Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 20

 

 

     Ц.А, Э.Н нарт холбогдох  эрүүгийн

                      хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Д. Көбеш, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар шүүгчийн захирамжтай Ц.А, Э.Н нарт холбогдох, 2135000000003 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Э.Нгийн өмгөөлөгч Л.Лхагважав нар оролцов.

Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-нд Увс аймгийн ... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, гавьяа шагналгүй, Ш овогт Э-ийн Н /РД: ......./,

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-нд Увс аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., ...-ийн  хамт Увс аймгийн ...... сумын ... дугаар багийн ...-д оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар нэг сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, Б овогт Ц-ын А /РД:......./,

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой иргэн Э.Нн зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой иргэн  Ц.Аг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ц-ын А, Ш ургийн овогт Э-ийн Н нарт холбогдох эрүүгийн 2135000000003 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой иргэн Э.Нн зүүн хөлний гуя хэсэгт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой иргэн Ц.Аг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/77 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжид “..ГХ-438 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 10 хоногоор, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг бүртгэлийн 438 дугаартай гомдол, мэдээллийг шалгах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 5 хоногоор тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор сунгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заажээ. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул тухайн хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй юм..” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн байна.

Уг заалтад “Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан нь хууль тогтоогчоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндсэн 5 хоногийн хугацааг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын албаны дарга шаардлагатай тохиолдолд 14 хүртэл хоногоор сунгаж болохоор зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах 14 хоногийн хугацааг дахин 14 хоногоор сунгаж болохгүй гэсэн зохицуулалт юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээг тодорхойлж өгсөн ба албаны дарга хуулийн дээрх заалтаар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийг илрүүлэх, шуурхай зохицуулалт хийх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд мөрдөгчийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг тухайн гомдол, мэдээлэлд явуулах мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээнээс хамаарч 2 хуваан өгч байгааг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хуулиар олгогдсон мөрдөн шалгах албаны даргын дээрх эрх хэмжээнд прокурор болон шүүгчийн зүгээс халдах эрх зүйн зохицуулалт уг хуулиар зохицуулагдаагүй болно.

Мөн нөгөөтэйгүүр Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Н-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Ц.А-гаас авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрч Б.Ч-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрч Д.Б-с дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ц.Ж-с дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинжээч эмч Н.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинжээч эмч Н.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрч Б.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй гэсэн нь хэт нэг талыг барьсан учир дутагдалтай дүгнэлт гэж үзэхээр байна.

Хэдийгээр шүүх Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргын ГХ-438 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах нэмэлт хугацааг 2 удаа сунгасны сүүлийн буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 13-ны хооронд сунгасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг хийсэн ч дээрх хугацаанд хийсэн мөрдөн шалгах тодорхой ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг зөрчсөн нотлох баримтууд биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэх боломжтой нотлох баримтууд юм.

Иймд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/77 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Нгийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийн үндэслэлээ дэмжиж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хавтаст хэрэгт хэргийн материалыг эхлээд 10 хоногоор сунгасан байдаг. Дараа нь 14 хоногт мөрдөн шалгах ажиллагаа хийгээд прокурорын хяналтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлэхэд прокурор материалыг нэмэлт ажиллагаанд буцаасан байдаг. Ингэхдээ мөрдөгч нь гэмт хэргийг шалгах хугацааг дахин 5 хоногоор сунгасан. Үүнийг сайн шалгахгүй бол мөрдөн шалгах ажиллагааны зөрчил юм шиг харагддаг. Эхлээд 10 хоног шалгаад 9 хоногт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны дараа прокурор нэмэлт ажиллагаанд буцаахад 4 хоног сунгах ёстой байсныг 5 хоног сунгасан асуудал гарсан. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7-3 дахь хэсэгт зааснаар нийт гэмт хэргийн шалгах хугацаа нь 19 хоногоос хэтрээгүй, мөрдөгч  техникийн алдаа гаргасан бөгөөд прокурор хяналтаар тухайн алдааг илрүүлээгүй байсан. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.                                                                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 77 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.А,Э.Н нарт  холбогдох 2135000000003 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Увс аймгийн Прокурорын газраас Ц.Аг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой иргэн Э.Нн зүүн хөлний гуя хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,   мөн Э.Нг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны орой иргэн Ц.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэж тус тус дүгнэж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно” гэж гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш хийгдэх мөрдөн шалгах ажиллагааны хугацааг  тодорхой заасан бөгөөд энэ хугацааг өөрчлөх, баримтлахгүй байх хууль зүйн үндэслэлгүй, уг ажиллагаа гомдол мэдээлэлийг шалгах хуульд заасан хугацааны дотор  явагдана гэж ойлгоно.

Гэтэл Ц.А, Э.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуульд заасан хугацаа дууссан байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хугацаанд цугларсан   нотлох баримтуудыг үндэслэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байх тул  уг нотлох баримтуудыг шүүхээс үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.Тухайлбал:

Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Түмэнжаргал 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Нгаас  гаргасан “2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тэс сумын хоёрдугаар багийн нутагт Хошт эрэг гэх нэртэй газарт Ц.А гэгч нь зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан” гэх гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах  5 хоногийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга гомдол, мэдээллийг шалгах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 10 хоногоор сунгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөгч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд заасныг баримтлан Ц.А, Э.Н нар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна.

Прокурор уг саналыг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг баримтлан  гомдлыг шалгах ажиллагааг дутуу хийсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн газарт буцаажээ.

Прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах үед гомдол мэдээллийг шалгах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан  хугацаа  дууссан, өөрөөр хэлбэл: мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хуульд заасан эрхийнхээ дагуу гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгасан, дахин сунгах боломжгүй байхад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга дахин гомдол мэдээллийг шалгах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 5 хоногоор сунгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 -д заасан хугацааг зөрчсөн байх бөгөөд энэ хугацаанд явуулсан ажиллагааг хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга нь гэмт хэргийн талаархи гомдол гэмт хэргийн шинжтэй  эсэхийг тогтооход нэмэлт хугацаа шаардлагатай гэж үзвэл  гомдол мэдээллийг шалгах хугацааг 14 хүртэл хоногоор нэг удаа л   сунгаж болох зохицуулалт  бөгөөд  хоёр удаа сунгах эрхгүй болно.

Нөгөө талаар, шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой  боловч Э.Нгийн үйлдсэн гэх гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөр байна.

Иймд  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны хууль ёсны байх зарчмыг хангуулах үүднээс прокурорын бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор хохирогч Ц.Агийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Б.У-г тогтоосон байх ба түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон үндэслэл  тодорхойгүй байхаас гадна   Ц.Ад  хууль ёсны төлөөлөгч тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, энэхүү тогтоол хууль зүйн үндэслэлгүй байх ба харин бичиг үсэг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай“ 77 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Хэрэг прокурорт очтол Ц.А, Э.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

               ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

                                      ШҮҮГЧИД                                         Д.КӨБЕШ

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ