| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн ************ дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ********** төрсөн, 48 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************ оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овгийн Л.О, регистрийн дугаар ************.
Шүүгдэгч Л.О нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр **************** газрын ойгоос 2.622 метр куб нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Бонго-3 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ********* төв рүү тээвэрлэж сумын ойн санд 1,743,588 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед малдаа явж байгаад салхинд мод унасан байгааг харсан. Түүн дээр дүгнэлт гаргуулах гээд би нэлээд хөөцөлдөөд Т уулзсан чинь дүгнэлт аж ахуйн нэгжид гаргаж байгаа. Би явж чадахгүй гэхээр нь Ойн ангид очоод О дагуулан явж 10 модны дүгнэлт гаргуулсан. 3,4 хоног хөөцөлдөж байгаад. Тэгээд малдаа явахдаа моднуудаа хараад л байсан юм. Гэтэл дүгнэлтээ гаргуулаад яваад очсон чинь 10 модноос 5 модыг нь хүн ачаад явсан байсан. Тэгээд хамаг модоо алдах нь гэж бодоод буцаж төв рүү мотоциклоор орж ирээд хүний машин гуйгаад хаашдаа дүгнэлтээ гаргуулчихсан юм чинь болох юм байна гэж бодоод аччихсан. Ийм аймар хууль, ийм аймар өрд орно гэж ерөөсөө санаагүй. Тухайн модыг хашаагаа сэлбэх илүүг нь түлэх гэж л авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би иргэний үүргээ бол биелүүлсэн гэж үзэж байгаа. Ямар ч зөвшөөрөлгүй тус модыг бол аваагүй. Зохих хэмжээгээр нь явж хөөцөлдсөн. Байгаль орчныхонд гомдолтой байгаа. Эд нар хувь хүн очоод гоожин авъя гэхээр өгдөггүй. Ашиг олох гэж би яваагүй. Хашаагаа сэлбээд илүүг нь түлье л гэж явсан. Таньдаг мэддэг рамд өгчхөөд л бидэнд гоожин байхгүй гээд байж байдаг. Маргааш өглөө нь би баригдчихаад гоожин сурахад одоо чамд би гоожин бичиж өгвөл намайг ороочихно. Нэгэнт л баригдсан юм бол би гоожин өгөх эрх байхгүй гэсэн. Т л байхгүй байсан болохоос биш бусад амралтаа аваад явсан байцаагч нар нь надад байсан гээд хэлээд байгаа байхгүй юу. Хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдээд явж байгаа нь зөв. Гэхдээ миний тухайд санамсаргүй байдлаар ийм их хэмжээний өрөнд ороод хэдэн сар стресстэй байгаадаа гомдолтой байгаа...” гэв.
-Улсын яллагч М.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ********* Идэр баг ********* гэх газрын ойгоос 2.622 метр куб нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Бонго-3 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ********* төв рүү тээвэрлэж сумын ойн санд 1,743,588 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт буюу мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийг хэрэглээний зориулалтаар нойтон 2.622 м.куб модыг бэлтгэсэн, уг модыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум Идэр багийн нутаг дэвсгэрийн ойгоос бэлтгэсэн, тухайн газар нь ойн сангийн мужлалын 2 дугаар мужид хамаарах нутаг, уг бэлтгэсэн модны улмаас Ойн санд 1,743,588 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлттэй шүүгдэгч танилцан гомдол, санал, хүсэлт байхгүй гэж өөрийн гарын үсгээ зурсан байна. Мөн уг дүгнэлтээр шүүгдэгчийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэжээ. Уг зохицуулалтад зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэнд тооцохоор хуульчилсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойд хууль бусаар мод бэлтгэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул шүүгдэгчийг хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн тухайд салхинд унасан дахин нөхөн сэргээгдэх боломжгүй унанги модыг бэлтгэсэн гэх зүйлийг ярьж байгаа боловч Ойн тухай хуулийн 28.4 дүгээр зүйлд Ойн анги нь цэвэрлэгээ, арчилгааны журмаар мод бэлтгэх бол эрхийн бичиг, гарал үүслийн бичиг олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл ургаа мод байсан ч, салхи шуурганд унасан, гэмтсэн мод байсан ч Ойн ангиас зөвшөөрөл, зохих эрхийн бичиг авах шаардлагатай байхаар хуульчилсан байна. Мөн шүүгдэгч Ойн ангийн Т гэх хүн зөвшөөрөл өгөхгүй байсан учраас бэлтгэсэн гэдэг зүйлийг ярьж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.О хууль бусаар мод бэлтгэсэн гэх асуудлыг шийдвэрлэх гэж байгаа. Харин шүүгдэгчийн тухайд Ойн ангийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзвэл тухайн асуудлаа холбогдох зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байтал шүүгдэгчийн зүгээс дур мэдэн мод бэлтгэж байгаа нь өөрөө хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж байна. Мөн шүүгдэгчээс 10 ширхэг мод унаж 10 модонд дүгнэлт гаргуулсан ч 5 модыг хүн бэлтгээд явсан байсан, үлдсэн модыг нь мөн алга болж магадгүй гэж бодоод бэлтгэсэн гэх зүйлийг ярьж байна. Өөр этгээд тухайн моднуудыг хууль бусаар тээвэрлээд явсныг мэдсэн бол энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж шийдвэрлүүлэх боломжтой байсан хэдий ч өөрөө хайнга хандан бэлтгэсэн нь өөрийн үйлдлээ ухамсарлахгүй байгаа шинж гэж ойлгож байгаа. Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Хохирол, төлбөрийн тухайд Ойн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу 1,743,588 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 5,230,764 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль ёсны шаардлага байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. ...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь урьд өмнө ижил төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдэж байгаагүй, хохирол, төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний орлого олдог талаараа мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийн үйл баримтын тухайд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Байгалийн жамаараа унасан 5 модыг дүгнэлт гаргуулсан атлаа зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн авч Тосонцэнгэл сумын төв рүү оруулсан үйл баримттай шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаж байгаа зүйл байхгүй. Харин хууль хэрэглээний тал дээр өмгөөлөгчийн зүгээс дараах дүгнэлттэй байна. Хэрэгт авагдсан баримтаар тухайн үед үхэртээ явж байхад байгалийн жамаараа буюу байгалийн хүчин зүйлийн улмаас 10 мод үндсээрээ булгаран унасан байсныг шүүгдэгч олж харан иргэний ухамсарт үүргийн дагуу нууц далд аргаар авалгүй зохих байгууллагад хандаж Ойн ангиас дүгнэлт гаргуулсан байдаг. Тухайн хугацаанд малдаа явж байтал тус модноос 5 нь алга болсон байдаг нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Гоожин хүлээх зуур алдчих юм байна гэсэн ухамсаргүй үйлдлээс болж тухайн үлдсэн моднуудаа ачсан үйлдэл тогтоогдож байна. Ойн тухай хуулийн 35.1 дүгээр зүйлд зааснаар ойд арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн 3 зориулалтаар зөвшөөрөлтэй зөвхөн огтлолоор мод бэлтгэхийг зөвшөөрдөг. Шүүгдэгчийн зүгээс зөвшөөрөлгүйгээр ойн цэвэрлэгээ хийх байдлаар түлшний хэрэгцээнд унанги мод бэлтгэхдээ байгаль орчны чадавхыг тогтоосон хэм хэмжээний хязгаараас хэтрүүлж, байгаль орчныг бохирдуулах, доройтуулах, гэмтээх, нөөц баялгийг хомсдуулах болон экологийн тогтолцоо, тэнцвэрт байдлыг алдагдуулах үр дагаврыг учруулаагүй үйл ажиллагаа явуулсан байна. Энэхүү үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэх үү, зөрчил гэж үзэх үү гэдгийг ялгаж салгаж ойлгох шаардлагатай гэж үзэж байгаа.
Ойгоос унанги гишүү авч байгаа энэ үйлдлийг ойгоос мод бэлтгэх гэх ойлголтод хамаарахгүй байх талаар Монгол Улсын Дээд шүүхээс хэд хэдэн хэрэг дээр дүгнэлт хийж шийдсэн байхыг судалсан. 2020 оны 215 дугаар тогтоол, 2023 оны 28 дугаартай тогтоолууд дээр ижил төрлийн гэж хэлж болохуйц маргаан дээр дүгнэлт хийсэн байсан. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэх ойлголтыг тухайн тогтоолд тайлбарлахдаа модны шинж чанар, бэлтгэсэн арга, шаардагдах зөвшөөрлөөс хамааран ялгаатай авч үзэх шаардлагатай бөгөөд нийгэмд учруулах хор уршгийг нь харгалзан гэмт хэрэг зөрчлийн аль нь болохыг ялгаж салган хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн байсан. Хавтаст хэргийн 52 дугаарт байгаа шинжээчийн дүгнэлтээр тухайн модыг хэрэгцээний буюу хэрэглээний мод гэж үзсэн байдаг. Ойгоос бэлтгэсэн 22 ширхэг мод нь шинж чанараараа МNS:54132011 стандартын хэрэгцээний модны ангилалд хамаарч байна гэсэн байгаа. Энэхүү стандартыг судлаад үзэхээр “Түлшний модны техникийн шаардлага” гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт байгаа. Үүнээс үзэхэд түлшний модны шаардлагыг үндэслэн хэрэгцээний мод гэж гаргаж байгаа шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс байгалийн жамаараа унасан мод авсан. Унасан мод бол өөрөө байгаль орчинд ямар нэгэн байдлаар эерэг нөлөө үзүүлэхгүй. Иймд унасан модыг авсан нь өөрөө байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хор уршиг учруулаагүй гэж үзэж байгаа. Улсын яллагчийн зүгээс нийгэмд болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан. Модны экологи эдийн засгийн үнэлгээгээр 5 сая гаран төгрөгийн хохирол байгаа гэж яриад байгаа боловч энэ бэлтгэсэн мод нь эдийн засгийн хувьд үнэт бараа материал болохын хувьд бодит эдийн засгийн үнэлгээ нь ингэж гарж байгаа нөхцөл байдал байна. Гэсэн хэдийн ч шүүгдэгчийн байгалийн жамаараа унасан модыг бэлтгээд авч байгаа үйлдэл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй, байгалийн тэнцлийг алдагдуулаагүй, байгалийн нөөц баялгийг хомсдуулаагүй үйл ажиллагаа юм. Эсрэгээрээ байгаль орчныг цэвэрлэх, ойг нөхөн сэргээх, дахин ашиглах, зам талбайг явах боломжтой болгох, мод, бусад ургамлыг ургах боломжтой байдлаар цэвэрлэж байгаа эерэг үйл ажиллагаа юм. Иймд хэдийгээр зөвшөөрөлгүй авч байгаа үйлдэл байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр, хэмжээ энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хор, уршиг, хохирол учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Тухайн унанги модондоо дүгнэлт гаргуулаад аваад явахдаа байгаль хамгаалагчаас зөвшөөрөл аваагүй, зөвшөөрлийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж үүнтэй маргахгүй байгаа. Гэсэн хэдий ч хувь этгээдийн хувийн байдал, иргэн хүний зүгээс сум орон нутгийн захиргаа холбогдох байгууллагад хандсан, нөгөө талаар зөвшөөрч дүгнэлт гаргасан, тал модыг нь авсан байсан болоохоор дуусчих юм байна гээд болчимгүй үйлдэл гаргаж байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авалгүй ачсан үйлдэл байгаа. Тухайн гэмт хэргийн улмаас Эрүүгийн хууль, Ойн тухай хууль, Байгаль орчны тухай хуулиар хамгаалагдсан байгаль орчин, экологи, хүрээлэн байгаа орчинд бодитой хохирол учраагүй гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн дүгнэлттэй байна. ...Шүүхээс гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хууль хэрэглээ тохиолдол дээр маргаж байгаа хэдий ч анхнаасаа зөвшөөрөлгүй мод авсан нь миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдал байгаа учир эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах боломжтой гэж үзэж байгаа. Хохирол, төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувиараа малын гаралтай түүхий эд авч худалдан борлуулдаг, тодорхой хэмжээний орлого олох бололцоотой учир торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд төрийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж шүүхийн зүгээс нэгэнт хохирол дээр бууруулж дүгнэлт хийж байгаа учир Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг улсын орлогод оруулахдаа үүнээс модны экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлэхэд зарцуулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
-Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Т.Б “...Сумын Засаг даргын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийг төлөөлж байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр хуульчлагдсан байгаа. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт хуулийн хүрээнд нэхэмжилнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авч байж мод бэлтгэх ёстой. Байгалийн жамаар салхинд унасан мод байвал сумын Ойн ангиар дүгнэлт гаргуулсны дараагаар эрхийн бичгээ аваад тухайн модоо бэлтгэж болно. Түүнээс эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Дүгнэлтээр мод бэлтгэж болохгүй. Зөвхөн эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэнэ. Мод бэлтгэсэн иргэний зүгээс байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах байлгүй. Миний зүгээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Б “...Манай найз Л.О 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр надтай уулзаад Идэр багт салхинд унасан хэдэн мод байна сумын ойн ангиас акт тогтоолгосон, ачиж ирмээр байна машинаа өгчхөөч гэж гуйхаар нь өөрийн эзэмшлийн Хөх өнгийн Бонго-3 маркийн ********* улсын дугаартай автомашиныг өгч явуулсан. Тэгсэн манай найз Л.О 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр надтай уулзаад найз нь өчигдөр шөнө Идэр багаас гоожингүй модтой сумын төв рүү орж яваад цагдаад баригдчихлаа чиний машиныг журамлуулчихлаа гэж хэлсэн. Миний автомашин 2004 онд онд үйлдвэрлэгдсэн автомашин байгаа. Би 2024 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос хүнээс худалдан аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч байсан. Би хотоос анх авахдаа 12 саяар авч байсан 1 жил гаран уначихлаа одоо автомашинаа 9 саяар үнэлнэ. Салхинд байгалийн жамаар унасан мод авах гэж байгаад ойн ангиар акт тогтоолгосон гээд байхаар нь зөвшөөрөл авсан юм байх гэж бодоод машинаа өгч явуулсан. Түүнээс би эрхийн бичиг байхгүй модонд явах гэж байгаа гэдгийг машинаа өгч явуулахдаа мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч П.М “...Манай найз Л.О 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт өөрийнхөө Приус маркийн автомашинтай ирээд мод хөрөөддөг хөрөөгөө өгчхөөч найз нь мод хөрөөдчихөөд өгье гэхээр нь би өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн шар алаг өнгийн хөрөөг өгч явуулсан. Тэгсэн манай найз Л.О 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр надтай утсаар яриад найз нь өчигдөр шөнө эрхийн бичиг гоожингүй модтой орж ирж байгаад замын цагдаатай таараад баригдчихлаа гэж хэлсэн. Би тэр үед найздаа чи тэгээд анхнаасаа гоожин эрхийн бичгээ авахад яадаг юм гэж хэлээд өнгөрч байсан. Би хөрөөгөө 2020 онд 230,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би одоо хөрөөгөө 100,000 төгрөгөөр үнэлнэ. Би модонд явсныг мэдээгүй. Надаас хөрөө авч явахдаа мод хөрөөдчихөөд өгье гэж хэлээд авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
- Гэрч Ш.Т “...Тухайн иргэний зүгээс 2025 он гарсаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Сумын хэмжээнд иргэдэд би ганцхан хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. Харин өөр байгаль хамгаалагч хэрэглээний модны эрхийн бичиг олгохгүй байгаа. Идэр багт Жаргал гэх хүний өвөлжөөний эхийг ********* гэдэг юм. Л.О өөрөө 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумын Засаг даргад хэрэглээний мод авах талаар өргөдөл гаргаад Засаг даргын зүгээс надад цохолт хийсэн. Тухайн үед би цохолт хийсэн өргөдлийг Л.О аас хүлээж авахдаа сумын хэмжээнд эрхийн бичиг ирээгүй байна ирэхээр нь аваарай гэж хэлсэн. Тэгэхэд Л.О Идэр багт салхинд мод уначихсан байна түүнийг авмаар байна гээд байхаар нь за чи тэгвэл Ойн ангиар акт тогтоолгоорой тэгээд би авах гээд байгаа тэр салхинд унасан модыг чинь харж байж эрхийн бичиг олгоно шүү гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгсэн Л.О 2025 оны 05 дугаар сарын 20-ны өглөө манай ажил дээр Ойн ангиар тогтоолгосон акт барьж орж ирсэн. Тэр үед би Л.О за актыг чинь хүлээж аваад одоогоор суманд эрхийн бичгийн хуудас ирээгүй иргэдэд эрхийн бичиг олгохгүй байгаа эрхийн бичгийн хуудас ирэхээр чамд хэлье тэгээд би газар дээр нь очиж модоо үзэж харж байгаад эрхийн бичгээ олгоно. Харин чи эрхийн бичиг авахгүйгээр модонд явж болохгүй шүү гэж анхааруулж хэлсэн. Тэгсэн миний үгэнд оролгүй модонд явсан нөхөр байна. Хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах хүн ямар зорилгоор авах гэж байгаа талаараа сумын Засаг даргад өргөдөл гаргана. Засаг дарга өргөдлийг цохолт хийсний дараагаар байгаль хамгаалагчийн зүгээс иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байгаа. Сумын байгаль хамгаалагч нараас иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг би ганцхан бичиж олгож байгаа. Бусад байгаль хамгаалагч нар түлээний модны эрхийн бичгийг олгож байгаа. Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой.Хэрэв эрхийн бичиг авахгүй мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Тусгай хамгаалалттай газар байхгүй. Сумын ойн сан буюу ойн хоёрдугаар мужлалд хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41р хуудас/,
-Гэрч С.Б “...Л.О ах 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 15:00 цагийн үед миний утас руу залгаад Идэр багаас ойрхноос салхинд уначихсан хэдэн модноос мод тайрч чирэх гэсэн юм ахын дүү зав байвал ахтайгаа хамт яваад модноос өргөлцөөд өгөөч гэж чамд 50,000 төгрөг өгье гэж хэлхээр нь би зөвшөөрөөд хамт явахаар болсон. Тэгээд бид хоёр 16:00 цагийн үед сумын төвөөс мосттой Бонго 3 маркийн /улсын дугаарыг анзаараагүй/ автомашинаар Идэр баг руу яваад /газрын нэрийг мэдэхгүй/ сумаас айхтар хол биш 20 орчим км-ийн зайнаас салхинд хугарч унасан байсан 5 орчим модноос 2 метрийн моднуудыг тайрч бэлтгэсэн. Тухайн моднуудыг Л.О ах /улаан цагаан өнгө алагласан/ хөрөөгөөр өөрөө моднуудыг тайрч бэлтгэсэн би ямар нэгэн хөрөө бариагүй. Миний хувьд мод ачилцахад хамжиж тусалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
-Гэрч О.О “...: Манай нөхөр Л.О 2025 оны 05 сарын 20-ны өдөр хөдөө модонд явлаа сумын ойн ангиас зөвшөөрөл акт гаргуулаад авчихлаа гээд өөрийн найз Д.Б /А гэж дууддаг/ машиныг гуйж манай хүүгийн ангийн хүүхэд Б гэдэг залууг гуйгаад модонд явсан. Тэгсэн шөнө цагдаад баригдчихлаа гээд хүү бид хоёр цагдаа дээр ирж би нөхрийгөө авсан. Тэгсэн манай нөхөр Л.О 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Тосонцэнгэл сумын Идэр багаас зөвшөөрөлгүй 2 метрийн 20 орчим мод бэлтгээд цагдаад баригдсан гэдгийг шөнө нөхрөөсөө өөрөөс нь сонсож мэдсэн. Миний хувьд зөвшөөрөл энэ тэрээ авчихсан явж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгсэн зөвшөөрөлгүй мод бэлтгээд цагдаад баригдсан байна. Би өчигдөр нөхрөөсөө чи модонд явахдаа зөвшөөрөл авсан биз дээ гээд асуухад ойн ангиас салхинд унасан модон дээр акт гаргуулсан харин сумын байгаль хамгаалагчаас эрхийн бичиг аваагүй суманд эрхийн бичиг байхгүй байсан гэж хэлсэн. Надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл алга. Манай нөхрийн эзэмшилд уг нь Бонго маркийн тээврийн хэрэгсэл байдаг юм. Стачар нь болохгүй байна гээд ойрд асааж унахгүй байгаа. Харин мод хөрөөддөг хөрөө байхгүй. Хүний хөрөө гуйж модонд явсан гэсэн яг хэний хөрөө гэдгийг би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
-Гэрч Ш.С “...Би 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу гудамж замд замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 00:20 цагийн үед Цагаан шийртийн шатахуун түгээх станцын цаад талын энгэрт машины гэрэл гараад байхаар нь наанаас нь очтол мод ачсан Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед автомашиныг Л.О гэдэг хүн жолоодож явсан. Жолоочоос бичиг баримтыг шалгаж асуухад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх байгаагүй би найзынхаа автомашиныг гуйгаад унаж явна гэж хэлсэн. Тэгээд би жолооч Л.О аас таны ачиж яваа модонд эрхийн бичиг байна уу гэж шалгахад би эрхийн бичиг аваагүй тухайн моднуудыг бэлтгэсэн, сумын Ойн ангиас акт тогтоолгосон гээд өөрийнхөө гар утаснаас унасан модны зураг, сумын ойн ангийн дарга Алимаагийн гаргасан дүгнэлтийг харуулсан. Тэгээд би автомашиныг жолоочтой нь ажил дээр авчраад Л.О аас тухайн тээвэрлэж яваа модоо хаанаас бэлтгэсэн талаар асуухад өнөөдөр Идэр багаас бэлтгэсэн гэж хэлсэн. Тэгээд би эрхийн бичиг байхгүй мод бэлтгэсэн асуудлыг шалгуулах гэж хоногийн мэдээнд оруулсан. Тухайн үед Л.О гэх хүн 2 метрийн 22 ширхэг модыг бэлтгэж тээвэрлэсэн явсан. Надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
-Гэрч Н.А “...Тосонцэнгэл сумын Идэр багийн иргэн Л.О гэх хүн 2025 оны 05 дугаар сарын 12,13-ны үед Идэр багт ****** өвөлжөөний дээд талд мод унасан байна гэнэ тухайн модонд акт тогтоолгомоор байна гэж өргөдөл гаргасан. Тухайн өргөдлийн хүрээнд манай Ойн ангийн мэргэжилтэн Ө.О газар дээр нь очиж үзүүлж шалгуулаад салхинд унасан 10 ширхэг нойтон модонд энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр №50 дугаартай дүгнэлтийг гаргаж Д.О гэх хүнд өгч байсан. Тухайн иргэний зүгээс байгаль хамгаалагчид дүгнэлтээ үзүүлээд эрхийн бичгээ авах ёстой. Салхинд унасан модыг иргэн хүн бэлтгэж болно. Мод бэлтгэхээс өмнө манай Ойн ангиар үзүүлж шалгуулаад дүгнэлт гаргуулаад эрхийн бичиг авч байж бэлтгэх ёстой. Салхинд унасан модыг байгаль хамгаалагчийн хяналт доор авах ёстой. Мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр шууд ойн ангийн дүгнэлтээр мод бэлтгэж болохгүй. Байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байж тухайн модыг мод бэлтгэнэ. Түүнээс салхи шуурганд унасан модон дээр манай байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн шууд мод бэлтгэж болохгүй. Хэрэв эрхийн бичиг авалгүй манай байгууллагаас гаргасан дүгнэлтээр шууд мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54-р хуудас/,
-Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 41ж/777 тоот албан бичиг /хх-ийн 19-р хуудас/,
-“Буфа үнэлгээ” ХХК-ын Хөрөнгийн үнэлгээчин Х.С 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай “Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2004 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монголд орж ирсэн КИА Бонго маркийн тээврийн хэрэгсэл, хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цахилгаан хөрөө зэргийн 2025 оны 05 сарын байдлаарх зах зээлийн үнэлгээг 3,050,000 /гурван сая тавин мянган/ төгрөгөөр тогтоолоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 95-97-р хуудас/,
-Иргэн О.А ********* засаг даргад гаргасан өргөдөл /хх-ийн 8-р хуудас/,
-********* сум дундын Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 9-р хуудас/,
-Иргэн Л.О ********* сум дундын Ойн ангид гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/,
-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд /хавтаст хэргээс/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Шүүгдэгч Л.О нь ********* Идэр баг ********* гэх газрын ойд байгалийн хүчтэй салхи шуурганд үндсээрээ булгарч, хугарч унасан 10 ширхэг нойтон мод байгааг олж мэдээд хашаагаа засаж сэлбэхэд ашиглах зорилгоор ********* засаг даргад 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт гаргасны үндсэн дээр ********* засаг дарга нь байгаль хамгаалагч Ш.Т хуулийн дагуу эрхийн бичгийг олгохоор цохолт хийж баталгаажуулсан байна. /хх-ийн 8-р хуудас/
-Байгаль хамгаалагч Ш.Т нь Л.О эрхийн бичиг авахын тулд Ойн ангиар дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай талаар танилцуулахад тэрээр ********* сум дундын Ойн ангид хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулсан байна. /хх-ийн 30-31, 10, 9, 11-12-р хуудас/
-Шүүгдэгч Л.О нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ********* сум дундын Ойн ангийн дүгнэлтийг авч байгаль хамгаалагч Ш.Т эрхийн бичиг бичүүлэхээр очсон байх боловч сумын хэмжээнд эрхийн бичиг ирээгүй үндэслэлээр байгаль хамгаалагч нь эрхийн бичиг бичиж өгөөгүй байна. /хх-ийн 30-31-р хуудас, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг/
-Шүүгдэгч Л.О 10 ширхэг буюу 10-11 куб.метр модонд Ойн ангиар дүгнэлт гаргуулж авсан боловч эрхийн бичиг хөөцөлдөх хугацаанд нь зарим мод нь алга болсон учир 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр найз Д.Б автомашиныг нь, найз П.М хөрөөг нь гуйн авч, өөрийн хүүгийн ангийн найз С.Б дагуулан ********* Идэр баг ********* гэх газрын ойд очиж байгалийн хүчтэй салхи шуурганд үндсээрээ булгарч, хугарч унасан 5 ширхэг нойтон модноос 2.622 метр.куб буюу 22 ширхэг бөөрөнхий модыг цахилгаан хөрөөгөөр тайрч бэлтгэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу ********* улсын дугаартай бонго-3 маркийн автомашинаар тээвэрлэж яваад цагдаад баригдсан байна. /хх-ийн29-30, 33-34, 42-43, 44-45,51-54-р хуудас, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг/
Тодруулбал,
1. Л.О нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ********* Идэр баг ********* гэх газрын ойгоос 2.622 метр.куб нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөөгөөр бэлтгэж, Бонго-3 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ********* төв рүү тээвэрлэсэн үйл баримт нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч Т.Б, Д.Б, П.М, гэрч Ш.Т, С.Б, О.О, Ш.С, Н.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт, 2.622 метр.куб 22 тооны бөөрөнхий модыг битүүмжилсэн тэмдэглэлээр,
2. Бэлтгэж, тээвэрлэсэн 2.622 метр куб мод нь зохих зөвшөөрөлгүй байсан болох нь иргэний нэхэмжлэгч Т.Б, гэрч Ш.Т нарын мэдүүлэг, Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус хангалттай нотлогдож байна.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан ба Л.О бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,743,588 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож ойн санд учирсан хохирлын хэмжээг тооцоход 5,230,764 төгрөг болохоор байгаа нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “...Иргэн Л.О хууль бусаар бэлтгэсэн 2,622 м.куб шинэс модыг захиргааны журмаар хураан авах, ...Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2,622 м.куб=1,743,588 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөн тооцож 1,743,588х3=5,230,764 төгрөгийг нөхөн төлүүлэх...” гэсэн актаар нотлогдож байна.
Түүнчлэн уг үйл баримтууд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх ба шүүгдэгчийн үйлдэл, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, иргэний нэхэмжлэгч нар, гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.
Л.О мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлүүд нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэрээр эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал,
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталгаажуулсан.
Л.О нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учрах, уг үйлдэл нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Л.О үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.О нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээрээ обьектив шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзлээ.
Иймээс шүүгдэгч Л.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.О холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Л.О ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.О ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Иймд прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосноор шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохируулан торгох ялаар шийтгэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 2.622 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,743,588 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 5,230,764 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан хэдий ч шүүгдэгч Л.О бэлтгэж тээвэрлэсэн моднуудын хувьд байгалийн хүчтэй салхи шуурганд үндсээрээ булгарч, хугарч унасан, дахин сэргэх боломжгүй моднууд байсан байхаас гадна шүүгдэгч нь уг моднуудыг эвдэрч муудсан хашаагаа засаж сэлбэх зорилгоор бэлтгэх хүсэлтийг сумын засаг даргад гаргаж зөвшөөрөл авсан, мөн тухайн моднуудыг бэлтгэж тээвэрлэх шаардлагатайгаа тайлбарлан Ойн анги буюу мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан авсан ч суманд ирээгүй үндэслэлээр эрхийн бичгээ авч чадалгүй, эрхийн бичиггүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн нөхцөл байдал байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т "Төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг хэлнэ” гэж, 3.1.2-т "Төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-т “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд дугаар зүйлд оршино.” гэж, 7 дугаар зүйлд “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:
7.1.1.ард түмэнд үйлчлэх;
7.1.2.мэргэшсэн, тогтвортой байх;
7.1.3.улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;
7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;
7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;
7.1.6.ил тод байх;
7.1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах.” гэж, 37 дугаар зүйлийн 37.1.12-т “Төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэж тус тус хуульчилсан.
Төрийн алба нь иргэдэд хуульд заасан журмын дагуу, чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчлэх алба атал эрхийн бичгийг суманд нь ирүүлээгүй, үүнээс шалтгаалан иргэн хүн хуульд заасан эрхээ эдэлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй нөхцөл бодитойгоор бий болсноос Л.О нь эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж, тээвэрлэх нөхцөл үүсжээ.
Иймээс шүүх шүүгдэгчээс эрхийн бичиггүйгээр бэлтгэж тээвэрлэсэн 2.622 куб.метр модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Түүнчлэн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан талаар баримт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс энэ хэрэгт гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч Л.О хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 2.622 метр.куб хэмжээтэй 22 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, Бонго-3 маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. ...1.3.хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан.
Иймээс шүүх шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс шүүгдэгч Л.О гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.622 куб.метр хэмжээтэй 22 ширхэг модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********* улсын дугаартай бонго-3 маркийн автомашины болон цахилгаан хөрөөний үнэ 3,050,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Харин шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 2.622 куб.метр хэмжээтэй 22 ширхэг модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Л.О зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Л.О 1,743,588 /нэг сая долоон зуун дөчин гурван мянга таван зуун наян найм/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, цаашид энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 2.622 куб.метр хэмжээтэй 22 ширхэг бөөрөнхий модыг улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан прокурорын 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН