Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Хохирогч У.Ч-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 201722000156 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б-,

Шүүгдэгч Ц.Б- нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар  багийн ... тоотод иргэн У.Ч-ийг орон дээр түлхэж унагаан эрүүл мэндэд нь  “зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б- нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар  багийн ... тоотод иргэн  У.Ч-ийг орон дээр түлхэж унагаан эрүүл мэндэд нь  “зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би түүний биед гэмтэл учруулах гэж түлхээгүй, өөрөөсөө холдуулах санаатай зууралдаж байсан учир зүүн гараараа орлуу түлхсэн. Түүнээс би хохирогчийг зодож цохиогүй, уначихна гэж бодоогүй…гэх мэдүүлэг,

Хохирогч У.Ч-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,/хх-ийн 11-12-р хуудас/

Хохирогч У.Ч-ийн “...Чука, Баяраа хоёр босоод бие биенээсээ бариад зодолдох гээд унасан. Тэгэхээр нь дундуур нь орж салгах гээд сууж байсан орноосоо босоод дундуур нь ортол Баяраа намайг түлхсэн тэгтэл би орон дээр хойшоогоо саваад орон дээр унахдаа байшингийн хана дагз хэсгээрээ мөргөсөн. ...Маргааш нь өнжин гэртээ толгой өвдөж хэвтээд хөлс гараад сонин байгаад байсан. 2017 оны 03 сарын 01-ний өглөө босоод иртэл толгой сонин болоод эмнэлэг дээр очсон тэгээд эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 14-17-р хуудас/,

Гэрч П.И-гийн“...Тэгсэн О.О- Болороотой маргалдаж байснаа болиод Ц.Б-тай маргалдаж эхэлсэн тэгж байснаа Ц.Б- О.О- хоёр хоорондоо барилцаж аваад Ц.Б- О.О-ыг хоёр удаа тонгорч унагасан. Ингэхэд нь У.Ч- тэр хоёрыг салгах гээд очтол Ц.Б- гараараа У.Ч-ийг хойш нь түлхчихсэн ингэж түлхэхэд нь У.Ч- хойшоо орон дээр саваад унасан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч О.О-ы “...Тэгтэл У.Ч- намайг өмөөрөөд Баярааг бариад орон дээр унагаагаад ноцолдоод байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,  

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаартай:

  1. У.Ч-ийн биед гэмтэл учирсан байна.
  2. У.Ч-ийн биед шинэ болон хуучин зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
  3. У.Ч-ийн биед шинэ болон хуучин зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цус хуралт бүхий гэмтэл учирсан байх ба шинэ гэмтэл нь тогтоолд дурдагдсан үүссэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд хуучин гэмтэл нь ойролцоогоор 30 хоногийн өмнө үүссэн байна.
  4. Дээрх шинэ болон хуучин зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цус хуралт бүхий гэмтэл нь тус бүрдээ хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/, 

Гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан шинжээч Р.Ням-Осорын мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэж аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөх нь зүйтэй байна.

Учир нь: Гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболдын бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан гэх зүйл ангийг өөрчилж бусдын бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэх саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Ч-, гэрч П.И-, Г.Б-, Н.Отгонжаргал нарын мэдүүлгээр хохирогчийг орлуу түлхэж унагаасан үйлдэл нь “....Ц.Б- баруун гараараа зууралдаж байгаад зүүн гараараа хохирогчийг хагас эргэж хараад орлуу түлхсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээс бусдын биед санаатай хүнд хохирол учруулах санаа сэдэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ.” гэж заасан.

Хохирогч У.Ч- нь шүүгдэгч Ц.Б-аас 2.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх боловч шүүгдэгч Ц.Б- 180.000 төгрөг болон гэр өгсөн талаарх эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна.

Эрүүгийн 201722000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 болгож өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Хар дархад Ц.Б-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 
  6. Эрүүгийн 201722000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ