2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1476

 

    2025        06         02                                     2025/ШЦТ/1476

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Р.Машлай /томилолтоор/,

Шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 00000 0648 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын  сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** эрхэлдэг, ам бүл 5, *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Р.Э.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” төвийн караокены өрөөний “Skyworth 75A67G” загварын 75 инчийн зурагт, гэрэлт самбарыг хагалсны улмаас 2.619.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-3 дахь тал/,

Хохирогч И.Нийн мэдүүлэг /хх-ийн 9-10, 74 дэх тал/,

Гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,

Гэрч Д.Аын мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

Гэрч А.Нийн мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/,

Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36-38 дахь тал/,

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-925-11991 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-44 дэх тал/,

Яллагдагч Р.Эын мэдүүлэг /хх-ийн 70-71 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Р.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Р.Эээс гэрчээр мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/ авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Р.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” төвийн караокед үйлчлүүлж байхдаа караокены өрөөний “Skyworth 75A67G” загварын 75 инчийн зурагт гэрэлт самбарыг пивоны шил шидэж хагалсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.619.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” төвийн караокед үйлчлүүлж байхдаа караокены өрөөний “Skyworth 75A67G” загварын 75 инчийн зурагт гэрэлт самбарыг пивоны шил шидэж хагалсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.619.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид учруулсан хохирол,  төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Р.Э нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж хуульчилжээ.

Яллагдагч Р.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн караокед 19 цагийн үед гэрээсээ гараад очсон. Очиход манай ажлын газрын 10-аад хүн байсан. Тэгсэн сүүлдээ би болон Б, М, А бид 4 үлдсэн байсан. Тэгсэн тухайн караокеноос гарах гэж байсан чинь миний гар утас байхгүй болсон байсан. Утсаа хайгаад байж байгаад хамт байсан гуравтайгаа маргалдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дахь тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-3 дахь тал/,

Хохирогч И.Нийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан юм. 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай төвийн караокед 4 эрэгтэй хүн орж үйлчлүүлсэн. Би тухайн өдөр нь байхгүй байсан болохоор юу захиалсан талаар нь мэдэхгүй байна. 22 цаг 20 минутаас эхлээд үйлчлүүлж байсан 4 залуугийн 2 залуу нь хоорондоо муудалцаад зодолдсон. Би өөрийн гар утаснаас хяналтын камерын бичлэгийг цаг тухайд нь хардаг. Зодолдож байсан 2 залууг болиулах гэж оролдсон боловч нүдний шилтэй залуу нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж агсам согтуу тавиад найз руугаа пивоны шил шидэх гэж байгаад манай өрөөний гэрэлт самбар болон караокены лед зурагтыг хагалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ... Гэрэлт самбар нь 2.500.000 төгрөг, лед дэлгэц нь 3.599.000 төгрөгийн үнэтэй. ...Хохирлын мөнгийг бүрэн бүтэн төлж, 6.100.000 төгрөг төлсөн. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 74 дэх тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ захаас ажлын газрын хамт олонтойгоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төв гэх нэртэй газар луу 18 цагийн үед очоод хоол унд идээд, караокед дуулж байгаад манай ажлын газрын хүмүүс нэг нэгээрээ явсаар байгаад би, Э, А, М бид 4 үлдээд үргэлжлүүлээд пиво уугаад дуулсан. Яг хэдэн пиво уусан талаар мэдэхгүй байна. Тэгээд согтоцгоогоод байж байхад Э, А хоёр тамхи татаад орж ирэхдээ хоорондоо маргалдаад ороод ирсэн. Би тухайн үед нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн миний ард шил хагарсан дуу гарсан тэгсэн удалгүй цагдаа нар орж ирсэн. ...Р.Э гэрэлт самбар луу пивоны шил шидээд хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,

Гэрч Д.Аын өгсөн: “...Э өөрийнхөө утсыг олохгүй байсан болохоор бухимдаад байсан байх. Тэгсэн гэнэт Э хана руу пивоны шил аваад шидээд гэрэлт самбарыг хагалсан. Тэгээд өөр зүйл болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

Гэрч А.Нийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн караокены өрөөнд 4 эрэгтэй хүн үйлчлүүлж байсан. ...Би өрөөнөөс гараад хаалга хаахад ар талд нэг юм хагарсан чимээ гарахаар нь буцаад ороход гэрэлт самбар луу пивоны шил шидээд хагалсан байсан. Тэгээд нүдний шилтэй ах босож ирээд саарал өнгийн цамцтай ахтай барьцалдаад хоорондоо зодолдож байгаад хананд байсан зурагтыг биеэрээ мөргөөд эвдэлсэн. Тэгсэн 2 цагдаа орж ирээд тухайн хүмүүсийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/,

Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36-38 дахь тал/,

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-925-11991 дугаартай: “...Skyworth 75A67G загварын 75 инчийн зурагт, Гэрэлт самбар Нийт 2.619.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-44 дэх тал/-ээр шүүгдэгч Р.Эын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.

Шүүгдэгч Р.Эын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн 2.619.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Р.Э нь бусдын эд хөрөнгөд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Шүүгдэгч Р.Эын үйлдлийн улмаас хохирогч И.Нд 2.619.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-925-11991 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-44 дэх тал/-ээр тогтоогдсон байна.

Хохирогч И.Н нь: “...Хохирлын мөнгийг бүрэн бүтэн төлж, 6.100.000 төгрөг төлсөн. ...манай караокены өрөөний эд зүйлсийг эвдэлсэн хүмүүс манай байгууллагыг хохиролгүй болгосон тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй..” гэж мэдүүлсэн /хх-ийн 9-10, 74 дэх тал/ байх ба шүүгдэгч Р.Э нь 6.100.000 төгрөгийн хохирол, төлбөрийг шилжүүлсэн талаарх баримт /хх-ийн 79 дэх тал/ хэрэгт авагдсан байна.

Иймд шүүх шүүгдэгч Р.Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Р.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Р.Э нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн гаргаж буй саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Р.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлж үзлээ.

Шүүгдэгч Р.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж буй зэргийг нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Р.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Эд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Р.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ