 2000-2007 онд, Дархан-Уул аймгийн .. дүгээр сургуульд 2007-2020 онд, Дархан-Уул аймгийн ... сургуульд 2020 оноос одоог хүртэл ажиллаж байгаа болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 6-7 дугаар хуудас/, №0016496 дугаартай багшлах эрхийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д багш нь хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор, 43.1.7.б-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш хамаарахаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ч.Ц нь дээрх хуульд заасан мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-т заасан мөнгөн тэтгэмжийг зөвхөн төрийн өмчийн боловсролын байгууллагад ажиллаж буй багш хамаарахаар хуульд шалгуур тавигдаагүй байна.

Иймд хариуцагч БСУГ-т 5,104,302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ц-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П-д хуульд заасан хугацаанд утсаар мэдэгдэхэд ... шүүх хуралдааныг хариуцагчгүйгээр хийж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 96,619 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7б-д заасныг баримтлан хариуцагч БСУГ-аас 5,104,302 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 96,619 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА