Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201705000031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай,******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Д.******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийг төмөр турбагаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                      /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийг төмөр турбагаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ...

хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед сургуулийн спорт зааланд очиж хүүхэдтэйгээ уулзах гээд мотоцикльтой явж байтал миний явж байсан замаар урдаас Д.Темөрбат ус аваад мотоцикльтой явж байгаад намайг зогсоож мэндэлчихээд бяруу яагаад аваад явсан бэ гэж асуусан. Тэгэхээр нь би юун бяруу тэр чинь манай бяруу гэхэд хуцаад бай тэр чинь манай бяруу гэж хариу хэлсэн. *******ад чи үнэхээр өөрийнхөө бяруу гэж бодож байгаа бол шүүхээрээ яваад олоод ав гэж хэлсэн. Тэгтэл миний урдаас салаавчаа гаргасан. Тэгэхээр нь би гар руу нь нулимчихаад заал руу давхиад явсан. Сургуулийн спорт заал орж хүүхэдтэйгээ уулзчихаад тэндээсээ шатахуун түгээх газар орж мотоцикльдоо бензин хийчихээд зааланд очих гээд сургуулийн тоглоомын талбайн урд давхиж байтал хойноос хурдтай машин давхиж ирээд зам хаагаад зогссон. Хартал ******* өөрийнхөе ланд круйзер 80 маркийн машинтайгаа ирж зогсоод машинаасаа бууж ирээд намайг хүрч ирж заамдаж аваад эрэгчин эмэгчинээ үзнэ машинд суу гэхээр нь би яах гэж суух юм гээд мотоциклиосоо буусан. Тэгтэл ******* машиныхаа буруу талын хойд хаалгыг онгойлгоод төмөр труба гаргаж ирээд миний зүүн мөр, баруун гарын тохой зэрэг рүү цохисон. Үйл явдал өрнөж байхад бид хоёрын хажууд машин ирж зогссон. Машинаас Ганхуяг гэх хүн бууж ирээд хүүе чи хүн аллаа гээд *******аас трубаг нь булаагаад автал Ганхуяг гуайгаас ******* труба төмрөө булааж аваад миний баруун тохой руу 1 удаа цохиод зүүн тал руу цохих гэтэл нь зүүн гараараа хаатал зүүн шуу, тохой ташаалдуулаад 2-3 удаа цохисон. Би орилоод тохойгоо бариад автал ******* машиндаа суугаад труба төмрөө аваад явчихсан. Би хэргийн газраас арай гэж мотоциклио асааж унаад эхнэрээ ээжийнхээсээ аваад эмнэлэг дээр очсон. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Бидэнд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би өөрийнхөө малыг танина тэр бяруу нь *******ын бяруу биш. Миний зүүн, баруун гарын тохой, бугалга тэр чигээрээ хүрэн эрээн, хавдартай байгаа. Рентген зураг авахуулаад гипсдүүлчихсэн байгаа. ******* нь миний яг нуруунд бол цохиогүй, баруун талын тохой руу цохичхоод миний зүүн талын гар руу цохих гэхээр нь зүүн гараараа хаатал зүүн шуу, тохой ташаалдуулаад цохьсон юм. Миний ар нуруунд ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй. ******* эхлээд 30.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг түуний дараа 100.000 төгрөгийг тус тус өгсөн. Нийт 1000.000 төгрөгийн зардал гарсан. Миний зүүн гар одоо болтол эдгэрээгүй байгаа. Цаашид эмчилгээ сувилгаа хийлгэнэ. Бензиний баримтууд мөн хөдөө хүнээр мал маллуулж, түлээ түлшээ бэлдүүлж, хот хороо зэргээ янзлуулж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын гэрээ байгуулсан, өдрийн 30.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Баримтуудаа гаргаж өгнө гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Төмөрсүх гэх иргэнийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзэхэд асуумжид бусдад зодуулсан гэж байсан. Төмөрсүх нь орчиндоо харьцаатай, биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, зүүн шууны орчмоор хөдөлгөөн албадмал байсан. Яг хэнд цохиулж гэмтсэнээ хэлээгүй, түүний зүүн гарын шуу хэсэгт бага зэргийн өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай байсан. Рентген зурагт шуу ясны доод төгсгөлд цуурч хугарсан байсан. Төмөрсүхийг зүүн гарын шуу ясанд гөлтөгнөн боолт тавьж зөвлөгөө өгч явуулсан. Эмчилгээ хэвийн эмчилгээ хийж, эмийн эмчилгээг бичиж буцаасан. Миний тодорхойлолтод зүүн гарын шууны далд зөрөөгүй хугарал гэж бичигдсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр машинтайгаа талбайн баруун талаар уруудаад зүүн гар талруу эргэтэл Д.*******, ******* хоёр маргалдаж байгаа байдалтай байсан. Тэгтэл Д.******* машинруугаа ороод төмөр бариад гараад ирхээр нь би машинаас бууж очоод төмрийг автал надаас эргүүлж булааж аваад *******ийг 1 удаа гарлуу нь зохисон би төмрийг дахин булааж аваад боль гэж хэлтэл салаад явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Шинжээч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 01 сарын 07-ны өдөр үзүүлэгч иргэн *******ийг үзсэн. Намайг үзэхэд зүүн бугалганы гадна доод хэсгээс гарын сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой, баруун бугалганы гадна доод хэсэгт 13х8 см, дотор доод хэсэгт 14х9 см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн гарын 3 дугаар хурууны гадна дунд хэсэгт 0,8х0,5 см, улаан хүрэн зулгаралттай байсан. Асуумжид ******* нь зүүн шуу, тохой хэсгээр өвдөнө, баруун гуяны араар өвдөнө, дотор муухайрна гэж хэлж байсан. *******ийн бие махбодид учирсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байсан учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулж дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Богд сумын төвийн гудамжинд Төмөрсүхтэй таараад чи яагаад бяруу аваад явчихсан юм гэхэд тэр миний бяруу гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд маргаан эхэлсэн. Төмөрсүх шүүхээрээ олоод аваарай гээд над руу нулимахаар нь салаавч гаргатал тэр миний гар руу нулимчихаад мотоцикльтойгоо давхиад явчихсан. Дараа нь сургуулийн спорт тоглоомын талбай орчимд Төмөрсүх мотоцикльтойгоо явж байхад нь зогсоогоод түүнийг төмөр трубагаар цохиж биед нь гэмтэл учруулсан. Түүний зүүн гар, баруун гар руу яг хичнээн удаа цохисноо санахгүй байна. Төмөрсүхээс уучлал гуйсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******т 340,000 төгрөгийг өгсөн. Манай ах Төмөрсүх миний урдаас хохиролд 30 тооны ямааг *******т өгсөн. Хохирогч *******т цаашид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна. Хамгийн гол нь *******ийн зүгээс баримт материалаа гаргаад өгөх юм бол надад хохирол төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 64-65/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн: 1. Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч *******ын гаргасан №43 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. *******ийн биед зүүн богтос ясны далд хугарал, баруун бугалганы цус хуралт, зүүн гарын 3-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд учиржээ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/

-хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-13, 16-17/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 14-15/,

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-19/,

-Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66/,

-Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 67-68

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/,

-хохиролын талаархи баримтууд /хх-ийн 79-83/

-хохирол төлж барагдуулсан баримтууд /хх-ийн 84-86,92/

-хохирогч *******ийн гомдол саналгүй, бие эдгэрсэн гэх хүсэлт /хх-ийн 93/ болон хохирогч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн мал маллуулах гэрээ, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохиролтой холбоотой баримтууд 10 хуудас, шүүгдэгч Д.*******ын шүүхэд гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар *******ийг төмөр турбагаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялыг хөнгөрүүлнэ” гэж зааж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.*******ад Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 1.980.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Харин хохирогч ******* нь 3.517.600 төгрөгийн баримтыг шүүхэд гарган өгч уг мөнгийг нэхэмжилсэн байна.

Шүүх хохирогч *******ийн нэхэмжилсэн 3.517.600 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох баримтуудаар нь шинжлээд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 517.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч ******* нь гарандаа гэмтэл авсан учир өөрийн хүргэн С.Уламбаяр гэгчтэй мал маллуулах 3 сарын хугацаатай 1 өдрийн 30.000 төгрөгийн хөлстэйгөөр гэрээ байгуулж ажиллуулсанд 2.700.000 төгрөг төлснийг нэхэмжилж гэрээний хуулбар, С.Уламбаярын дансанд орлого хийсэн банкны баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч *******ийн өмчлөлийн малын талаарх мэдээлэл байхгүй, тухайн маллуулсан мал нь хохирогчийн хуваарьт хөрөнгө, аль эсхүл гэр бүлийн дундын өмчлөлийн аль болохыг нотлох баримтгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогчийн нэг гаранд богтос ясны хугарал болон зулгаралт, хөхрөлт гэмтэл үүссэн гэсэн байгаа нь малчин айл өөрийн малаа 3 сарын хугацаанд хүнээр маллуулах шалтгаан биш бөгөөд хохирогчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч нь өмгөөлүүлэх, өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өмгөөлөгч заавал оролцуулах, томилогдсон өмгөөлөгч ажиллахаас бусад тохиолдолд хэн ч өмгөөлөгч сонгон авах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь өмгөөлөгч сонгон авах эсэх нь өөрийнх нь эрх болохоос хуульд зааснаар уг ажиллагааны зардалд тооцогддоггүй учир хохирогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн төлбөрийг гаргуулах эрх зүйн үндэслэлгүй юм.

Шүүх Д.*******ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялаар шийтгэж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн гарны рентген зураг 4 ширхэгийг буцаан олгож, төмөр турбаг устгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн 2 толгой адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                         

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 08 сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлээс 517.600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан гэмтлийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн гарны рентген зураг 4 ширхэгийг буцаан олгож, төмөр турбаг устгаж, шүүгдэгч Д.*******ын эзэмшлийн 2 толгой адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ