| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04296/И |
| Дугаар | 101/ШШ2022/03937 |
| Огноо | 2022-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/03937
| 2022 09 29 | 101/ШШ2022/03937 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 тоотод оршин суух, А.М /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Ж.Ц /рд:0/-д холбогдох,
0 УНХ улсын дугаартай, Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай крантай автомашиныг буцаан гаргуулах, өмчлөх эрх шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ж.Ц нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулан нэхэмжлэгч миний өөрийн өмчлөлийн 0 УНХ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болно. Хариуцагч Ж.Ц нь тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний 2.1-д заасан төлбөр болох 23,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Улмаар миний бие 23,000,000 төгрөгөө гаргуулахаар шүүхэд хандсан боловч тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00539 тоот шийдвэрээр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ж.Ц-оос 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 0 УНХ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн ачааны зориулалттай, крантай авто машиныг буцаан гаргуулж, уг авто машины өмчлөх эрхийг надад шилжүүлж өгнө үү. Уг тээврийн хэрэгслийг Ж.Ц-д барьцаалсан гэрээ байгуулж байгаагүй гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А.М болон түүний гэр бүлийн хүн М.Д нар нь "Д М" ХХК-д орон сууц захиалан бариулахаар 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 02/24 тоот "Орон сууц захиалгаар бариулах гэрээг" М.Д-тэй байгуулсан болно. М.Д нь ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахын тулд 23,000,000 төгрөгийг "Д М" ХХК-д төлсөн гэсэн баримт бүрдүүлэхийн тулд өөрийн гэр бүлийн хүн тухайлбал нэхэмжлэгч А.Мын нэр дээрхи Митсубиши Кантер маркийн 0 УНХ улсын дугаар бүхий 3,5тн ачааны автомашиныг Ж.Ц-ид барьцаалсан. Тэд "Д М" ХХК-д маргаан бүхий тээврийн хэрэгслийг барьцаалж орон сууцны урьдчилгаа 23,000,000 төгрөгийг төлсөн гэх бичгийг хийлгүүлж авсанаар ипотекийн зээлд хамрагдаж, Хаан банкнаас 2016 оны 10-р сарын 11-ний өдөр 72,300,000 төгрөгийн зээл гаргуулж "Д М" ХХК-д шилжүүлсэн. Бодитоор 23,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг мөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулж барьцааны автомашиныг авахаар тохирсон боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй тул "Д М" ХХК-ны зүгээс мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан. Хан-Уул дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/02584 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 139 тоот магадлалаар М.Дс 23,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн.
Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн одоогоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч М.Д төлбөрөө төлөөгүй байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч А.М нь ипотекийн зээлд хамрагдахын тулд барьцаанд тавьсан Митсубиши Кантер маркийн 0 УНХ улсын дугаар бүхий автомашиныг 23,000,000 төгрөгөөр "Д М" ХХК-ны захирал Ж.Ц-д худалдсан мэтээр дүр үзүүлэн хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг ашиглан Ж.Ц-оос 23,000,000 төгрөг нэхэмжилж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00539 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон болно.
Нэхэмжлэгч А.М болон хариуцагч Ж.Ц нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээг бодитоор хийгдээгүй гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдон шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаагаас гадна түүний гэр бүлийн хүн М.Д нь нэхэмжилж буй тээврийн хэрэгсэлийг барьцаанд тавьсан гэдэг нь Д, А.М нарын "Д М" ХХК-д бичиж өгсөн баримт болон дээрхи хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нотлогдож байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 178 дугаар тойрогт М.Должинсүрэнгээс 23,000,000 төгрөг гаргуулах ажиллагаа явагдаж байгаа ба "Д М" ХХК-ийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Ц-ийн нэр дээр буй М.Д-ийн барьцаанд тавьсан Митсубиши Кантер маркын 0 УНХ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу битүүмжлэн хураан авч борлуулан манай байгууллагад төлөгдөх 23,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн утга бүхий 01/060/22 тоот албан хүсэлтийг явуулсан болно. Тиймээс А.М нь Ж.Ц-оос нэхэмжлэлд дурьдсан тээврийн хэрэгсэлийг шаардах эрхгүй бөгөөд түүний гэр бүлийн хүн М.Д нь төлөх ёстой 23,000,000 төгрөгийг төлж барагдуулсаны дараа барьцаанд тавьсан автомашинаа шаардах эрх үүсэх учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00539 дүгээр шийдвэр, итгэмжлэлүүд,
3.2 Хариуцагчаас гаргасан тооцооны үлдэгдлийн баталгаа, М.Д, А.М нараас бичсэн гэх бичвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/02584 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3847 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 340 тоот гүйцэтгэх хуудас, Нэхэмжлэгчээс гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00539 дүгээр шийдвэр, "Д М" ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан бичгийн хүсэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Ж.Ц-д холбогдуулан 0 УНХ улсын дугаартай, Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай крантай автомашиныг буцаан гаргуулах, өмчлөх эрх шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж.Ц-той байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул уг хэлцлээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулна. Уг тээврийн хэрэгслийг барьцаалсан талаарх гэрээгүй байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 23,000,000 төгрөгөө бүрэн төлсөний дараа буцааж өгнө гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж,
2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Маргаан бүхийн тээврийн хэрэгслийг барьцааны гэрээний дагуу барьцаалсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөр 23,000,000 төгрөгөө төлсөний дараа буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. М.Д нь "Д М" ХХК-д төлөх ёстой 23,000,000 төгрөгийг төлж барагдуулсаны дараа барьцаанд тавьсан автомашинаа шаардах эрх үүснэ гэж тус тус тайлбарлаж, маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
3.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00539 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А.М, хариуцагч Ж.Ц нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч А.М нь 0 УНХ улсын дугаартай Митсубиши кантер маркийн 2000 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авагч Ж.Ц-д шилжүүлэх, худалдан авагч нь тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.
3.1.1 Тус шүүхийн шийдвэрээр дээрх 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.1.2 Дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийг байгуулах болсон шалтгаан нь А.Мын эхнэр М.Д нар нь "Д М" ХХК-д орон сууц захиалан бариулах тухай 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 02/24 тоот гэрээг байгуулж, банкны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахын тулд орон сууцны урьдчилгаа төлбөр 23,000,000 төгрөгийг төлсөн гэх баримтыг "Д М" ХХК-иас бичүүлж авч банкинд гаргах замаар зээлийн мөнгөн хөрөнгийг гаргуулсан. Бодитоор урьдчилгаа төлбөрт төлөөгүй 23,000,000 төгрөгийг "Д М" ХХК-д төлөх баталгаа болгож нөхөр А.М-ын нэр дээрхи Митсубиши Кантер маркийн 0 УНХ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг "Д М" ХХК-ийн захирал Ж.Ц-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.
3.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02584 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дугаартай магадлалаар М.Д нь ороны сууцны урьдчилгаа 23,000,000 төгрөгийг бодитоор төлөөгүй үйл баримтыг тогтоож, М.Д-ээс 23,000,000 төгрөгийг Д М ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00539 дүгээр шийдвэрээр А.М, Ж.Ц нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг хэлцлийг хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
5. Хариуцагч Ж.Ц нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцлийн дагуу Митсубиши Кантер маркийн 0 УНХ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах замаар өөрийн компанийн хашаанд байлгаж байгаа үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь тайлбарласан.
6. Хариуцагчаас гаргасан маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг барьцааны гэрээний дагуу барьцаалж авсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02584 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дугаартай магадлалаар манай компанид олгохоор шийдвэрлэсэн 23,000,000 төгрөгийг А.М-ын эхнэр М.Д-г төлж барагдуулвал буцаан өгнө гэх татгалзал үндэслэлгүй байна. Учир нь,
6.1 Маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг Ж.Ц-ийн өмчлөлийн компани болох Д М ХХК-д М.Д-ийн төлөх өр төлбөрт А.М нь барьцаалсан талаарх барьцааны гэрээг талууд байгуулаагүй байна.
6.2 Хэргийн 26 дугаар талд авагдсан М.Д, А.М нараас бичсэн гэх бичвэрт ...Дөрвөн бэрх хотхоны 24 тоотын хариуцагч М.Д банкны зээл 73.967.500 төгрөг гарч байгаа. Үлдэгдэл 22,225,000 төгрөгийг төлсөн гэж банкинд төлсөн гэж материал бэлдэж өгөх. Уг 22,225,000 төгрөгт машин барьцаанд тавина гэжээ. Уг баримтыг үндэслэн хариуцагч нь барьцааны гэрээ байгуулагдсан гэх татгалзлаа нотлоно гэж тайлбарласан.
Дээрх баримтаас үзэхэд хариуцагчийн тайлбарласнаар Д М ХХК-д М.Д-ийн төлөх 23,000,000 төгрөгийн өр төлбөрт А.М өөрийн өмчлөлийн Митсубиши Кантер маркийн 0 УНХ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барьцаалсан гэж үзэхээргүй байна. Тухайн баримтад хэнд, ямар загварын хэд дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болох нь тодорхойгүй, ...машин... барьцаанд тавина гэжээ. Үүнээс үзэхэд хэзээ байгуулагдсан эсэх, барьцаалагчийн нэр тодорхойгүй, барьцааны зүйл нь тодорхойгүй баримтыг үндэслэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
7. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02584 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дугаартай магадлалаар М.Д-ээс 23,000,000 төгрөгийг гаргуулж Д М ХХК-д олгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас 2019 онд гарсаны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбар, баримтаар тогтоогдсон. /хх-35-36/
7.1 Хариуцагчаас гаргасан хэргийн 41 дүгээр талд авагдсан Д М ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 онд гаргасан Митсубиши Кантер маркийн 0 УНХ улсын дугаартай ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг хураан авч, 23,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлт нь барьцааны гэрээ байгуулагдсан болохыг нотлохгүй. Уг хүсэлт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаас гаргасан санал, хүсэлт байна.
8. Нөгөө талаар, хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах журамтай. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээний асуудал тусдаа зохицуулагдана.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд А.М, Ж.Ц нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 57-69 УНХ улсын дугаартай, Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай крантай автомашины өмчлөх эрхийг Ж.Ц-оос гаргуулж А.М шилжүүлж шийдвэрлэв.
9.1 Нэхэмжлэгчийн 0 УНХ улсын дугаартай, Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай крантай автомашиныг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага нь уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэжмжлэлийн шаардлагын үндэслэл нь байгааг дурдах нь зүйтэй. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөртөө буцаан шилжүүлснээр өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусдын зөвшөөрөлгүй авах, өмчлөлийн хөрөнгөө бодитоор эзэмших эрх нь үүснэ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 272,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0 УНХ улсын дугаартай, Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай крантай автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.М-д шилжүүлэхийг хариуцагч Ж.Ц-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 272,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 272,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ