| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************ төрсөн, халх, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, “****” ХХК-ийн хөрөө рамд ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт ****************** багт оршин суух хаягтай,
Урьд Сум дундын ************* 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял,
***************2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, Б овогт Б.Ж, регистрийн дугаар: ********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт согтуурсан үедээ *********** улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Б.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт согтуурсан үедээ *********** улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Гэрч Ч.Д “...2025 оны 06 дугаар сарын 25-ны орой 00 цагийн үед Ж над руу залгаж би караокед байна хүрээд ирээч гэж хэлэхээр нь би нэг найзтайгаа очиж бид гурав 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уугаад би Ж хандаж маргааш өглөө ажилтай эрт очиж амарлаа гэж хэлээд хамт очсон найзтайгаа гараад явсан. Тухайн үед Ж ганцаараа үлдсэн. Их согтоогүй байсан. Намайг гарах үед жаахан халсан, гэхдээ ухаанаа алдаагүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Э “...2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 26-нд шилжих шөнө архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдэд хяналт тавихаар 04 цагийн үед цагдаагийн ахлагч Ж.Д хамт явж байхад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах “**********” нэртэй баар, караокены урд улаан өнгийн мустанг-5 маркийн *********** улсын дугаартай мотоцикл түүний хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн мотоцикл нь түлхүүрээ түлхэж мотоциклийн хөдөлгүүр асаалттай, гэрлээ асаасан, 1 дүгээр араандаа хийсэн байдалтай байсан. Уг хүнийг сэрээж биеийн байцаалтыг нь асуухад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд уг хүний мотоциклийг саатуулаад жолоочийг нь цагдаагийн ахлах ахлагч Х.Г согтуурлыг драгер багаж үлээлгэж шалгахад 1.69 хувийн согтолттой байсан. Ингээд ахлах ахлагч Х.Г тухайн иргэний согтуурал шалгасан тэмдэглэл үйлдэж, драгер багаж үлээлгэсэн зургийг нь өөрийнхөө гар утсаар авч хоногийн мэдээнд оруулсан. Тухайн иргэний регистрийн дугаарыг багажид хийж шалгахад Б.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхээр орж жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан. Ингээд тухайн иргэн жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон тул гэмт хэргийн бүртгэлд оруулж шалгасан. Тухайн иргэн *********** улсын дугаартай, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикл жолоодсон байсан. ...Тухайн үед шөнө байсан учир жолоочоос цус аваагүй зөвхөн драгер багаж үлээлгэсэн. Тухайн иргэн согтуу гэдэг нь илт мэдэгдэж байсан. Өөрөө мөн караоке орж пиво уусан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрсөн байх үндэслэлтэй байна. 1.2.*********** улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклийн жолооч Б.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/
- 2025 оны 6 дугаар сарын 25-ны шөнийн 05 цаг 26 минутад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч ахлах ахлагч Х.Г 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Ж согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Alcotest багаж ашиглан шалгахад 1,69 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
- Мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***** дугаартай Б.Ж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хх-ийн 8-9-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, дээрх нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.
Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн…” гэмт хэргийн шинж болгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Б.Ж нь 2025 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Б.Ж согтолтыг “Аlcоtest” багаж ашиглан шалгахад 1,69 % тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 3-4р хуудас/ тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***** дугаартай шийтгэврийн хуулбараар нотлогдож байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж 2025 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт согтуурсан үедээ *********** улсын дугаартай Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Б.Ж бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ж нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй бөгөөд холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ж оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 2 /хоёр/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ