Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч М.Т*******, түүний өмгөөлөгч Д.Цолмон, С.Баянмөнх нарыг оролцуулан

Сүхбаатар дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т*******т холбогдох эрүүгийн 2415000830383 дугаартай, 304/2025/0151/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Т*******, Ховд аймагт 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой бизнесийн удирдлага мэргэжилтэй, “*******” группийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 43 настай, эмэгтэй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Т******* нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялганат тосгон “*******” гэх газарт Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой нүүр хэсэгт цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000830383 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.Т******* нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялганат тосгон “*******” гэх газарт Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой нүүр хэсэгт цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т*******ын өгсөн: Өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Нын өгсөн: “...“...Миний бие 2024 оны 03 дугаар сарын 16-ны оройн 23 цагийн үед Булган аймгийн Хялганат сумын "7 нуга" ресорт дээр ажлынхаа хамт олонтой явж байсан. Тэгээд бид нар хөзөр тоглоод согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан тэгээд би гүйцэтгэх захирал Хасбаяртай гадаа гараад автомашинд суугаад юм ярьж байх үед манай байгууллагын захирал Т******* цонх тогшиход хаалгаа онгойлгоход миний гадуур хувцаснаас татаж буулгаад 2 гараа толгой хэсэг олон удаа цохисон. Тэгээд Хасбаяр бууж ирээд салгаад Т******* эгчтэйгээ маргалдаад тэр 2-ийг болиулаад Т******* захирлыг явуулаад Хасбаяртай үлдээд байж байх үед хамт ажилладаг Дээгий гэх нэртэй эрэгтэй ирээд Хасбаярыг аваад явсан. Тэгээд би ганцаараа үлдээд "7 нуга" гэх нэртэй ресортийн ресторанд дотор сууж байх үед Т******* захирал дахин ирээд шууд миний зүүн нүд рүү 1 удаа цохиод миний гар үүргэвч болон гар утсыг булааж аваад гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагат хандаж чадаагүй шууд хотод ирсэн...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 59 дэх тал/,

3. Гэрч ийн өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02 цаг болж байхад би ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байхад миний хариуцсан ресторанд гаднаас саарал өнгийн куртиктэй эмэгтэй хүн орж ирээд танайд хамгаалагч байна уу? Миний байгаа газар нэг хүн согтуу агсам тавиад байна хэлсэн. Тэгэхээр нь манай хамгаалагч байхгүй... Юу болсон бэ? гэж асуухад манай нэг хүн машины зогсоол руу согтуу яваад машин аа барьж явах гээд байна. гэж Түлхүүрийг нь булаагаад өгөөч гэж Тухайн саарал өнгийн куртиктэй эмэгтэй хэлээд гараад явсан. Дараа байж байгаад буцаж ресторанд орж ирээд намайг хүн цохисон гэж хэлээд рестораны ширээнд очоод суусан. Тухайн эмэгтэй орж ирээд хэсэг сууж байхад араас нь араас хар өнгийн куртиктэй эмэгтэй орж ирээд тэр саарал өнгийн куртиктэй эмэгтэйг загнаад хашхираад байсан. Тэгээд би тэр хооронд ажлаа хийгээд явж байгаад нэг хартал маргаад эхэлсэн яваад очтол нөгөө саарал өнгийн куртиктэй эмэгтэй намайг цохчихлоо л гэж хэлээд нөгөө хар өнгийн куртиктэй эмэгтэйг цохисон гэж хэлээд зогсож байсан. Тэгээд чанга дуугаар хар өнгийн куртиктэй эмэгтэй загнаж хашхирч байгаад нөхөр болов уу гэмээр хүн аваад гарсан. Миний мэдэж байгаагаар гаднаас орж ирэхдээ хүнд цохиулсан гэж орж ирээд ресторан дотор бол цохиулсныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

4. Гэрч ын өгсөн: “...Нын байгаа хаус руу ороход манай эхнэр Нын зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан, зодуулсан байдалтай, гадуур хувцастайгаа /бор саарал өнгийн куртиктэй/ байж байсан. Нын байсан хаусны 1 давхарт 3-4 хүн байх шиг байсан. Тухайн хаус нь 2 давхар тул дээр нь хэчнээн хүн байсныг би нүдээр хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед юу болсон юм бэ гээд эхнэрээсээ уг нь хандаад асуутал Т******* захирал нь өмнөөс нь надад "манай төрсөн дүү Хасбаяр гэх залуу тэр хавийн эмэгтэй ажилчдаа зодсон асуудал үүссэн, Будсүрэн, Цоомоо, болон намайг зодсон, хөх няц болтол зодсон, мөн тэрээр тухайн амралтын газрын хаусны шилэн ханыг хагалсан асуудал гарсан, би бас танай эхнэрийг зодсон" гэж хэлсэн. Тэр үед би "та яагаад манай эхнэрийг зодсон юм бэ" гээд асуусан боловч тэрээр нарийн учрыг хэлээгүй бөгөөд "ямар ч байсан бидний хооронд маргаан үүсээд би 1, 2 удаа цохичихсон шүү" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

5. Гэрч ы өгсөн:“...Булган аймгийн Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Долоон нуга амралтын газарт согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл 2024 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн орчимд аймгийн цагдаагийн газарт ирсэн байсан бөгөөд түүний дагуу надад жижүүрээс хэлж мэдэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Т******* гэх эмэгтэй хүн өгсөн бөгөөд дуудлагын дагуу 03 цагийн орчимд тус амралтын газарт очиход Т******* гэх эмэгтэй надад "би дуудлага өгсөн юм аа" гэж хэлээд намайг амралтын газрын зогсоол дээрээс тосож аваад тухайн амралтын газрын 7 дугаар байшин руу "агсам тавьсан хүн тэнд байгаа" гэж хэлээд дагуулаад очсон. Хасбаярыг аваад 7 дугаарын байшингаас гараад явж байхад эгч Т******* нь дүү Хасбаярыгаа энэ 8 дугаар байшингийн нүүрний хэсгийн том цонхны гадна талын хэсгийг нь хагалсан юм гэж хэлж байсан. Тэгээд бид нар тэр хагалсан гэх цонхыг нь очиж үзээд би зургийг нь дараад авсан. Тэгээд цаашаагаа 8 дугаарын байшинд нь ороход тэдний албан газрын хамт ирсэн эмэгтэй хүмүүс бүгдээрээ тэнд байсан. Тэр дунд цагаан куртиктэй нэг эмэгтэй доошоо тонгойгоод нүүрээ дараад суучихсан, куртикнийхээ малгайг өмссөн, өвдөг дээрээ нүүрээ тавиад тонгойчихсон, бас хэнтэй ч харилцахгүй сууж байсан. Тэр үед Т******* гэх захирал нь энэ эмэгтэйгийн ар гэрээс хотоос хүн дуудчихсан байгаа, нөхөр нь ирж байгаа, хотоос гарсан гэж хэлсэн. Тэр үед тэр доошоо тонгойсон эмэгтэй нь Н гэх эмэгтэй байсан юм байна лээ, би тухайн үедээ энэ талаар мэдээгүй, анх агсам тавьсан, амралтын газрын цонх хагалсан гэх дуудлага мэдээлэл орж ирсэн болохоос эмэгтэй хүн зодуулсан талаар дуудлага мэдээлэл ирээгүй байсан, мөн тухайн хохирогч Н гэх эмэгтэй нь надтай ямар ч харилцаа үүсгээгүй тул би тухайн эмэгтэйг тухайн цаг хугацаанд хохирсон байсан гэж мэдээгүй. 2024.03.17-ны өдрийн 11-12 цагийн орчимд миний утас руу Улаанбаатар хотоос ярьж байна гээд нэг эмэгтэй хүн залгаад намайг шууд загнаад эхэлсэн бөгөөд “та нар эмэгтэй хүн амралтын газарт зодуулчхаад ирж байхад яахаараа зодсон хүнд нь арга хэмжээ авдаггүй юм бэ, бид нар гомдолтой байна, гомдол гаргамаар байна, хаана гаргах вэ" гэж хэлэх үед нь л тухайн Н гэх эмэгтэйг тэнд зодуулсан юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд би тухайн үед болсон зүйлсийг тайлбарлаж хэлээд та өөрөө өргөдлөө бариад ирээд гомдлоо гаргаж болно шүү гэхэд тэд нар "бид нар очих боломжгүй" гэсэн тул та харьяа дүүргийнхээ цагдаагийн газар хэлтэст гомдол гаргачих, харьяаллаар орон нутагт нь материалыг нь шилжүүлэх боломжтой байдаг гэж хэлээд Улаанбаатар хотод гомдол гаргасан байсан ба тухайн гомдол харьяаллын дагуу манай аймгийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид ирсэн байсан. Ганзориг мөрдөгч нь намайг тэр амралтын газарт ойрхон байсан тул хяналтын камерын бичлэгийг нь аваад үзлэг хийгээд өгөөч гэж гуйсны дагуу би тухайн үед камерын бичлэгт нь үзлэгийг хийж өгсөн. Би тухайн үедээ тухайн камерын бичлэгийг флаш дээр хуулах боломж байгаагүй бөгөөд миний тусгай мэдлэг дутмаг байсан тул үндсэн бичлэгийг устах эрсдэлт оруулж болзошгүй байсан тул гар утсаараа бичлэгийг нь хийж авсан. Уг бичлэгт эмэгтэй хүмүүс орилж хашхичаад байсан ба тэнд надтай өмнө нь уулзаж ярилцаж байсан Т******* гэх эгчийн дуу хоолой нэлээн чанга сонсогдож байсан. Т******* эгч нь рестораны заал руу орж ирээд орилж хашхирч байгаад рестораны заалны үүд хэсэгт байсан цайвар өнгийн куртиктэй хүнийг гараараа савж байгаа бичлэг байсан санагдаж байна. Одоо би тухайн бичлэгийг үзээгүй удаж байгаа болохоор зарим зүйлсийг тодорхой санахгүй байна. Тухайн бичлэгийн нягтрал бас тааруу бичлэгтэй амралтын газар байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 174-175 дахь тал),

6. Гэрч гийн өгсөн:“...нөхөр бид 2 тус амралтын газрын зогсоол дээр зогсож байгаад үүдээр нь ороход нэг залуу гараад ирсэн. Тэр залуу нь тус амралтын газрын ресейпшн нь байсан. Тэгээд тэр залуугаас "энд байгаа байгууллагаараа амарч байгаа гэсэн хүмүүс хаана байна, нэг хүн нь зодуулчихсан байгаа гэсэн" гэж асуухад тухайн залуу "аан энд байгаа" гээд шууд зааж өгсөн. Тэгээд ортол нэг эмэгтэй хүн /малигар шар царайтай, махлагдуу, нүүрэн дээрээ косметик оёдолтой эмэгтэй/ манай эгчийг загнаж үглээд байсан ба манай эгч хажууд нь намхан сандал дээр нүүрээ нуугаад суучихсан байсан. Тэгээд би эгч дээрээ очоод яасан юм бэ? гээд дуудтал эгч над руу харах үед нь би царайг нь хараад цочсон. Учир нь эгч Нын нэг талынх нь нүд нээгдэхээргүй болтлоо хавдчихсан, нүднийх нь ойр орчим нь хөхөрчихсөн, амралтын газрын хүмүүс жин тавь гэж мөс өгсөн гэчихсэн, мөсөөр жин тавиад байж байсан. Тэгээд надад хандаад "би эндээс хурдан явмаар байна" гэж хэлсэн. Тэгээд гараад явъя гэтэл эгч миний утас болон үүргэвчийг аваад өгөөч, өгөхгүй байна аа гэж хэлсэн тул түүний эд зүйлсийг авъя гэтэл тэр эхэнд эгчийг загнаад зогсоод байсан эмэгтэй надад өгөхгүй, нөхөр нь өгнө гэж хэлээд өгөөгүй. Тэгэхээр нь би хая хая гэж хэлээд шууд эгчийгээ аваад гарсан. Загнаад орилоод байсан нүүрэндээ косметик оёдолтой, махлагдуу шар, захирал гэх эмэгтэй нь шууд миний нүд рүү гараараа цохисон гэж хэлсэн. Бас машинаас үстсэн гэж хэлсэн. Би тэр үед нь нойрмог байсан тул түүний яриаг нэг их анхаарч үргэлжлүүлж сонсоогүй, шууд түүнд цагдаад ханд гэж хэлсэн. Заавал гомдол гаргаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 178-179 дэх тал),

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3899 дугаартай “...Д.Нын биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч М.Т******* нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялганат тосгон “Долоо нуга ресорт” гэх газарт Д.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой нүүр хэсэгт цохиж  эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан болох  нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Т*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Т*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн М.Т******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч М.Т*******ын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч М.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар  гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч М.Т*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Н эмчилгээ болон бусад зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Нын сэтгэцэд учирсан хор уршиг 1 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон.

Сэтгэл санааны хохиролд учирсан хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу  660.000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлж 3.293.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч М.Т*******аас гаргуулж, хохирогч Ц.Гэрэлмаад олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан 660.000 төгрөгөөр тооцсон болно. 

Шүүгдэгч  гэм буруугийн шүүх хуралдааны явцад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргаж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Т*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баянмөнх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж заасан байдаг. Сая тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэл гэж тогтоогдсоны дагуу хохирлыг нөхөн төлсөн баримтаа гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байгаа. Тиймээс шүүгдэгч Б.Т*******ыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон: Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Т******* нь Солонгос улсад очиж байнгын эмчилгээнд ордог. Мөн хүүхэд нь хавдартай Хятад улс руу эмчилгээнд байнга явдаг зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзээд шүүгдэгч Б.Т*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна. Хэрвээ шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгч М.Т*******: Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг тус тус талууд шүүхэд гаргасан байна.

Шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалт нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон зохицуулалт юм.

Шүүгдэгч М.Т******* нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг холбогдсон, гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн, түүний  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 121, 130-138 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт шүүгдэгч М.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүгдэгч М.Т*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ