Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 52

 

“Ц-Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:      Л.Атарцэцэг

                      Б.Мөнхтуяа

                        Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0710 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0839 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0710 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.3, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын 5372Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохыг хүсч гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасан.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0839 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

4. 2014 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй, сунгах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ийн “ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, “Ц-Э м” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 24.2-т “Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж хуульчилжээ. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 839 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ц-Э м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Ашигт малтмал, газрын тосны газрын Ашиглалтын өмнөх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоолгох тухай” шаардлагуудыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй байх үедээ ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан, гэтэл хариуцагч түүнээс үндэслэлгүйгээр татгалзсан, хэрэв татгалзаагүй байсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх үед талуудын хооронд гэрээ байгуулагдах боломжтой байсан бөгөөд энэ утгаараа нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоосон байна.

8. Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байх тул “хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн, иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 24.2-т “Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно” гэсний дагуу татгалзсан нь хууль ёсны байтал шүүхүүд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол /Тодорхойлох хэсгийн 3,4/ үндэслэлгүй. Учир нь, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1030 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх хуулийн үндэслэлийг хэрэглэхгүй, харин түүний эрхийг сэргээсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1030 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “Ц-Э м” ХХК-ийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхгүй гэдэг утгаар бус, харин хэрэг хянан шийдвэрлэх үед ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл хүчингүй болсон тул хүчингүй болсон хуулийг үндэслэн хариуцагчид гэрээ байгуулахыг даалгах боломжгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж байгаагүй тул хариуцагчийн өргөдлийг хянан үзэх хуульд заасан эрхийг хөндөж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Иймээс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 10. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0710 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0839 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ