| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2022/00527/И |
| Дугаар | 153/ШШ2022/00561 |
| Огноо | 2022-09-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2022/00561
2022 09 30 153/ШШ2022/00561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт баг, 11-22 тоотод оршин суух, Хэт тамгат овогт Уламбаярын Хандаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Боловрсол, шинжлэх ухааны газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Багш нарт 5 жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмж гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 153/2022/00527/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.Хандаа /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Нямдорж,
Хариуцагч Б.Алтангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Хандаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1965 оны 09 сарын 06-ны өдөр төрсөн. 57 настай. 1990 онд Архангай аймаг дахь Багш нарыг бэлтгэх сургуулийг төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл 32 жил боловсролыг салбарт бага ангийг багшаар тасралтгүй ажиллаж байгаад 2022 оны 01 сарын 01-нд тэтгэвэрт гарсан. Би ажиллаж байсан Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн захирал П.Алтанлхагва болон Ховд аймгийн боловсролын газрын дарга Б.Алтангэрэл нарт хандаж хүсэлт гарган 5 жилийн тэтгэмжээ аваад гармаар байна гэхэд та 1 сард авах боломжтой санаа зоволтгүй танд олгогдон гээд ажлаас чөлөөлж гаргачхаад одоо болохоор олгох боломжгүй гэж хариу өгч намайг хохироож байна. Би энэ талаараа Ховд аймгийн засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханд хандан хүсэлт гаргаж байсан бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилийг дуустал ажиллуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Гэвч Ховд аймгийн Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл болон Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн захирал П.Алтанлхагва нар энэ хүсэлтийг хүлээж аваагүй намайг ажлаас чөлөөлж олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг үнэлээгүй хохироосонд гомдолтой байна. Иймд миний бие Боловсролын тухай хуульд заасан 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 5,100,000 төгрөгийг Ховд аймгийн Боловсролын газраас гаргуулан авах хүсэлттэй байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.Алтангэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уламбаярын Хандаа нь 2021 оны 12 дугаар сард Цаст-Алтай цогцолбор сургуулийн бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон баримтыг авч ирэн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 1 удаагийн буцалтгүй тэтгэмжээ авсан болно. Миний бие Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Б.Алтангэрэл нь багш У.Хандаад ажлаас гарах тухай ямар нэгэн чиглэл өгөөгүй ба тус сургуулийн захирлаар ажиллаж байсан П.Алтанлхагва нар миний өрөөнд ирж уулзаж үргэлжлүүлэн ажиллах тухайгаа хэлэхэд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хангаж ажиллах мөн Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор өмнөх тэтгэмжийг авснаас хойш тасралтгүй 5 жил ажиллаагүй байх тул иргэн У.Хандаад уг тэтгэмжийг олгох боломжгүйг тайлбарлан өгсөн болно гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэтгэвэрт гарахдаа тэтгэмжээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний ажилласан хугацааны 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөхгүй болохоор нь Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга дээр орж байсан. Манай байгууллагын захирал болон нягтлан бодогч нар тэтгэмжээ өгнө гэж хэлээд байсан. Мөн тэтгэмжээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаараа авчихна гэж ойлгосон. Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга дээр ороод тэтгэмжээ авах болон хичээлийн жилийг дуустал ажиллах талаараа хэлэхэд таны улсаас авах мөнгө чинь одоо болсон гэж хэлээд гаргасан учраас гомдолтой байна. Би өмнөх тэтгэмжээ 2012 оны 01 дүгээр сард, 2017 оны 04 дүгээр сард тус тус авч байсан юм. Иймд багш нарт 5 жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргуулан надад олгохыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:У.Хандаа гуай над дээр орж ирэхдээ Бадамханд гэдэг сургалтын менежерийнхээ хамт орж ирсэн. Тухайн үед У.Хандаа орж ирэхдээ 5 дугаар ангиа төгсгөөд ажлаас гармаар байна гэж хэлж орж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолд хэмнэлт хийх, тэтгэвэрт гарсан ажилчдын ажлын байрыг царцаах, шинээр дахин ажлын байр бий болгохгүй байхаар заасан байсан тул тэтгэвэрт гарсан хүнийг тухайн сургуульд ажиллахыг зөвшөөрөхгүй, тэтгэвэрт гарсан учраас залуу хүмүүст боломж олгох хэрэгтэй гэдэг байдлаар хэлсэн. Ховд аймгийн хэмжээнд 70-аад ажилгүй залуу багш нар ажил хайгаад явж байхад тэтгэвэрт гарсан хүн тэтгэврээ аваад дахиад ажиллана гэдэг нь зохисгүй байна гэж хэлсэн. У.Хандаа гуай тэтгэмж авах асуудлаа манай байгууллагын нягтлан бодогчид хэлээд над дээр оруулж ирсэн боловч Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор 5 жил тасралтгүй ажилласан нөхцөлд тэтгэмжийг олгохоор хуульчилсан. У.Хандаагийн хувьд 2017 оны 4,5 дугаар сард өмнөх тэтгэмжээ авсан хугацаанаас хойш тоолоход 5 жил нь хүрэхгүй байгаа. Тэтгэмж нь дансанд орж ирсэн өдрөөс хойш 5 жил тасралтгүй багшаар ажилласан байх ёстой тул У.Хандаа нь тэтгэмжээ 2022 оны 04 дүгээр сард авах эрх нь үүснэ гэв.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханы 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/178 дугаар албан бичгийн хуулбар, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагчдын эцэг эхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлтүүдийн хуулбар, хаан банкны дансны хуулга, өмгөөлөгч Д.Нямдоржийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Цаст-Алтай цогцолбор сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/56 дугаар тушаалын архивын хуулбар, Д.Хандаагийн ажиллаж байсан үеийн тушаалууд, 2000-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын дээд шүүхийн тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгөв.
Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн төрийн сангийн гүйлгээ хийсэн баримтын хуулбар, Цаст-Алтай цогцолбор сургуулийн захирлын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар тушаалын хуулбар, Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш нарт тэтгэмж олгосон хүснэгтийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалж, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч У.Хандаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Боловсролын салбарт 32 жил багшаар ажилласан. 2007, 2012, 2017 онд багш нарт 5 жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг авч байсан. 2021 онд тэтгэвэрт гарсан бөгөөд дээрх мөнгөн тэтгэмжийг авах гэхэд Боловсролын газраас ажилласан жил хүрээгүй гээд олгохоос татгалзсан.
2.2. Мөнгөн тэтгэмжийг 2012 онд авахдаа мөн оны 01 дүгээр сард олгож байсан тул 2022 оны 01 дүгээр сард мөнгөн тэтгэмжийг авна гэж ойлгож, тэтгэвэрт гарсан. Харин 2017 онд авсан мөнгөн тэтгэмж нь 04 дүгээр сард дансанд орсныг үндэслэн Боловсролын газраас 2022 оны 04 дүгээр сард мөнгөн тэтгэмж авах эрх үүснэ гэж олгохоос татгалзаж байгаа тул уг мөнгөн тэтгэмжийг Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:
3.1. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 тогтоолоор өмнөх тэтгэмжийг авснаас хойш тасралтгүй 5 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй. У.Хандаа багшид олгосон өмнөх мөнгөн тэтгэмж нь 2017 оны 04 дүгээр сард дансанд орсон тул 2022 оны 04 дүгээр сард мөнгөн тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд 2021 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарсан тул уг мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дарааах үйл баримт тогтоогдов.
4.1. Нэхэмжлэгч У.Хандаа нь Ерөнхий боловсролын Цаст Алтай цогцолбор сургуульд багшаар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/56 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан байна.
4.2. Багш нарт 5 жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг нэхэмжлэгч У.Хандаа 2007, 2012, 2017 онуудад авч байжээ. Мөнгөн тэтгэмж нь 2017 оны 04 дүгээр сард дансанд орсон, дараагийн мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 04 дүгээр сард үүсэх ёстой гээд хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны газраас нэхэмжлэгч У.Хандаад мөнгөн тэтгэмж олгохоос татгалзжээ.
4.3. 2022 онд мөнгөн тэтгэмж авах эрхтэй багш нарын жагсаалтад нэхэмжлэгч У.Хандаагийн нэр байгаа бөгөөд хуваарилагдаж ирсэн мөнгөн тэтгэмж нь Боловсрол, шинжлэх ухааны газрын дансанд орсон байна.
5. Боловсролын тухай хуульд 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. Тус нэмэлт, өөрчлөлтөөр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд мөнгөн тэтгэмжийг олгохоор, дээрх хугацааг хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн үеэс тоолохоор тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч У.Хандаагийн багшаар ажилласан хугацаанд мөнгөн тэтгэмж авах эрх үүсэх хугацааг 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолоход 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл багшаар тасралтгүй ажилласан байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.
Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст Алтай цогцолбор сургуульд нэхэмжлэгч У.Хандаа нь багшаар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/56 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан байна. Ажлаас чөлөөлөгдсөний дараа ээлжийн амралтаа авсан бөгөөд ээлжийн амралтын 2 сарын олговрыг ажиллаж байсан байгууллагаас нь 2022 оны 03, 05 дугаар саруудад шилжүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
Ажилтны ээлжийн амралт эдэлсэн 2 сарын хугацаа нь ажилласан жилд тооцогдох ба нэхэмжлэгч У.Хандаагийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн 2 сарын хугацааг нэмж тоолоход 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл багшаар тасралтгүй 5 жил ажилласан байх шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно”, 43.1.7.б.-д “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж заасан шаардлагыг нэхэмжлэгч У.Хандаа хангасан тул 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг Боловсрол, шинжлэх ухааны газраас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч У.Хандаад олгох мөнгөн тэтгэмж нь Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төсөвт шилжиж ирсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Боловсролын тухай хуульд зааснаар багшид мөнгөн тэтгэмжийг ажиллаж байсан байгууллагаар нь дамжуулж олгох ёстой боловч У.Хандаа багшийн ажиллаж байсан Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст Алтай цогцолбор сургуульд уг мөнгөн тэтгэмжийг шилжүүлэхээс татгалзсан Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас мөнгөн тэтгэмжийг нэхэмжилсэн нэхэмжлэгч У.Хандаагийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзлээ.
5.1. Хариуцагч Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтыг буруу тайлбарлан, өмнөх мөнгөн тэтгэмж дансанд нь орж ирсэн үеэс эхлэн дараагийн мөнгөн тэтгэмж авах хугацааг тоолсон нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан бөгөөд мөнгөн тэтгэмж авах эрх нь багш /ажилтны/ нарын хувьд өмнөх тэтгэмжээ авсан өдрөөс хойш 5 жил тасралтгүй ажилласан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ажилд томилогдсон багш /ажилтан/ нарын хувьд багшаар ажилласан хугацааг мөн өдрөөс эхлэн, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажилд томилогдсон багш /ажилтан/ нарын хувьд ажилд томилогдсон өдрөөс эхлэн 5 жил тасралтгүй ажилласан хугацааг тоолж, мөнгөн тэтгэмжийг олгох юм.
5.2. Нэхэмжлэгч 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж 5,100,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг мөнгөн тэтгэмжийг тухайн үед ажиллаж байсан байгууллага нь тооцож, тус байгууллагаар дамжуулж олгогддог тул Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төсөвт шилжиж ирсэн нэхэмжлэгч У.Хандаагийн мөнгөн тэтгэмжийг Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст Алтай цогцолбор сургуульд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч У.Хандаа нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,650 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны газарт нэхэмжлэгчийн мөнгөн тэтгэмжийг Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст Алтай цогцолбор сургуульд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,650 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгчийн илүү төлсөн 26,450 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулан буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг баримтлан Багш нарт 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Хандаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, уг мөнгөн тэтгэмжийг Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст Алтай цогцолбор сургуулийн дансанд шилжүүлэн, нэхэмжлэгч У.Хандаад олгохыг Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 96,650 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 26,450 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч У.Хандаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН