| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00759/И |
| Дугаар | 155/ШШ2022/00840 |
| Огноо | 2022-09-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2022/00840
| 2022 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2022/00840 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б,
Хариуцагч: “И” хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Нэхэмжлэлийн шаардлага: “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр авсан Б/27 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нийт ажилтны цуглаан захирлын өрөөнд болж, энэ хурал дээр би өөрийн санал бодлоо илэрхийлсний төлөө захирал Э нь дургүйцэж, сахилгын арга хэмжээ тооцлоо, зөрчил гаргалаа гэж хэлсэн. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний цалинг 1 сар 20 хувь хассан тушаал өгсөн. Сахилгын арга хэмжээ авч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Би ямар сахилгын зөрчил гаргаснаа мэдэхгүй байгаа ба миний санал бодлоо хэлсэн нь байгууллагын дотоод журмаар зөрчилд тооцдоггүй зэргийг шалгалгүй үндэслэлгүй арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.
Энэ асуудлыг шалгуулахаар аймгийн МХГазар, сумын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх 3 талт хороо зэрэгт гомдлоо гаргасан боловч шийдвэрлээгүй.
Иймд надад авсан сахилгын арга хэмжээг үндэслэлгүй болохыг тогтоож, сахилгын арга хэмжээ авсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил хийлгэхийг шаарддаг. Хөвсгөл аймаг И ХХК-д анх 2019 оны 09 сарын 23-нд Б/17 тушаалаар ХАБЭА-н ажилтнаар ажилд орсон. 2020 оны 01 сарын 01-нээс Б/30 тушаалаар жирэмсний амралт авч 2021 оны 11 сарын 01-ний өөрийн биеэр очиж захирал Этэй уулзаж ажилдаа орох хүсэлт тавьж 2021 оны 11 сарын 01-ний өдөр ажилдаа орж ажлаа хүлээцсэн тухайн үед тушаалаа гаргаж өгөөгүй учир нь захирал Э ээлжийн амралттай амралтаас орж ирээд тушаал гаргаж өгнө гэж хэлсэн. Ээлжийн амралтаас орж ирээд тушаал гаргаж өгөөгүй мэргэжлийн хяналтын шалгалт ирэх гэж байна, ажилчдын цайны өрөө болон усны өрөөнд цэвэрлэгээ хийгээгүй гээд тушаал гаргаж өгөөгүй. Үүнээс үүдэн ажиллаж байх хугацаанд маш их дарамт шахалт болон ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Хэлсэн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлвэл тушаал гаргаж өгнө гэсэн. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй үүрэг даалгавар буюу цэвэрлэгээ хийхгүй бол ажилд авахгүй ажиллуулж чадахгүй зайлаарай гэх мэт доромжилж цаасан дээр хийсэн ажлыг ажилд тооцохгүй цэвэрлэгээ хийвэл ажил хийсэнд тооцно гэдэг. Ажилчдын хурал дээр бүх ажилчдын өмнө үг хэлээр гутаан доромжилдог. Үүнээс болоод 2021 оны 11 сарын цалинг цаг тухайд нь олгох шийдвэр гаргаж өгөөгүй. 2021 оны 12 сарын 06-нд Б/43 тушаал гаргаж 11 сарын цалинг 12 сард олгосон. Байгууллагын ажилчдыг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй ажил хийхийг тушааж хийхгүй гэсэн ажилчдыг ажлаас хална гэж айлгаж сүрдүүлдэг. 2022 оны 04 сарын 01-нээс зөвшөөрөлгүй конторын барилга барьж уг конторын барилгад З ХХК компани шууд гэрээ байгуулан орсон боловч ихэнх барилгын ажлыг байгууллагын ажилчдаар албан хүчээр хийлгэж цалин хөлсгүй ажиллуулсан энэ талаар бүх ажилчдын хурал дээр санал бодлоо хэлэхээр чи дуугай бай би хэнээр юу хийлгэхээ мэдэж байна гэж уурладаг. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нийт ажилтны цуглаан захирлын өрөөнд болж энэ хурал дээр би өөрийн санал бодлоо илэрхийлсний төлөө захирал Э нь дургүйцэж, сахилгын арга хэмжээ тооцлоо, зөрчил гаргалаа гэж хэлсэн. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний үндсэнг цалиг 1 сар 20 хувь хассан тушаал өгсөн. Сахилгын арга хэмжээ авч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.
Би ямар сахилгын зөрчил гаргаснаа мэдэхгүй байгаа ба миний санал бодлоо хэлсэн нь байгууллагын дотоод журмаар зөрчилд тооцдоггүй зэргийг шалгалгүй үндэслэлгүй арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.
Энэ асуудлыг шалгуулахаар аймгийн МХГазар, сумын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх 3 талт хороо зэрэгт гомдлоо гаргасан боловч шийдвэрлээгүй.
Иймд надад авсан И ХХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр авсан Б/27 тоот тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ажилчдын цуглаан дээр намайг санал бодлоо илэрхийлсний төлөө 1 сарын цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан. Энэ тушаалаа би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх заалт, байгууллагын дотоод журмын 12.1 дэх заалтыг барьсан байсан. Энэ хоёр зүйл заалт бол 1 сарын цалинг 20 хувиар хасах заалт биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1 дүгээр зүйлд “хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.1 дэх заалт гэж гэж байхгүй. 12.1.1 дэх заалт гэж байгаа. Энэ нь сануулах заалт байгаа. Хэрвээ надад арга хэмжээ авч байгаа бол 12.1.2 дахь заалтыг авах ёстой байсан. Энэ тушаалаас харахад тушаалд намайг ямар алдаа зөрчил гаргасан талаар дурдаагүй. Зөвхөн хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажилтан Быг гаргасан зөрчилд нь сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ноогдуулсугай гэсэн зүйл бичсэн байгаа. Ингээд намайг ямар алдаа зөрчил гаргасныг огт дурдаагүй байгаа. тухайн үед сонсгол дээр би санал бодлоо илэрхийлэхэд тэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр дургүйцэж арга хэмжээ авсан. Саяын тайлбартай холбоотой нэг зүйл хэлье. Манай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаар тогтоолд нярав нь үйлчлэгчийн ажлаа хариуцаж хийнэ гэсэн байдаг. Манай дээр өмнөх даргын үед нярав нь үйлчлэгчээ хийгээд явдаг байсан. Гэтэл нярваараа хийлгэхгүй, чи эмэгтэй хүн юм чинь, чи хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан юм чинь хий гэдэг. Манайх өмнө нь өдрийн ээлж оройн ээлждээ хүлээлгэж өгөхдөө цэвэрлэгээгээ хийгээд рапортаа хөтлөөд өгдөг байсан. Намайг хотод байхад нь ажил хүлээлцэж авсан гэж байна. Гэхдээ би 2021 оны 11 дугаар сарын 01-ний өдөр өглөө 10 цагийн үед залгаад “би ажилдаа орох гэсэн юм, манай хүүхэд 10 сартай, би хүүхэд харах хүнээ олчихсон, ажлаа хийхэд ямар ч асуудал байхгүй, ажил цалгардуулахгүй” гэж өөрт нь хэлээд өдөр 2 цагийн үед өөрийн биеэр очиж уулзсан. Гэтэл дарга “би ээлжийн амралттай байгаа. Ороод та хоёрын тушаалыг гаргана. Чи төлөвлөөд тавьчихсан байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би бэлдээд, төлөвлөөд тавьчихсан байсан чинь 11 дүгээр сарын 18-ны өдөр Э дарга ажилдаа орж ирээд “би чиний тушаалыг батлахгүй” гэсэн. Тэгэхээр нь яагаад гэсэн чинь “сая чи мэргэжлийн хяналтын шалгалт ирэхэд ажилчдын цайны өрөөг цэвэрлээгүй байна” гэж хэлэхээр нь би “дөнгөж ажилдаа ороод байж байтал мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн. Миний өмнө ажиллаж байсан хүн ямар ч бичиг баримт хөтлөөгүй, юу ч хийгээгүй байсан учраас тэрийг би баяжуулсан учраас үйлчилгээ цэвэрлэгээ хийх ямар ч боломжгүй байсан” гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан. Түүнээс биш дарга ийм хуулийн зүйл заалт оруулаад чи үүнийг зөвшөөрч гарын үсэг зур гэсэн зүйл байхгүй. Би тушаалаа батлуулмаар байна гэхээр тэмдэглэлийн дэвтрийн цаас дээр байгууллагын хог хаягдлын цэг, бохир усны нөөц болон цооногийн эрүүл аюулгүй ажиллах цэвэрлэгээ хийж ажиллах, ажлын байранд 7 хоногт 1 удаа цэвэрлэгээ хийх гэсэн зүйл бичиж өгдөг эсвэл амаар ийм зүйл хэлж дарамталдаг. Яагаад миний ажлын байран дээр хувийн амьдралыг минь холиод байдаг юм бэ. Манай ээжтэй нэг анги байна уу миний ажилд ямар ч хамаагүй. Ажил бол ажил хувийн амьдрал тусдаа. Бэлээхэн ийм тогтоолтой нярав нь байгаад байхад нярваараа огт хийлгэдэггүй. Одоо би няравтаа цэвэрлэгээгээ хий гээд хэлэхээр “дарга таныг хий гэсэн шүү дээ” гэж хэлдэг болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт ажилтныг албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Би ажлаа өөрийнхөө хувьд маш сайн хийдэг гэж боддог. Мэргэжлийн хяналтын газар болон сумынхаа хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөлд би сар болгон тайлангаа явуулдаг. Манайх 1 дэх өдөр болгон сонсгол хийдэг. Тэр дээр “чи намайг шүүхэд өгсөн. Одоо тэгээд хэлчихвэл чи намайг шүүхэд өгөх байх” гэсэн байдлаар маш их дарамталдаг. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн сонсгол дээр “чи гарч жорлонгийн баас цэвэрлээрэй. Түрээсэлж байгаа хүмүүсээрээ цэвэрлүүлж чадахгүй бол өөрөө цэвэрлээрэй” гэж хэлсэн. Тэрнээс өмнө нь би тэнд оршин сууж байгаа хүмүүст албан бичиг хүргүүлэхэд нь хүргүүлээд, өөрөө орж уулзахтай нь уулзаад хэлчихсэн байгаа. Гэх зэргээр бүх нийтийн ажилчдын хурал дээр маш их доромжилж, дарамталдаг. Чи айлын эрхийн балай охин биз дээ, чи ажил хийж чадахгүй л дээ гэх зэргээр дарамталдаг. Тэр бүгдийг ярих байсан бол би маш олон хоногийн хурлын тэмдэглэл авч ирэх байсан. Гэхдээ би тэрийг оруулаагүй зөвхөн нэхэмжлэлтэйгээ холбоотой тайлбаруудыг оруулсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ажил эрхлэгч ажилтныг дарамтлахыг хориглосон заалтууд байдаг. Энэ заалтуудыг Э дарга зөрчиж байгаа гэж би бодож байна. Яагаад гэхээр маш их дарамталдаг, хэл амаар доромжилж хүний нэр төрд халддаг. Би ажилчдадаа тодорхой хэмжээний шаардлага тавьж ажиллах ёстой байтал энэ хүн намайг ингэж доромжлоод байхаар шаардлага тавих боломжгүй болдог. Сахилгын арга хэмжээ авсан 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Би алдаа зөрчил гаргаагүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б өмнө нь манай байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч намайг анх ажилд ороход өөр хүн ажиллаж байсан. Тэгээд хүүхэд нь 1 ой 4 сартай байхад ажилдаа оръё гэсэн хүсэлт тавьсан. Би бага хүүхэдтэй байна, ядаж 2, 3 нас хүрэхээр нь ажиллуулъя гэж хэлж байсан ч би ажилдаа орох гэсэн юм та тушаалаа гаргаад өгөөч гэхээр нь би хуучин ажиллаж байсан хүн ажлаа мэдэх байх, хоёрдугаарт арван жилийн ангийн хүүхдийн охин болохоор гээд үгүй гэж чадаагүй авсан. Тэгээд би одоо хоёулаа гэрээгээ хийнэ. Гэрээгээ хийхдээ гэрээндээ тусгасан зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна гэсэн. Хөдөлмөрийн гэрээг 5 жил тутамд шинэчилж хийнэ гэсэн заалт байдаг ч гэсэн ажил олгогчийн санал болгосноор өөрчилнө гэсэн хуулийн заалт байгаа. Нэхэмжлэгч манай байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцаж ажилладаг. Тухайн ажилдаа өмнөх ажилтныг гүйцэхээргүй муу ажиллаж байгаа. би нотлох баримтуудыг зургаар хэрэгт гаргаж өгсөн байгаа. Манай байгууллагын өнгө үзэмж ажилчдын цайны өрөө зэрэг нь 1 жил гарангийн хугацаанд муудсан. Сонсгол болгон дээр та 1 сард 1 удаа ядаж ороод цэвэрлэгээ хийлцчихээч гэдэг. Цагаан сараар сар шинэ болох гэж байгаа юм чинь ядаж байгууллагын эмэгтэйчүүд байна даа нярав, бичиг хэрэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан гурав ороод цэвэрлэчхээрэй гэсэн. Тэхээр миний ажил үүргийн хуваарьт цэвэрлэгээ хийнэ гэсэн зүйл байхгүй гээд цэвэрлээгүй. Харин нярав, бичиг хэрэг хоёр бол цэвэрлэсэн. Янзын гоё цэвэрлэсэн байхаар нь “за хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан юм чинь чи одоо үргэлжлүүлээд цэвэрлээд ажиллаарай. Бусдыгаа үлгэрлээд дагуулаад ажиллаарай гээд дийлээгүй. Тэгвэл чи ядаж сард нэг удаа цэвэрлэчих гэж хэлээд дийлээгүй. Хоёр дахь жилдээ ажиллаж байгаа хэрнээ ийм байхад би арга хэмжээ авахгүй бол бусад хүмүүс найзынхаа хүүхдийг авдаг, арга хэмжээ авдаггүй гэсэн асуудал гарна. Тэгээд сонсгол болгон дээр хэл ам хийдэг. Ажлынхаа өрөөнд суучихаад өөр юм хийдэггүй. Тэгээд ажилчдаа өглөө заавар зөвлөгөөгөө өгч гарын үсгээ зуруулах ёстой байтал тэрийг дууд, энэ дээр гарын үсгээ зур гээд 10 гаруй хоногийн дараа баримт дээр гарын үсэг зуруулаад байж байдаг хүн. Ийм зүйлийг хэлэхэд үнэхээр ичмээр байна. Одоогийн хүүхдүүд ийм болсон юм шиг байна. Би тамгын газарт 10 гаруй жил ажилласан. Тэгэхэд багийн дарга ч хийж байсан. Засаг дарга, хурлын дарга дааж давахгүй үүрэг даалгавар өгч байсан ч хийдэг л байсан. Удирдлагынхаа урдаас үг хэлж үзээгүй. Үнэхээр энэ хүнтэй ажиллах үндэс байхгүй. Тэгээд сануулах арга хэмжээ авсан. Би энэ байгууллагад ингэж ажилламааргүй санагдаж байна. Нэг хүн ийм байхаар байгууллага удирдахад төвөгтэй, ажилчид удирдахад төвөгтэй, сонсгол болгон дээр урдаас юм ярина. 5 дугаар сарын 23-ны өдрийн тушаал Хөдөлмөрийн дотоод журмын 5.12.11, 5.7.5 гэсэн заалтыг баримталж гарсан. Манай бичиг хэргийг нэхэмжлэгч өөрөө хариуцаж байсан. Тэгэхээр нь би ажлыг нь хөнгөвчлөөд зөвхөн ХАБ-ын ажлыг нь хариуцуулаад бичиг хэргийн ажилтан авсан. Ингээд байхад л өөрийнхөө ажлыг хийж чадахгүй 1 жил гаруй хугацааны дараа арга хэмжээ авахад хүрсэн. Өмнө нь гаргасан зөрчлүүдийг нь би баримтаар гаргаж өгсөн. Бүтэн жилийн турш ийм байдалтай, мөн өгсөн үүрэг даалгаврыг шууд хийж чадахгүй гэж хэлдэг. Ийм ажилчдыг би удирдана гэж байхгүй. Тэгээд хөдөлмөрийн гэрээ хийхгүй, өмнө нь хийчихсэн гэдэг. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал удирдана гэж дотоод журамд заасан байгаа. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн би ажлаа удирдаад явах эрхтэй. Нэхэмжлэгч ч гэсэн ажлын байрандаа тогтоосон журмын дагуу ажлаа хийх үүрэгтэй. Сонсгол дээр юу хэлснийг хэлж байна. Энэ нэхэмжлэлтэй хамаагүй. Гэхдээ манай байгууллага гадаа нойлтой тэрэнд түрээсэлж байгаа байгууллагууд ордог. Тэрийг цэвэрлээгүй бүтэн жил болж байгаа. Тэгэхээр нь би чи хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан байна даа цэвэрлэчихээч, эсвэл нөгөө хүмүүсээрээ хэлээд цэвэрлүүлчихээч гэхээр одоо болтол байхгүй. Нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Ажилчдын цайны өрөө гэхэд 1 жил гаруй ийм байдалтай байгаа. Нярав, нарийн бичиг хоёр цэвэрлэдэг. Тухайн хүмүүс эрүүл ахуй хариуцаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцаагүй ч гэсэн цэвэрлэдэг. Ажилчдын эрүүл ахуй, ажлын орчин тоос шороогүй, утаагүй, өвчингүй байлгах ёстой эрүүл ахуйн ажилтан маань тэрийг хийдэггүй. Тэнд өөр хэн энэ ажлыг хийх юм бэ. Галч нар галчаа хийнэ, селлесариуд усны алдагдал, цооног бохироо хариуцна. Гэхдээ чөлөөт цаг гарахаар нь эрүүл ахуйн ажилтан дотоод журамд зааснаараа цэвэрлүүлэх хэрэгтэй шүү дээ. Жил гаруй ийм байдалтай байхаар би хэнээр цэвэрлүүлэхээ мэдэхээ байсан. Би хөдөлмөр аюулгүй байдлын ажилтныг цэвэрлэнэ гэж бодож байгаа. Манайд үйлчлэгчийн орон тоо байдаггүй. Харин энэ жил үйлчлэгчийн орон тоо байж магадгүй. Байлаа гэхэд орон сууцаа цэвэрлэх юм уу, коридороо цэвэрлэх юм уу, ажилчдын байрыг цэвэрлэх юм уу гэдэг асуудал байгаа. Одоогийн байдлаар цэвэрлэгээг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан удирдаад галч, селессар нараараа цэвэрлүүлэх хэрэгтэй шүү дээ. Би тэнд хувин бариад угаагаад явж байх юм уу. Надад өөр хийх ёстой маш их ажил байгаа. Ажилчдын өдөр тутмын ажилд оролцоно гэж байхгүй. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй болохоор би арга хэмжээ авахгүй гээд яах юм бэ. Цаашдаа ч гэсэн ингээд өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, миний ажил үүрэгт байхгүй гээд надтай гэрээ байгуулахгүй байгаа ажилтанд арга хэмжээ авна. Би харин ч гайгүй 1 сарын арга хэмжээ авсан. 3 сарын арга хэмжээ авсан ч буруудах зүйл байхгүй гэж бодож байгаа. 2021 онд нэхэмжлэгчийн өмнө байсан хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны үед бүх ажилчдаас санал авч энэ дотоод журмыг шинээр баталсан. 2022 онд дахин нарийвчилсан дотоод журам боловсруул гэсэн үүрэг даалгавар өгөөд нэхэмжлэгч өөрөө энэ ажлын хэсгийг даргалж байгаа. Одоо болтол боловсруулаагүй байна гэдэг чинь өөрөө ажлынхаа хариуцлагыг алдаж байна гэсэн үг. Ийм байхад би энэ хүмүүс цалинг нь бүрэн өгөх эрх зүйн үндэслэл байгаа юм уу. Үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдэлж байгаа. Миний тушаалын хувьд нарийн бичигтээ зүйл заалтын талаар хэлээгүй байсан. Нарийн бичиг маань ч шинэ хүн, би ч шинэ хүн байгаа. Багийн засаг даргаар 10 гаруй жил ажилласан. Энэ дээр жаахан алдаа гаргасан... гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/187 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/284 дүгээр албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, тайлбар, Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/43 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын цагийн бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бын Төрийн банкин дахь харилцах дансны харилцагчийн хуулганы нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 5 дугаар сарын 30-ны өдрүүдийн эмнэлгийн магадлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.О-н “Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас”-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сувилгааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өвчний түүх (хүүхдийн) нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сувилагч эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сувилгааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өвчний түүхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, охин Б.О эмнэлэгт хэвтсэн тухай эмч Р.Нармандахын тэмдэглэгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өнгөтөөр бичгийн цаасан дээр хэвлүүлсэн тус бүртээ тайлбартай 32 гэрэл зураг, Хөвсгөл аймгийн И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хургын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, И ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “2022 оны 9 сарын 08-ны өдөр СДНЭ-т хүүхдийн эмч Ц.Б эмчид үзүүлж 3 хоногийн эмчилгээ гадуур хийлгэв” гэх тайлбартай эмийн энгийн жорны зураг, “СДНЭ сувилагч Б.Г эмчилгээ хийлгэв” гэх тайлбартай эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийн зурагны хуулбар,
Хариуцагчаас Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/17 тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, И ХХК-ийн захирал Эт 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Бын өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Бын эмнэлгийн магадлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/282 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг, Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн И сумын И ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар “Сахилгын сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь үндэслэлгүй, би ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө надад ямар ч үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан. Манай байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гэж байхгүй учир би Хөвсгөл аймгийн И сумын засаг даргын тамгын газартаа хандсан боловч одоогоор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй учир шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан гэж шаардах эрхээ тодорхойлон И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Үүнд: Байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Миний ажил үүргийн хуваарьт байхгүй гээд байдаг хүнд арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс Хөвсгөл аймгийн И сумын И хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилласан, 2020 онд жирэмсний амралтаа авч, хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2021 оны 11 дүгээр сард өөрийн ажилдаа эргэж томилогдсон. И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Бд сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулжээ.
Зохигчид “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг үндэслэлтэй, үгүй эсэх талаар маргасан.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.8-д зааснаар хөдөлмөрийн эрхийн дээрх маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л чармайлтыг гаргах үүрэгтэй гэж,
Мөн зүйлийн 154.2-т ...урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгч тус хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлэхээр И хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй учир Хөвсгөл аймгийн И сумын засаг даргын тамгын газарт хандсан боловч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороо байгуулагдаагүй гэсэн хариуг өгснийг хэрэгт нотлох баримтаар ирүүлснийг дурдав.
Ажил олгогчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт, И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1. Тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Бд гаргасан зөрчилд нь сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсугай... гэжээ.
Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор талуудын хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн эрхийн маргаан бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд хуульчилсан байна.
Ажилтны хөдөлмөрлөх эрхийг хөндсөн ажил олгогчийн шийдвэр эрх зүйн акт болохынхоо хувьд хуульд нийцсэн үндэслэл бүхий байх учиртай.
Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийг 123.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй зөрчсөн, ажил олгогчийн тушаалд баримталсан заалтууд нь ойлгомжгүй (дотоод журмаа шинэчлэн хуульд нийцүүлээгүйгээс байгууллагын дотоод хэм хэмжээнд хуучин мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хуулийн зүйл заалт тусгагдсан хэвээр) байгаагаас гадна нэхэмжлэгч Б хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар зөрчил дутагдал гаргасан нь тусгагдаагүй учир ажил олгогч зөрчил дутагдлын хэр хэмжээг хэрхэн харгалзаж үзэн уг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА