Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2023/0013

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Буяндалайгийн дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Жаргалсайханд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Жаргалсайхан нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Жаргалсайхан би тус аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Буяндалайгийн холбогдогч Д.Ганхуягт нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төлбөрийн баримтыг олгоогүй гэсэн гомдлын дагуу шалгаж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх заалтын дагуу хариуцлага тооцож шийтгэлийн хуудас бичихдээ заалтыг буруу бичсэн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид прокурор Б.Буяндалай нь хуулийн дагуу зөвлөгөө мэдээллийг байцаагч нарт өгч хамтран ажиллах хэрэгтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Жаргалсайхан нь ...2022 оны 07 дугаар сарын01-ний өдрийн 0063910 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Жаргалсайханы 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0063910 дугаартай шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу өөрчлөлт орно гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтланХөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Б.Буяндалайгийн гаргасан Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Жаргалсайханы 2022 оны 07 дугаарсарын 01-ний өдрийн 0063910 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР