| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** төрсөн, халх, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ************ ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *********** оршин суух хаягтай,
урьд **********1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ял,
************ 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Г.Б, регистрийн дугаар: ***********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б нь хохирогч Т.П эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн ****** тоотод байрлах Ч.Г гэрт согтуурсан үедээ, хохирогч Т.П хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт сандлаар нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд зулайн орой дээд хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Т.П “...2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед сумын төвд Хөгжил хорооллын тэнд явж байхад манай сумын Г гэх хүнтэй хашааны үүдэн дээр нь таараад мэндэлсэн чинь манайд орохгүй та гэхээр нь би гэрт нь орсон. Гэрт нь ороход гэрийн үүдэнд нэг согтуу танихгүй залуу тасраад унасан хэвтэж байсан. Мөн Б архи уугаад сууж байсан. Тэгээд тэнд жаахан суусан. Тэгээд надад архинаасаа хоёр удаа хийж өгөхөөр нь уусан. Тэгээд би захиргаа орох гээд явлаа гэхэд Г намайг хүүхдийн мөнгө авсан гээд араас бариад авсан. Тэгэхээр би зөрүүлээд барьцалдаж аваад орон дээр цааш нь Г заамдаад дараад байж байсан чинь араас Б нь толгой дээр сандлаар цохиод авсан. Тэгээд толгойноос цус гараад би гэрээс гараад зугтаагаад гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд манай охин байсан. Тэгээд эмнэлэг дуудаад эмнэлэг явсан. Тэгсэн манай охин цагдаа дуудсан байсан. Тэгэхэд Г, Б, мөн нэг танихгүй залуу тасраад газар унасан байсан. Мөн Г мэдрэл муутай залуу байсан. Өөр хүн бол байгаагүй. Эхлээд Г нэг удаа гараа миний нүүр хэсэгт цохиж авсан. Мөн Б нь сандлаар толгойн орой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний толгой хагараад эмнэлэгт 10 оёо тавиулсан. Өөр хүн бол намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би ч ямар нэг хүнийг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Г “....Тэр өдөр би гэртээ Б бас нэг хүнтэй манайд нэг шил архи уугаад талдаа орж байгаад Ч гэх хүн такси аваад ирээч гэж утсаар хэлсэн чинь П гэх хүнтэй манай орж ирсэн. Тэгээд Ч явлаа гээд яваад өгсөн. Тэгээд П нь манайд үлдээд тэнд байсан архинаас 1-2 удаа татсан. Тэгээд манай өвчтэй хүүхдийн хажууд суугаад манай хүүхдийн барьж байсан мөнгийг тоолоод буцааж өгөөд байсан. Тэгээд би хүүхдийнхээ мөнгийг аваад тоолсон чинь 5000 төгрөг нь байхгүй байхаар нь би П чи хүүхдийн мөнгөнөөс 5000 төгрөг авсан байна гэж хэлсэн чинь би мөнгө аваагүй гээд над руу уурлаад бид хоёр босож ирээд барьцалдаж авсан. Тэгээд орны толгой дээр намайг дараад авсан байсан чинь Б нь араас нь сандлаар цохиод авсан. Тэгээд манай өвчтэй хүүхэд татаад ухаан алдаад унахаар нь хүүхдээ аваад орон дээр тавих хооронд П нь гэрээс гараад явсан байсан. Тэр сандал одоо манай гэрт байгаа. Тэнд Б нэлээн архи уусан байсан. П болон бид хоёр бараг архи уугаагүй байсан. Харин Б хамт орж ирсэн хүн манай гал тогооны өрөөнд тасраад унасан хэвтэж байсан. Тэр үед П толгойноос нь цус гарсан байсан. Өөр бол ямар нэг зүйл хараагүй. Тухайн үед манай өвчтэй хүүхэд татаад ухаан алдаад унасан болохоор би бусад зүйлийг харах боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
-Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Зав0725/226 дугаартай “...1. Т.П эрүүл мэндэд хохирол учирсан байна.
2. Т.П эрүүл мэндэд учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой зулайн орой дээд хэсгийн хуйханд шарх хохирол тогтоогдлоо.
3. Учирсан хохирол нь хэрэг гарсан гэх 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна.
4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Т.П эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.
6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
- 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “...улбар шар өнгийн, 4 хөлтэй, модон сандал”-ыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн ****** тоотод байрлах Ч.Г гэрт согтуурсан үедээ, хохирогч Т.П хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт сандлаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд зулайн орой дээд хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, хууль зүйн мэдлэг болон бие биедээ хүлээцтэй хандаж ойлголцох байдал дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.П эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаар талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж, тайлбар ирүүлсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь хохирогч Т.П 200,000 төгрөгийн хохирол төлсөн гэх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Мөн хохирогч Т.П эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 66,493 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Г.Б бүрэн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улбар шар ангийн 4 хөлтэй 1 ширхэг модон сандалыг Ч.Г буцаан олгохоор шийдвэрлэж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улбар шар өнгийн 4 хөлтэй 1 ширхэг модон сандалыг Ч.Г буцаан олгосугай.
6. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ