| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************ төрсөн, халх, 42 настай, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ************ оршин суух хаягтай,
урьд *********** Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
О овогт Ж.Н, регистрийн дугаар *************.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ж.Н нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багийн нутагт байрлах Д.П гэрийн гадна хохирогч Б.Бй “Мал нийлүүлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний цээжний баруун дээд хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд цээжний баруун дээд хэсэгт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Б.Б “...Манайх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Дархан-Уулын толгойн дээд хэсэгт хөдөө байдаг. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хонио гэрийн ард бэлчээгээд би өөрөө үхрээ эргүүлэх гээд буцаад гэртээ ирсэн чинь Н манай тэнд “адуундаа явж байна та хонио харж байгаарай” гээд явсан. Тэгээд бороо ширүүн ороод байсан. Тэр хооронд манай хонь Н болон П ахын хонинд нийлсэн байсан. Тэгээд бороо гайгүй болохоор нь П ахынд очоод малын хашааг нь янзалж дуусаад П ахад хонь холдоогүй дээр нийлсэн хонио ялгаад авчихъя гээд П ахын хүүхэд С хонио хураагаад ирэхээр нь би өөрийн нийлсэн хонио ялгаж байхад Н тэнд ирээд хонь ялгалцаад дуусаад би ялгасан хонио 7 настай хүүхдээрээ туулгаж явуулаа араас нь явах гэтэл Н “чи муу хулгайч дахиад битгий хонио нийлүүлээд байгаарай, хулгайч минь” гэхээр нь “би чиний юуг хулгай хийсэн юм чи юу гэх гээд байна” гэхэд Н нь бүснээсээ жижиг бор иштэй тонгорог гаргаж ирээд миний цээж хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд дахиад хутгалах гээд 2-3 удаа дайрахаар нь би хутгатай гараас нь барьж аваад газар дараад унагасан. Тэгээд П ах ирээд ирээд гарт нь байсан хутгыг салгаж авсан. Тэгээд миний цээжнээс цус гараад байсан чинь П ахын хоёр охин даавуу лент гаргаж ирж миний цус гарсан газар нааж цусыг түр тогтоосон. Тэгээд би гэртээ ирээд тэндээсээ эмнэлэг дуудаад эмнэлэгт очиж шархаа цэвэрлүүлж оёо тавиулсан. Би эмнэлэгт ирэхээсээ өмнө цагдаад бас дуудлага өгсөн. ...Намайг Н нь нэг удаа миний цээжний баруун дээд хэсэгт хутгалсан. Өөр хүн бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би Н цохисон зүйл бас байхгүй. ...Миний цээжний баруун дээд хэсэгт нэг удаа хутгалуулсан гэмтэл учирсан. Би бол огт архи уугаагүй байсан. Харин Н нь тухайн үед согтуу бололтой архи үнэртээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
- Гэрч Э.П “...Манай малд Н хэдэн мал байдаг болохоор тэр өдөр хонь харж байсан. Тэгсэн 17 цагийн үед манайхтай ойрхон зусаж байгаа Б нь хүүхэдтэйгээ манайд ирээд “хонио танай хонинд нийлүүлсэн” гээд манай гадаа хонио хашаад 10 хүрэхгүй хонь ялгаж аваад хүүхдээрээ туулгаад явуулсан. Би тэр үед гэрийн гадаа П хамт гэрийн хана янзлаад сууж байсан Н нь морьтой ирж харагдсан. Тэгсэн нэг харсан малын хашааны тэнд Б, Н нар хоорондоо барьцалдаж аваад дээр доороо ороод харагдахаар нь би наанаас нь яваад очсон чинь Б нь намайг хутгалчихлаа гээд Н хутгатай гарыг газар дараад авсан байхаар нь Н гаран дээр нь хөлөөрөө гишгэж байгаад хутгыг нь булааж аваад гутлынхаа түрийнд хийсэн. Тэгээд би нөгөө хоёрыг салгасан чинь Б цамцны цаанаас цус гарсан харагдаж байсан. Тэгээд манай охин цусыг нь дарж нэг боолт нааж өгсөн. Тэгээд би Б чи одоо хурдан яв очиж эмнэлэг цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд Б гэр рүүгээ явсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Н аваад явсан. Би эхлээд юу болсон талаар бол сайн мэдээгүй нэг харсан Б, Н хоёр дээр доороо орохоор нь очтол Н гарт хутга байхаар нь би авсан. Мөн Б Н нь хутгалсан гээд цээжний хэсгээс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Зав0725/224 дугаартай “...1. Б.Б эрүүл мэндэд хохирол учирсан байна.
2. Б.Б эрүүл мэндэд учирсан хохирол нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой цээжний баруун дээд хэсэгт шарх хохирол тогтоогдлоо.
3. Учирсан хохирол нь хэрэг гарсан гэх 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна.
4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Б.Б эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.
6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “...тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хүрэн бор өнгийн бариул бүхий нийт урт нь 19.5 см урт, ажлын хэсэг нь 8.5 см урт, эвхэгддэг хутга /тонгорог/-ыг” эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн хуудас, эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Ж.Н нь 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багийн нутагт байрлах Д.П гэрийн гадна хохирогч Б.Б “мал нийлүүлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний цээжний баруун дээд хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд цээжний баруун дээд хэсэгт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Ж.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хууль зүйн мэдлэг дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эмчилгээний зардалд 440,250 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.Б 700,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Энэ нь хохирогч Б.Б, шүүгдэгч Ж.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбар болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэжээ.
Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын үзлэг, шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 66,493 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Ж.Н бүрэн төлсөн байна. Иймд шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.Б 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 700,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Ж.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ж.Н Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүрэн бор өнгийн бариул бүхий нийт урт нь 19,5 см урт, ажлын хэсэг нь 8,5 см урт, эвхэгддэг хутга хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ж.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүрэн бор өнгийн бариул бүхий нийт урт нь 19,5 см урт, ажлын хэсэг нь 8,5 см урт, эвхэгддэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ