Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02685

 

 

 

 

 

                          

 

 

 

 

                  2022       06           09   

           101/ШШ2022/02685

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С-н гаргасан,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Газар эзэмшүүлэх, ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн газрыг буцааж алданги 44,070,200.00 төгрөгийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Миний бие хариуцагч “Б” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийг орон сууцаар арилжих тухай гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн тоот нэгж талбарын дагууртай, тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 108 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрыг тус компанид шилжүүлсэн. Дээрх арилжааны гэрээний дагуу миний шилжүүлсэн газрын оронд хариуцагч нь тус газар дээр барилга барьж, барьсан орон сууцнаасаа 1 м.кв талбайг  1,600,000.00 төгрөгөөр тооцож 55 м.кв талбайтай орон сууц өгөхөөр харилцан тохиролцсон.

 

Би, гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ бүрэн биелүүлж, газар эзэмших эрхийг шүлжүүлэх гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлээд эрх бүхий байгууллага болох газрын албанд бүртгүүлж, газрын эзэмших эрхээ хариуцагч “Б” ХХК-нд шилжүүлэн өгсөн. Гэтэл хариуцагч “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй буюу гэрээний 6.1-д заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө орон сууцаа хүлээлгэж өгөх байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч орон сууц хүлээлгэж өгөөгүй.

 

Мөн гэрээний 8.2-т зааснаар хэрэв хариуцагч тал орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй бол 2018 оны 4 дүгээр сард багтаан гэрээгээр тохиролцсон газрын үнийг захиалагч талд төлж захиалагчийг хохиролгүй болгоно, 8.3-т гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэн захиалагчид орон сууц өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцож захиалагчид төлөх үүрэг үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч удахгүй мөнгийг чинь өгнө, хүлээж бай гэж олон удаа хойшлуулж намайг хохироосоор байна.

 

Иймд, 2016 оны 6 дугаарс сарын 08-ны өдөр хариуцагч “Б” ХХК болон нэхэмжлэгч Б.С нарын хооронд хийгдсэн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээг цуцалж, гэрээнд тусгагдсан дугаар бүхий нэгж талбартай, тоот дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хорооллын нутаг дэвсгэрт байрлах 108 м.кв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий газрыг хариуцагч “Б” ХХК-иас буцаан шижлүүлэн өгөхийг даалгаж, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 167 хоногийн алдангид 44,070,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Б" ХХК болон Б.С нар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийг орон сууцаар арилжих тухай гэрээг байгуулж, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололын нутаг дэвсгэрт байрлах 108 м.кв талбайтай амины орон сууцны зориулалт бүхий газрыг хариуцагч “Б" ХХК-ийн эзэмшилд шилжүүлээд тухайн газрыг нийтийн эзэмшлийн талбай болгон ашиглах зориулалтаар 60 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулах, шилжүүлсэн газрын төлбөрт 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан.

 

Тус компанийн тухайд Б.С болон бусад 3 иргэдийн амины орон сууц барих зориулалттай эзэмших эрхтэй газруудыг нийлүүлж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/90 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 679 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшихээр болж, газар эзэмших шийдвэр гарсан үеэс эхлэн барилга барих ажлыг эхлүүлэхээр хөөцөлдсөн боловч төрийн байгууллагын олон шат дамжлагатай хүнд суртал, зарим иргэдийн газар эзэмших эрх дуусгавар болсон зэрэг олон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд эхлүүлж чадаагүй.

 

Уг газарт 13 давхар барилга барихаар төлөвлөж, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр архитектор төлөвлөлтийн даалгаврыг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барилгын эх зургийг тус тус батлуулан, нженер хайгуулын “Э” ХХК-иар орон сууцны барилгын талбайд инженер геологийн судалгааны дүгнэлтийг хийлгэж, “Улаанбаатар цахилгаан түгээх” ТӨХК-иас цахилгааны техникийн, “Улаанбаатар дулаан сүлжээ” ХК-иас дулааны техникийн, Мэдээлэл холбооны газраас холбоо, дохиоллын техникийн нөхцлийг тус тус авсан.

 

Дээрхи барилгыг барихтай холбоотой зөвшөөрөлийг хөөцөлдөх, авах явц удааширсантай холбоотойгоор хөрөнгө оруулахаар тохиролцсон хувь хүн, хуулийн этгээдүүд тохиролцооноосоо буцсан тул барилга барих хөрөнгө, мөнгөний асуудалд хүндрэл үүссэн тул барилга барих тусгай эөвшөөрөлтэй, ажлын туршлагатай, өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээр барилга барих боломжтой гэсэн учир “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Б.Б-ын хэлж ярьсанд миний бие итгэж цаг хугацаа маш чухал байсан тул уг хүнтэй 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дугаартай газар болон түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус байгуулж, Б ХХК-ийн эрх, хувьцааг болон уг компанийн нэр дээр олгосон нэгж талбарын дугаар бүхий, дугаарын гэрчилгээтэй газрын эзэмших эрх, барилга барихтай холбоотой дээр дурдсан бүхий л зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг Б.Б-д худалдаж компанийн эрх, хувьцааг болон газрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.

 

Гэвч Б.Б шилжүүлэн авсан газар дээр барилгын ажлыг ч эхлүүлэх битгий хэл газар, барилга барихтай холбоотой зөвшөөрлийг бусдад үзүүлэн мөнгө төгрөг авах зэрэг хууль бус ажиллагааг явуулах болсноос гадна газрын төлбөрийг ч хууль болон гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүйгээс газар эзэмших эрх цуцлагдах ноцтой нөхцөл байдалд хүрсэн тул газрыг буцаан шилжүүлэн авахаас өөр арга байгаагүй. Б.Б-ын удаа дараагийн амлалт болон ярьж хэлж байгаа нь эргэлзээтэй, илт залилаад байсан учир түүнд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн  дугаартай прокурорын топгоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хариуг өгсөн.

 

Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Б-д холбогдуулан компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон газар түүний эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдийн дагуу шилжүүлсэн “Б” ХХК-ийн эрх, хувьцаа, тус компанийн эзэмшлийн газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг тус шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлсэн.

 

Дээрхи шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болж одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа буюу “Б” ХХК-ийг шилжүүлэн аваагүй байгаа. Тиймээс компанийн хувьцаа шилжүүлэн авсны дараа Б.С-ийн 108 м.кв талбайтай газрыг шилжүүлэн өгөх боломжтой болно. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрхийг орон сууцаар арилжих тухай гэрээнээс татгалзаж газраа буцаан авахаар шаардсан тул Иргэний хуулийн 205 дугаар зуйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний бие уг асуудлыг анхнаасаа мэдэж байсан, би ч хүртэлх өөрийнхөө эзэмшлийн газрыг тус компанид шилжүүлсэн бөгөөд Б.Б гэж хүний үйлдлээс болоод барилга баригдаагүй, нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар тодорхой санал гаргасан боловч тохиролцож чадсангүй” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 888,501.00 төгрөг төлсөн баримт,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  3. Газар эзэмших эрхийг орон сууцаар арилжих тухай гэрээ,
  4. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ,
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм,
  7. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,
  8. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,
  9. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3193 тоот шийдвэр,
  10. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.01.28-ны өдрийн 2711-3/346 тоот албан бичиг.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
  2. Компанийн эрх шилжүүлэх гэрээ,
  3. Худалдах, худалдан авах гэрээ,
  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  5. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
  6. “Б” ХХК-ийн дүрэм,
  7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.27-ны өдрийн 85 тоот шийдвэр.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.07.21-ний өдрийн 5/5078 тоот албан бичиг, хавсралт,

2.   Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.07.21-ний өдрийн 13/2738 тоот албан бичиг,

3.   Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021.09.06-ны өдрийн 03-06/5504 тоот албан бичиг, хавсралт,

4.   Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,

5.   Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах ахлагч Б.Мөнхболдын илтгэх хуудас,

6.   Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.05.27-ны өдрийн 4-189/1128 тоот албан бичиг, хавсралт.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч Б.С-ээс хариуцагч “Б” ХХК-нд холбогдуулан 132,070,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын дугаартай 108 м.кв талбайтай газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс алдангид 44,070,000.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэж өөрчилсөн /х.х-ийн 1, 2, 112, 113 хуудас/.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        1. Энэ хэрэгт шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б-д 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигч Т.Х нарт тус тус нэхэмжлэлийн хувийн гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна /х.х-ийн 43, 129, 133 хуудас/.

 

            Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Б, Т.Х нар бүртгэлтэй байсан тул тэдгээрт нэхэмжлэлийг хувийг гардуулсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.А-ийн тайлбарт дурдсанаар тэрбээр тус компанийн хувьцаа эзэмшигч болоод гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дээрх хоёр хүнд компанийнхаа хувьцааг 100 хувь шилжүүлсэн ба зохигчид тус компанийн гүйцэтгэх захирал Г.Г-ийг нас барсан гэсэн /х.х-ийн 33, 34, 69-74 хуудас/.

 

            Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00085 тоот шийдвэрээр Б.А-ийн нэхэмжлэлтэй Б.Б, Т.Х нарт холбогдох Б” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах, компанийн хувьцаа, газар шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна /х.х-ийн 143-150 хуудас/.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Б, Т.Х нар бүртгэлтэй байсан хэдий ч тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00085 тоот шийдвэрээр Б.А нь энэхүү компанийн хувьцаа эзэмшигч болсон тул байх түүнд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан /х.х-ийн 162, 183 хуудас/.

 

        1. Гэтэл хариуцагч Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “улсын бүртгэлд холбогдох өөрчлөлт ороогүй тул хэргийг хянан хэлэлцэх боломжгүй” гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00013 тоот захирамж, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01758 тоот захирамжийг тус тус албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагч “Б” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хийхийг хориглосон тул дээр дурдсан 101/ШШ2022/00085 тоот шийдвэрээр уг компанийн хувьцаа эзэмшигч болсон Б.Аийг бүртгэх ажиллагаа хийгдэхгүй байгаа ажээ /х.х-ийн 191-218 хуудас/.

   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т “зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” байх тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах учиртай.

 

            Гэтэл хариуцагч Б” ХХК нь татан буугдаагүй, харин хувьцаа эзэмшигч нь шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөн бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх учраас шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцуулсан гэж үзнэ.

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.С нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б” ХХК-тай газар эзэмших эрхийг орон сууцаар арилжих тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын дугаартай 108 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг 55 м.кв талбайтай орон сууцаар арилжахаар тохиролцсон байна /х.х-ийн 5-7 хуудас/.

 

Ингээд зохигчид газар эзэиших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч Б.С нь Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/397 тоот захирамжийн дагуу олгогдсон дээрх газрын эзэмших эрхийг хариуцагч Б” ХХК-нд шилжүүлэхээр болжээ /х.х-ийн 8, 13 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаар тус дүүргийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/190 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.Сийн эзэмшдэг 108 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг хариуцагч Б” ХХК-нд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 78-95 хуудас/.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж, мөн 274.2-т ”Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно” гэж тус тус заажээ.   Тайлбарлавал, арилжааны гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний үүргийн төрлийн хувьд талууд бие биеийнхөө өмчлөлд тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг харилцан шилжүүлэхээр тохиролцох бөгөөд уг харилцаанд дээр дурдсан хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ.

 

Тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

        1. Гэвч зохигч нарын байгуулсан гэрээний зорилго, зохицуулалт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэхээс илүүтэй ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээний буюу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагч болох нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүйгээр бодитоор бий болсон байх учиртай.

 

Зохигч нарыг тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл бодитоор бий болоогүй, барилгыг барих үйл ажиллагаа эхлээгүй байсан, орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бөгөөд гэрээний 2, 3, 4 дүгээр зүйлийг тус тус үзвэл хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Б.Сээс хамааралтайгаар тухайн орон сууцыг барих үүргийг хүлээсэн байна.

 

Тодруулбал, хэдийгээр арилжаа буюу худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь бараа буюу гэрээний зүйлийг бэлтгэн нийлүүлж, бий болсон зүйлийг /ажлын процесс явагдах/ худалдан авагчид өгөх үүргийг хүлээдэг боловч уг ажиллагааг худалдан авагчаас хамааралгүйгээр гүйцэтгэж, түүний өмчлөлд шилжүүлдэг. Гэтэл талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч “Б” ХХК-ийг тус орон сууцыг барьж гүйцэтгэхэд нь нэхэмжлэгч Б.С нь ажил гүйцэтгэх хугацаа болоод барилгын хийц, чанар, зохион байгуулалт, дотоод засал чимэглэл, өнгө хийц зэрэгт хяналт тавих, зохион байгуулалтыг өөрчлөх хүсэлт гаргах, мөн барилгын ажлын зардал нэмэгдсэн тохиолдолд илүү гарсан зардлыг төлөх эрх, үүргийг хүлээсэн байгаагаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар гэрээний талууд үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу аль нэг талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч Б.С нь гэрээний зүйл болох 108 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг 1 м.кв талбайг 1,600,000.00 төгрөг, нийт 88,000,000.00 төгрөгөөр тооцон шилжүүлж, улмаар 55 м.кв талбайтай орон сууцыг барьж дуусгасан тохиолдолд өмчлөх эрхийн хамт шилжүүлэн авахаар тохиролцсон уг гэрээний дагуу газрын эзэмших эрхийг “Б” ХХК-нд шилжүүлсэн байна.

 

Гэтэл зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Б” ХХК нь гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг барьж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүргээ огт биелүүлээгүй байна. 

 

        1. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж, түүнчлэн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар хариуцагч нь гэрээний зүйл болох 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өнөөдрийг хүртэлх хугацаанд барьж гүйцэтгээгүй гэснийг хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигчдыг энэ талаар маргаагүй гэж тооцно.  

 

Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан ч хариуцагч нь үүргээ тийнхүү хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, хариуцагч “Б” ХХК-ийг 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

        1. Нэхэмжлэгч Б.Сийн шүүхэд өгсөн нэхэмжлэл болоод түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь бий болоогүй 55 м.кв талбайт орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчаас шилжүүлэнөгсөн  108 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг буцаан нэхэмжилж байх тул нэхэмжлэгчийг хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүсэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Тайлбарлавал, зохигчдын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд ингэхдээ 225, 226 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх учиртай юм.

 

Тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг. Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Сийн зүгээс хариуцагч “Б” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг 2018 оны 04 дүгээр сараас хойш хүлээсэн байна.

 

Талуудын гэрээгээр тохиролцсон 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь гэрээ байгуулагдмагц бий болох ажлын үр дүн бус, харин бодитоор бий болгоход урт хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах буюу цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд тухайлан зохицуулсан. 

 

Тодруулбал, энэ хуулийн 221.1, 221.3-д тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл /гэрээг зөрчсөн/ байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

 

Гэвч нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Б” ХХК-ийг 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж өгөх хугацааг хэтрүүлснээс хойш 3 жил гаруй хугацаанд хүлээсэн, нөгөө талаар талуудын тайлбараар энэхүү компани уг орон сууцыг барьж гүйцэтгэхгүй болох нь илэрхий болсон байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол энэ хуулийн 204.2, 219.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцалж болно.

 

Иймд, нэгэнт хариуцагч “Б” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, нэхэмжлэгч Б.С нь уг зөрчлийг үндэслэн орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байх тул тэрээр гэрээг цуцлах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч Б.С нь гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч “Б” ХХК-ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчээс авсан 108 м.кв талбайтай газар эзэмших эрхийг түүнд буцаан өгөх үүрэгтэй болно.

 

        1. Зохигч нарын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар талууд үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохирчээ. Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэг гүйцэтгэгч этгээд нь хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгүүлэгчийн алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн үүргийг хүлээн авсан тохиолдолд алданги төлөх үүрэг үүсдэг. 

 

Харин үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзаж, улмаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний бүхий л тохиролцоо мөн адил цуцлагддаг тул ажил гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт гэрээ цуцлагдсан байхад хүчин төгөлдөр хэрэгжихгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчийг 108 м.кв талбайтай газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 44,070,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 132,070,200.00 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 818,301.00 төгрөгийг төлсөн бөгөөд 108 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 88,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” гэж зааснаар 88,000,000.00 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагчаас 597,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “Б” ХХК-нд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын дугаартай 108 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Сд буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 44,070,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,301.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 597,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР