Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 139/ШШ2022/00392

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах Мобифинанс ББСБ ХХК /РД: 5373271/

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 8 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, Чулуун овогт Бараахасын Гэрэлмаа /РД: ЗЮ78060461/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 558.862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тамир,

Хариуцагч Б.Гэрэлмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Б.Гэрэлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 558.862 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Б.Гэрэлмаа нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Мобиком корпораци ХХК-ийн 94225905 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000682791 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Б.Гэрэлмаа нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр сарын 2,4 хувийн хүүтэй, 500.000 төгрөгийг зээлээр авсан. Б.Гэрэлмаа нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна. Иймд Б.Гэрэлмаагаас 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 50.893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.969 төгрөг, нийт 558.862 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гэрэлмаа нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Мобиком корпораци ХХК-ийн 94225905 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000682791 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Б.Гэрэлмаа нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр сарын 2,4 хувийн хүүтэй, 500.000 төгрөгийг зээлээр авсан. Зээл төлөх хугацаа хэтэрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Б.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг авснаас хойш ээж минь нас барж, нөхөр маань ажлаасаа гараад төлөх боломжгүй болсон юм. Одоо хувааж төлөхөөс өөр боломж байхгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас Мофинанс ББСБ ХХК-ийн 000182924 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021.11.11-ний өдрийн 140000682791 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч "Мобифинанс ББСБ" ХХК нь хариуцагч Б.Гэрэлмаагаас зээлийн гэрээний гэрээний үүрэгт 558.862 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Б.Гэрэлмаатай байгуулсан 140000682791 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээний зээлийн төлбөрт 500.000 төгрөг, зээлийн хүү 50.893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.969 төгрөг, нийт 558.862 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 140000682791 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний үндсэн дээр хариуцагч нь 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр сарын 2.4 хувийн хүүтэй 500.000 төгрөгийг зээлээр авсан

болох нь зээл, зээлийн эрх нээх гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Б.Гэрэлмаа нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 500.000 төгрөгийг зээлээр авсан талаар маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь төлөгдөөгүй байгаа зээл 500.000 төгрөг, зээлийн хүү 50.893 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.969 төгрөг, нийт 558.862 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь

 

 

2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн харилцагчийн гүйлгээний баримт, 40938443 тоот гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэрээ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон тул зээлдүүлэгч Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Гэрэлмаагаас Иргэний хуулийн дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Гэрэлмаагаас зээлийн гэрээний үүрэгт 558.862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17.417 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Гэрэлмаагаас 558.862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлмаагаас 17.417 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ