| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2022/00462/И |
| Дугаар | 132/ШШ2022/00504 |
| Огноо | 2022-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 132/ШШ2022/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х*******ын П******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******ын Д******* -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 169,376,000 /нэг зуун жаран есөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай132/2022/00462/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.П*******,
Хариуцагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.П******* нь хариуцагч Б.Д*******д холбогдуулан 169,376,000 /нэг зуун жаран есөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б.Д******* нь санхүүгийн хэрэгцээ шаардлага тулгарсан гэх шалтгаанаар надаас 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн 2021 оны 9 дүгээр сарын дунд үе хүртэл хугацаанд нийт 84,600,000 төгрөгийг авсан. Зээлсэн мөнгөндөө хүү төлж явж байсан учир би мөнгө зээлээч гэх тоолонд нь мөнгө зээлүүлдэг байсан. 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр үндсэн зээл болон хүү нэмэгдээд 134,000,000 төгрөг болсон учир зээлийн гэрээ хийж, нотариатчаар батлуулсан. Б.Д******* нь 134,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Зээл, зээлийн хүүг сар бүрийн 28-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэг ч удаа зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөөгүй байна. Түүнээс зээл, зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардсан боловч маргааш төлнө, удахгүй төлнө гэх зэргээр худал ярьсаар байна.
Иймд түүнээс зээл 134.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу мөн оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны хүү болох 35.376.000 төгрөг, нийт 169.376.000 төгрөгийг Б.Д*******гээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү 169.376.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.Д******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: миний бие Х.П*******оос 2021 оны 01 сарын 07-ны өдрөөс 2021 оны 9 сарын 14-ний өдөр хүртэл нийт 33 удаа Хаан банкны гүйлгээгээр 70,700,000 төгрөгийг зээлж авсан. Мөнгө зээлдэх үед зээлийн гэрээ бичгээр огт хийгээгүй, тухайн үед мөнгө зээлэхдээ 10-15 хувь, зарим үед өдрийн 1 хувь буюу сарын 30 хувийн хүүтэй зээлнэ гэж хэлж өгч байсан.
Би уг өгсөн мөнгөнөөс 2021 оны 1 сарын 7-ны өдрөөс 2021 оны 12 сарын 29-ний өдөр хүртэлх хүүнд гэж нийт 37,355,500 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр утасны дугаар буюу Догоо гэж бичиж явуулж байсан. 2022 оны 3 сарын 28-ны өдөр надад хандаж одоо хоёулаа гэрээ хийе, чамаас мөнгө авсан хүмүүс чинь өгөхгүй байгаа юм байна гээд нотариатч дээр очоод чи надаас авсан мөнгөний чинь хүү нэмэгдэж, 134,000,000 төгрөг надад өгөх ёстой тиймээс 134,000,000 төгрөгөөр гэрээ хийнэ гээд Булган аймагт ирж зээлийн гэрээний нөхцөлийг нь П******* өөрөө хэлээд 134,000,000 төгрөг 2022 оны 4 сарын 6-ны өдөр зээлсэн мэтээр гэрээ хийсэн /сарын 6 хувийн хүүтэй, 0.3 хувийн алданги тооцно/. Би П*******оос авсан мөнгийг хүмүүст өгсөнийг тэр мэдэж байгаа. П******* мөнгө болон хүүгээ тулгаад байсан тул тэр хүслээр нь гэрээнд гарын үсэг зурсан. Харин би 134,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 2022 оны 3 сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 сарын 28-ны өдөр хүртэл зээлээгүй. 2022 оны 3 сарын 28-ны өдөр миний банкны данс руу ийм хэмжээний мөнгө огт шилжүүлээгүй тул одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох хэлцэл юм.
Харин би Х.П*******оос 2021 оны 01 сарын 7-ны өдрөөс 2021 оны 9 сарын 14-ний өдөр хүртэл 70,700,000 төгрөгийг авсан. Уг мөнгөнөөс эргүүлж хүү гэж төлсөн 37,355,500 төгрөгийг хасаад үлдэгдэл 33,345,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 169,376,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д******* нь П*******оос 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 33 удаа хаан банкны дансаар мөнгө зээлж авсан байдаг. Тухайн үед мөнгө авч байхдаа хүүгээ сарын 10-15 хувийн хүүтэй, заримдаа өдрийн 1 хувийн буюу сарын 30 хувийн хүүтэй гэж мөнгийг өгч авалцаж байсан. Өгсөн мөнгөнөөс 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 37,355,500 төгрөгийг П*******ид хүү гэж шилжүүлсэн. 37,355,500 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт өөрийн утасны дугаар болон өөрийн нэрийг товчилсон байдлаар Догоо гэж бичиж шилжүүлж байсан. Ингээд 2022 он гараад 3 сард П******* нотариатч дээр очиж гэрээ хийе гэсний дагуу мөнгийг нь нэгэнт авчихсан учраас нотариатч дээр очиж гэрээ хийсэн. Миний өгсөн мөнгө хүүтэйгээ нийлээд 134,000,000 төгрөг болж байгаа учраас 134,000,000 төгрөг зээлсэн байдлаар гэрээгээ хийе гээд сарын 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрвэл алданги тооцно гэсэн гэрээг хийсэн байгаа. Ингээд энэ гэрээг хийсний дараа П******* шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч 169,000,000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн. Үүнээс 134,000,000 төгрөг бол үндсэн зээл болон 6 сарын хүү нэмэгдүүлж оруулж ирсэн үнийн дүн байгаа. Энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бодит байдал дээр 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл Д******* өөрийн дансаар болон Байгальмаа, З******* гэдэг 2 хүний дансаар нийлээд 76,700,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс 37,355,000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн ба үлдэгдэл 39,345,000 төгрөгийг төлье гэж байгаа. Мөнгө зээлэх үед амаар хүүг хэлж байсан боловч бичгээр хуульд нийцүүлж уг зээлийн гэрээг хийгээгүй байж хэзээ хойно 2022 оны 04 дүгээр сард 134,000,000 төгрөг зээлүүлснээр зээлийн гэрээ хийсэн нь хуульд нийцэхгүй байна. Зээлийн гэрээнд үндэслээд 169,000,000 төгрөгийг нэхэж байгаа нь хууль бус 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 134,000,000 төгрөгийг хариуцагч Д*******гийн өмчлөлд бодитойгоор шилжүүлсэн баримт байхгүй байгаа юм. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 39,345,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ мөнгөө бөөнд нь төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн хэлээд байсан Долгосүрэнгээс мөнгө зээлж авсан хүмүүсээсээ шүүхийн шийдвэрийг харуулж шаардаж авч байж аль болох богино хугацаанд өөрийн боломжоор хэсэгчилж хувааж төлнө гэсэн байр суурьтай байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс 0443 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ, Х.П*******ийн 5284105843 дугаартай депозит дансны 2020 оны 12 сарын 29-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл мөн 2021 оны 12 сарын 29-ний өдрийн хуулга, 72,010,000 \далан хоёр сая арван мянга\ төгрөг шилжүүлсэн. Мөн П.З*******, Б.Б******* нарын дансаар дамжуулж, хариуцагчид 6,000,000 \зургаан сая\ төгрөг шилжүүлсэн гаргаж өгсөн.
5.Хариуцагч талаас Б.Д*******гийн 5284080032 дугаартай депозит дансны 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны хуулга, Н.Пэлжирийн 2021 оны 7 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Б.Д*******гийн 5284080032 дугаартай депозит дансны 2021 оны 4 сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.Д*******гээс зээлийн гэрээний дагуу 169,376,000 төгрөгийг гаргуулна гэв.
3.Хариуцагч талаас хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 76,700,000 төгрөгийг зээлж авсан тул төлсөн 37,355,500 төгрөгийг хасаад үлдэгдэл 39,345,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч Х.П******* нь хариуцагч Б.Д*******д 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн 5284105843 дугаартай ХААН банкны данснаас хариуцагчийн 5284080032 дугаартай ХААН банкны данс руу 72,010,000 \далан хоёр сая арван мянга\ төгрөг шилжүүлсэн. Мөн П.З*******, Б.Б******* нарын дансаар дамжуулж, хариуцагчид 6,000,000 \зургаан сая\ төгрөг шилжүүлсэн байна. Хариуцагч Б.Д*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн данснаас шилжүүлж авсан мөнгө, П.З*******, Б.Б******* нарын дансаар дамжуулж авсан 6,000,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрсөн.
5.Хариуцагч Д******* нь 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн 5284105843 дугаартай ХААН банкны данс руу өөрийн данснаас нийт 37,300,000 \гучин долоон сая гурван зуун мянга\ төгрөгийг шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 0443 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байна. Тус гэрээгээр 134,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү гэрээг байгуулах өдөр нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд болон хариуцагчид бэлнээр 134,000,000 төгрөгийг шилжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид зээлсэн буцаан аваагүй мөнгөн дүн дээр хариуцагчтай амаар тохирсон хүү нийлээд 134,000,000 төгрөг болсон тул дээрх үнийн дүнгээр гэрээ байгуулсан гэж зохигч тайлбарладаг учир энэхүү гэрээг зохигчийн хооронд байгуулсан хүү тогтоосон зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан тооцохоор иргэний хуульд заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагчийн өмчлөлд 134,000,000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөлд энэхүү гэрээг байгуулсан тооцно. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 134,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, хариуцагч энэхүү мөнгийг гэрээ байгуулсан өдөр аваагүй болох нь тэдний тайлбараар тогтоогддог.
8.Нэхэмжлэгч хариуцагчид дансаар болон бэлнээр 84,600,000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч хариуцагчид дансаар 72,010,000 \далан хоёр сая арван мянга\ төгрөг шилжүүлсэн. Мөн П.З*******, Б.Б******* нарын дансаар дамжуулж, хариуцагчид 6,000,000 \зургаан сая\ төгрөг, нийт 78,010,000 \далан найман сая арван мянга\ төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангах эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
9.Дээрх үндэслэлүүдээр зохигчийн хооронд 78,010,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар тохиролцон байгуулагдсан байна.
10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 \Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана\-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчид мөнгө зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү авах эрхээ алдсан байна.
11. Хариуцагч нь нэхэмжлэгчид хэрэгт авагдсан зохигчийн дансны хуулгаар нийт 37,300,000 төгрөгийг төлсөн байх тул 78,010,000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид хүү гэж буцаан төлсөн 37,300,000 төгрөгийг хасч, 40,710,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,004,830 /нэг сая дөрвөн мянга найман зуун гуч/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 361,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн зохигчийн хооронд бичсэн зурвасыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 40,710,000 /дөчин сая долоон зуун арав мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,666,000 /нэг зуун хорин найман сая зургаан зуун жаран зургаа мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,004,830 /нэг сая дөрвөн мянга найман зуун гуч/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 361,500 /гурван зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР