Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар  2021/ДШМ/566

 

 

 

 

 

 

   2021             6              3                                          2021/ДШМ/566                         

 

 

         С.Г, Ё.О нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч “Мини кредит” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч С.Отгонзаяа,

цагаатгагдсан этгээд С.Гийн өмгөөлөгч Г.Бадамханд,

шүүгдэгч Ё.Огийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг үндэслэн С.Г, Ё.О нарт холбогдох эрүүгийн 1911 01505 0935 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О  овогт С ын Г, ______ оны __ дүгээр сарын ___-ны өдөр _______ аймагт төрсөн, __ настай, эмэгтэй, дээд боловсролтой, ой судлаач мэргэжилтэй, ______________ компанид кемп менежер ажилтай, ам бүл 4, ____________ дүүргийн ___ дугаар хороо, ___ хороолол, __ дугаар байрны ___ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо 3 охины хамт _________ дүүргийн ___ дугаар хороо, ____ тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:____________/;

2. Б овогт Ёын О, _____ оны __ дугаар сарын __-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, __ настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, _______________ ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, ___________ дүүргийн ___ дүгээр хороо, _______ дүгээр гудамжны __ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо эцэг, 2 дүүгийн хамт ____________ дүүргийн ___ дугаар хороо, __ дугаар хороолол ___ тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:______________ /;

Цагаатгагдсан этгээд Сын Г нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Э.Чулуунчимэгийн Хаан банкны 5006937872 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн 5728051102 дугаартай дансаар 3.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр А.Ган-Одын 5728057841 дугаартай дансаар 1.500.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э.Чулуунчимэгийн 5006967872 дугаартай дансаар 2.500.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

шүүгдэгч Ёын О нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад Эдийн засагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж, хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдөлд оруулж, зээл гэх нэрийн дор 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Пилмаагийн Хаан банкны 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 28-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 15-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 6-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 2.500.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 16-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 4.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 7-ны өдөр Ч.Огийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 13-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг нийт 21.500.000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн Хаан банкны 5027532519 дугаартай дансаар 3.500.000 төгрөгийг, 1 дүгээр сарын 24-ний өдөр Ё.Пилмаагийн 5065070986 тоот дансаар 3.500.000 төгрөгийг, 1 дүгээр сарын 31-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 1.000.000 төгрөгийг, 2 дугаар сарын 2-ны өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 600.000 төгрөгийг, 2 дугаар сарын 16-ны өдөр Ү.Цэрэнбүжидийн 5027532519 дугаартай дансаар 3.000.000 төгрөгийг, 3 дугаар сарын 4-ний өдөр Ё.Огийн 5114297054 дугаартай дансаар 2.000.000 төгрөгийг, 4 дүгээр сарын 2-ны өдөр Ё.Пилмаагийн 5065070986 дугаартай дансаар 4.000.000 төгрөгийг, 4 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Ёын 5024106640 дугаар дансаар 3.500.000 төгрөг нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Г, Ё.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Отгонтэнгэр овогт Сын Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Боржигон овогт Ёын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ё.Ог 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ё.Огийн цагдан хоригдсон 7 хоног буюу (7*15=105.000) төгрөгийг хасаж, 9.895.000 /есөн сая найман зуун ерөн таван мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Од оногдуулсан 9.895.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ё.Огээс хохирлын 41.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Гээс 200.000 төгрөг, шүүгдэгч Ё.Огээс 760.000 төгрөгийг тус тус гаргуулан “Мини кредит” банк бус санхүүгийн байгууллагад олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.О нь 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ё.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ё.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй ...”,

“...шүүгдэгч С.Гийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хэрэгт нотолбол зохих бүхий л байдлуудыг нотлон тогтоох ажиллагааг бүрэн явуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, эсхүл баримт бичиг... цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэж тодорхой заасан.

Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...зээлийг журамд заасны дагуу авсан...” гэж мэдүүлсэн боловч албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын дотоод систем буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар зээл гэх нэрийн дор бусдын дансаар 4 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан, гэмт хэргийг үйлдсэн нь болох нь хохирогч С.Солонгын... “хамаатан А.Ган-Од гэх хүний Хаан банкны 5728057841 гэх данс руу шилжүүлсэн байсан ба З.Цолмон гэх хүний мэдээллийг шүүгээд үзэхэд өмнө нь манай байгууллагаас зээл авч байсан зээлдэгч байсан бөгөөд түүний мэдээллийг ашиглаж хуурамч зээлийн танилцуулга хийж, гэрээ үйлдэж мөнгөө дүүгийнхээ данс руу шилжүүлж авсан, ба уг 1,5 сая төгрөгийг 600.000 төгрөгийг нь С.Г өөрөө авч харин 900.000 төгрөгийг нь Ё.О эдийн засагч авсан байсныг Гээс өөрөөс нь зөрчил илрүүлсний дараагаар мэдсэн бөгөөд тухайн үед С.Г нь өөрийн буруугаа хүлээж байгууллагын дээрх данс руу 2019 оны 5 дугаар сарын 23-ний өдөр өөрөө авсан гэх 600.000 төгрөгийг “19/030020” гэх утгатайгаар буюу зээлийн гэрээний дугаарыг бичиж банкны салбараас бэлнээр буцаан шилжүүлж, энэ талаараа утсаар мэдэгдсэн ба тухайн үед “...үлдэгдэл 900.000 төгрөгийг нь Ё.Огээс аваарай хэмээн хэлж байсан ...”,

гэрч Б.Цын “...Тэгээд эцсийн шийдвэрийг ерөнхий захирал Хаш-Эрдэнэ гаргаж зээл олголт хийгддэг. Зээл олголт хэн гэдэг хүний ямар данс руу орж байгааг би харах боломжгүй. Тэгээд судалсан эдийн засагч өөрөө гүйлгээгээ хийдэг. Тийм учраас би энэ хоёр хүнтэй зээл авч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлгүүд болон Г.А-ийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга, “ЦЭСБ-АУДИТ” ХХК-ийн санхүүгийн шинжээчийн тайлан, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, “Мини кредит” ХХК-ийн яллагдагч Ё.О, С.Г нартай хамааралтай төлөгдөөгүй зээлийн мэдээлэл, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад шүүх С.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой дурдахаар заасан.

Гэтэл шүүх С.Гийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ яллах талын нотлох баримтууд нь эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдсэн талаар хууль зүйн дүгнэлтийг хийлгүйгээр шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт прокурорын яллах дүгнэлтийг хуулбарлан бичиж хэлбэрээр бичиж гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

 Хохирогч “Мини кредит” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч С.Отгонзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Гт холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаагаа дурдаагүй. С.Г нь манай компанид ажиллаж байхдаа Чулуунцэцэг, А гэх өөрийн төрсөн охин болон төрөл садангийн хүмүүсийн нэр дээр зээл гаргуулж авсан байдаг. Ган-Од гэх хүний данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэхдээ компанийн бүртгэлд Цолмон гэж бүртгэсэн байдаг. Буцаан төлөлтийг С.Г өөрөө төлсөн. Анхан шатны шүүхээс С.Г тухайн мөнгийг авч хэрэглэсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэдний өдөр, хэдэн төгрөг төлсөн гэдгийг утсаар мэдэгддэг байсан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Гийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянавал гэж бичсэн байдаг. Прокурор шүүхийн шийдвэрийг хянах эрхгүй. С.Гийг 10.000.000 төгрөг залилан авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. 10.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийн зээлийг Чулуунчимэг, Ган-Од, Цолмон гэх хүмүүст олгосон. 3.000.000 төгрөгийг С.Гийн охин А нь Ё.О дээр зээлийн материал бүрдүүлж, холбогдох дарга, мэргэжилтний хяналтаар орж зээлж авсан байдаг. А-ийн данс шүүхийн шийдвэрээр хаагдсан байсан учраас ээжийнхээ дансаар мөнгийг аваад тухайн өдрөө бараа, материал авсан байдаг. Уг зээлүүдээс С.Г нэг ч төгрөгийг өөртөө аваагүй. С.Г “Мини кредит” ББСБ-д ямар ч хохирол учруулаагүй. Уг 10.000.000 төгрөг тухайн байгууллагад 10.945.000 төгрөг болж төлөгдсөн буюу 945.000 төгрөгийн ашиг олсон байдаг. “Мини кредит” ББСБ-ийн хууль ёсны төлөөлөгч ямар нэгэн хохирол учруулаагүй гэдгийг шүүх хуралдаанд дээр хэлсэн. Хохирол учраагүй гэдэг нь хэрэгт авагдсан дансны хуулга, аудитын дүгнэлт зэргээр нотлогддог. Анхан шатны шүүх нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэдэг үндэслэлээ  шийдвэртээ тодорхой заасан. Мөнгө хүүлж ашиг олсон атлаа хүнийг шийтгэнэ гээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй.” гэв.

Шүүгдэгч Ё.Огийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Мини кредит” ББСБ-д хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагдсан. Бусдын үйлчлүүлэгчийн хууль зүйн байдлыг дордуулахаар эрх зүйн дүгнэлт хиймээргүй байна. Ё.О хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, торгуулийн ял авсан үүнийг хэсэгчлэн төлж байгаа. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбар байхгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г, Ё.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокурор С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан байх боловч анхан шатны шүүхээс С.Гийн үйлдлийг ямар нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн болох нь тодорхойгүй, яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл”-ийг шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилсан ба анхан шатны шүүхээс С.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч цагаатгасан талаар дүгнэлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна. 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх бөгөөд торгох ялыг сонгох болсон үндэслэл, шалтгаанаа бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;” гэж заасан шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдах шаардлага хангагдаагүй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ё.Ог “...зээл гэх нэрийн дор бусдын дансаар нийт 21.100.000 төгрөг буюу 2018, 2019 онд нийт 42.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг үйлдсэн...” хэмээн их хэмжээний хохирол буюу 63.700.000 төгрөгийн хохирол учруулсан мэтээр бичсэн, мөн  цагаатгагдсан этгээдээс хохирол гаргуулан шийдвэрлэсэн байх тул цаашид анхаарвал зохино.

Иймд прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан С.Г, Ё.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Г, Ё.О нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл С.Г, Ё.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ