Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар  101/ШШ2022/03960

 

 

 

 

 

 

 

                                               2022        09         30

                     101/ШШ2022/03960

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 тоотод байрлах, “Э д х”ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Б.Б /рд:0/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээ болон зээлийн гэрээний үүрэгт нийт 29,205,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-О, гэрч Б.Б, С.Б,  Б.Т, С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б нь “Э д х”ХХК-ийн захирал Б.Б-ийн төрсөн ах нь юм.  2012 онд манай компанийн хашаанд машин угаалгын газар, оюутнуудад түрээслэх зориулалтаар нэг давхар сэндвичин барилга барихдаа компаниас барилгын материал зээлээр авч барьсан. Барилгын материалын үнийг барилгаа барьж дуусгаад төлье гэж гуйсан учир ахдаа үгүй гэж чадалгүй зөвшөөрсөн юм. Ингээд тус компаниас 2012 оны 6 дугаар сарын 11-нээс 2012 оны 10 дугаар сарын 15-ны хооронд 89 нэр төрлийн бараа материал, солонгос ажилчдын хөлс нийт 29,555,889 төгрөгийн эд зүйл болон  бэлэн мөнгө авсан. Уг авсан барилгын материалаас 350,000 төгрөгийг буцааж өгсөн. Барилга бариулахдаа солонгос ажилчдыг ажиллуулсан ба уг ажилчдын цалин 3,600,000 төгрөгийг нь манай компани бэлнээр төлсөн. Уг 3,600,000 төгрөг нь 29,555,889 төгрөгт багтаж байгаа. Одоо уг барилгыг бусдад түрээслүүлэн тавилгын болон авто машин засварын газар ажиллуулж байна.

Энэ хугацаанд ахынхаа амьдралыг бодоод өөрийн санаачилгаар мөнгөө өгчих байх гэж бодсоор өнөөдрийг хүрсэн боловч, энэ оны 5-р сарын 31-д ажил дээр ирж хэл амаар доромжилж, миний тус дэмжлэггүйгээр өдий зэрэгт хүрсэн мэт аашилж байна. Иймд тус компаниас баримтаар авсан бараа материалын үнэ, солонгос ажилчдын хөлс нийт 29,555,889  төгрөгөөс Б.Бын төлсөн 350.000 төгрөгийг хасч үлдэгдэл 29.205.889 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь “Э д х”ХХК-ийн захирал болох Б.Б нь миний төрсөн дүү бөгөөд миний бие тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч юм. Миний бие тус нэхэмжлэлд дурдсан барилгын материалыг зээлээгүй. Нэхэмжлэлд дурдсан барилгыг барихдаа би өөрийн хөрөнгөөр буюу 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  Хас банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч байгаад барьж байсан. Нэхэмжлэлийн шаардлага болох үнийн дүн бүхий нэхэмжлэл нь ор үндэсгүй бөгөөд би өөрийн төрсөн ах болох Б.Баясгалангийн эзэшлийн газар дээр гараашийн зориулалтаар 19х9 хэмжээтэй 160 м.кв талбай бүхий сэндвичин барилга барьж 2012 онд ашиглалт оруулсан. Б.Б нь хэзээ ч “Э д х”ХХК-иас нэг ч удаа барилгын материал зээлээр авч байгаагүй. Мөн солонгос ажилчдын ажлын хөлсийг төлүүлж байгаагүй. Тооцоо нийлсэн гэх баримтад би гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч нь ор үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрвээ барилгын бараа материал авсан гэж үзэж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, машин угаалга, дотуур байранд орсон бараа материалын тооцоо, материалын задаргаа, шаардах хуудсууд, кассын орлогын ордер, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03562 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар тогтоол,

3.2 Хариуцагчаас гаргасан Хас банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга,

3.3 Зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э д х”ХХК нь хариуцагч Б.Бад холбогдуулан 29,205,889 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компани барилгын материал оруулж ирж зардаг байсан. 2012 онд Б.Бад барилга барихад нь зориулж барилгын бараа материал болон барилгын ажилчдын цалинг нь өгсөн. Барилгаа барьж дуусгаад материалын мөнгө болон ажилчдын цалингийн мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй тул 2013 онд тооцоо нийлсэн баримтыг Б.Бтай үйлдсэн” гэж,

 

2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...”Э д х”ХХК-иас барилгын материал хэзээ ч авч байгаагүй. Ажилчдын хөлсөө төлүүлж байгаагүй. Тооцоо нийлсэн гэх баримтад зурагдсан гарын үсэг нь минийх биш. 2012 онд бараа материал авсан гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3. Нэхэмжлэгч нь хэргийн 11-13 дугаар талд авагдсан машин угаалга, дотуур байранд орсон бараа материалын тооцоо гэх баримтыг зааж, хариуцагчид барилгын бараа материал зээлээр худалдсан, мөн барилгын ажилчдынх нь цалинд зориулж бэлэн мөнгө өгсөн болох нь уг тооцоо нийлсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд талуудын хооронд барилгын бараа материал шилжүүлсэний тухайд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ, ажилчдын хөлсөнд зориулж бэлэн мөнгө шилжүүлсэн тухайн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

 

3.1 Талуудын тооцоо нийлсэн гэх баримтад “...2013 оны 11 дүгээр сарын 21, 29,555,889 төгрөгийн бараа, материал авсан нь үнэн” гэж гараар бичсэн байна.  Хариуцагч нь уг гараар бичсэн бичвэрийг бичээгүйн дээр гэрээний үүрэг шаардах тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзсан.

 

3.2 Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээний үүргийг шаардахад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

 

3.3 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Нэхэмжлэгч “Э д х” ХХК нь машин угаалга, дотуур байранд орсон бараа материалын тооцоогоор баталгаажуулсан 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш шаардах эрх үүссэн үеэс эхлэн хариуцагч Б.Баас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

3.4 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

3.5 Нэхэмжлэгч нь барилгын материалын барааны төлбөрөөс хариуцагч нь 350,000 төгрөгийг бартераар тооцон труба өгсөн гэж тайлбарлах боловч уг тайлбарыг хариуцагч үгүйсгэж, хэзээ ч барилгын материал авч байгаагүй тул буцаан төлсөн гэх төлбөр байхгүй гэж няцаасан. Машин угаалга, дотуур байранд орсон бараа материалын тооцоо нийлсэн гэх баримтаас үзэхэд хүснэгтийн 77 дугаар талд 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 350,000 төгрөгийн үнэ бүхий трубаг суутгасан талаар тэмдэглэгдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарласнаар өр төлбөрт буцаан төлсөн гэх 350,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

3.6 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа  түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаархи баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгч нь энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар цуглуулж өгөөгүй.

 

3.7 Нөгөө талаар, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн гэх Машин угаалга, дотуур байранд орсон бараа материалын тооцооны баримтыг хэргийн 52-118 дугаар талд авагдсан шаардах хуудсуудыг нэгтгэн Б.Бын авсан барилгын бараа материалын тооцоолол, үнийг гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарласан нь учир дутагдалтай байна. Учир нь, Тухайн шаардах хуудас гэх баримтуудад бараа хүлээн авсан хүний нэр, гарын үсэг байхгүй байна. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Т-аас “...би Б.Бад бараа хүлээлгэн өгдөг байсан ба өгөхдөө шаардах хуудас үйлдэж гарын үсэг зуруулаад өгсөн байсан” гэж мэдүүлсэн  нь тухайн шаардах хуудаст авагдсан баримтад мэдээлэлтэй зөрж байна. Уг тооцоо нийлсэн гэх баримтад Б.Бын нэр агуулагдаагүй, хэнтэй тооцоо нийлсэн баримт болох нь тодорхойгүй байна. Иймд хариуцагчаас гаргасан барилгын бараа материалыг нэхэмжлэгчээс авч байгаагүй гэх татгалзал үндэслэл бүхий байна.

 

3.8 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3.9 Нэхэмжлэгчээс хэрэгт цуглуулж өгсөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03562 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар тогтоолууд нь уг хэргийн үйл баримтад хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

3.10 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,000 /303,000+1,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Б.Бад холбогдох худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт 29,205,889 төгрөг гаргуулах тухай “Э д х”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.БЯМБАЖАРГАЛ