| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 133/2022/00315/И |
| Дугаар | 132/ШШ2022/00503 |
| Огноо | 2022-09-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 132/ШШ2022/00503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г*******-******* аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д*******ын Н******* -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 652,000 /зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай 133/2022/00315/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******,
Иргэдийн төлөөлөгч: Б.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г*******-******* аймгийн Прокурорын газар нь хариуцагч Д.Н*******д холбогдуулан 652,000 /зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Д.Н******* нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г*******-Аптай аймгийн Е сумын нутагт Б.О*******тэй “өөрийгөө бөө хэмжээн хэлж намайг хараана гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж түүний толгой, нүүр, ууц, нуруу хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугаламын зүүн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Д.Н*******гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 6 дугаар 1-ны өдөр 2 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Улмаар 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Г*******-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын -ны өдөр Д.Н*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 54 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Хохирогч Б.О******* нь Д.Н*******гийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас өөрийн биед учирсан гэмтлийг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт S32 буюу гэмтлийн гаралтай өвчний оношоор хэвтэн эмчлүүлсэн байна.
Хохирогч Б.О*******гийн эрүүл мэндэд учирсан гэмтэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт аймгийн Нэгдсэн эмнэлэг 652,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан байна.
Тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг Д.Н*******гаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ гэв.
2.Хариуцагч Д.Н******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Д******* овогтой Н******* нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.О*******тэй муудалцаж тухайн иргэний биед гэмтэл учруулсан нь үнэн болно. Б.О******* нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй байсан тул миний бие эрүүл мэндийн даатгал болон эмчилгээний зардалд 1,160,000 төгрөг өгсөн.
Үүнээс: 2020 оны 06 сарын 17-ны өдөр эрүүл мэндийн даатгалд өгөх мөнгийг эхнэр болох М.Аын 5337065062 дансанд 660,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 06 сарын 1-ны өдөр эмчилгээний мөнгийг эхнэр болох М.Аын 5337065062 дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дагуу 00,000 төгрөгийг /2400000202/ дансанд төлсөн.
Ийм учраас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг миний бие Б.О*******д өгсөн учир тус хохирлыг Б.О*******гээр төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч “Н*******гаас 652000 төгрөгийг нэхэмжилж авах нь зүйтэй гэж” дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс Г*******-******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын -ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай яллах дүгнэлтийн хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 1-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №192 дугаартай дүгнэлт, Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Г*******-******* аймгийн Е сумын засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/150 дугаартай тодорхойлолт, Д.Н*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 16/9 дугаартай албан бичиг, хавсралт, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 274 дугаартай албан бичиг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт, хүсэлт шийдвэрлэсэн талаарх прокурорын тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Хариуцагч талаас Д.Н*******гийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г*******-******* аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н*******д холбогдох 652,000 /зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Д.Н*******гаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 652,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 10090002000 дугаартай дансанд оруулж өгнө үү гэв.
3.Хариуцагч талаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг би Б.О*******д өгсөн учир тус хохирлыг Б.О*******гээр төлүүлнэ гэж маргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Г*******-******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын -ны өдөр Д.Н*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 54 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулжээ.
4.1.Д.Н*******гийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О*******гийн биед гэмтэл учирсан бөгөөд Б.О******* нь Г*******-******* аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэжээ.
5.2.Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу Г*******-алтай аймгийн Прокурорын газар нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч Д.Н*******гаас гаргуулах эрхтэй. Гэвч Г*******-алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.О*******гийн эмчилгээний зардалд 652,000 төгрөг шилжүүлсэн тухай нотлох баримт болох нэгдсэн эмнэлгийн нэхэмжлэх, санхүүгийн тайлан мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 652,000 төгрөгийг нэгдсэн эмнэлгийн дансанд шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
5.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
6.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.Э******* гэсэн гарын үсэг бүхий Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж, үйлчилгээний зардлын түүх, Б.О*******гийн өвчний түүх, эмнэлэгт хэвтсэн тухай баримтын хуулбар зэрэг нотлох баримтаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 652,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.
7.Иргэдийн төлөөлөгчийн Н*******гаас 652000 төгрөгийг нэхэмжилж авах нь зүйтэй гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Г*******-******* аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н*******д холбогдох 652,000 /зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
О.ОДОНЧИМЭГ