Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Э.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,                                                                              

Шүүгдэгч Ж.Э- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-од холбогдох эрүүгийн 17380005400024 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Э-,

Шүүгдэгч Ж.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын талбайд иргэн Э.Э-тэй маргалдаж түүний биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зовхинд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын талбайд иргэн Э.Э-тэй маргалдаж түүний биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зовхинд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ж.Э-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, хэлэх зүйл байхгүй, хохирлыг цалин буухаар төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: "... 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед ажилдаа гарах гэж байхад манай жолооч Ж.Э- архи уусан байхаар нь та унтаж амраад ажилдаа гар гэж хэлэхэд миний хэлсэн үгийг үл ойшоож туслах ажилтан аваад хог ачихаар гарсан. Тэгэхээр нь би араас нь гартал самосвал маркийн машинаараа эксковатораа мөргөчхөөр нь та боль маргааш ажилдаа гар гэсэн чинь машинаасаа бууж ирээд Нямбаярыг хэл амаар доромжлоод байхаар нь “таны буруу шүү дээ, та яаж байгаа юм бэ, хүүхэд цохичихлоо шүү дээ гэсэн чинь над руу уурлаад чам шиг хүүхэнд захирагдана гэж байхгүй гэж орилж хашгираад байхаар нь би чээж рүү нь түлхсэн чинь миний өөдөөс баруун гараараа миний хамар руу цохьчихсон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Э- ах намайг хэл амаар доромжлоод байхаар нь би урдаас нь юм дуугараагүй би хүрз аваад хогоо ачих гэж байхад Ж.Э- ах, Э.Э- хоёр хэрэлдээд байж байгаад намайг цохьчихлоо гээд Э.Э- эгч тонгойгоод байж байхаар нь би очиход хамар нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 436 дугаартай “Э.Э-ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ж.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Э.Э- нь 1.250.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт хохирлын талаарх баримтаар гаргаж өгсөн орон нутагт зорчих тасалбарын 45.000, КТГ 100.000, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 25.000 төгрөг, нийт 170.000 төгрөгийг Ж.Э-оос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 17380005400024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Э-ыг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Э- нь торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн 17380005400024 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Э-оос 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э-т олгож, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.АРИУНЖАРГАЛ