| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0695/З |
| Дугаар | 128/ШШ2023/0031 |
| Огноо | 2023-01-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0031
2023 01 04 128/ШШ2023/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эрдэнэ-Очирын Энхмөнх,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Дашпунцагийн Гомбо,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэмбаярын Отгонтунгалаг,
Гуравдагч этгээд: Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК /цаашид ДЦС-3 ТӨХК гэх/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны ДЦС-3 ТӨХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч Э.Энхмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонтунгалаг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Энхмөнх нь Сонгинохайрхан дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны ДЦС-3 ТӨХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар маргасан.
2.Нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хянаад, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 7/4367 тоот албан бичгээр хариу өгч, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг буцааж, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
3.Нэхэмжлэгч Э.Энхмөнх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Э.Энхмөнх нь ДЦС-3 ТӨХК-д Өндөр даралтын турбин цехэд турбины машинчнаар ажилладаг. ДЦС-3 ТӨХК-ийн хэрэглэгч Хөнгөн бетони ХХК нь хэрэглээний уурын төлбөрөө төлж чадахгүй 85,9 сая төгрөгийн төлбөртөө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоотод байрлах орон сууцыг бартераар авахыг компанид санал болгосон.
Миний бие компанид Хөнгөн бетон ХХК-ийн төлбөрийг барагдуулж, тухайн орон сууцыг өөрийн нэр дээр авах хүсэлтийг компанид гаргасны дагуу ДЦС-3 ТӨХК, Хөнгөн бетон ХХК-тай өр авлага барагдуулах тухай гурвалсан 1-2-265/18 тоот гэрээ байгуулан төлбөрөө ДЦС-3 ТӨХК-д бүрэн барагдуулж дуусаад, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан.
Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ц.Мөнхзаяа “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг үндэслэн буцаав” гэж миний өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.
Өр авлага барагдуулах гэрээний 3.3-т “ДЦС-3 ТӨХК нь орон сууцыг Үл хөдлөх хөрөнгийн газарт барьцааны хөрөнгөөр бүртгүүлнэ.”, 4.2-т “Энхмөнх нь орон сууцны зээлэнд хамрагдах хүртэлх хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөрийг цалингаас суутгуулах бөгөөд 2 жилийн хугацаанд 64 сая төгрөгийн авлагыг бүрэн барагдуулсан байх үүрэгтэй”, 4.3-т Э.Энхмөнх нь авлагыг бүрэн төлж барагдуулснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах эрхтэй” гэж заасан. 2018 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ариунтуяа нь гэрээний заалтыг буруу ойлгож, ДЦС-3 ТӨХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргасныг анзааралгүй өмчлөх эрхийг ДЦС-3 ТӨХК-ийн нэр дээр буруу бүртгэснээс болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр авч өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Иймд, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны ДЦС-3 ТӨХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо шүүхэд гаргасан тайлбартаа:
“Э.Энхмөнх нь Дулааны гуравдугаар цахилгаан станц /ДЦС-3/ ТӨХК-д Өндөр даралтын турбин цехэд турбины машинчаар ажилладаг. ДЦС-3 ТӨХК-ийн хэрэглэгч Хөнгөн бетон ХХК нь хэрэглээний уурын төлбөрөө төлж чадахгүй 85,9 сая төгрөгийн төлбөртөө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 706 байрны 2 тоотод байрлах орон сууцыг бартераар авахыг компанид санал болгосон.
Э.Энхмөнх нь ДЦС-3 ТӨХК-д Хөнгөн бетон ХХК-ийн төлбөрийг барагдуулж, тухай орон сууцыг өөрийн нэр дээр авах хүсэлтийг компанид гаргасны дагуу ДЦС-3 ТӨХК, Хөнгөн бетон ХХК-тай өр авлага барагдуулах тухай гурвалсан 1-2-265/ тоот гэрээ байгуулан төлбөрөө ДЦС-3 ТӨХК-д бүрэн барагдуулж дуусаад, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан.
Гэтэл Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг үндэслэн буцаав" гэж миний өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.
Өр авлага барагдуулах гэрээний 3.3-т "ДЦС-3 ТӨХК нь орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн газарт барьцааны хөрөнгөөр бүртгүүлнэ.". 4.2-т "Э.Энхмөнх орон сууцны зээлэнд хамрагдах хүртэлх хугацаанд сар бүр тодорхой хэмжээтэй төлбөрийг цалингаас суутгуулах бөгөөд 2 жилийн хугацаанд 64 сая төгрөгийг бүрэн барагдуулсан байх үүрэгтэй", 4.3-т Э.Энхмөнх нь авлагыг бүрэн төлж барагдуулснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй" гэж заасан.
2018 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь гэрээний заалтыг буруу ойлгож, ДЦС-3 ТӨХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргасныг анзааралгүй өмчлөх эрхийг "ДЦС-3 ТӨХК-ийн нэр дээр буруу бүртгэснээс болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр авч өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байдалд хүрээд байна. Энэ талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандсан боловч Таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариу өгсөн.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны ДЦС-3 ТӨХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгонтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051229 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай гэрээ хэлцэл, бусад нотлох баримтыг үндэслэн ДЦС-3 ТӨХК-ний өмчлөлд өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ бичиж олгохгүйгээр улсын бүртгэлийн хувийн хэрэг болон бүртгэлийн мэдээллийн санд өмчлөгчөөр бүртгэж, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2256 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа гэж заасан.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаас бусад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Засгийн газар батална” гэж заасан бөгөөд журмын төслийг боловсруулж Хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201051229 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны одоогийн өмчлөгчөөс шилжүүлэн авах тухай хуульд заасан шаардлагыг хангаж нотлох баримтыг бүрдүүлэн мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэх эрх нь нээлттэй байна.
Иймд иргэн Э.Энхмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай ДЦС-3 ТӨХК нь Хөнгөн бетон ХК-тай гэрээ байгуулж технологийн уураар хангаж ажилладаг бөгөөд манай томоохон хэрэглэгчийн нэг юм. 2017 оноос хойш уурын төлбөрийн хугацаа хэтэрч төлбөрийн үлдэгдэл хуримтлагдсан тул Хөнгөн бетон ХК нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18062 үйлдвэрийн гудамж 70б байрны 21 тоот хаягт байрлах 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг уурын төлбөрт авахыг санал болгосны дагуу ТУЗ-д танилцуулж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ДЦС-3 ТӨХК, Хөнгөн бетон ХК, Э.Энхмөнх нарын хооронд Өр авлага барагдуулах гуравласан 1-2-265/18 тоот гэрээ байгуулсан.
Гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18062 Үйлдвэрийн гудамж 70б байрны 21 тоот хаягт байрлах 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 74,100,000 төгрөгөөр тооцож, Э.Энхмөнх 10,000,000 төгрөгийг урьдчилгаа өгч үлдэгдэл 64,100,000 төгрөгөөс 47,688,053.45 төгрөгийг хуримтлагдсан уурын төлбөрт суутгаж үлдэх 16,411,946.55 төгрөгийг цаашид хэрэглэх технологийн уурын төлбөрт суутган тооцох, Э.Энхмөнх тухайн орон сууцыг зориулалтын дагуу эзэмшиж, технологийн уурын төлбөр болох 64,100,000 төгрөгийг ДЦС-3 ТӨХК-д бүрэн төлж барагдуулснаар үл хөдлөх хөрөнгө Э.Энхмөнхийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.
Э.Энхмөнх нь гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18062 Үйлдвэрийн гудамж 70б байрны 21 тоот хаягт байрлах 57 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг Э.Энхмөнхийн нэр дээр шилжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 31-нд Өр авлага барагдуулах 1-2-265/18 тоот гэрээ дүгнэсэн болно.
Манай компани нь цахилгаан дулаан үйлдвэрлэдэг улсын үйлдвэрийн газар. Энэ компани нь Хөнгөн бетон ХК-тай гэрээтэй. Энэ дагуу төлбөр тооцоо нэлээн хуримтлагдаад энэ уурын төлбөрийг барагдуулахын тулд Хөнгөн бетон ХК-иас манай эзэмшлийн маргаан бүхий орон сууцыг авна уу гэдэг хүсэлт ирүүлсэн. Дулааны 3 дугаар цахилгаан станцын үндсэн үүрэг нь цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг болохоос биш орон сууц авах үндсэн зорилгогүй.
Тийм учраас төлбөрөө барагдуулаад нэгж ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гурвалсан гэрээ байгуулаад төлбөрөө барагдуулсан. Гэрээ дүгнэсэн акт гаргаад Э.Энхмөнхийн нэр дээр гэрчилгээ гаргах гэтэл манай нэр дээр бүртгэгдсэн байсан. Тэрийг компаниас албан ёсоор мэдээгүй байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын мэргэжилтэнтэй очиж уулзаж манай компанийн ажилтны нэр дээр болгоод өгнө үү гэдэг асуудал тавьсан. Гэтэл бид нар улсын бүртгэл яг яаж явагдсан, хувийн хэрэг дээр ямар тодорхойлолт байгааг мэдэх боломжгүй, гэхдээ хяналт шалгалт хийсэн байцаагчийн улсын бүртгэл төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Ер нь буруу бүртгэл болсон байна, хүчингүй болгох юм байна гэж хэлсэн.
Гэтэл одоо хэдэн жилийн дараа юмны үнэ ханш өссөн байгаа учраас шууд хүчингүй болгочихвол компани байрны үнэ ханш өссөн учраас эргээд маргаан үүсгэх магадлалтай гэсэн учраас улсын бүртгэлийн хяналтын байцаагч шийдвэрлэх боломжгүй гэж явуулсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манайх уурын төлбөрөө бүрэн барагдуулсан. Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Энхмөнх нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны ДЦС-3 ТӨХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргасан.
2.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч гэрээний заалтыг буруу ойлгож, ДЦС-3 ТӨХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд мэдүүлэг гаргасныг анзааралгүй өмчлөх эрхийг ДЦС-3 ТӨХК-ийн нэр дээр бүртгэсэн.
3.Сонгинохайрхан дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгч Э.Энхмөнх 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр /хэргийн 9 дэх тал/ Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцыг гэрээний дагуу өр авлагыг бүрэн төлж барагдуулсан тул өөрийн өмчлөлд бүртгүүлэх хүсэлт гаргаж, тус улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. /хэргийн 7 дахь тал/
4.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
5.Хөнгөн бетон ХК-иас ДЦС-3 ТӨХК-д 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр /хэргийн 53 дахь тал/ албан бичгээр уурын хэрэглээний хуримтлагдсан төлбөрийн үлдэгдэл өрөнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир-2 хороолол, 1 дүгээр орц, 4 давхрын 21 тоот орон сууцыг бартер солилцоогоор авахыг санал болгожээ.
6.ДЦС-3 ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар /хэргийн 52 дахь тал/ Зөвшөөрөл олгох тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол Очир-2 хотхонд байрлах 57 м.кв орон сууцыг Хөнгөн бетон ХК-иас технологийн уурын төлбөрт тооцон авч, өр авлагыг барагдуулсан.
7.ДЦС-3 ТӨХК, Хөнгөн бетон ХК, Э.Энхмөнх нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1-2-265/18 дугаар Өр авлага барагдуулах гурвалсан гэрээгээр /хэргийн 49 дэх тал/ ДЦС-3 ТӨХК нь Хөнгөн бетон ХК-иас технологийн уурын төлбөрт 57 м.кв хоёр өрөө орон сууцыг бартераар авч өөрийн ажилтан Э.Энхмөнхөд өмчлөлд шилжүүлж өр авлагыг харилцан тооцохоор тохирсон. Уг гэрээний 4.3-т Э.Энхмөнх нь авлагыг бүрэн төлж барагдуулснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах эрхтэйг дурдсан байна.
8.Нэхэмжлэгч нь Э.Энхмөнх нь Өр авлага барагдуулах 1-2-265/18 дугаар гэрээний 4.2-т заасны дагуу гэрээний хугацаанд сар бүр цалингаас тодорхой хэмжээний суутгал хийлгэж нийт 14,400,000.00 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 49,700,000.00 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, урьдчилгаа төлбөрт 10,000,000.00 төгрөг нийт 74,100,000.00 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Өр авлага барагдуулах 1-2-265/18 дугаар гэрээг дүгнэсэн акт /хэргийн 11 дэх тал/ болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
9.Хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Төрийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээр зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олж авна.” гэж заасны дагуу Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсаныг шууд буруутгах боломжгүй боловч гуравдагч этгээд ДЦС-3 ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол Очир-2 хотхонд байрлах 57 м.кв орон сууцыг Хөнгөн бетон ХК-иас технологийн уурын төлбөрт тооцон авч, Хөнгөн бетон ХК, Э.Энхмөнх нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1-2-265/18 дугаар гурвалсан гэрээгээр Э.Энхмөнхийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон талаарх баримтыг улсын бүртгэгч хянан үзээгүй бүртгэсэн.
10.Тодруулбал, ДЦС-3 ТӨХК болон гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэнг төлөөлөх эрхгүй Т.Гэрэлт-Одын гаргасан мэдүүлгээр ДЦС-3 ТӨХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох;” 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн;” гэж заасныг зөрчсөн байна.
11.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана, 8.1.1-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан”, 8.1.2-т “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй” 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” 8.1.4-т “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” 8.1.5-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй” 8.1.6-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан” 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.” гэж заажээ.
12.Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Э.Энхмөнх нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201051229 дугаартай 57 м.кв орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь нотлогдож байх тул Э.Энхмөнхийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.
13.Иймд нэхэмжлэгч Э.Энхмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны өмчлөгчөөр ДЦС-3 ТӨХК-ийг бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны өмчлөгчөөр Э.Энхмөнхийг бүртгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.2, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Энхмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны ДЦС-3 ТӨХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2201051229 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, Э.Энхмөнхийг өмчлөгчөөр бүртгэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо /хуучнаар 6 дугаар хороо/, ХМК, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70б байрны 21 тоот орон сууцны өмчлөгчөөр Э.Энхмөнхийг бүртгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН