| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2022/00122/И |
| Дугаар | 150/ШШ2022/00159 |
| Огноо | 2022-07-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 150/ШШ2022/00159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** 1, *** 6, *** банк, “***” банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын 2-р баг, Хөдөө оршин суух, *** овогт ***ийн ..., /УУ***/,
Хариуцагч: *** хот, *** дүүрэг, ***-р хороо, ***, *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /***/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,259,149.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк хариуцагч ***, *** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,259,149.32 төгрөг гаргуулах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч *** болон түүний гэргий хамтран зээлдэгч *** нар нь *** тооцооны төвөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ202045176342 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай малчны зээлийн зориулалтаар авсан. Тус зээлийн барьцаанд адуу 94, үхэр 23, хонь 300, ямаа 180, 5 ханатай гэр гэсэн зүйлсийг барьцаалж барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Үүнээс хойш зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлд 4,813,533.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,504,069.53 төгрөг, нийт 9,317,602.90 төгрөг төлж барагдуулсан болно. Хариуцагч одоогоор гэрээнд заасан үүргийн гүйцэтгэл хангуулаагүй. 289 хоног хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн зээл төлөх хуваарь гаргасан мөн хариуцагчтай уулзалт хийхэд амлалтад хүрээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 05 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 15,186,466.63төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,912,042.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 160,640.19 төгрөг, нийт 20,259,149.32 төгрөг гаргуулах. Энэхүү зээлийн төлбөрт ***ын өмчлөлийн адуу 94, үхэр 23, хонь 300, ямаа 180, 5 ханатай гэр хөдлөх хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулах...” гэв.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч *** /УУ63082035/ *** /***/ 2020 оны 02 сарын 23-нд 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээл авсан. Цар тахал хөл хорионы улсаас бид хийж байсан түүхий эдийн бизнесээ хийж чадалгүй алдагдалд орсон. Мөн нийт 9,317,602,90 төгрөгийг төлсөн Өнөөдрийн цаг үеийн байдал сайжирч байгаа тул бидний нөхцөлийг харгалзан үзэж төлбөрөө төлөх хугацааг олгоно уу гэжээ.
Нэхэмжлэгч талаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/202045176342 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ202045176342 тоот барьцааны гэрээ, харилцагчийн лавлагаа, *** аймгийн *** сумын *** 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, *** аймгийн *** сумын *** банкны тооцооны төвд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд зэргийг илүүлсэн. /хх-ийн 3-18/
Хариуцагч ***оос ***т олгосон итгэмжлэлийг ирүүлсэн. /хх-ийн 23/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч нараас малчны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,259,149.32 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлана.
Хариуцагч нар нь *** банкнаас 2020 оны 02 сарын 23-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээл авсан. Цар тахал хөл хорионы улсаас бид хийж байсан түүхий эдийн бизнесээ хийж чадалгүй алдагдалд орсон. Мөн нийт 9,317,602.90 төгрөгийг төлсөн өнөөдрийн цаг үеийн байдал сайжирч байгаа тул бидний нөхцөлийг харгалзан үзэж төлбөрөө төлөх хугацааг олгоно үү гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/202045176342 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, *** банкнаас 20,000,000 төгрөгийг малчны зээлийн зориулалтаар сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна.
Мөн БГХ202045176342 тоот барьцааны гэрээ талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан байх ба барьцааны зүйлд адуу-94, үхэр-23, хонь-300, ямаа-180, 5 ханатай Монгол гэр тусгагджээ.
Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нар нь үндсэн зээл 4,813,533.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,504,069.53 төгрөг нийт 9,317,602.90 төгрөг төлсөн байх ба хариуцагч нар нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан байна.
Мөн нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 05 дугаар сарын 05-ны байдлаар тооцоог гаргаж шаардсан ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх тул хариуцагч нараас үндсэн зээл 15,186,466.63 төгрөг, зээлийн хүү 4,912,042.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,640.19 төгрөг, нийт 20,259,149.32 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Зээлдэгч нар нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан байна.
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны гэрээ гэж тус тус дүгнэх үндэслэлтэй байх ба талууд гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдал, эргэн төлөгдөх зээлийн үүргийн гүйцэтгэлийн тооцоололд маргаагүй.
Зээлдэгч нар нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд малчны зээлийн зориулалтаар зээлийг авсан байх тул дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал өвчний улмаас зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч ***, *** нараас 20,259,149.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** банканд олгож, үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хариуцагч ***т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***, *** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,259,149.32 төгрөг гаргуулан *** банканд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 153 дугар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***, *** нар үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***, *** нараас 259,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА