Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 00220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч М.Баттөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх-Очирын Баттөрд холбогдох эрүүгийн 201722000219 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Тогоруутан Мөнх-Очирын Баттөр, 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 38 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 7-14 тоотод оршин суух, урьд нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шүүхээр 2001 оны 01 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тэнссэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2010 оны 12 дугаар сарын 30-ны хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РЭ79022877 дугаартай.

Шүүгдэгч М.Баттөр нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 багт байрлах иргэн Ч.Найдансүрэнгийн хашааны төмөр хаалгыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Баттөр нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 багт байрлах иргэн Ч.Найдансүрэнгийн хашааны төмөр хаалгыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.Баттөрийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн үед 13 дугаар багт 7-8 хоногийн өмнө таксинд явж байгаад очиж үзсэн хэнийх нь мэдэхгүй блокон хашаан дээр очиж хашааны төмөр хаалганы гагнаас, цоожийг эвдэж авч явахад бэлдэж орхиод таксинд явж байтал Бүрэнхаан сургуулийн баруун талд хөх өнгийн ЗИЛ-130 копуда сөхчихсөн зогсож байхаар нь очиж уулзаад машиныг нь асаалцаж өгөөд “манай ахын хаалга байгаа юмаа дөхүүлээд өгөөч хөлсийг нь өгье” гээд зөвшөөрсөн тэгээд нөгөө хаалгаа очиж ачаад өөрийн 13-54-01 тоотод буулгаж нөгөө жолоочид 15,000 төгрөг өгөөд явуулсан...би тэр жолоочийг танихгүй ...машины улсын дугаарыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

Хохирогч Ч.Найдансүрэнгийн: “2017 оны 04 дүгээр сарын 23-нд өглөө 08 цагийн үед Мөрөн сумын 13 дугаар багт байх манай аж ахуйн хашааны төмөр хаалга алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн, цагдаа нар ирж шалгаад манай хаалгыг хулгайлсан Баттөр гэдэг хүнийг олж тогтоосон, би тэр хүнээс хаалгаа хүлээн авсан. Баттөр манай хаалгыг буцааж суурилуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5, 7-8 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Ч.Найдансүрэнд гэмт  хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хохирогчийн  “...би тэр хүнээс хаалгаа хүлээн авсан. Баттөр манай хаалгыг буцааж суурилуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн 201722000219 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тогоруутан Мөнх-Очирын Баттөрийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Мөнх-Очирын Баттөрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч М.Баттөрд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч М.Баттөрд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

5. Эрүүгийн 201722000219 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баттөрд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 ШҮҮГЧ                                 Н.АРИУНЖАРГАЛ