Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2022/00158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Их тойруугийн 1-р гудамжны 1 тоотод оршин суух, Сүлдэс овогт Партизаны Ганчимэг /РД:ЗЮ78042901/

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021.04.23-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч П.Ганчимэг, түүний өмгөөлөгч Б.Алтандөш

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Эгшиглэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ганчимэг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газарт архив-бичиг хэргийн ажилтнаар томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байсан. Би дээрх байдлаар төрийн үйлчилгээний албан хаагч болсон юм. 2020 оны 10 дугаар сард Орон нутгийн сонгууль болж, улмаар миний ажилладаг газрын удирдлагууд өөрчлөгдсөн. Тухайлбал: Сайнцагаан сумын Засаг дарга, орлогч Засаг дарга, тус сумын Тамгын газрын дарга нар өөрчлөгдсөн юм. Дээрх өөрчлөгдсөн албан тушаалтнууд нь 2021 оны 3 дугаар сараас эхэлж ...намайг ажлаа өг, ажлаасаа чөлөөлөгд гэж... шаардаж эхэлсэн. Улмаар надад Сайнцагаан сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, жирэмсний амралттай байгаа М.Алтанчимэгийн ажлыг түр хий, өөрийн одоо хийж байгаа ажлаа өг гэж мөн л шаардаж байсан. Би тухайн үед өөрийн хийж байгаа ажилдаа дуртай, түүндээ эзэн болох гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсан тул ...архив-бичиг хэргийн ажилтны ажлаа хийе, санал болгож байгаа ажлыг хийхгүй... гэдгээ Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Лхагвасүрэнд хэлсэн. Мөн тус ажлын байр нь жирэмсний амралттай байсан хүний ажлын байр байсан. Тэр хүн ажилдаа эргээд оръё гэхэд би ажилгүй болохоор нөхцөл байдалтай байсан тул зөвшөөрөөгүй. Гэтэл намайг удаа дараа ажлаа өгөхийг шаардсаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа гэсэн үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Би өөрийгөө өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн албан тушаалдаа тэнцэхгүй гэж бодохгүй байна. Учир нь би програмист мэргэжилтэй, дээд боловсролтой. Ажиллаж байсан газартаа 2 жил 8 сарын хугацаанд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж, төрийн албанд бэлтгэгдсэн. Төрийн албаны холбогдох сургалтууд, нийгмийн ажилтны сургалтуудад бүрэн хамрагдаж байсан. Энэ хугацаандаа сайн, үр бүтээлтэй ажиллаж байсныг минь үнэлж намайг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж албан тушаал өөрчилж, архив-бичиг хэргийн ажилтнаар томилсон. Намайг ажлаас чөлөөлсөн нь ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тул биш, харин улс төрийн сонирхлоор, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь дээр дурдсан байдлаар намайг ажлаа өгөхийг шаардаж байсан. Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж 2020 оны Орон нутгийн сонгуульд Сайнцагаан сумынхаа Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоор Монгол Ардын намаас нэр дэвшсэн боловч сонгогдоогүй. Гэхдээ өөрийн ажлаа хийх хүсэл сонирхолтой байсан тул ажлаа хийсээр ирсэн. Магадгүй намайг ийнхүү Монгол Ардын намаас Иргэдийн төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшсэнд дээрх удирдлагууд маань дургүйцэж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөллөө гэж үзэж байна. Би 2014 онд ханиа санамсаргүй алдаж, одоо 7-20 насны дөрвөн хүүхдээ өрх толгойлон өсгөж байна. Хань минь нас барах үед жирэмсэн байсан тул хүүхдээ төрүүлээд хэсэг хугацаанд ажил хийж чадаагүй. Улмаар хүүхдээ том болгоод 2017 онд Горгаз ХХК-ийн Дундговь аймаг дахь салбарт нэг жилийн хугацаанд түгээгчээр ажиллаж байгаад 2018 онд төрийн албанд орж ажилласан юм. Би ажил хийхгүй бол миний хүүхдүүдийг хэн тэжээж, тэтгэх вэ. Тийм учраас би өөрийн ажлаа маш их хичээл зүтгэлтэй, өөриймсөг, энэ л ажлыг хийхгүй бол болохгүй шүү гэдэг сэтгэл зүрхээр хийж өдий хүрсэн. Гэтэл одоо ажилгүй болчихоор надад тун хэцүү байна. Би өөрийн эрхэлж байсан архив-бичиг хэргийн ажилтны ажлаа зохих дүрэм, журам, шаардлагын дагуу бүрэн дүүрэн хийж гүйцэтгэж байсан. Надад энэ ажлыг гуйх ур чадвар, сэтгэл зүрх дутагдсан зүйл огт байхгүй. Иймд би ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 2 сарын 2-нд Сайнцагаан сумын Засаг даргын тамгын даргаар томилогдсон. П.Ганчимэг нь тухайн ажлын бичиг хэрэг байсан. П.Ганчимэг нь тушаал захирамж давхардуулж гаргах, явсан бичгийн хөдөлгөөн үйлдэхгүй, хугацаатай ирсэн явсан бичгийг хугацаанд нь гаргаж өгөхгүй, танилцуулаагүй болж прокуророос хүртэл мэдэгдэл ирж байсан. Удаа дараа асуудал гаргасан учир П.Ганчимэгийн өрөөндөө дуудаж энэ талаар хэлээд өөр ажлын байран дээр шилжүүлэн томилуулах талаар санал хэлэхэд П.Ганчимэг зөвшөөрөөгүй. Ингээд 2021 оны 4 сарын 23-ны өдөр тушаалыг нь гаргаад өөрт нь гардуулж өгсөн. Тушаал гарснаас хойш харьяа байгуулагт өөр ажлын санал тавихад П.Ганчимэг нь хүлээн зөвшөөрөөгүй. Бүх шүүх хурал дээр өөр ажлын санал тавьж байсан ч хүлээн зөвшөөрөөгүй. П.Ганчимэг нь архив бичиг хэргийн ажил дээр ур чадвараараа тэнцэхгүй гэж үзэж байгаа миний гаргасан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2021.04.23-ны өдрийн Б/01 дугаартай Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын П.Ганчимэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2018.02.05-ны өдрийн Б/10 дугаартай Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын П.Ганчимэгийг албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар, 2020.10.25-ны өдрийн Б/17 дугаартай Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын П.Ганчимэгийг албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, П.Ганчимэг нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021.05.19-ний өдрийн 86 дугаартай тодорхойлолт, 000149455 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сайнцагаан сумын сонгуулийн хорооны 2020 оны нэр дэвшигчийн үнэмлэх, 00399672 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, Албан тушаалын тодорхойлолт, П.Ганчимэгийн хаягийн тодорхойлолт, Маргад дээд сургуулийн D201231927 дугаартай дипломын хуулбар, 2018014 дугаартай Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олгосон сертификатын хуулбар, 2018012 дугаартай Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олгосон гэрчилгээний хуулбар, охин М.Саран-Эрдэнэ, хүү М.Дамдинбазар, Ө.Мандахбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар, 005/3816126 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, М.Шаравын иргэний үнэмлэхийн хуулбар, П.Ганчимэг, С.Мандахбаяр нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0046924 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, П.Наранчимэгийн 2020 оны 01 сараас 2021 оны 10 сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Иргэн-2014 иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн хуулбар, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлжээ.

Хариуцагчаас: 2021.08.25-ны өдрийн 4/399 дугаартай хариу тайлбар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021.04.21-ний өдрийн А/11 дугаартай үнэлгээний баг томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021.03.24-ний өдрийн А/11 дугаартай сургалтын төлбөр гаргах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонсох ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, Дундговь аймгийн прокурорын газрын 2021.02.26-ны өдрийн 03 дугаартай прокурорын тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээр шүүх Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын 2022.01.13-ны өдрийн 06 дугаартай 2021.05.20-ны өдрөөс 27-ны өдрийн хугацаанд П.Ганчимэгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж байхгүй байх тул хуулбар олгох боломжгүй байна гэх албан бичгийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх П.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Ганчимэг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ...П.Ганчимэг нь мэргэшил, ур чадварын хувьд эрхэлж байсан ажилдаа тэнцэхгүй бичиг хэргийн стандартыг байнга буруу гаргадаг, хугацаатай албан бичгийг цохолт хийсэн албан тушаалтанд өгдөггүй энэ талаар удаа дараа амаар сануулга өгсөн, өөр ажил санал болгосон ч зөвшөөрөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд П.Ганчимэг нь Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан нь Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020.10.05-ны өдрийн Б/17 дугаар тушаал, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргатай байгуулсан 2020.10.05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэтэл Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021.04.23-ны өдрийн Б/01 тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус үндэслэн П.Ганчимэгийг архив бичиг хэргийн ажлаас халсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тушаалын үндэслэл нь П.Ганчимэгийг ажлын ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгоно. Ажил олгогч ажилтныг мэргэжил ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэдэг тайлбар татгалзал, маргааны үйл баримтаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй, энэ үндэслэлээр ажилтныг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч хэрэгжүүлсэн тухайд зохигчдын хэн алин нь энэ тухайд ажил олгогч амаар хэлсэн тухайд маргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч ...нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлаа илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл-ийн 230 дугаарт П.Ганчимэгийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт холбогдох тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүх 2021.05.20-ны өдөр хүлээн авсан талаар бүртгэл, Иргэн-2014 иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд 139/НЭ2021/00230 нэхэмжлэлийн дугаартай 2021.05.20-ны өдрийн 15 цаг 43 минутад бүртгэгдэж шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх маргаан байсныг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж хариуцагч тал маргах боловч Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй мөн хуулийн 3.2-т энэ хуулийн 3.1-т заасан эрхийг хамгаалах талаарх нэхэмжлэл, хүсэлт гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд уг маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх хуулийн шаардлага тавигдаагүй байх тул уг татгалзлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар П.Ганчимэгийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт ажилгүй байсан хугацааны 273 хоногийн цалин 7.128.012 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг ажлаас халагдсан хугацаа болох 2021.04.23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн 2021 оны цалингийн дундаж 661.677 төгрөг, 1 өдрийн цалинг 30.076 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2021.04.23-ны өдрөөс хойш 2022.03.28-ны өдрийг хүртэл 237 хоногоор тооцож, ажилгүй байсан үеийн олговрын хэмжээг 7.128.012 төгрөг болохыг тогтоосон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

Иймд П.Ганчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар П.Ганчимэгийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7.128.012 /долоон сая нэг зуун хорин найман мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж П.Ганчимэгт олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021.04.23-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  З.ГАНЧИМЭГ