Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2017/0272

 

   

 

 

“Гангар инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Лхагвадулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагч М.Алтангэрэл, Ш.Цогзолмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Гангар инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.Алтангэрэл, Ш.Цогзолмаа нарт  холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Гангар инвест ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актын тус компаниас “Сэлэнгийн төгөл” ХХК-тай хийсэн худалдан авалттай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 922,8 мянган төгрөгөөр бууруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч  давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13.00 цаг хэмээн зарлан мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын өмнө хөлөө гэмтээж, эмчийн чөлөө авсан байсан тул хурал хойшлуулах хүсэлтийг бичгээр гарган, нотлох баримтын хамт авч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 13.00 цагт шүүх дээр ирсэн боловч “...манай өмнөх хурал дуусаагүй байна” гэж шүүгчийн туслах хэлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хурал хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт байгаа талаар туслахад хэлж, бичгээр гаргасан хүсэлтийг шүүгчийн туслахад үзүүлж танилцуулахад “нэг давхарт байгаа ажилтанд хүлээлгэн өг” гэсний дагуу нэг давхарт байх хүлээн авах ажилтанд өгөхөд “шүүгчийн туслахад эндээс өгнө” гэсэн хариуг хэлсэн. Энэ явцын хооронд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж, шүүгчийн туслахтай уулзах үед буюу 14.00 цаг өнгөрч байхад хариуцагчийн төлөөлөгч ирсэн бөгөөд нэхэмжлэгч талаас “хурал хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан талаар мөн мэдэгдэж, танилцуулсан болно. Гэтэл шүүгчийн туслах “хурал хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн талаар шүүгчид урьдчилан танилцуулаагүй байдаг, мөн шүүхийн шийдвэрт ...шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслахад хүсэлтийг өгсөн... хэмээн дурьдсан байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуульд заасан эрхийг хамгаалж, шударга ёсны зарчим, ёс зүйгээ баримтлан ажиллах ёстой байтал өөрийн буруутай үйл ажиллагааг бусдад нялзаан хууль бус шийдвэр гаргах нь шударга ёстой нийцэж байгаа эсэхийг анхаарч үзэхийг хүсч байна. Шүүгчийн туслахад урьдчилан танилцуулсан, хүсэлтийг Шүүхийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байхад “...шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчийн туслахад хүсэлтийг өгсөн...” гэж шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэх зарчмыг алдагдуулж бүдүүлгээр зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуульд заасан эрхийг шүүх өөрөө зөрчиж байгааг анхааран дүгнэж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу. Нөгөө талаас “Сэлэнгийн төгөл” ХХК нь буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу шалгагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Харин нэхэмжлэгч тал энд гэм буруутай эсэх, “Сэлэнгийн төгөл” ХХК-тай хамтран луйвар хийсэн эсэх нь ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй батлагдаагүй, нэхэмжлэгч тал төрийн байгууллагын хамт “Сэлэнгийн төгөл” ХХК-д луйвардуулсан байгаа болно. “Сэлэнгийн төгөл” ХХК-ийн гэм буруутай асуудал болохоос нэхэмжлэгч байгууллагын гэм буруугийн асуудал биш, бусдын хууль бус буруу үйлдлийн хариуцлагыг өөр нэг этгээд хүлээх ёсгүй юм. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нэхэмжлэгч талын хуульд заасан эрхийг хамгаалж, мэтгэлцэх зарчмыг хангаж, хууль зөрчсөн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу”  гэжээ.

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

         Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Алтангэрэл, татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа нар нь “Гангар инвест” ХХК-ийн 2008, 2011 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210242 тоот актаар 33.695.800 төгрөгийн төлбөр тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Гангар инвест” ХХК нь дээрх актын 2.1 дэх заалт буюу “Сэлэнгийн төгөл” ХХК-тай хийсэн худалдан авалттай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 4532568 тоот, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4532569 тоот, 2008 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4532570 тоот, 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2765937 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тус тус “Сэлэнгийн төгөл” ХХК-аас 18.455.500 төгрөгийн худалдан авалт хийсэн, энэ нь баримтаар нотлогдсон гэж” маргасан .

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан бөгөөд  “Гангар инвест” ХХК нь “Сэлэнгийн төгөл” ХХК-с худалдан авалт хийсэн, бараа материалын үнийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байна.

Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлд заасан анхан шатны баримтын бүрдэл дутуу, өөрөөр хэлбэл бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн болон бараа материалын орлого авсан баримтгүй, худалдан авсан бараагаа бараа материалын тайланд тусгаагүй, хэдийгээр тус компани бэлэн мөнгөний гүйлгээний тайландаа тусгасан, “Сэлэнгийн төгөл” ХХК-ийн зарлагын баримт хэрэгт авагдсан байгаа ч энэ нь худалдан авалт хийснийг хангалттай нотолж чадахгүй байгаагийн зэрэгцээ борлуулалт хийсэн компани борлуулалтаа татварын байгууллагад тайлагнаагүй тул нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд  “нэхэмжлэгч байгууллага гэм буруугүй, “Сэлэнгийн төгөл” ХХК-ийн гэм буруутай асуудал, бусдын хууль бус буруу үйлдлийн хариуцлагыг өөр нэг этгээд хүлээх ёсгүй” гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн “хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах тухай” хүсэлтийг хангаж хойшлуулсан байх ба дахин товлосон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх шийдвэрлэхээс өмнө шүүх хуралдааныг орхин явсан нь түүний тайлбараар нотлогдож байх тул хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчээс гаргасан “шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэх зарчмыг бүдүүлгээр зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуульд заасан эрхийг шүүх өөрөө зөрчиж байна” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл болж чадахгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж   шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ШҮҮГЧ                                     Э.ЗОРИГТБААТАР

                                     ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН