Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 522

 

Б.Б, Ш.Ч нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Б.Б, Ш.Ч нарт холбогдох 1823000280028 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Их зүүн овогт Б-ийн Б,

2.Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 230 дугаар зүйлийн 230.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бариач овогт Ш-ын Ч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б, Ш.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх магадлалдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бат-Эрдэнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Б.Алтангэрэлийг байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан гэж үзэн, түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл гэрч Б-г өмгөөлөгчгүйгээр 2 удаа байцааж, өөр өөр мэдүүлэг авч, бичиг үсэг мэдэхгүй тул багийн дарга уншиж танилцуулсан гэдгийг багийн дарга гэрчлээд байхад өмгөөлөгч байлцуулсан гэж хэргийн материалд худал бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх хангалттай үндэслэлтэй байгааг дахин шалгуулах шаардлагатай байна. Ш.Ч бид хоёрыг хэрэг болсон өдөр үзсэн эмч Б гэмтлийн талаар тодорхойлолтуудыг гаргаж өгсөн байхад гудманд явсан багийн эмчээр оёдол тавиулсан гэж худал гүжирдэж байгаа зэргийг эмнэлгийн байгууллагын бүртгэлийн дэвтэр, тухайн өдрийн эмч, сувилагч нар гэрчлэх болно. Хэрэг болсноос хойш 8 хоногийн дараа аймгийн Шүүхийн шинжилгээний эмч Ч-ыг гэмтэлтэй гэдгийг ямар нэг нарийн мэргэжлийн шинжилгээгүйгээр, асуумжаар дүгнэлт гаргасанд маш гомдолтой байна. Ш.Ч-ын цохиулсан гэх толгойд ямар нэг шарх сорви байхгүй, зөвхөн тархи доргилт, зүүн бугалганд шарх, хэвлийн зүүн доор зулгаралт гэмтэл тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тэр хэргээс хойш дахин тийм байдлаар гэмтэл авсан байж болзошгүй. Тухайн өдрийн болсон хэрэг нь камерийн бичлэгт тодорхой бичигдсэн байсныг сумын цагдаагийн дарга Г бичлэгийг сануулсаар байтал хадгалахгүй устгасан. Би санал тавьж өөрийн утсан дээр бичлэгийн тодорхой хэсгийг буулгаж авсныг Г надаас авч прокурорт өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн шатанд улсын яллагчаас гаргаж өгсөн эд мөрийн баримтаар тооцсон дуу, дүрсний бичлэгүүдийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад уг бичлэгийн дүрс шаардлага хангахгүй, хүмүүсийн дүрс хэн хэн болох нь тодорхой танигдахгүй байна. Мөн бичлэгт буй хүмүүсийн үйл хөдлөл тодорхой харагдахгүй, хэн ямар үйлдэл хийж байгаа нь ойлгомжгүй, эдгээр хүмүүсийг хэргийн оролцогчид буюу шүүгдэгч, гэрчүүд мөн гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэжээ. Бичлэгийг гэрчүүдээр таниулбал тодорхой байгаа бөгөөд Г нь миний эсрэг Ш.Ч-тай хамтран хэрэг үүсгэн зохион байгуулсан гэж үзэж байна. Баримтыг санаатайгаар буруу бүрдүүлсэн байх үндэслэлтэй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь иргэн Ш.Ч-тай маргалдаж, улмаар түүний зүүн гарын булчингийн хэсэг, зүүн хавирган тус газар хутгаар хатгаж, шилэн хүзүү орчим хүрзээр цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ш.Ч нь иргэн Б.Б-ийн толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бүхий л асуудлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь Ш.Ч-ын зүүн гарын булчингийн хэсэг, зүүн хавирган тус газар хутгаар хатгаж, шилэн хүзүү орчим хүрзээр цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ш.Ч нь Б.Б-ийн толгой руу чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Ш.Ч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.Б нь бичиг үсэг мэдэхгүй гэрч Ц.Б-ээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулаагүй атлаа өмгөөлөгч байлцуулсан болгон бичиж түүний мэдүүлгийг миний эсрэг ашигласан, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад намайг ялласан гэсэн утгатай гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид уг зүйлийн 1.1-1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй байхаар зохицуулснаас үзэхэд энэхүү заалт зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамааралтай гэж ойлгоно.

Түүнчлэн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, мөрдөгчөөс тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, худал дүгнэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН