| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0072/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш.О холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* төрсөн, халх, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ************** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ш.О, регистрийн дугаар *************.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “*****” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтай, шинэс төрлийн 2,039 метр куб мод бэлтгэж, 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн *****улсын дугаартай Kia Bongo Frontier /Киа бонго пронтиер/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, сумын ойнд санд 402,841 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “*****” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтай, шинэс төрлийн 2,039 метр куб мод бэлтгэж, 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн *****улсын дугаартай Kia Bongo Frontier /Киа бонго пронтиер/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, сумын ойнд санд 402,841 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Т.Б “...Сумын Засаг даргын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийг төлөөлж байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр хуульчлагдсан байгаа. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт хуулийн хүрээнд нэхэмжлэн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Д “...Би 2025 оны 06 дугаар сарын 11-ний орой 21 цаг 40 минутын орчимд Ж.Б гэх хүний хөрөө рамд хөлсөөр мод зүсэх ажлаар гэрээсээ гараад сайр дотор зам дагаад алхаж явтал манай баз болох Ш.О өөрийнхөө Пронтер маркийн /улсын дугаарыг мэдэхгүй/ автомашинтай миний хажууд ирж зогсоод та хаа хүрэх нүү гэхээр нь би хөрөө рамд ажиллахаар явж байна гэсэн чинь та суучих би бас хөрөө рамуудын тийшээ явж байна таныг хүргээд өгье гэхээр нь би машинд нь орж суугаад хамт явсан. Намайг машинд орж суухад Ш.О өөр нэг танихгүй залуугийн хамт явсан. Би тэр үед Ш.О чи хаанаас ямар ажилтай яваа юм гээд асуухад би ***** хэдэн мод бэлтгээд орж ирлээ хөрөө рам орж буулгана тэгээд буцна даа гэсэн. Мөн би Ш.О чи тэгээд хэдэн модтой яваа юм бэ гэхэд би 16 ширхэг зүсвэрийн модтой яваа гэж хэлсэн. Тэгээд Ш.О намайг Б хөрөө рамын хашаанд оруулж хүргэж өгөөд би машинаас буугаад байж байтал яг араас экологийн цагдаа машинтайгаа орж ирээд шалгасан. Би Ш.Отай хамт модонд яваагүй учир надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй. ...Би цагдаа руу явах замдаа Ш.О чи өчигдрийн модондоо гоожин авсан юм уу гэж асуухад би эрхийн бичиг гоожин аваагүй хаашдаа өнгөрсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
- Гэрч Д.Г “...Миний **** дугаарын утас руу 2025 оны 06 дугаар сарын 11-ний орой /өчигдөр/ Ш.О ах 21 цаг өнгөрч байхад ***** дугаараас залгаад ах нь хөдөөнөөс ороод ирлээ хар үзүүрийн энд машинтайгаа байна хөрөө рам орж мод буулгамаар байна чи миний машиныг бариад төв оруулаад өгөөч замын цагдаа таарч магадгүй гэж хэлхээр нь би зөвшөөрсөн юм. Ш.О ах өнгөрсөн жил жолооны эрхээ хасуулчихсан юм. Тэгээд машин барих эрхгүй болохоороо над руу залгаж өчигдөр надаар машинаа жолоодуулсан юм. Би Ш.О ахыг утсаар ярихаар нь хар үзүүрийн тэнд өөрийнхөө суудлын автомашинтай эхнэрийнхээ хамт очоод эхнэрээ буцаагаад би Ш.О ахын машиныг жолоодоод явсан. Би машин жолоодож явах үедээ Ш.О ахаас та тэгээд хичнээн хэрэглээний модтой орж ирэв гээд асуухад би 16 ширхэг модтой ***** орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд би мод ачсан машиныг нь жолоодоод сайраар уруудаад явж байтал Ш.О ах хөөе зогсоодхоо наана чинь манай баз ах алхаж явж байна гээд замын хажуугаар явж байсан нэг танихгүй ахын хажууд намайг зогсоолгоод Ш.О ах тэр танихгүй ахыг хөрөө рамд хүргэж өгөхөөр болоод машинд суулгаад хамт явсан. Тэгээд нэг танихгүй хөрөө рамын хашаанд ороод нөгөө танихгүй ахыг машинаас буулгаад байж байтал бид нарын араас экологийн цагдаа машинтайгаа орж ирээд шалгахад Ш.О ахад эрхийн бичиг байгаагүй. Тэгээд удаагүй замын цагдаа нар алаг машинтай ирээд Ш.О ахыг модтой машинтай нь аваад явсан. Би 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 13.00 цагийн үед байх сумын төвд Ш.Т ахынхаас хадам ээжийг авах гээд очтол тэднийд Ш.О ах хөдөөгөөс ороод ирчихсэн одоо буцна гээд байж байсан. Тэгсэн орой гэнэт мод ачаад ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч С.М “...Манайх Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг ***** гэх газарт Ш.О хамт айл байгаа юм. Ш.О 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр намайг мод ачилцаад өгөөч сумын төв рүү явах гэсэн юм гэж гуйхаар нь ***** гэдэг газраас 2 метрийн 10 гаран тооны хар модыг би хамт ачилцаж өгсөн. Мод ачилцсаны дараа модтой машин нь гэрийн гадаа байгаад байсан. Харин намайг малд явж байгаад орой ирэхэд модтой машин нь алга болчихсон явсан байсан. Тэр шөнө лав Ш.О гэртээ ирж хоноогүй. Би маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сумын төвд Ш.О таарахад гоожингүй баларлаа модтой машинтайгаа төв ороод цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Миний хувьд хамт мод бэлтгэсэн зүйл байхгүй миний ачилцсан моднуудыг хэзээ бэлтгэснийг мэдэхгүй надад энэ талаар өөр мэдэх зүйл алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Т “...Намайг 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу эгчийн бие муу гээд явж байх замд орой 23.00 цагийн үед байх миний төрсөн дүү Ш.О манай эхнэрийн утас руу залгаад надтай яриад Идэр багийн нутаг ***** 16 ширхэг 2 метрийн модтой орж ирээд баригдчихлаа эрхийн бичиг байхгүй одоо яах уу гэж асуусан. Одоо гарах гарц байна уу гэж асуусан. Би тэр үед дүүдээ эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн бол буруу. Одоо ямар ч арга байхгүй гэж хэлээд өнгөрсөн. Тосонцэнгэл суманд 2025 он гарсаар иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч нараас би ганцаараа олгож байгаа. Манай дүү Ш.О зүгээс энэ оны 06 сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
- Гэрч М.Д “...Ш.О нь манай байгаль хамгаалагч Ш.Т төрсөн дүү нь байгаа юм. Би Ш.О гэх хүнийг сая 06 дугаар сарын 12, 13-ны үед Идэр багаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд цагдаад баригдсан гэж сонссон. Ш.О 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр санагдаж байна над руу утсаар залгаад эрхийн бичиг авмаар байдаг гэж асуухаар нь суманд эрхийн бичгийн хуудас дууссан байгаа гэж хэлсэн. Тухайн үед суманд эрхийн бичгийн хуудас дууссан байсан учир миний зүгээс Ш.О мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
- Гэрч О.Э “...Тосонцэнгэл сумын Идэр багийн иргэн Ш.О 2025 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цаг өнгөрч байхад миний утас руу танихгүй дугаараас залгаад эрхийн бичиг бичээд өгөөч гэхээр нь би хөдөө байна ажлын бус цагаар бичихгүй угаасаа эрхийн бичгийн хуудас байхгүй гээд бичиж өгөөгүй. Тэгсэн сүүлд сонсоход Ш.О Идэр багийн нутаг ***** гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгээд сумын төв рүү тээвэрлээд цагдаад баригдчихсан гэж сонссон. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
- Гэрч Н.Н “...Би 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу замын цагдаагийн оройн эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 22 цагийн үед сумын төвд хөрөө рамуудын хашааны тэнд мод ачсан Пронтер маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад тээврийн хэрэгслийн тэвшинд мод аччихсан жолооч Ш.О ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан учир тээврийн хэрэгслийг түр саатуулж хоногийн мэдээнд шалгуулахаар оруулсан. Тухайн үед Ш.О нь 2 орчим метрийн уртаар тайрсан хэрэглээнд ашиглах боломжтой 16 ширхэг бөөрөнхий хар моднуудыг тээврийн хэрэгслийн тэвшин дээр аччихсан түүнийгээ бүтээгээд нуун далдалсан байсан. Уг моднуудыг хаанаас хэзээ бэлтгэсэн талаар Ш.О гэгчээс асуухад Идэр багийн нутаг ***** гэх газраас 06 сард бэлтгэсэн гэж хэлсэн. Надад энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугар хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээч Ө.О экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай “...1. Ойгоос бэлтгэж тээвэрлэсэн моднууд шинэс төрлийн /хар мод/ хуурай мод байна.
2. Тухайн ойгоос бэлтгэсэн моднууд нь нийт 2,039 метр куб мод байна. Ойгоос бэлтгэсэн моднуудыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх магадлалтай модны тайралтууд жигд байна.
3. Тухайн ойгоос бэлтгэсэн моднууд нь шинж чанарын хувьд хэрэглээний модны ангилалд хамаарч байна. Ойгоос бэлтгэсэн моднуудыг нэг бүрчлэн уртыг хэмжиж, нарийн үзүүрийн голчоор диаметрийг хэмжихэд 1,85 метрийн урттай 1ширхэг, 2,0 метрийн урттай 5 ширхэг, 2,07 метрийн урттай 8ширхэг, 2,10 метрийн урттай 2 ширхэг нийт 16 ширхэг бөөрөнхий мод байна. Ойгоос бэлтгэсэн 16 ширхэг мод нь шинж чанараараа MNS 5413:2011 стандартаар хэрэгцээний модны ангилалд хамаарч байна.
4. Тухайн моднуудыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бэлтгэсэн байх 4 боломжтой тайралт нэгэн жигд шинэвтэр.
5. Ойгоос бэлтгэсэн моднууд нийт 2,039 метр куб мод байна.
6. Хэргийн газрын үзлэгээр тогтоосон №48° 53// 50,13 - E 98° 08// 14,98, N48° 53// 50,38 - E 98° 08// 14,17, N48° 53// 48,45 - E 98° 08// 14,18, N48° 53// 39,04 - E 980 08// 34,33, GPS цэгүүдээр мод бэлтгэсэн газар нь Тосонцэнгэл сумын Идэр багийн ***** гэх газар мөн.
7. Ойгоос мод бэлтгэсэн газар нь ойн сангийн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.
8. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ бүх төрлийн хуурай модонд 109,760 төгрөг.
9. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг ***** гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модны хоёрдугаар мужийн 1 метр куб шинэс модны экологи үнэлгээ хэрэглээний хуурай модонд 109 760 төгрөг, хэрэглээний модны итгэлцүүр болох 1,8 -аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197 568 болж, бэлтгэсэн мод 2,039 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 402 841 төгрөг байна. Ойгоос бэлтгэсэн 2,039 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 402 841 төгрөг байна.
10. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ хариуцсан нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэнэ. Мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэж болохгүй.
11. Ойгоос мод бэлтгэсэн иргэн Ш.О нь Ойн тухай хууль 35.4.2-р заалт зөрчсөн байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаартай “Нөхөн төлбөр ногдуулах тухай” улсын байцаагчийн акт /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн АЦ25-131 дугаартай “Хөрөнгийн үнэлгээ тогтоох тухай” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ш.О нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Ш.О Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасныг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин мод бэлтгэх эрхийн бичиггүй ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас ойн санд 402,841 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.О нь 402,841 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол, хор уршиг буюу 1,208,523 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ш.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлсөн тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ш.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.О гэмт хэрэг үйлдэж олсон 2.039 метр куб шинэс төрлийн, хуурай 1,85 метр урттай 1 ширхэг, 2.0 метр урттай 5 ширхэг, 2.07 метр урттай 8 ширхэг хэрэглээний бөөрөнхий нийт 16 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 18-78 улсын дугаартай хөх өнгийн Киа бонго пронтер 3 маркийн тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн 6 метр урттай бөөрөнхий мяндсан уяа 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн Кен гэсэн бичиглэлтэй ҮD-98 загварын гинжит моторт хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай “...хууль бусаар бэлтгэсэн 2.039 метр куб шинэс төрлийн, хуурай 16 ширхэг /1,85 метр урттай 1 ширхэг, 2.0 метр урттай 5 ширхэг, 2.07 метр урттай 8 ширхэг/ хэрэглээний бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ********* улсын дугаартай хөх өнгийн Киа бонго пронтер3 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,
шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ш.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.О гэмт хэрэг үйлдэж олсон 2.039 метр куб шинэс төрлийн, хуурай 16 ширхэг /1,85 метр урттай 1 ширхэг, 2.0 метр урттай 5 ширхэг, 2.07 метр урттай 8 ширхэг/ хэрэглээний бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****** улсын дугаартай хөх өнгийн Киа бонго пронтер3 маркийн тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн 6 метр урттай бөөрөнхий мяндсан уяа 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн Кен гэсэн бичиглэлтэй ҮD-98 загварын гинжит моторт хөрөө 1 ширхэг зэргийг тус тус улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, прокурорын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай “...хууль бусаар бэлтгэсэн 2.039 метр куб шинэс төрлийн, хуурай 16 ширхэг /1,85 метр урттай 1 ширхэг, 2.0 метр урттай 5 ширхэг, 2.07 метр урттай 8 ширхэг/ хэрэглээний бөөрөнхий мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** улсын дугаартай хөх өнгийн Киа бонго пронтер3 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Ш.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ