Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 19

 

 

               А.Чд холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой А.Чд холбогдох, 2035001580009 дугаартай эрүүгийн 2 хавтас хэргийг хохирогч Ё.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хохирогчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат /цахимаар/ нар оролцов.

  Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-нд Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., .....-ийн хамт Увс аймгийн ... сумын .... дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлээгүй, Т овогт А-ийн Ч /РД: ........../.

  Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт 64-01 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 3.4а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ё.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт А-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч А.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 755.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 2-т зааснаар хохирогч Ё.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, хор уршгийн 50 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Хохирогч Ё.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүхэд баримтаар гаргаж өгсөн 1.550.200 төгрөгийн баримттай нэхэмжилсэн хохирлоос 50 хувийг буюу 755.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн 50 хувийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь буруу гэж үзэж байна.

Миний бие энэ гэмт хэргийн улмаас Улаанбаатар хотод 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр онгоцоор сахиур болон эмчийн хамт “Гэмтэл согогийн үндэсний төв”-д хүргэгдэж ирээд, тархины хүнд гэмтлийг эмчлүүлэхээр хувийн болон улсын эмнэлэгт эмчилгээ хийлгэж, надад нийт зардал 3.916.150 төгрөгийн баримттай бодит хохирол учирсан бөгөөд цаашид байнгын эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байх шаардлагатай болсон. Одоогоор тархинд учирсан гэмтэл бүрэн эдгэрэх, эмчлэгдэх явц удаан, биеийн ерөнхий байдал хүнд, үе үе өвдөж, тархи толгой хатгаж өвддөг байдалтай байгаа.

Дээрх гэмт хэргийн тухайд шүүх үзэхдээ явган зорчигч намайг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруутай болгон дүгнэж, гарсан хохирол зардлаас хасаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хэдийгээр согтуугаар зорчих хэсгээр явж хөдөлгөөнд оролцсон нь миний буруу боловч жолооч явган зорчигч намайг мөргөхгүй байх, тойроод гарах, тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ авах нөхцөл байдлууд байсан гэж үзэж байна. Энэ үйлдлийг хийгээгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 Иймд үндэслэлгүйгээр хохирогч надад учирсан бодит хохирлуудыг хасаж тооцсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирлыг гаргуулах арга хэмжээг авч, шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү” гэв.

 Хохирогчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч А.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу тэнсэж шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжпэлийн асуудпыг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж, давж заалдах дараах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолд....Хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний нийт 1.510.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба шүүх тухайн баримтыг бүхэлд нь үнэлсэн боловч гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Чгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргийг дүгнэж, хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 755.000 төгрөг /50 хувь/-ийг хэрэгсэхгүй болгож, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн 50 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй улдээж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлосон, шаардлага хангасан 1.510.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүх уг баримтуудыг шаардлага хангасан гэж дүгнэсэн боловч зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үндэслэлээр нэхэмжилсэн үнийн дүнгээс 755.000 төгрөг буюу 50 хувь, цаашид эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн мөн 50 хувийг А.Чгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд....Шинжээч Н.Мөнгөнхүүгийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 3.4.а-д заасан "Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" заалтуудыг зөрчсөн байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь А.Ч бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, тээврийн хэрэгслийн хурдыг зохих хэмжээнд сонгож яваагүйгээс болсон гэж үзэж байна гэж заажээ.

Гэтэл хэрэгт зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй байж болох дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

Гэрч Ц.Б-ын “Тухайн үед харанхуй болчихсон мотоциклийн гэрэл дөнгөж асаагаад явж байсан. Замаар хойшоо эргээд явж байхад урд талаас ирж байгаа машины гэрэл нүдэнд гялбахад урд нэг хар өнгийн зүйл харагдахаар нь би "хүүш наана чинь юу" гэж хэлээд удалгүй мотоцикль хүн мөргөж осолдсон. Бид нар тэр хүнийг мөргөж байхад урдаас гэрэлтэй машин ирж байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-67 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Чгийн “Бид хоёр цааш явахдаа мотоцикльдоо бензин хийгээд урдаас хойш чиглэлд Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Чандмань асфальтан замаар хойшоо Түргэн сум руу гэр лүүгээ явж байсан. Миний өөдөөс хоёр машин зөрөхөд нүд гялбасан бөгөөд автомашинаас зөрөөд нэг юм мөргөх шиг болсон, юу мөргөсөн талаар мэдээгүй, харж чадаагүй. Миний мотоциклийн холын гэрэл шатчихсан байсан. Автомашины гэрэлд нүд гялбасан учраас хүн байгаа эсэхийг харж чадаагүй юм. Би осол болох үед тормос дараагүй мотоциклоо баруун тал руу нь дарсан” гэх мэдүүлэг тус тус өгсөн байна.

Гэрч Ц.Б, шүүгдэгч А.Чгийн мэдүүлгээс үзвэл А.Ч тээврийн хэрэгсэл жолоодож явах үед урдаас ирсэн машины гэрэлд нүд гялбаж, Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т....Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөнөөс тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсох, зам тээврийн осол гаргахгүй байхад чиглэсэн өөрөөс шалтгаалсан ямар ч үйлдэл хийлгүйгээр хохирогчийг шууд мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэтэл шинжээч дүгнэлт гаргахдаа А.Чгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урдаас ирж байгаа тээврийн хэрэгсэлд нүд гялбасан бодит нөхцөл байдал, гэрч, яллагдагчийн мэдүүлэгт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн А.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй, аюул саад тулгарахыг мэдсэн үед хурдыг хасаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл /холын гэрэл асахгүй/жолоодож явснаас уг зам тээврийн осол гарсан гэж бүрэн биш дүгнэлт гаргаж, анхан шатны шүүх уг дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд заасан Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд нь тухайн зам тээврийн осол дээр тогтоогдох заалтууд мөн боловч жолооч тээврийн хэрэгсэл жолоодож явах үед урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийн гэрэлд нүд гялбасан тохиолдолд хамгийн эхэлж баримталж мөрдөх заалт нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 буюу Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт юм. Хэрэв А.Ч нь урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийн гэрэлд нүд гялбахад тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах талаар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мэддэг, тухайн заалтыг мөрдсөн бол зам тээврийн осол гаргахгүй, хүний болон өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахгүй байх боломжтой байсан.

Энэ байдлаас үзвэл зам тээврийн осол гарахад хохирогч Ё.Б-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Мөн зам тээврийн ослын улмаас хохирогч Ё.Б-д хүнд хохирол учирснаас гарсан 1.550.000 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрүүл мэндэд мөн хүнд хохирол учирсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримталж нэхэмжилсэн үнийн дүнгээс 755.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй, харин шүүхийн шийдвэр шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хохирогч Ё.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан....Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан иргэний нэхэмжлэгчийн эрхийн дагуу шүүгдэгч А.Чгээс өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилсэн байхад гэмт хэрэг үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг 50 хувь бууруулж шийдвэрлэх нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим нь эрүүгийн хариуцлага хүлээх А.Чгийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэгт тооцох ял оногдуулахад хуульд заасан үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахад хамаарах заалт бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үндэслэлээр хохирогчийн нэхэмжлэлийн 50 хувийг хэрэгсэхгүй болгох, мөн цаашид гарах зардлын 50 хувийг олгохоор тогтооход баримтлах зарчим биш юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосноос хохирогч Ё.Б хэрэгсэхгүй болгосон 755.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу А.Чгээс нэхэмжлэх эрхгүй болж, Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан эрхүүд ноцтой зөрчигдөх нөхцөл бий болсон байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч А.Чд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, цаашид иргэний нэхэмжлэл гаргах эрх, иргэний нэхэмжлэлийн хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн хэргийн оролцогч нарын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үйл баримтад дүгнэлт хийсэн. Түүнээс биш замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан дүрмийг мөрдсөн бол зам тээврийн осол гарахгүй байсан гэдэгт дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан дээрээс хэргийн газарт буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр осол болсон хэргийн газарт очиж туршилт хийхэд  хэргийн оролцогчид болон бусад холбогдох мэргэжлийн хүмүүс оролцсон. Туршилтаар явган зорчигч автомашины замын хэсгээр зорчсон болох нь тогтоогдсон. Иймд замын хөдөлгөөний дүрмийг шүүгдэгч болон хохирогч нар  адил зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтад дүгнэлт хийгээд 1.510.000 төгрөгийн нотлох баримтыг хүлээн авч, хохирогчийн буруутай үйлдлээс хамааран гэмт хэрэг гарсан гэдэг үндэслэлээр хохирлыг 50 хувиар гаргуулж шийдвэрлэсэн. Харин хохирогчийг нотлох баримтын шаардлагаа хангаж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ талаар шийтгэх тогтоолд тайлбарлаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овогт А-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 755.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 2-т зааснаар хохирогч Ё.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн, хор уршгийн 50 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Хохирогч болон түүний өмгөөлөгч нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 755.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхүүдийг зөрчиж байна, иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол нь хохирогч Ё.Бын буруутай үйлдлээс хамаараагүй, осол гарсан шууд шалтгаан нь А.Ч нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг зохих хэмжээнд сонгон яваагүйн улмаас осол болсон байна гэсэн.

Хохирогч Ё.Б нь 7 метр 20 см өргөнтэй замын зорчих хэсгийг 70 см орчим дотогшоо зорчин орж явсан болох нь хэргийн газрын үзлэг болон шүүх хуралдааны шатанд хийгдсэн туршилтаар тогтоогдсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ё.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Чд холбогдох, 2035001580009 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт 64-01 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 3.4.а заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, иргэн Ё.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож  тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Чгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл болон шүүгдэгчийн хувийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд  тохирсон  гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирснаас үүдэн гарсан гэм хорын хохирлыг нотлох баримтад үндэслэн гаргахдаа энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, уг гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж дүгнэн, хохирогчид учирсан мөнгөн хохирлын хэмжээний тал хувь /50/-ийг шүүгдэгч  хариуцахаар, тал хувь / 50/ -ийг хэрэгсэхгүй болгож, мөн хохирогчийн  эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах хохирлын  тал хувийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, гэм хор учруулснаас хариуцлага хүлээх хуульд заасан үндэслэлд нийцээгүй, мөн хохирлын тал хувийг гаргуулсан талаар хууль зүйн үндэслэл  бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой 20 цагийн орчим гадна харанхуй болсон байх үед уг осол гарсан, тухайн үед шүүгдэгч А.Чгийн жолоодож явсан 64-01 УВЗ улсын дугаартай, Мустанг-5 загварын мотоциклийн холын гэрэл асдаггүй байсан, осол болсон газрын замын зорчих хэсэг 2 талдаа гэрэлтүүлэггүй  байсан зэрэг нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Мэндбаяр, Н.Энхболд, Ц.Бямбаням нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт  зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч нар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилсон байх ба  шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар дүгнэлт болон нэмэлт шинжилгээ хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр / бүрэлдэхүүнтэй/ шинжээчийн дүгнэлтээр “...жолооч А.Ч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хурдыг зохих хэмжээнд сонгож яваагүй нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөх шалтгаан болсон”  гэж дүгнэсэн нь  шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцжээ. 

Тодруулбал, мотоциклийн жолооч А.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 3.4 дүгээр зүйлийн “а”-д заасан “ .....харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчин, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлэхгүйгээр холын гэрэлгүй мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцсон, мөн түүнчлэн жолооч тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэм-ийн 12.4, 12.5-д заасан хэмжээнээс хэтрүүлж явсан нь хэрэгт тогтоогдоогүй боловч мөн дүрэм-ийн 12.1, 12.2-т зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, мөн дүрэм-ийн 12.3-т зааснаар ...хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс энэхүү осол гарсан болох нь хэргийн үйл баримтыг нотолсон баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

 Дээрхи тогтоогдсон үйл баримтад үндэслэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Чг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульзүйн үндэслэлтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “ ...Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу  энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг шүүгдэгч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Ч нь  тухайн үед жолоодож явсан 6401 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч мөн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “ ...тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь  уг гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирснаас үүдэн гарсан хохирол, хор уршгийг бүрэн хариуцан арилгах үндэслэлтэй болно.

Хэдийгээр явган зорчигч буюу хохирогч Ё.Б нь осол болох үед авто замын зорчих хэсгээр  явж, Замын хөдөлгөөний дүрэм-ийн 5.1-т заасан “явган зорчигч явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэх заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон хэдий ч энэ нь гэмт хэрэг гарах шууд шалтгаан болоогүй байх тул  гэм хорыг хамтран хариуцах үндэслэлгүй байна.  

Хэрэгт шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх болон түүнийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх, эсхүл гэм хорын хэмжээг багасгах, хохирлыг хохирогч болон бусад гуравдагч этгээдтэй хамтран хариуцах хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.   

Мөн хохирол гаргуулахад шүүгдэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдлыг харгалзсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт  хууль зүйн үндэслэлгүй. Учир нь уг гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн эрүүл мэндэд мөн хүнд хохирол учирсан нь түүнийг үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан гэм хорыг хариуцахаас  чөлөөлөх, гэм хорыг багасгах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч А.Ч  нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан  гэм хорыг  хариуцан арилгах хуульзүйн үндэслэлтэй байх тул хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон 1.510.000 төгрөгийн хохирлоос анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд шүүгдэгчийн төлсөн 755000 төгрөгийг хасаж, үлдэх 755000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ё.Бод олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ талаар гаргасан хохирогч Ё.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнбат нарын  давж заалдах гомдол хуульзүйн үндэслэлтэй тул гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд  зохих өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т заасныг баримтлан шүүгдэгч А.Чгээс 755.000/ долоон зуун тавин тав/  төгрөг гаргуулан хохирогч Ё.Б-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлон баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                  Л.АЛТАН