| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/1069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1384 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1384
2025 05 23 2025/ШЦТ/1384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Хохирогч Я.Х,
Шүүгдэгч Б.О,
Шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-ийн О, Б овогт А-ийн У нарт холбогдох эрүүгийн 2406 09128 0514 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр **** хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 өвөө, эмээ, ахын хамт **** дүүргийн ** дүгээр хороо, **** ** гудамжны *** тоотод оршин суух хаягтай, регистрийн ******** дугаартай, О овогт Б-ийн О,
2. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 нөхөр, 5 хүүхдийн хамт ***** дүүргийн ** дугаар хороо, ***** сан ** гудамжны ** тоотод оршин суух хаягтай,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 03 хоног баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 709 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн *** дугаартай, Б овогт А-ийн У.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О, А.У нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө ***** дүүргийн *** дүгээр хороо, “****” нэртэй нийтийн караокед Я.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч А.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Я.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 31-ний шөнөөс 12 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө эгчтэйгээ хамт караокед суусан. Тэгээд намайг тамхи татах гээд гараад ирэхийн хооронд манай эгчтэй энд сууж байгаа шүүгдэгч нар гэх эмэгтэйчүүд маргалдсан байсан. Б.О, А.У гэх энэ эмэгтэйчүүд намайг үсдэж, өшиглөж биед маань халдсан. Миний эрүүл мэндэд хэрхэн халдсан болох нь хяналтын камерт бичигдсэн байгаа. Би шүүх эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Энэ явдлын улмаас хамрын таславчийн хагалгаанд орох шаардлагатай болсон, хамрын хагалгаанд ороход 3.500.000 төгрөг шаардлагатай болсон. Би шүүгдэгч нараас хамрын таславчийн хагалгааныхаа төлбөрийг гаргуулж авмаар байна. Би энэ хүмүүст зодуулчхаад өөрөөсөө мөнгө гаргаж хамраа эмчлүүлэх ёсгүй гэж бодож байна...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9, 10-14 дэх тал/,
Хохирогч Я.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 дахь тал/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 100 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,
Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/,
Яллагдагч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 дахь тал/,
Яллагдагч А.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 дэх тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.О, А.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А.У-аас, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.О-аас тус тус гэрчээр мэдүүлэг /хх-ийн 28, 31 дэх тал/ авсан нь тэднийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.
Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.
Иймд шүүгдэгч А.У, Б.О нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.О, А.У нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө ***** дүүргийн ** дүгээр хороо “*****” гэх нэртэй нийтийн караоке дотор хохирогч Я.Х-тай маргаан үүсгэж, улмаар өс хонзонгийн сэдэлтээр караоке баарны гадна талд Б.О, А.У нар нь бүлэглэн хохирогч Я.Х-ийн биед зүүн чамархайн үсний халцрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний зовхи, шанаа, зүүн бугалга, сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун тохойд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.О, А.У нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө ***** дүүргийн ** дүгээр хороо “*****” гэх нэртэй нийтийн караоке дотор хохирогч Я.Х-тай маргаан үүсгэж, улмаар өс хонзонгийн сэдэлтээр караоке баарны гадна талд Б.О, А.У нар нь бүлэглэн хохирогч Я.Х-ийн биед зүүн чамархайн үсний халцрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний зовхи, шанаа, зүүн бугалга, сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун тохойд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч А.У-ын зүгээс тухайн цаг хугацаанд өөрөөс нь гадна 4 хүн байсан, тэр хүмүүс бас энэ хэрэгт хамааралтай гэх агуулга бүхий байр суурийг илэрхийлж байна. Гэвч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогчийн биед шүүгдэгч А.У, Б.О нараас өөр этгээд гэмтэл учруулсан болох нь тогтоогддоггүй. Тухайн цаг хугацаанд хэргийн газарт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж шаардлагатай арга хэмжээг авсан болохыг хэлэх нь зүйтэй байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 319.000 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилсэн. Мөн энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 124.762 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгч нар нь дээрх хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул дээрх хохирол төлбөрийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Уг зэрэглэлд тогтоогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.О, А.У нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Яллагдагч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, бааран дотор болсон зодооноос үргэлжилж гадаа хохирогч эмэгтэйтэй дахин маргалдаад бид 2 хамт газарт унасан. Намайг газарт унасан байдлыг У гэх манай найз хараад Х гэх эмэгтэйн үснээс зулгаагаад газарт унагаагаад нүүр хэсэгт нь 2 удаа цохихоор нь би очоод нүүр хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Ингэж тухайн гэмтлүүд учирсан байх гэж бодож байна. Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дахь тал/,
Яллагдагч А.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зодуулсан гэх эмэгтэйн биед учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ бид нар бааранд ч баарны гадна ч зодолдсон бөгөөд би ганцаараа учруулсан гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дэх тал/ тус тус авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9, 10-14 дэх тал/,
Хохирогч Я.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**** **”-ын автобусны буудлаас уруудаад караокед 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд бааранд ороод 23 цагийн орчимд манай эгч Б үл таних хүмүүстэй муудалцаад манай эгчийг зодоод би салгах гэж нэг хүнийх нь үснээс зулгаагаад татсан. Намайг тэр үл таних эмэгтэй “одоо хоёулаа үзье” гээд намайг үсдээд тэгээд энэ тэндээс 5 хүн зодоод эхэлсэн. Би ер нь бол согтуу байна. Нэг хүний 6 ширхэг пиво уусан. Хяналтын камер байгаа. ... Би 2024 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө танил үсчин эгч болох Б-тэй ****-р хорооллын орчим байрлах “*****” нэртэй караокед ороод тус бүр 4, 4 шилтэй шар айраг аваад ууж байгаад би гадаа гараад тамхи татаад ороод ирсэн чинь Б тухайн газарт үйлчлүүлж байсан эмэгтэйчүүдэд зодуулсан гээд зогсож байхаар нь аваад ширээн дээрээ очоод суусан чинь Б нь “чи намайг зодуулж байхад хаана байсан юм” гээд уйлаад байхаар нь би аргадаад яасан юм гэхэд хаалганы орчим байрлалтай ширээн дээр сууж байсан 1 эмэгтэй бид хоёр луу орилоод байхаар нь би олуулаа байгаа юм чинь зодуулах нь тодорхой гэж бодоод “та нар одоо больчих” гэхэд өөдөөс орилж чарлаад дайраад байсан ба нэг мэдэхэд бид нар дээр доороо орчихсон нэгнийгээ үсдээд эхэлсэн. Тэгээд 5 орчим минут нэгнийгээ үсдэж байгаад хүмүүс ирээд бид нарыг салгаад Б бид 2 ширээн дээрээ очоод байж байтал нэг эмэгтэй ирээд “чи яасан их үсэддэг юм” гээд миний ягаан өнгийн гадуур хувцсыг аваад гарчихаар нь би араас нь дагаж гараад зогсож байтал бааранд миний үснээс зулгаасан эмэгтэйтэй би маргалдаад бид 2 газарт унаад би босоод ирэхэд араас цагаан өнгийн куртик өмссөн нэг эмэгтэй “намайг У гэдэг, намайг мэдэх үү” гээд орилж ирээд миний үснээс зулгаагаад хойш нь татаж унагаад нүүр хэсэгт 4-5 удаа цохиход миний газарт хамт унасан эмэгтэй босож ирээд миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд хүмүүс ирж тэр 2 эмэгтэйг надаас салгасан. Би гадаа гараад У гэх эмэгтэйд үснээсээ зулгаалгаж тухайн эмэгтэй миний үснээс зулгаагаад 2-3 метр газарт чирсэн. Миний биед учирсан гэх гэмтлүүдийг У болон О нар л миний үснээс зулгаагаад мөн нүүрэнд маш олон удаа цохисон. Би тухайн цохилтуудыг хамгаалахын тулд 2 гараа нүүрэн дээрээ тавьж хамгаалахад миний зүүн гар маш их гэмтсэн. Миний зүүн чамархайн болон чихний ар хэсэгт үс унаж халцарсан, энэ гэмтлээс болоод би хүний нүүр лүү харж ярилцаж чадахгүй болж мөн миний зүүн гар маш их гэмтсэн тул би ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа 14 хоног алдаж ажлаа хийж чадаагүй, гэрээс гарч чадахгүй хэцүү байсан. Би надаас гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, мөн сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгомоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 дахь тал/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн газарт бид 2 тус бүр 4,4 шилтэй шар айраг худалдаж авч уугаад тайзан дээр бүжиглэж байгаад би нэг эмэгтэйтэй маргалдаж эхэлсэн ба тухайн эмэгтэйн сууж байсан ширээн дээр 4- 5 эмэгтэй хамт явж байсан. Тэгээд маргаан ширүүсэж би тухайн эмэгтэй болон хамт явж байсан эмэгтэйчүүдтэй нь 5 орчим минут нэгнийхээ үснээс зулгааж байгаад больцгоосон. Тэгээд дотор хэрэлдэж байгаад тухайн эмэгтэйчүүд Х бид хоёрыг "гараад ир ална та хоёрыг" гээд дуудаад байхаар нь бид хоёр гараад очсон. Гараад баарны үүдэнд шорлогийн хажууд Х нэг эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байсан санагдаж байна би тухайн үед цагдаа дуудсан. Баарны гадаа зогсож байхад нэг эмэгтэй ирээд Х-ийн араас үсдээд газарт унагаагаад нүүр хэсэгт нь цохиж өшиглөхөд 2 эмэгтэй нэмэгдэж ирээд Х-г цохиж өшиглөөд байсан. Би баарны дотор талд хүмүүстэй үсдэлцсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай: “...Я.Х-ийн биед зүүн чамархайн үсний халцрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний зовхи, шанаа, зүүн бугалга, сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун тохойд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,
Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11-р сарын 30-ны орой 21 цагийн үед О, У, Ц нартай **-р хорооллын орчим байдаг “*****” нэртэй бааранд орж согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би тухайн баарны текний хажууд дуу захиалаад зогсож байгаад эргээд харахад надтай хамт явж байсан хүмүүс нь 2 эмэгтэй хүнтэй үсдэлцээд байж байхаар нь би очоод салгах гэхэд нэг эмэгтэй нь миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйн ар дагз хэсэгт гарынхаа алга хэсгээр 3 удаа дээрээс нь цохисон гэхдээ хүчтэй цохисон зүйл байхгүй. Тэгээд бид нар 2 тийш салаад би ширээн дээр нь очоод "чи намайг зүгээр байхад яагаад үсдэж байгаа юм бэ. Намайг үсэдсэн болохоор чинь би толгой руу чинь цохичихсон шүү намайг уучлаарай, чи одоо гадаа гараад манай найзуудтай эв зүйгээ олчихоо" гэж хэлээд би гадаа гарахад манай нөхрийн найз Н гэх залуу намайг машин дээр аваачаад үлдээсэн тэгээд би машинаас огт буугаагүй гадаа юу болсон талаар юу ч мэдэхгүй. Миний зүүн гарын шуу хэсэгт бага зэрэг хөхөрч хавдсан. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/-ээр шүүгдэгч Б.О, А.У нарын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Хүндрүүлэх шинжийн хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол…” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад “...бүлэглэж...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.О, А.У нар нь бүлэглэж хохирогч Я.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11-р сарын 30-аас 12-р сарын 01-нийг шилжих шөнө 22 цагийн үед өөрийн таньдаг дүү болох Х-тай ***** дүүргийн **-р хорооллын орчимд байрлалтай нийтийн караокед орсон. Тухайн газарт бид 2 тус бүр 4,4 шилтэй шар айраг худалдаж авч уугаад тайзан дээр бүжиглэж байгаад би нэг эмэгтэйтэй маргалдаж эхэлсэн ба тухайн эмэгтэйн сууж байсан ширээн дээр 4- 5 эмэгтэй хамт явж байсан. Тэгээд маргалдаан ширүүсэж би тухайн эмэгтэй болон хамт явж байсан эмэгтэйчүүдтэй нь 5 орчим минут нэгнийхээ үснээс зулгааж байгаад больцгоосон. Тэгээд дотор хэрэлдэж байгаад тухайн эмэгтэйчүүд Х бид хоёрыг "гараад ир ална та хоёрыг" гээд дуудаад байхаар нь бид хоёр гараад очсон. Гараад баарны үүдэнд шорлогийн хажууд Х нэг эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байсан санагдаж байна би тухайн үед цагдаа дуудсан. Баарны гадаа зогсож байхад нэг эмэгтэй ирээд Х-ийн араас үсдээд газарт унагаагаад нүүр хэсэгт нь цохиж өшиглөхөд 2 эмэгтэй нэмэгдэж ирээд Х-г цохиж өшиглөөд байсан. Би баарны дотор талд хүмүүстэй үсдэлцсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай: “...Я.Х-ийн биед зүүн чамархайн үсний халцрал, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний зовхи, шанаа, зүүн бугалга, сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун тохойд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,
Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11-р сарын 30-ны орой 21 цагийн үед О, У, Ц нартай **-р хорооллын орчим байдаг “*****” нэртэй бааранд орж согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би тухайн баарны текний хажууд дуу захиалаад зогсож байгаад эргээд харахад надтай хамт явж байсан хүмүүс нь 2 эмэгтэй хүнтэй үсдэлцээд байж байхаар нь би очоод салгах гэхэд нэг эмэгтэй нь миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйн ар дагз хэсэгт гарынхаа алга хэсгээр 3 удаа дээрээс нь цохисон гэхдээ хүчтэй цохисон зүйл байхгүй. Тэгээд бид нар 2 тийш салаад би ширээн дээр нь очоод "чи намайг зүгээр байхад яагаад үсдэж байгаа юм бэ. Намайг үсэдсэн болохоор чинь би толгой руу чинь цохичихсон шүү намайг уучлаарай, чи одоо гадаа гараад манай найзуудтай эв зүйгээ олчихоо" гэж хэлээд би гадаа гарахад манай нөхрийн найз Н гэх залуу намайг машин дээр аваачаад үлдээсэн тэгээд би машинаас огт буугаагүй гадаа юу болсон талаар юу ч мэдэхгүй. Миний зүүн гарын шуу хэсэгт бага зэрэг хөхөрч хавдсан. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Б.О, А.У нар нь Я.Х-ийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Хохирогч Я.Х-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Я.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч Б.О, А.У нарын гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Я.Х нь Эрүүл мэндийн сангаас 124.762 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан байна. /хх-ийн 98 дахь тал/
Мөн хохирогч Я.Х нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 319.000 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилжээ. /хх-ийн 99 дэх тал/
Шүүгдэгч нар нь дээрх хохирол, төлбөрийг төлж барагдуулах зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд бүрэн төлж барагдуулсан байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “…Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, …-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана…” гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр (цаашид "хүснэгт" гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ…” гэжээ.
Тодруулбал шүүх шинжилгээний байгууллага хүснэгтээр тогтоосныг шинжилгээ хийсэнтэй адилтгаж үзэх юм. Гэтэл үүнийг мөрдөх байгууллага тогтоож /хх-ийн 100 дахь тал/ байгаа нь хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрх эдэлж буй юм.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Я.Х нь сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон цаашид учирч болох гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.О, А.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч А.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Хохирогч Я.Х нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Шүүгдэгч А.У нь 5 хүүхэдтэй гэсэн тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.О нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч А.У улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 72 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64, 86 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.О, А.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учирсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О, А.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн тус тусын нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.О, А.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,
шүүгдэгч А.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.О, А.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б-ийн О, Б овогт А-ийн У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Од 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар,
А.Уд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.У-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Хохирогч Я.Х нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О, А.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, А.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ