Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2022/00437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ГАА-ийн А сумын 0 оршин суух, У овогт Б-ийн С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ГАА-ийн А сумын ЗДТГ-т холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.С-ийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С би 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 тоот ГАА-ийн А сумын ЗДТГ-ын даргын тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар томилогдон ажиллаж байхад сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/09 тоот захирамжаар санхүү албаны даргын үүрэгт ажлаас халагдсан тул би эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 112/ШШ2021/0035 тоот шийдвэрээр хангаж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 641 тоот магадлал, УДШ захиргааны хэргийн танхимийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 79 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Алтай сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 тоот захирамжаар намайг санхүү албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон. Иймд Б.С миний 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа болох 185 хоногийн нөхөн олговор болох 10,698,920 төгрөгөөс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл суутгаж үлдэснийг гаргуулж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Монгол улсын шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд тодорхой заасан учраас Захиргааны хэргийн шүүх болон хөдөлмөрийн хөлс тооцдог журмаар тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 10,698,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С-ийн шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Санхүү албаны даргын албан тушаалд эргүүлэн томилж ажиллуулж байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр олгогдох ёстой 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны 8,327,774 төгрөгийг Алтай сумын Засаг даргын Тамгын газраас олгосон. Гэтэл нэхэмжлэгч тал 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх цалинг нэмж нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 10,698,920 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилтныг ажил албан тушаалд эргүүлэн тогтооход урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор нэмэлтгүйгээр олгоно гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлага болох 10,698,920 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд: --2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай “Б.С, Н.Ишдолгор нарыг ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дугаартай “Б.С-ийг ажлаас халах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 112/ШШ2021/0035 дугаартай шийдвэрийн эх хувь,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 641 дугаартай магадлалын эх хувь,

-Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолын шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дугаартай “Б.С-ийг ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Сийн 2020 он, 2021 оны цалингийн карт,

-000014160 дугаартай У овогт Б-ийн С-ийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ГАА-ийн А сумын ЗДТГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.С-ийг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч Б.С-ийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь ГАА-ийн А сумын ЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

6. Нэхэмжлэгч Б.С нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймаг Алтай сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар томилогдсон бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдриын Б/09 дугаартай Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаасаа халагдаж, улмаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 112/ШШ2021/0035 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буюу ГАА-ийн А сумын ЗДТГ-ын Санхүү албан даргын ажилд эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 641 дугаартай магадлалаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 112/ШШ2021/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 112/ШШ2021/0035 дугаартай шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй буюу энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт хийхгүй юм.

 

7. Нэхэмжлэгч Б.С-ийг ажлаас халснаас хойш Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Б.С нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон болох нь ГАА-ийн А сумын ЗД-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дугаартай “Б.С-ийг ажилд томилох тухай”...Сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргаар Б овогтой С-ийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилж ажиллуулсугай гэх захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш урьд эрхэлж байсан ажилд бодитойгоор эгүүлэн авсан хугацаа буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны олговрыг гаргуулах нь үндэслэлтэй байх тул уг хугацааны ажилгүй байсан цалинтай тэнцэх олговрыг түүний урьд авч байсан сарын цалингаас дундажийг тооцон хариуцагч ГАА-ийн А сумын ЗДТГ-аас гаргуулах үндэслэлтэй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

 

9. Энэхүү иргэний хэргийн маргааны үйл баримт нь цаг хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө буюу 2021 онд болсон харилцаа байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Мөн шинэчилэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж  заасан байх тул өмнөх хууль болон түүний зорилго, үзэл санаанд нийцүүлэн гаргасан журмыг баримтлан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

10. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Сийн 000014160 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас ажлаас халахаас өмнөх гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1,242,383+1,508,566+1,299,347=4.050.296: 3 сар= 1,350,098 : 21.5 = 62,795 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажилдаа эгүүлэн томилогдсны өмнөх өдөр хүртэл буюу 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал ажлын 182 өдрөөр тооцож үзвэл олговрын хэмжээ 62,795*182 = 11,428,690 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин найман мянга зургаан зуун ерөн/ төгрөг байх тул үүнийг ГАА-ийн А сумын ЗДТГ -аас гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан тул дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Сийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГАА-ийн А сумын ЗДТГ-т даалгах үндэслэлтэй байна.

 

11. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Б татгалзлаа ...Хөдөлмөрийн тухайн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилтныг ажил албан тушаалд эргүүлэн тогтооход урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор нэмэлтгүйгээр олгоно гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлага болох 10,698,920 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн урьд эдэлж байсан эрхийг сэргээн тогтоож байгаа бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо нэрэлсэн цалин, нэмэлт хөлс зэргээс тооцсон дундаж цалин хөлсөөс бодно.    

Тодруулбал нэхэмжлэгч ажил албан тушаал эрхэлж байхдаа авбал зохих цалин хөлсийн дунджаас тооцох юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо: а/Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох... холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасан тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй юм.

 

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан 11,428,690 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин найман мянга зургаан зуун ерөн/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 197,809 /нэг зуун ерөн долоон мянга найман зуун ес/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн А сумын ЗДТГ-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ГАА-ийн А сумын ЗДТГ-аас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 11,428,690 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин найман мянга зургаан зуун ерөн/ төгрөгийг гаргуулан У овогт Б-ийн С-т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Сийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ГАА-ийн А сумын ЗДТГ-т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан 11,428,690 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин найман мянга зургаан зуун ерөн/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 197,809 /нэг зуун ерөн долоон мянга найман зуун ес/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн А сумын ЗДТГ-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Ц.ҮЙТҮМЭН