Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2022/00154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сум, *** дугаар баг, задгайд байрлах, “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** аймгийн *** сум, *** баг, *** тоотод оршин суух, *** овогт ***ийн ***д холбогдох,

Гэм хорын хохиролд 48,576,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, хариуцагч ***, түүний өмгөөлөгч ***, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах С.Цэнд-Аюуш нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч ***д холбогдуулан тариалангийн талбайд учирсан хохирол 48,576,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 24,288,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

   Нэхэмжлэгч “***” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 09 сарын 07-нд манай бүрэн хамгаалалттай тариалангийн талбайнуудад маш олон тооны мал орсон тухай дуулаад очиход /энэ үед бид талбайнууд маань үл харагдах өөр газар тариа хурааж бүх хүчээ төвлөрүүлсэн байв/ хэдэн талбайд өргөстэй төмөр торыг тастаж хаалга гарган 70 гаруй үхэр оруулсан байсан. Эзнийг олох зорилгоор ажилчдын хүчээр үхрүүдийг цуглуулан тууж явахад хэн нэг хүн утсаар ярьж “Наад үхрүүд чинь миний үхрүүд буцааж явуул, хэрэв буцаахгүй бол та нарыг ална шүү” гэхэд нь “цагдаа болон холбогдох газруудад мэдэгдэж хохирол ярина” гэж хэлэхэд тэр “намайг Номгон ***ийн цагдаа байтугай ***ийн цагдаа нар ч яаж ч чадахгүй. Олон юм яриад байвал байшин барилгыг чинь шатааж, трактороор хүнд диск чирэн бүх тариатай талбайг чинь сүйтгэж, та нарыг Номгон нутгаар алхуулахгүй болгоно” гэж утсаар ярихдаа сүрдүүлэн заналхийлсэн байна. Манайхан үхрүүдийг төв үтрэмийнхээ хашаанд тууж авчран хашсан. Төд удаагүй байтал нэг хүн ирж, манай нэг ажилтныг унаган зодож цустай нь холилдуулсан байхыг цонхоор харж манай гүйцэтгэх захирал “юу болж байна аа” гээд очиход ямар ч үг хэлэлгүйгээр “чи үүрэг өгдөг *** гэгч үү Намайг *** гэдэг мэдэхгүй байна уу гэж шууд цохиж унагаж өшиглөж, гэдсэн дээр дэвсэлж зоджээ. Тэгээд хашаа, хаалга эвдлэн үхрүүдээ авч явсан байна. Би компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд захирал хийж байгаа өөрийн төрсөн хүүхэд, ажилчнаа зодуулсанд үнэхээр жигшин зэвүүцэж, байгууллагынхаа өмнөөс хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргаж байна. Манай компани 2007 оноос эхлэн *** сумын 3 дугаар багийн нутагт 1100 га газар эзэмшин, жилийн эргэлтийн 550 га-д улаан буудай тариалан жилд 400-500 тонн будааг Хөдөө аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Энэ хугацаанд их хэмжээний хөрөнгө зарж уринш хийсэн, тариа тарьсан талбайнуудаа хамгаалж тороор хашаа барьсан. Мөн *** нуруу, ***ын нуруу, *** толгой дахь 33,000 метр газарт цементээр шон хийлгэн суулгаж өргөстэй тороор 3-4 эгнээгээр татаж хашаажуулсан байсан юм. 2018 онд Засгийн газрын  182 дугаар тогтоолоор газар тариалангийн бүс нутгийг тогтоосон бөгөөд Сайхан сумын 3 дугаар багийн энэ нутаг хамаарсан юм. Бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал ахуй эрхлэхээс бэлчээрийн мал байлгахыг хориглосон байдаг. Тухайн үед сумын Засаг даргын А/76 дугаар захирамжаар томилогдсон комисс газар дээр ирж хэмжин тариа авах боломжгүй болгосон талбайн хэмжээг 31,3 га гэж тогтоон, хураах байсан ургацыг 64 тонн, хохирсон хохирлыг 48,576,000 /дөчин найман сая таван зуун далан зургаан мянга/ төгрөг гэж тогтоосон. Иймд ***аас 48,576,000/дөчин найман сая таван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирлыг гаргуулж “***” ХХК-д олгуулж өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 09 сарын 7-ны өдөр “***” ХХК-ийн бүрэн хамгаалалттай тариалангийн талбайнуудад олон тооны мал орсон. Энэ үед тухайн компанийн ажилчид өөр газар тариа хураалтад явж байгаад дуудагдаж ирэхэд өргөстэй торыг тастаж 70-аад тооны үхэр оруулсан байсан. Эзнийг нь олох гээд ажилчдынхаа хүчээр үхрүүдийг тууж явахад энэ хүн утсаар яриад манай үхрүүдийг явуулахгүй бол муу юм болно шүү. Намайг *** байтугай ***ийн цагдаа нар хүртэл мэднэ. Та нарыг олон юм яриад байвал талбайг чинь сүйтгэнэ, *** нутгаар алхуулахгүй гэж заналхийлсэн. Ингээд удаагүй тухайн үтрэмийнхээ хашаанд тухайн үхрүүдийг цуглуулаад хашсан байхад энэ хүн ажилчдыг минь зодож цусыг нь гаргаж толгой руу нь үзүүртэй юмаар хатгаж гэмтэл учруулсан байсан. Захирал *** гараад уулзахад өмнөөс нь чи үүрэг өгдөг *** гэдэг нь үү гээд зодсон. Тэр үед танхайрсан зөрчилд нь 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Ингээд зодчихоод малаа туугаад аваад явсан. *** өөрөө миний мал өөрийнхөө малыг авч байна гээд аваад явсан. 8-ны өдөр Засаг дарга болон Цагдаад тариан талбай сүйтгэсний улмаас хүмүүс зодууллаа гэдэг үүднээс хандсан. Комиссын гишүүд ирж акт тавьсан. Комисс тусгай багажтайгаа ирээд 48,576,000 төгрөгийг акт тавьсан. Энэ актын дагуу бид нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан хэдий ч өнөөдөр  ***аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа. Билэгсайхан нь өмнөх хурал дээрээ миний 71 үхэр байсан. 25 нь тугал байсан. Үлдэгдэл нь энэ тоогоороо явж байсан гэсэн тайлбар гаргасны дагуу манайх 50 хувилаад нэхэмжилж байгаа...” гэв.

Хариуцагч *** нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд болж өнгөрсөн үйл баримтын талаар илтэд гуйвуулан дөвийлгөж, намайг өөрсдийг нь зодож танхайрсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр худлаа зүйл бичсэн байгаад болон үндэслэлгүйгээр 48,576,000 төгрөг нэхэмжилсэнд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. *** сумын хохирол тогтоох комисс нь *** аймгийн ИТХ-ийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмын 3.2.3, 3.2.4. 3.2.5 дахь заалтуудыг зөрчсөн:

а/*** сумын Засаг даргын захирамжаар баталсан хохирол тогтоох комисс нь хууль, журамд заасны дагуу ажиллаагүй. Зөвхөн хөдөө аж ахуйн мэргэжилтэн ***, газрын даамал *** нарын 2 хүн акт тавьсан байдаг ба, бусад комиссын гишүүд оролцоогүй тул актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй,

б/ Засаг даргын захирамжаар томилогдсон комисс нь хохирлыг тогтоохдоо таримал ургамал тариалсан эзэн, мал нь тарианд орсон малын эзэн намайг байлцуулж хохирлыг газар дээр нь тогтоох журмыг зөрчиж намайг оролцуулаагүй,

в/ Хохирол тооцсон актыг надад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй учир уг актыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна.

2. Уг журмын 3.2.6-д заасны дагуу тарималд ургамалд хохирол учирсан бол Зөрчлийн тухай хуулиар эрх бүхий байцаагч зөрчлийн хэрэг нээж шалган тогтоож /Байгаль орчны улсын байцаагч/ шийтгэлийн хуудсаар торгууль тавьж танилцуулж гарын үсэг зуруулах, хохирлын хэмжээг тооцох, гомдол гаргах эрх үүргийг тайлбарлах байтал энэ ажиллагаа огт хийгдээгүй юм. Надад танилцуулсан зүйл огтхон ч байхгүй. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалтыг зөрчиж шууд шүүхэд хандсан байгаа нь ИХШХШТ хуулийн 65.1.3 заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Манайх 70 тооны үхэргүй бөгөөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор тугал бяруу нийлээд 50 хүрэхгүй үхэр тоолуулсан учир манай 70 толгой үхэр уг компанийн тариан талбай руу орж 31,3 га газрын тариаг идэж сүйтгэсэн гэж хохирол тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

4. Миний хувьд төрсөн цагаасаа эхлээд газар тариалангийн үйлдвэрлэл хөгжсөн ***ы Сангийн аж ахуйд тариан талбай дунд өсөж хүн болсон тариаланч айлд өсөж хүмүүжсэн. Хар багаасаа эхлээд тариаг хайрлаж өссөн хүний хувьд хэзээ ч тариалангийн талбайн хашааны торыг зориудаар тасдаж мал оруулахгүй. Намайг үндэслэлгүйгээр гүтгэсэнд гомдолтой.

 Уг компанийн ажилтан нар нь өөрсдийнхөө ажлын хариуцлагагүй, харуул манааны үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хашаа хороогоо байнга янзалж найдвартай байдлыг нь хангаагүй тариагаа мал амьтнаас хамгаалах үүргээ зөрчсөн буруугаа бусад руу чихэж үндэслэлгүй олон сая төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Миний хувьд 31,3 га газрын тариаг миний үхэр идэж хохирол учруулсныг өөрийн нүдээр хараагуй, акт тогтооход нь байлцаагүй, хэмжиж үзээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.

Түүнчлэн "***" ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх шууд хүлээн авах, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэм хорын хохирлыг гаргах, үндэслэлгүй гэж байна.

Иймд ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...”  гэжээ.

Хариуцагч *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг заналхийлсэн гээд байна. Би өөрөө тариа тарьдаг хүн. Эдний талбай руу угаасаа үхэр мал байнга ордог. Тэгэхэд нэг малаас 20,000 төгрөгөөр ч юм уу тооцоод мөнгө аваад явуулчихдаг. Тэр журмаар нь явчихъя би бас өөрөө тариа тарьдаг хүн энэ байдлыг ойлгож байна гэдэг байдлаар би ***тай анх ярьсан юм. Тэгсэн чинь чи хаанаас тийм юм өгч аваад сурсан юм гээд анх надтай тэгж харьцсан хүн нь Баярмагнай. Миний эмнэлгээс гарах болсон шалтгаан нь тэр. Намайг тор тастсан гээд байна. Монгол хүн байна даа. Би арай ч тийм үйлдэл гаргахгүй. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт зааснаар ХХААХҮЯ-ны сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан А/135, А/158, А/210 дугаартай тушаал 2018 онд гарсан. Уг тушаал дээр тариалан эрхлэгчид хохирол учирсан тохиолдолд хохирлыг тооцох аргачлалыг заахын зэрэгцээ хохирлыг тооцохдоо тариаланч болон мал бүхий иргэнийг малчныг хамтад нь байлцуулж байж хэмжилт хийж, тухайн тарьсан үр нь ямар үр байсан, тариалан эрхлэлтийн түүх, ургацын байдал зэргийг тооцож гаргана гээд хуульчлаад өгчихсөн байгаа. Гэтэл тэр хохирол тогтоосон акт дээр *** гэдэг хүн ороод гарын үсэг зурчихсан байгаа. Тэгэхээр энэ актыг хуулиар эрх олгосон бүрэлдэхүүнээрээ гаргасан акт гэж үзэх боломжгүй байгаа юм. Тухайн үедээ 70,80,90 тооны үхэр орсон гээд байгаа боловч малын А данснаас харахад 25 тооны тугал байсан ба үлдсэн нь 42 тооны үхэр байсан байна. *** аймаг нь газар тариалан, мал аж ахуй зэрэгцэж оршдог онцлогтой нутаг учраас Сэлэнгэ аймгийн Иргэдийн хурлын 2013 оны 10 сарын 18-ны өдрийн А/24 дугаартай тогтоолоор “Малчин тариаланчдын зохицлыг хангах журам”-ыг гаргаж өгсөн байгаа. Энэ журмаар тариалангийн үйлдвэрлэгчид хохирол учруулсан тохиолдолд хоёр талыг байлцуулж акт үйлдэх талаар зохицуулсан байгаа. Хариуцлагын асуудлыг хүртэл улсын байцаагч шийдвэрлэнэ гээд эрх зүйн актаар зохицуулсан. Зөрчлийн тухай хуулийн 13.1-д Тариалангийн тухай хууль зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулах, хохирлыг арилгуулах талаар хуульчилж өгсөн. Хэргийн 8 дугаар талд байгаа актыг хариуцагчид 3 хоногийн дотор танилцуулах ёстой. Гэтэл газар тариалан эрхлэгчд танилцуулж гарын үсэг зуруулсан болохоос малчинд танилцуулж гарын үсэг зуруулж гомдол гаргах эрхийг нь тайлбарлаж өгсөн ч юм байхгүй. Ийм хууль бус актыг үндэслэн дөчин хэдэн сая төгрөгийг төлүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч энэ акттай намайг огт танилцуулаагүй, хэрэг шүүхэд ирсэн хойно хэргийн материалтай танилцахдаа тэр актыг харсан гэдэг талаараа хэлж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/76 дугаартай захирамж /хх-6-7/, “***” ХХК-ийн тарилангийн талбайд мал орсон байдалд газар дээр нь хохирол тогтоосон 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай акт /хх-8/, тариалангийн талбайд мал орсон байгаа байдлыг харуулсан гэрэл зураг /хх-18-26, 79-92/, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-103/-г гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүх хуралдааны шатанд *** аймгийн *** сумын Засаг дарга ***д гаргасан хүсэлт, *** аймгийн *** сумын ЗДТГ-т ирсэн бичгийн бүртгэл зэргийг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр *** аймгийн *** сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс ***д холбогдох зөрчлийн хэргээс хохирогчийн гаргасан гомдол /хх-46/, хохирогч ***н мэдүүлэг /хх-47-48/, шийтгэлийн хуудас /хх-49/, *** аймгийн *** сумын *** тосгоны Захирагчийн албанаас ***ны мал тооллогын тодорхойлолт /хх-50/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-53/, *** аймгийн “***” эмнэлгээс өвчний түүх /55-67/ зэргийг, гэрч ***, *** нарын мэдүүлэг /хх-107-120/, гэрч ***ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-118-119/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч *** нэхэмжлэлийн дүн өндөр учир талбайн манаачтай хамтран хариуцуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *** аймгийн *** сумын 3-р багт байрлах “***” ХХК-ийн эзэмшлийн буудай тарьсан тариалангийн талбайд ***ны өмчлөлийн олон тооны үхэр орсны улмаас 48,576,000 төгрөгийн хохирол учирсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 24,288,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тариалангийн талбайд учруулсан хохирлыг тогтоохдоо комиссын гишүүд бүрэн оролцоогүй, малын эзэн намайг оролцуулаагүй, хохирол тогтоосон актыг танилцуулаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, мал тооллогын “А” данс, *** аймгийн *** сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/76 дугаартай захирамжийн дагуу Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг “***” ХХК-ийн тариан талбайд мал орсон байдалд газар дээр нь хохирол тогтоосон 02 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлэг, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ***н өгсөн мэдүүлэг, шийтгэлийн хуудсаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч *** нь өөрийн өмчлөлийн малаа хариулгагүй орхисноос *** аймгийн *** сумын 3-р багт байрлах “***” ХХК-ийн эзэмшлийн буудай тарьсан тариалангийн талбайд мал орж хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаанд хариуцагч “...***ы сангийн аж ахуйн тариан талбай дунд өсөж хүн болсон өөрөө ч газар тариалангийн аж ахуй эрхэлдэг...” гэж тайлбарлаж байгаа боловч ажлын хэсгийн төлөөллийг талбайд орсон малын тоо, малын им, тамга зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг авах боломж олголгүй, өөрийн дураар малыг авч явсан үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч тал хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тайлбарыг гаргасан ба тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь:

"***" ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр гардуулж, хариуцагч хариу тайлбараа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. Хариу тайлбартаа хохирол тогтоосон актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дурдсан байгаа боловч энэ талаарх гомдлоо Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй байна. 

Харин 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын Засаг даргад “хохирол тогтоосон комиссын актыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасан байгаа боловч хэрхэн шийдвэрлэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хохирол тогтоосон актыг хүчингүй гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч нь татгалзалтай холбоотой  баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглоно, 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж тус тус заасныг хариуцагч *** зөрчиж, нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тариалангийн талбайд мал оруулж, эд хөрөнгөд хохирол учирсан, хариуцагчийн гэм буруу нь нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж хариуцагч ***аас хохирол гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ***аас 24,288,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүх иргэдийн төлөөлөгчийннэхэмжлэлийн дүн өндөр учир талбайн манаачтай хамтран хариуцуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ***аас 24,288,000 төгрөгийг гаргуулж “***” ХХК-д олгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн зохигчид эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.