Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж,

Улсын яллагч Х.Ууганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2530000000177  дугаартай  эрүүгийн  хэргийг  2025  оны  06 дугаар  сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

   Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Цагаан-Овооны задгай тоотод байх *******ын гэрт *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, модон сандлаар толгойн тус газарт нь цохиж зүүн чихэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Цагаан-Овооны задгай тоотод байх *******ын гэрт *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, модон сандлаар толгойн тус газарт нь цохиж зүүн чихэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн СҮХ0725/244 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.(7-11, 18-19, 26-27, 33-34х)

Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь: Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. (хх 67х)

Энэ хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, хохирогч нь “Надад ямар нэгэн гомдол болон  нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. (хх 11-12)

Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлаар: 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БОЛОРМАА