Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

 

2025 оны 08 сарын 19-ний өдөр                             Дугаар 2025/ШЦТ/148                                           Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ш.Наранчимэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед ******* улсын дугаартай Toyota Harrier XU30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн 12.5.д / хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, явган зорчигч ******* мөргөж түүний биед баруун сүүжний ясны гогцооны 2 талын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 07 дугаар сарын 29-ний 23 цагийн үед  ******* төв ороод эргээд харих гээд явж байгаад цаг уурын тэнд осол гаргасан. Тухайн үед явган зорчигч харагдаагүй гэнэт хүн тулж гарч ирсэн. Тэгээд би зогсоох арга хэмжээ авсан гэв.

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед гэр рүүгээ харих гээд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цаг уурын баруун талын засмал замын баруун талаас замын зүүн талын хэсэг рүү гарах гээд засмал дээр алхаж байгаад машинд мөргүүлж эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн үед би явган хүний гарцын тэмдэг тэмдэглэл анзаараагүй ба явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Тухайн ослоос болж би толгойдоо гурван оёдол тавиулсан. Миний аарцгийн яс задарсан. Миний баруун талын түнхний яс гэмтсэн. Миний хоёр бөөр тухайн ослоос болж доргилт аваад өвдөөд байгаа. Өөр хохирол учраагүй....би тухайн ослоос болоод алхаж чадахгүй байгаа тул намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочид гомдолтой байна. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож тэрний дагуу гаргасан мөнгө төгрөгийг нэхэмжилмээр байна. /хавтаст хэргийн 25-26, 32-36 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч ******* эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаанд "Toyota.Harrier" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* Золбоо нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна” /хавтаст хэргийн 12-19 дэх тал/

 

"Харцага тайж" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "******* улсын дугаартай "Toyota Harrier XU30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн 12.5.д /хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн. Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл нөлөөлөөгүй болно. Тухайн зам тээврийн осолд ******* улсын дугаартай "Toyota Harrier XU30" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******гийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...******* улсын дугаартай Toyota Harrier XU30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2-д "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн 12.3-д "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 18.3-д "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", 19.1-д "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчигдсөн байна. Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчин нөлөөлөөгүй байна. Тухайн зам тээврийн осолд ******* улсын дугаартай Toyota Harrier XU30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдож байна. "Харцага тайж" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна" /хавтаст хэргийн 62-63 дахь тал/

 

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын сарын 19-ний өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ын биед баруун сүүжний ясны гогцооны 2 талын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

 

"Автотээврийн хэрэгслийн үндэсний төв" ТӨҮГ-ын шинжээч 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: "... Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй гэмтэлтэй байна. Гэмтэл нь ашиглалтын явцад ослоос өмнө үүссэн байна" /хавтаст хэргийн 69-72 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1161 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "Бадамгэрэл овогтой Түвшинбаяр /РД: КЮ64122618/-ын сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 29-ний шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй, зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна” /хавтаст хэргийн 215-216 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 10 дахь тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 24 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 82 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 85 дахь тал/

Нийгмийн даатгалын лавлагаа / хавтаст хэргийн 87-88 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/

Жолоочийн үнэмлэхийн хуулбар / хавтаст хэргийн 93 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 106-108 дахь тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 109-110 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед ******* улсын дугаартай Toyota Harrier XU30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн 12.5.д / хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, явган зорчигч ******* мөргөж түүний биед баруун сүүжний ясны гогцооны 2 талын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 32-36 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Харцага тайж" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын сарын 19-ний өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, "Автотээврийн хэрэгслийн үндэсний төв" ТӨҮГ-ын шинжээч 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 69-72 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1161 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 215-216 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс шүүх хуралдаанд: “...Шинжээчийн дүгнэлт энэ хурдыг ямар байдлаар тогтоочхоод өнөөдөр хурдыг сонгож явсангүй байна, зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж үнэлээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр шинжилгээний объектыг тусгаж зааж өгөх ёстой. Гэтэл мөрдөгчийн магадалгаа болоод "Харцага тайж" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч шинжээчийн дүгнэлт зэрэг энэ гурван нөхцөл байдлуудаас харахад өнөөдөр шинжилгээний объектыг тусгаж өгөх ёстой юм бэ. Шүүх шинжилгээний тухай хууль дээр шинжилгээний ямар ямар объектод шинжлэх ухааны ямар арга зүй дээр тулгуурлаж шинжээчийн дүгнэлт гарав гэдэг тусгагдсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн дагуу энэ шинжээчийн дүгнэлт огт гараагүй байдаг. Ингэхээр хурдыг тодорхойлоогүй учраас өнөөдөр замын хөдөлгөөний дүрмийн 12.2-ыг ямар байдлаар холбон шалтгаант холбоо үүсгээд байгаа юм бэ. Өнөөдөр тэгвэл миний үйлчлүүлэгч хэдэн километр цагийн хурдтай явах боломжтой байсан юм. Өөрөөр хэлбэл гэв гэнэтхэн хүн машины урдуур гүйгээд гараад ирэхэд энэ хүн тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явах ёстой байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоож өгөөгүй. Ингэхээрээ замын хөдөлгөөний дүрмийн 12.2-ыг зөрчсөн гэж яллаж байгаа нөхцөл байдал хууль эрх зүйн үндэслэлгүй. Хэдийгээр яллаж байгаа нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтүүдийг баримтлаад байдаг боловч хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдал хэргийн бодит нөхцөл байдалтайгаа нийцсэн шинжээчийн дүгнэлт хийж болсонгүй энэ талаарх нотлох баримт хэргийн хүрээнд авагдаагүй байхад замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Үүнийг тал бүрээс нь харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Дараагийн дугаарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр замын хөдөлгөөний дүрмийн 12.5-аар буруутгасан байна. 12.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.5-д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гээд яваад байдаг. Хороолол дотор 20 километр цагийн хурдтайг ойлгож байна. Гэхдээ тухайн хэргийн нөхцөл байдалд 20 километр цагийн хурдтай явсан яваагүй гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байгаа. Үүнийг бас тал бүрээс нь харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. 20 километр цагаас хэтрүүлэхгүйгээр хурдыг нь сонгож авна гэсэн зөвхөн хурдны хэмжээтэй зүйл заалт маань хавтаст хэргийн хүрээнд авсан өөр бусад ямар нотлох баримтаар тогтоогдож байна вэ гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дээрээс нь явган зорчигчийн үүргийг замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн зүйл заалт байгаа. Өнөөдөр машин ирж байгааг тодорхой хэмжээнд өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас хараагүй байх боломжтой гэж би үзэх гээд байна. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл юу вэ гэхээр замын хөдөлгөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөний дүрмийн 6.7, 5.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхааран үзэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон үндсэн шалтгаан нөхцөлөөс болж энэ осол гарсан байгаа. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн эрх зүйн дүгнэлтийг би ингэж хиймээр байна. Энэ хэрэгт “Харцага тайж” ХХК-ийн замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.5-ыг дурдаж буруутгасан. 50 дугаартай шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3, 19.1-ийг дурдаж буруутгагдсан байдаг. Мөрдөгчийн магадалгааны нөхцөл байдлуудыг би сая дурдаж хэлсэн байгаа. Тэгэхлээр яллаж байгаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.5-аар буруутгагдаж өнөөдөр энэ хэргийг шийдвэрлэх ёстой. 18.3, 19.1 гэдэг зүйл заалт бол ял сонсгосон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр яллаагүй байгаа учраас энэ шинжээчийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэл болгож буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй байна” гэх тайлбар, дүгнэлтийг,

 

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд: “...Замын хөдөлгөөний дүрмийн хоёр зүйл заалтыг зөрчсөн гээд удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. 12.5-д заасан заалт нь хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 километр цагаас хэтрүүлэхгүй сонгож явна гэдэг нь зүгээр дээд хязгаарыг л зааж байгаа ийм заалт. 12.2-т заасан заалт илүү нарийвчилсан заалт. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй үед жолооч өөрийн үзэгдэх орчны дотор гэдэг маш чухал ойлголт шүү. Тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна гэж байгаа. Энэ нь хурд 20 километр цаг байж болно. Гэхдээ тухайн үзэгдэлт хангалтгүй байгаа тохиолдолд жолооч өөрөө үзэгдэх хүрээн дотроо өөрөөр хэлбэл тухайн автомашиных нь холын гэрэл байдаг юм уу, ойрын гэрэл байдаг юм уу хаа хүртэл тусаж байгаа юм тэр үзэгдэж байгаа орчиндоо гэнэт урдуур мал, амьтан, хүн юм уу эсвэл бусад саад гараад ирэх юм уу замын хагархай зэрэг гараад ирэхэд би энд осол авааргүйгээр автомашинаа зогсоож чадна гэсэн энэ хурдыг л хэлж байгаа юм. Таван километр цаг байна уу, арван километр цаг байна уу, таван километр цагаас бага байна уу хамаа байхгүй хурдаа тохируул гэсэн заалт. Түүнээс 20 километр цаг хурдтай явах ёстой юм чинь би хорьтой явна. 40 километр цагийн хурдтай явахыг зөвшөөрсөн юм чинь би 40-тэй явна гээд ямар нэг явган зорчигч юм уу, малыг ч юм уу дайраад байж болохгүй. Магадгүй явган зорчигчийн буруутай үйлдэл байсан байж болно. Явган зорчигч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн байж болно. Гэхдээ ослын шалтгаан Золбоогийн зөрчсөн үйлдлээс шалтгаалсан. Яагаад гэвэл явган зорчигч дүрэм зөрчсөн байлаа гэхэд Золбоо очоод чи дүрэм зөрчөөд явж байна уу чи зөрчиж байгаа юм чинь би хот дотор 20 километр цагийн хурдтай явах боломжтой явж байгаа юм чинь би хорин километр цагийн хурдтай л явъя гээд очоод мөргөөд байж болохгүй биз дээ. Ер нь нийгэм бусад хүмүүсийн хувьд ч гэсэн ийм байдал гаргаад байж болдоггүй гэдэг хэм хэмжээг энд заавал ярих шаардлагатай байх гэж үзэж байна. Энэ агуулгаар шинжээч нар ослын шалтгааныг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж дүгнэсэн нь ч үндэслэлтэй. Ямар нэг байдлаар энэ шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээгүй гэж үзэж байгаа. Түрүүн яллах дүгнэлтийн асуудал яригдсан. Яллах дүгнэлт ял шаардах тогтоолын асуудал ав адилхан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгавал зохих асуудлуудаас гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тусгаж бичээгүй байна гэсэн. Би ч гэсэн үүнийг харсан. Гэхдээ тухайн гэмт хэрэг Даланзадгад сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр цаг уурын баруун талын засмал зам дээр үйлдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байгаа. Тогтоогдсон нөхцөл байдал учраас яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шууд үзэх боломжгүй байх. Үнэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол шүүх шийтгэх тогтоолдоо энэ талаар анхааруулж дурдаад явах боломжтой гэсэн дүгнэлт хийж байна. Шинжээчийн тусгай мэдлэгтэй эсэхэд огт эргэлзээ төрөхөөргүй байгаа. Тусгай мэдлэгтэй эсэхийг нь тодруулаад мөрдөгч тэмдэглэл үйлдсэн. Аль аль нь автын инженерийн мэргэжилтэй хүмүүс байсан. Зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл дээр байгаа А цэг нь хохирогч яг мөргүүлсэн цэг мөн юм уу, биш юм уу үүн дээр бас зөрүү гарч байна. Үүнийг сайн шалгасан бол ийм маргаан гарахгүй байсан гэсэн асуудал өмгөөлөгч ярьж байна. Улсын яллагчийн зүгээс хэргийн газрын үзлэг дээр байгаа “А” цэгийг хохирогч анх мөргүүлсэн цэг гэдэгтэй маргахгүй санал нийлж байгаа” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргаж хуулийн хүрээнд тэгш эрхтэйгээр мэтгэлцэв.

 

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч ******* 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн магадлагаа  /хавтаст хэргийн 12-19 дэх тал/, "Харцага тайж" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/-үүд авагджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8-д "шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг” ойлгохоор тус тус хуульчилсан.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж хуульчилсан тул шүүх хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа болон шинжээчийн дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, "Харцага тайж" ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжилгээ хийх эрх бүхий этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж  өгнө үү...” гэх санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.5 дахь заалтыг зөрчсөн болох нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймаг дахь салбарын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-63 дахь тал/, "Харцага тайж" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын сарын 19-ний өдрийн 434 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.

Шүүгдэгч ******* нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үед Toyota harrier XU30 маркийн ******* улсын дугаартай “тээврийн хэрэгслийг жолоодож явсан B,C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Жолоочийн 820044 дугаартай үнэмлэхийн хуулбар ” /хавтаст хэргийн 93 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Зам тээврийн осол гарахад B, C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.5.д / хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн нь тус осол гарах шалтгаан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Энэ хэрэгт “Харцага тайж” ХХК-ийн замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.5-ыг дурдаж буруутгасан. 50 дугаартай шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 18.3, 19.1-ийг дурдаж буруутгагдсан байдаг. Мөрдөгчийн магадалгааны нөхцөл байдлуудыг би сая дурдаж хэлсэн байгаа. Тэгэхлээр яллаж байгаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.5-аар буруутгагдаж өнөөдөр энэ хэргийг шийдвэрлэх ёстой. 18.3, 19.1 гэдэг зүйл заалт бол ял сонсгосон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр яллаагүй байгаа учраас энэ шинжээчийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэл болгож буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй байна” гэх санал дүгнэлт,

Улсын яллагчийн зүгээс: “...Нотлох баримтууд хангалттай авагдсан, гэм буруугийн асуудлыг, хангалттай тогтоосон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гол яриад байгаа хурд хэтрүүлсэн баримт тогтоогдоогүй байна. Яагаад энэ шүүгдэгчийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримт болгоод байгаа юм бэ гэсэн асуудал ярьж байна. Шүүгдэгч яллагдагчийн мэдүүлгийг энд нотлох баримт болгож яллаад байгаа зүйл огт байхгүй. Замын хөдөлгөөний дүрмийн хоёр зүйл заалтыг зөрчсөн гээд удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. 12.5 Д-д заасан заалт нь хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 километр цагаас хэтрүүлэхгүй сонгож явна гэдэг нь зүгээр дээд хязгаарыг л зааж байгаа ийм заалт. 12.2-т заасан заалт илүү нарийвчилсан заалт...” гэх санал, дүгнэлт тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан тул шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрээ гаргасан болно.

Хохирол төлбөрийн тухайд:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч т эмчилгээтэй холбоотой зардалд 2,392,411 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг тайлбараар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

Хохирогч ын зүгээс “...сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1161 дугаартай шинжээчийн: “...Бадамгэрэл овогтой Түвшинбаяр /РД: КЮ64122618/-ын сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 29-ний шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” /хавтаст хэргийн 215-216 дахь тал/ гэх дүгнэлт хэрэгт авагджээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 2 дахь хэсэгт хэсэгт “нэгдүгээр зэрэглэлд “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэжээ.

Шүүх сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг төлүүлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн нийт хурлын 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын 3 дугаар зүйлд нөхөн төлбөр төлбөр тогтооход баримтлах зарчим аргачлал, мөн 3.1, 3.8-д заасан үндэслэлээр шүүх хохирлыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх нөхөн төлбөрийг тогтоохдоо дээрх аргачлал, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг нөлөө, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч *******гоос 3,293,400 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанаас түр завсарлага авч шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч т төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ын хүсэлт, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан байх ба шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” санал, дүгнэлтийг,

Хохирогчийн зүгээс: Хэлэх зүйлгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн нэг удаагийн, мөн болгоомжгүй учруулсан, хохирол төлбөрөө төлсөн, тухайн холбогдол буюу хүн мөргөсөн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргадаггүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хүртэл хугацаагаар хасаж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Торгуулийн ял шийтгэл дээр тодорхой хэмжээнд өмгөөлөгчийн зүгээс саналаа оруулна. Энэ зүйл хэсэгт 2.700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох торгуулийн ял шийтгэл заасан байгаа учраас 2.700 нэгжээр торгох торгуулийн ял шийтгэлийг ноогдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас 2 жилийн хугацаанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч *******гийн хувийн байдал,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг, улсын яллагч, өмгөөлөгч, нарын гаргасан эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч т эмчилгээтэй холбоотой зардалд 2.392.411 /хоёр сая гурван зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 3.293.500 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга таван зуу/ төгрөг нийт 5.685.911 /таван сая зургаан зуун наян таван мянга есөн зуун арван нэг/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар талууд  маргаангүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ