Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн ***** дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ************** төрсөн, халх, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** Е овгийн П.Э, /************/.

Шүүгдэгч П.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ********* хашаанд байрлах Д.О гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.О биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны хугарал, баруун хацарт зулгаралт, хүзүүний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

Шүүгдэгч П.Э холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  хамаарч байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

-Улсын яллагч М.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *************** байрлах Д.О гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.О биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны хугарал, баруун хацарт зулгаралт, хүзүүний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч О биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 158 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч холбогдох баримтаа хавсарган ирүүлээгүй байх тул  иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна. Харин Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. ...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн тухайд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний орлоготой учраас торгох шийтгэлийг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ижил төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдэж байгаа, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох саналтай байна. Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд П.Э өмгөөлөгчөөр оролцож, түүний эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч нь хохирогч О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатны эхнээс нь сайн дураараа хүлээн зөвшөөрч явсан. Үүнийгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч мөн илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахтай холбогдож гарсан 51,250 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс 1,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх тайлбарыг ирүүлсэн байдаг ч эмчилгээний зардалд уг мөнгийг зарцуулсан эсэх талаар баримтыг ирүүлээгүй байгаа. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн баримтаар тогтоосон хохирол, нөхөн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн байр суурьтай байгаа.

...Шүүхээс гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн буюу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал буюу иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Тухайн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

-Шүүгдэгч П.Э нь шүүх хуралдаанд хэлсэн үгэндээ: “...Гэм буруудаа маргахгүй. Хохирогч эмнэлэгт үзүүлсэн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн. Өөр хохирол төлөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:             

-Хохирогч Д.О “...Тэр өдөр би гэртээ эхнэртэйгээ байж байтал Э нь согтуу орж ирээд манайхаас архи байна уу? гээд байсан. Тэгэхээр нь би манайд архи байхгүй, чи одоо харьж амар гэж хэлсэн. Тэгээд гадаа гэрт боорцог хайрах гээд тос хийсэн байсан тул гараад гэр рүү орсон. Тэгтэл Э нь араас орж ирээд гэрийн хойморт хэвтээд боорцог идэж байсан. Тэгсэн манай эхнэр гаднаас орж ирсэн чинь Э нь гэнэт та хоёрыг ална гээд босож ирсэн. Тэгээд тотгоны унасан унинаас нэгийг аваад эхнэрийг цохих гээд хөөгөөд байсан. Тэгээд би одоо боль гэтэл намайг нэг гараараа хоолойноос боогоод орон дээр дарж унагасан. Тэгсэн эхнэр ирээд салгах гэтэл манай эхнэрийг бас заамдаад авсан. Тэгсэн эхнэр хурууг нь дараад өөрөө салсан. Тэгээд эхнэр гараад явтал намайг дахиад хоолойноос боогоод гэрийн үүд хэсэгт очоод намайг гэрийн босго мөргүүлж унагасан. Тэр үед эхнэр манай охин Г дуудсан байсан. Тэгээд удалгүй манай охин гаднаас нэг эрэгтэй хүнтэй орж ирсэн. Тэр үед Э нь ална гээд дайртал манай охинтой хамт ирсэн эрэгтэй хүн гараас нь барьж авч зогсоосон. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирсэн...Тэр үед Э нь миний хоолойг цамцаар боогоод орон дээр нэг удаа дарж унагасан. Мөн дахиж хоолойноос боогоод гэрийн үүдэнд унагаж гэрийн босго хэсгийг миний толгойн дух хэсгээр мөргүүлэн газар дарж унагасан. Өөр бол намайг цохисон зүйл байхгүй... Тэр үед миний зүүн эрүү, чихний ард хөхөрч зулгарсан байсан. Мөн мөгөөрсөн хоолой хэсэгт эмзэг болсон байсан. Мөн зүүн эгэм хэсэгт гар хүрэхээр өвдөөд шөнө унтахаар өвдөөд байсан. Тэгээд цагдаа дээр ирж үзүүлтэл эмнэлэгт очиж зураг авхуулаад ир гэхээр нь эмнэлэг орж рентген зураг авхуулсан чинь зүүн эгэм хэсгийн хуучин бороолж эдгэсэн 2 хугарал нэг шинэ хугарал гэж хэлсэн...Энэ үйл явдал болоход Э нь хоолой боогоод орон дээр дарж унахад тохой хэсгээрээ дарах үед хугарсан байх. Өөр эгэм хугарах зүйл болоогүй...Би гэмтлээ ямар нэг эмнэлэгт үзүүлэх эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Өөрөө гэрийн аргаар хар цайгаар шавшаад одоо бол гайгүй болсон байгаа. Шөнө болон гараа өргөхөөр зүүн эгэм өвдөөд байгаа. Одоогоор эмчилгээтэй холбоотой ямар нэгэн зардал гарсан зүйл байхгүй. Харин удахгүй Улаанбаатар хот орж эмнэлгээр үзүүлж эмчилгээ хийлгэнэ...Надад сэтгэл санаанд учирсан хохирол гэх зүйл байхгүй. Энэ талаар ямар нэг шинжилгээ хийлгэмээргүй байна...Надад одоогоор ямар нэг эмчилгээтэй холбоотой зардал гараагүй байгаа. Харин удахгүй Улаанбаатар хот явж хугарсан эгмийн ясыг хадуулах эмчилгээ хийлгэнэ. Энэ эмчилгээтэй холбоотой гарсан зардал болон эм, тариа, замын зардал гэх зүйлээ Э нэхэмжилмээр байна. Өөр бусад зүйлтэй холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/,

-Гэрч Б.Б “...Би тэр өдөр гэрт хоол бэлдээд сууж байтал Э нь согтуу орж ирээд манайхаас архи байна уу гээд нэхээд байсан. Тэгэхээр би манайд архи байхгүй гэж хэлсэн чинь муу сайн юмнууд дандаа харамлаж бэрдэлж байдаг юм гээд байсан. Тэгээд манай хөгшин гадаа гэрт боорцог хайрах гээд тос хийсэн байсан тул гараад гэр рүү орсон. Тэгсэн Э нь байшингаас гараад явахаар нь хартал гадаа гэр рүү орж байсан. Тэгээд би араас нь гэрт ортол Э нь боорцог идээд хэвтэж байсан. Тэгсэн манайхныг хэл амаараа аав ээжийн нэрийг хэлээд доромжлоод байсан. Тэгээд чи үхсэн хүний нэр хэлж байхаар амьд бид нарыг доромжилно биз гэхэд Э нь босож ирээд тотгоны унасан унинаас нэгийг аваад намайг цохих гээд хөөгөөд униа хаяад намайг хоолойноос боогоод бариад авсан чинь манай өвгөн араас нь чи даралт ихтэй хүнийг болиоч гэхэд бид хоёрыг нэг нэг гараараа хоолойноос боогоод авсан. Тэгээд бид хоёр боосон гарыг нь тавиулаад яаж байна гээд байж байгаад би гэрт ороод буцаад гараад ирсэн чинь Э нь манай хөгшнийг гэрийн босгон дээл хоолойг нь боогоод дараад унагасан байсан. Тэгэхээр нь би хурууг нь хөшөөд Э салгасан. Тэгсэн босож ирээд танайхан жалгаараа хулгай хийгээд байхад яагаад хэлдэггүй юм гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд би өөрийн охин Г дуудсан чинь удалгүй манай охин гаднаас нэг эрэгтэй хүнтэй орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирсэн...Тэр үед Э нь манай нөхөр О хоолойг нь боогоод хэнхдэг мөр хэсэгт гараараа хоёр удаа нудраад авах шиг болсон. Мөн намайг гараад буцаад орж ирэхэд гэрийн үүдний босгон дээр хоолойг нь боогоод дараад унагасан байсан. Өөр бол цохиж зодсон зүйл болоогүй. Тэр үед Э нь согтуу байсан. Тэгэхдээ бол тасартлаа согтоогүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

- Гэрч О.Г “...2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед манай ээж утсаар залгаад Э манайд ирээд агсан тавиад байна бид хоёр хүчирхээ байлаа цагдаад хэлэх үү гэж ярьсан. Тэгэхээр нь би Э эгч М гэх хүн рүү утсаар залгасан холбогдохгүй болохоор нь би ажлынхаа газрын жолооч Л хамт яваад ирье гээд хамт аавынд ирсэн чинь аав, ээж хоёрыг Э нь орилоод хөөгөөд байж байсан. Тэгээд та одоо болиоч гэхэд үг ойлгохгүй муу хулгайчууд гээд ойртуулахгүй чулуу шидээд байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд Э аваад явсан. Тэгээд аав ээжээс юу болсон талаар асуугаад буцаад ажил руугаа явсан...Манай аавын хүзүү хэсэгт зулгарсан байдалтай улайгаад зураас гарсан харагдсан. Харин маргааш нь аав миний хоолойны төвөнх өвдөөд шөнө унтаж болохгүй байна гэж байсан. Мөн хүзүү цээжний хэсэг их хөндүүр байна гээд байхаар нь харсан чинь хоолой цээжний дээд хэсэг хөхөрсөн харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

-Гэрч П.Л “...Би 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад манай ажлын газрын Г гэх эмэгтэй манай аавын гэрт хүн агсам тавиад байна хамт очоод явуулаадахъя гэж хэлэхээр нь би тэдний аавын гэр рүү хамт очсон. Бид хоёрыг очиход Г аав, ээж, дүүгийнх нь гурван бага насны хүүхэд, танихгүй эрэгтэй хүн бүгд гэрийн гадаа хашаандаа байж байсан. Тухайн үед тэр танихгүй хүн согтуу орилоод нөгөө Г аав гэх хүн зугтаасан байдалтай харагдсан. Тэгээд би тухайн хүнийг барьж аваад гэр лүүгээ яв гэж хэлэхэд явахгүй байсан. Харин Г цагдаагийн байгууллагад хандсан байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэгээд би тэднийхээс яваад өгсөн...Г аавын хүзүү хавьд улайгаад зулгарсан байсан. Өөр сайн анзаарч хараагүй...Г гэх эмэгтэйтэй би хамт ажилладаг, түүний аавыг сайн танихгүй. Тухайн үед аавын гэрт хүн агсам тавиад байна хамт очъё гэж хэлэхээр нь хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗАВ/0725/158 дугаартай “1. Д.О эрүүл мэндэд хохирол учирсан байна. 2. Хатуу мохоо зүйлийн 2-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн эгэм ясны хугарал, баруун хацарт зулгаралт, хүзүүний зүүн талд цус хуралт хохирлууд тогтоогдлоо. 3. Уг хохирлууд нь шинэ хохирлууд байна. 4. Учирсан хохирлууд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Д.О эрүүл мэндэд учирсан зүүн эгэм ясны хугарал хохирол нь дангаараа Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад хохирлууд нь дан дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Уг учирсан бүх хохирлууд нь нийлээд хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

-Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр архи уусан байсан. Тэгээд өөд болсон дүүгийнхээ талаар дотроо бодож явдаг юмаа хэлэх гээд О ахынд орсон байх гэж бодож байна. Тэгээд согтуудаа өөрийн бодож явдаг зүйлээ хэлээд О ахтай маргалдсан байх. Тэр үед согтуудаа ямар үйлдэл гаргаснаа сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

-Хохирогч Д.О “...миний биед гэмтэл учирсан. Энэ гэмтлийг улмаас Улаанбаатар хот орж зураг авхуулах болон бусад эм тариатай холбоотой 1,500,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг Э нь гаргаж өгөөгүй тул шүүхээр шийдвэрлэх үед гаргуулан авах хүсэлттэй байна. Өөр надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 72-р хуудас/,

-Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай тогтоол /хх-ийн 67-р хуудас/,

-Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн П.Э Эрүүл мэндийн даатгалын санд 51,250 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 70-р хуудас/,

 -Шүүгдэгч ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас, шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох бусад нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар  шүүгдэгч П.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Дэлгэрэх хэсгийн 143 тоот хашаанд байрлах Д.О гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.О биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны хугарал, баруун хацарт зулгаралт, хүзүүний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч П.Э холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

П.Э нь хүнийг зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хүний эрүүл мэндэд халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай  байгаа бөгөөд тэрээр  ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул П.Э үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Э нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч Д.О Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч П.Э нь хохирогч Д.О биед шууд санаатай үйлдлээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээрээ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд  шүүгдэгч П.Э хохирогч Д.О зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч П.Э хохирогч Д.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.О нь шүүгдэгчээс 1,500,000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “…Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгч П.Э нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүх нотлох баримтыг үндэслэн хохирлыг шийдвэрлэх бөгөөд хохирогч Д.О нэхэмжилж буй хохиролтой холбоотой ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Мөн хохирогч ********** регистрийн дугаартай Д.О нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн даатгалаар 51,250 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан  байх бөгөөд шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан дээрх зардлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн П.Э шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Э гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгчид хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй юм.

Шүүх шүүгдэгч П.Э ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Мөн шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан  мансуурсан  байдалтай байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл  хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж, шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн байдлыг ч тал бүрээс нь харгалзан үзсэн болно. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч П.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч нь П.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Э хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов

Түүнчлэн шүүгдэгч П.Э нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдоогүй ба түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Е овгийн П.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.О Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан журмын дагуу нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН