Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч С.М******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М*******д холбогдох эрүүгийн 2415002680136 дугаартай, 304/2025/0149/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Сүхбаатарын М*******, Ховд аймгийн Булган суманд 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг Гурт ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг

Урьд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Булган сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж байсан, 30 настай, эрэгтэй /*******/.

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.М******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******ыг хардан, хэрүүл маргаан хийж, улмаар  түүний биед халдан цохиж зодсон, энэ үед хохирогч ******* гэрээсээ гүйж гаран, тус сумын 1 дүгээр баг Гурт, хороолол  ******* тоотод байрлах иргэн Ц.*******ийн гэрт очсон байх үед дахин үргэлжлүүлж үсдэж зодон “ ..зүүн хацарт цус хуралт, баруун дух, үстэй нийлэх зааг, дагзны баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл, хамрын таславч зүүн тийш мурийлт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415002680136 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.М******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******ыг хардан, хэрүүл маргаан хийж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

2. Хохирогч *******ын өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны ажилтай байж байгаад гэртээ 18 цаг 10 минутад ирсэн. Тухайн үед манай нөхөр гэртээ ирээгүй байсан. Тэгээд орой 20 цагийн үед манай нөхөр М******* нь нэлээн согтуу гэртээ орж ирээд бид нарт агсан тавьсан. Тэгээд намайг хэл амаар доромжилж байгаад миний зүүн хацар, шанаа, дух, толгой болон баруун талын хавирга руу цохиж зодсон. Тэгээд би гэрээсээ ганцаараа гараад зугтаасан. Мөн цагдаад дуудлага өгсөн. Тэр үед сумын хэв журмын цагдаа ирээд аваад явсан. Тэгээд би гэртээ оролгүй хойд хашааны айл болох ******* ахын гэрт ороод байж байсан чинь хэсэг хугацааны дараа миний араас орж ирээд нөгөө айлд намайг үсдэж аваад гэртээ харья гэж хэлээд зодсон. Тэгээд намайг үсдэж авч гарсан. Нөгөө айлын хүмүүс бид хоёрыг салгах гээд чадаагүй би гарсан. Бид гараад хашааны үүдэнд ирэх үед манай эмээ гэрээсээ гарч ирсэн байсан. Би дахин цагдаа дуудсан өгөөд явуулсан. Тэр үед миний хамаг бие өвдөж маргааш нь би эмнэлэгт үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3.Хохирогч *******ын дахин өгсөн: “... надад нэмж ярих зүйл байна. 2025 оны 06 дугаар сарын 11-ны өглөө миний 86172319 дугаар луу 88600737 дугаар залгахад дуудлага аваагүй. Маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 12-ны 19 цаг 34 минутад миний 86172319 дугаар луу 88600737 дугаар залгахад аваад ярихад манай нөхөр С.М******* байсан бид 49 секунт утсаар ярьсан. Утсаар ярихдаа миний дугаарыг хэнд ч битгий өгөөрэй хоёр хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж ярьсан. Дараа нь 2025 оны 06 дугаар сарын 14-нд миний утас руу манай нөхөр С.М******* залгаад ******* суманд гэртээ очвол танай гэрийнхэн яах бол гэж байсан. Тэгээд 2025 оны 06 сарын 19-ны өдөр миний 86172319 дугаар луу 88600737 дугаар луу залгасан байхаар нь буцаагаад залгаж нөхөр С.М******* чамайг сумын цагдаа асуугаад байна гэж хэлсэн. Тэгсэн чи өргөдлөө буцаагаад авчаач гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4.Гэрч Ц.*******ийн өгсөн: “... Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байсан чинь манай эхнэр Оюунгэрэл Энхзулыг гэртээ дагуулж орж ирсэн. Манай эхнэр гаднаас орж ирээд Энхзулыг нөхөр нь зодоод байна гэнээ гэж хэлээд хамт орж ирсэн. Тэгээд Энхзулыг манай хойд талын өрөөнд оруулаад орхиод байж байгаарай би эмээ дээр чинь очоод орчхоод буцаад ирье гэж хэлээд гараад явсан. Манай эхнэрийг гараад явсан хойгуур нь Энхзулын нөхөр М******* орж ирээд эхнэрээ гэртээ харъя гэж хэлэхэд нь Энхзул би харихгүй ээ гэж хэлсэн. Тэгсэн нөхөр нь чирээд аваад гараад явсан. Мөнх-Эрдэнийг эхнэрээ чирээд гарч явахад нь манай эхнэр урдаас нь орж ирж таараад чи яах гээд байгаа юм Энхзулыг үлдээгээд яв гэж хэлж байсан. Би өөрөө харвалт өгөөд бие муутай учраас би оролцоогүй ээ гэрийн гадаа манай эхнэр л ноцолдоод байх шиг байсан. Тэгээд манай эхнэр гадаа салгах гэж ноцолдоод дийлээгүй улмаар М******* эхнэр Энхзулыг гэр лүүгээ аваад явчихлаа гэж манай эхнэр хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

5.Гэрч ийн өгсөн: “... 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байсан чинь манай эгч Оюунцэцэг гэрт орж ирээд нөгөө М******* чинь Энхзулыг алах гээд байна гэж хэлэхээр нь за гээд гэрээсээ гарахад Энхзул урдаас орж ирж явсан. Би дүү Энхзулыг гэртээ оруулаад юу? болсон талаар асуухад зүгээр ээ яах ч үгүй гэж хэлсэн. Би дүү Энхзулыг хойд талынхаа өрөөнд оруулаад суулгаж үлдээгээд гэрээсээ гарч эгч Оюунцэцэгийн утас руу залгаж таны бие яаж байна, даралт чинь яаж байна манайд ирж хонох юм уу? гэж асуухад би зүгээр ээ гэртээ хоночихно гэж хэлсэн. Би бие засчхаад гэртээ орох гээд явж байтал М******* эхнэр Энхзулыг дагуулаад гарч ирж байсан гэрийнхээ гадаа тааралдаад М*******эс чи эхнэрээ зодож нүдээд байгаа юм уу? гэж асуухад үгүй, эгчээ би тэгээгүй бид хоёр гэртээ харьж хонолоо гээд дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст 30-31 дүгээр тал/,

6.Гэрч ын өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын төвд сонгуулийн хэсгийн хороонд үүрэг гүйцэтгэж байхад Булган аймгийн цагдаагийн газрын 94333102 дугаарын утаснаас танай суманд "Нөхөр нь эхнэртээ агсам согтуу тавьж зодож нүдээд байна" гэсэн дуудлага ирж байна тасгийн даргын чинь утас болохгүй байна дуудлага мэдээлэлд очоод хүлээж аваадах гэж хэлсний дагуу би тухайн дуудлага мэдээлэлд явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

7.Гэрч ийн өгсөн: “... Би гэртээ Мөнх-Эрдэнийн 2 хүүхдийг хараад байдаг юм. Манай зээ охин Энхзул нь 20 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд удаагүй байж байтал түүний нөхөр М******* нь гаднаас согтуу орж ирээд эхнэртээ агсам тавьж хэл амаар доромжилж эхэлсэн. Улмаар Энхзулын үснээс зулгаагаад зодож эхэлсэн. Би чи яаж байгаа юм болиоч гэж миний үгэнд орохгүй улам агсам тавиад байхаар нь зээ охин Энхзул маань зугтааж гарч яваад сумын цагдаа Ганбаяр орж сумын цагдаад дуудлага өгсөн байсан. Сумын хэв журмын цагдаа Ганбаяр орж ирээд Мөнх-Эрдэнийг аваад явсан. Зээ охин Энхзул маань манай дүү Оюунгэрэлийн гэрт очоод байж байхад нь нөхөр болох М******* араас нь очиж үснээс зулгааж чирч гарсан. Гэртээ аваад ирэхээр нь дахин сумын цагдааг дуудаж өгөөд дүүгийндээ очиж хонохоор явсан. Маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 07-ны өглөө гэртээ ирэхэд хүргэн М******* нь гэрийн хаалга эвдэж хаячхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

8.Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 345 дугаартай “... *******ын биед зүүн хацарт цус хуралт, зүүн шуу, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун дух, үстэй нийлэх зааг, дагзны баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл, хамрын таславч зүүн тийш мурийлт, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх механизмаар үүснэ. Тогтоогдсон зүүн хацарт цус хуралт, баруун дух, үстэй нийлэх зааг, дагзны баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл, хамрын таславч зүүн тийш мурийлт нь тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, зүүн шуу, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Магадлуулагч *******д тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-62 дахь тал/
зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч *******, гэрч Ц.*******, , , нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 345 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч С.М******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******ыг хардан, хэрүүл маргаан хийж, түүнийг зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан.

Тодруулбал учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч ******* нь шүүгдэгч С.М*******тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 90-100 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.М******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг Гурт ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.М******* нь цагдан хоригдсон хоноггүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Сүхбаатарын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч С.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ