Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б*******т холбогдох эрүүгийн 2515000000129 дугаартай, 304/2025/0139/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы Б*******, Булган аймгийн ******* суманд 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн *******  сумын 5 дугаар баг, 3 дугаар хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг,

урьд Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 02 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 06 сарын хугацаагаар тогтоосон,

Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 37 настай, эрэгтэй, /*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б******* нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт /С.*******ын гэрт/ хохирогч П.******* нь түүнээс гар утсаа авахаар очиж, “гар утсаа авъя” гэхэд, “гар утас чинь байхгүй, дэлгүүрт тавиад архи уучихсан” гэх байдлаар уурлаж, хохирогчийн хүзүү орчимд цохих, заамдаж боох, архины шилээр толгойн тус газарт нь цохих зэрэг үйлдлийн улмаас  хохирогч П.*******ын биед  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515000000129 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Б******* нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт /С.*******ын гэрт/ хохирогч П.******* нь түүнээс гар утсаа авахаар очиж, “гар утсаа авъя” гэхэд, “гар утас чинь байхгүй, дэлгүүрт тавиад архи уучихсан” гэх хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, хохирогч П.*******ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******ийн өгсөн: Өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Хохирогч П.*******ын өгсөн “... Би 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд ******* сумын 5 дугаар багийн нутаг хойд хороонд байрлах Санжаагийн Шар/Санжаагийн *******/-ын гэрт очоод *******ы Шар/*******ы Б*******/-аас гар утсаа авъя гэж хэлэхэд гар утас чинь байхгүй дэлгүүрт тавиад архи авчихсан сим ээ ав гээд миний сим картыг өгөхөөр гар утсаа авна гэж хэлэхэд над руу согтуудаа уурлаж хүзүүний ар хэсэг рүү гараа нэг удаа цохиод авахаар нь уурлаад маргалдаж байтал намайг 2-3 удаа заамдаж боохоор нь ноцолдож байгаад салахад архины шилээр миний толгойны баруун талын шанааны дээд хэсэгт нэг удаа цохиж хагалсан ба цус их гоожсон мөн миний баруун талын хавирга, зүүн талын гуяны ар хэсэг, баруун талын хөлийн гуяны урд талд тус тус өшиглөж намайг зодож цохсон. Тэгээд би уг гэрээс гарч гүйгээд хүнээр урд хороонд байрлах гэртээ хүргүүлсэн юм. Тэгээд гэртээ хариад унтаад маргааш өглөө нь 11 цагийн орчимд гэртээ байж байтал манай бага эгч /99459535/ ирээд намайг эмнэлэг явах хэрэгтэй гэж хэлээд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд миний толгойны баруун талын шанаа дээр хэсэгт 6 см-ийн хэмжээтэй хуйх зүсэгдсэн байна гэж хэлсэн юм. Мөн Б******* нь миний баруун талын долоовор хуруунаас нэг удаа хазсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,

3.Иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: “...Хохирогч Б.*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 542.960 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4. Гэрч П.гийн өгсөн: "...Би 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэртээ байж байтал манай гэрт хүн орж ирээд танай дүү ******* хүнд зодуулаад цус нөжтэйгөө хутгалдаад аймаар болсон мэдсэн үү? гэж хэлэхээр нь утас руу залгахад утас нь холбогдохгүй болохоор нь хаагуур байгааг нь олох гээд гараад явж байтал манай ангийн /Баяраатай/ таараад өчигдөр ******* нь цус нөжтэйгөө хутгалдаад явж байхаар нь урд хороонд байрлах гэрт нь хүргэж өгсөн гэж хэлэхээр нь дүүгийнхээ гэрт яваад очиход гэртээ хэвтэж байсан. 2025.06.04-ний өдөр хойд хороонд *******ы Шар/Б*******/-д зодуулсан гэж хэлсэн. Баруун талын шанааны дээд хэсэгт зүсэгдсэн хуух хэсэг нь язарсан байдалтай толгой өвдөөд босож чадахгүй байна гэж хэлэхээр нь 2025.06.04-ний 20 цагийн орчимд сумын эмнэлэг дээр авч очоод үзүүлэхэд баруун талын шанааны дээд хэсэгт 6 см орчим зүсэгдсэн мөн бусад өөр бага эрэг зүсэгдсэн газар байсан ба эмч үзээд оёдол тавих боломжгүй яаралтай ирэх байсан боловч ирээгүй удсан гэж хэлсэн ба даралт их байсан учраас даралтын эм өгөөд шарханд цэвэрлэгээ хийж өгөөд биед нь үзлэг хийхэд баруун талын гуяны урд хэсэг, зүүн талын гуяны ар хэсэг хоёр өвдөг хэсэг нь хөхөрсөн, баруун гарын долоовор хуруу шархалж хавдсан, хоолойны хэсэг боож хавдсан, нурууны ар хэсэг хөхөрсөн байдалтай байхаар нь Цагдаагийн хэсэг орж хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн юм..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

5. Гэрч Б.ын өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15-16 цагийн орчимд ******* сумын 5 дугаар багийн нутаг хойд хороонд байрлах “Тэнгис” дэлгүүрт талхнуудаа өгөөд байж байтал П.*******ын толгой хэсэг нь цус болчихсон хүнд зодуулчихлаа гэрт хүргээд өгөөч гэхээр нь машиндаа суулгаад урд хороонд байрлах төрсөн ах болох Одонхүү ахынхаа гэрийн гадна бууна гэхээр нь тухайн газарт буулгаж өгөөд гэртээ харьсан өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 6. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан БУЛ0725/206 дугаартай дүгнэлтээр П.*******ын биед “хуйханд шарх” бүхий ХӨНГӨН  зэргийн гэмтэл тогтоогдсон нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд ХӨНГӨН хохирол учирсан гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Э.Б******* нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт /С.*******ын гэрт/ хохирогч П.******* нь түүнээс гар утсаа авахаар очиж, “гар утсаа авъя” гэхэд, “гар утас чинь байхгүй, дэлгүүрт тавиад архи уучихсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч П.*******ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Б*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Б*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Э.Б*******ийн бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Э.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Э.Б*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч П.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 Иргэний нэхэмжлэгч  Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд зарцуулсан 542.960 төгрөгийг шүүгдэгч Э.Б*******ээс гаргуулж,  Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Б*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Э.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналыг,

Шүүгдэгч Э.Б******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 46-72 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоол, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Б******* нь Булган аймгийн *******  сумын 5 дугаар баг, 3 дугаар хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б******* нь 6 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаа зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Э.Б*******ийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг  15 /арван таван/ нэгжээр тооцож эдлэх ялаас 90.000 /ерэн мянган/ төгрөгийг хасаж, торгуулийн ялыг 510.000 /таван зуу арван мянган/ төгрөгөөр тогтоосугай. 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б******* нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 6 хоногтой болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүгдэгч Э.Б*******ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******ээс иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан /Б.*******/-д учирсан 542.960 /таван зуун дөчин хоёр мянга есөн зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ