| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2022/03549/И |
| Дугаар | 101/ШШ2022/03705 |
| Огноо | 2022-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/03705
| 2022 09 08 | 101/ШШ2022/03705 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н-18 СӨХ /гэрчилгээний дугаар: 168/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О овогт Э-гийн О -т холбогдох,
1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.П,
Хариуцагч Э.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н-18 СӨХ нь Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 18 дугаар байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж байна. Тус орон сууцны 46 тоотод байрлах сууц өмчлөгч Эгийн О нь 2017 оны 5 дугаар сараас 2022 оны 4 саруудын нийтийн зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, нийтийн эзэмшлийн цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр 1,800,000 төгрөгийн СӨХ-д төлөөгүй байна. Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбондсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу 1,800,000 төгрөгийг СӨХ-д төлөх үүрэгтэй байна.
Мөн Э.Оийн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас бусад оршин суугчдийн эрх ашиг зөрчигдөж, СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааны зардал /нотариатын хөлс болон бусад/ нийт 1,800,000 төгрөг болсон тул уг мөнгийг нэмж нэхэмжилж байна.
Тиймээс Э.Оээс нийт 1,800,000 төгрөгийг гаргуулж Н-18 СӨХ-д олгож өгнө үү. гэв.
2. Хариуцагч Э.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э овогтой О нь тус байрыг худалдан авсныхаа дараа түрээслүүлэх зорилгоор иж бүрэн засвар хийсэн боловч хэдхэн сарын дараа дээврээс ус гоожиж тааз, хана, гэрэл, цахилгааны монтаж гэх зүйлс эвдэрсэн. Энэ тухай СӨХ-нд хэлэхэд СӨХ-ны дарга Сараа та нарт боломж байвал дээврийн засвараа өөрсдийн байрны засвартайгаа хийчихвэл сар бүрийн СӨХ-ны мөнгөнөөс суутгаж явъя гэж хэлсэн. Бид дахин засвар хийгээд өөрсдөө амьдарч эхэлсэн. Хэдэн жилийн дараа дахин ус гоожиж эхэлсэн. Дахин СӨХ-ны даргадаа хэлж, тэд засвар хийсэн ч ус гоожсоор л байсан. Энэ хугацаанд ус гоожих тоолонд манай гэрэл, хана, тааз, обой байнга эвдэрч, хохирч байсан ч СӨХ-ноос огт манай хохирлыг барагдуулж байгаагүй. Удалгүй СӨХ-ны дарга солигдож, үүнээс хойш ус гоожих тоолонд шинэ СӨХ-ны дарга Пд харуулж, үзүүлж байсан. Шинэ СӨХ-ноос дахин засвар хийсэн ч ус алдах нь хэвээрээ байсан болохоор П дарга одоо л сайн засвар хийнэ гээд дахиад засвар хийсэн. Ингээд ус гоожилгүй нэг хэсэг явсан. Бид байрандаа супер засвар хийлээ, одоо яг гоожихгүй биз гэж даргаас асууж байгаад супер засвараа хийсэн. Үүнээс хойш 2-3 жилийн дараа дахин ус алдаж, бид мөн л бүх засвар, бүх гэрэл чийдэнгээрээ хохирсон. Энэ бүгдийг П дарга өөрийн биеэр орж ирэн хардаг байсан боловч манайх нэг ч удаа хохирлоо барагдуулж байгаагүй. Үүний дараа СӨХ-ноос дахин засвар хийсэн ч одоог хүртэл манай тааз руу дээврийн ус нэвтэрсээр байгаа. Ийм учраас би СӨХ-ны мөнгийг төлөлгүй явсан. Бид хохирлоо барагдуулах юм бол СӨХ-ны мөнгөө хэвийн төлөх болно.гэв.
3. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сууц өмчлөгчдийн холбооны 168 дугаартай гэрчилгээний хуулбар, 2017 оны 5 сараас 2022 оны 4 сар хүртэлх хугацааны нэхэмжлэх /бэлэн гүйлгээ/, 2014.06.05-ны өдрийн 1 дугаартай Н-18 СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,
Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н-18 СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд 1,800,000 төгрөгийг хариуцагч Э.Оээс гаргуулахаар нэхэмжилж байна.
3. Хариуцагч нь СӨХ-ны төлбөрийг төлөхгүй үндэслэлээ дээврээс ус гоожиж, хана, тааз, гэрэл, цахилгааны монтаж зэрэг эвдэрсэн, СӨХ-дөө хэлэхэд өөрөө засчих дараа нь СӨХ-ийн төлбөрөөс суутгая гэж хэлсэн. Би 2013 онд 6,000,000 төгрөгөөр дээврийн засвар хийсэн, 4 удаа байраа зассан, СӨХ-өөс засварын мөнгө өгөөгүй тул СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.
4. Нэхэмжлэгч Н-18 СӨХ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 18 дугаар байранд СӨХ-ны үйл ажиллагаа хариуцан ажилладаг болох нь Н-18 СӨХ-ны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-2/
Баянзүрх дүүрэг, 6 дүгээр хороо, 13 дугаар хороолол, 18 дугаар байр, 46 тоот орон сууцны СӨХ-ны төлбөрийг 2017 оны 5 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустал 60 сарын хугацаанд төлөөгүй, 1,800,000 төгрөг хуримтлагдсан болох нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан 18 дугаар байрны 46 тоот СӨХ-ны төлбөрийн жагсаалт, төрийн банкны төлбөрийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байна.
Зохигч талууд шүүх хуралдаанд тайлбарлахдаа энэ хугацаанаас өмнө буюу 2014 оны 05 дугаар сараас эхэлж СӨХ-ийн төлбөр төлөөгүй боловч зарим хугацааны мөнгийг оруулаагүй хасаад 2017 оны 5 сараас нэхэмжилж байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч үүнийг үгүйсгээгүй байна.
Н-18 СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2014 оны 06 сарын 05-ны өдрийн 1 тоот шийдвэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хэлэлцэж тогтоосон байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасантай нийцэж байна. /хх-23/
Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй юм.
Хариуцагч нь орон сууцны өмчлөгч ба дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээнд маргаагүй ба харин орон сууцны дээврээс ус гоожсоны улмаас дээврийг өөрийн зардлаар зассан, удаа дараа ус алдаж надад хохирол учруулсан тул СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй гэх боловч хариуцагч нь дээврийн засварт хэдэн төгрөгийн зардлыг гаргасан талаарх тооцоо, түүнийг нотлох баримт байхгүй ба хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан Н-18 СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр 12 давхрын 46 тоот өрхийн дээврээс ус гоождог байсан тул засвар үйлчилгээний үнэ 13,900 төгрөгийг хасч 16,100 төгрөгөөр авахаар шийдвэрлэсэн баримт байна.
Дээрх хурлын шийдвэрт 2022 он гэж бичигдсэн ба хэзээнээс хэзээ хүртэл хэрэгжих нь тодорхойгүй байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар 2017 оны 5 сараас өмнөх төлбөрийг нэхэмжлээгүй гэж байгаа тул баримтын хүрээнд 2017 оны 5 сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустал нийт 60 сарын төлбөрт сар бүр 30,000 төгрөгөөр тооцож 1,800,000 төгрөг гарсныг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Э.Оээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-18 СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,800,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Э.Оээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н-18 СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ