| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 194/2025/1222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1525 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1525
2025 06 04 2025/ШЦТ/1525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Я.Амарзаяа,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 2506 00000 0875 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Э.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Тулга хотхоны орчимд хохирогч Я.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,
Хохирогч Я.Мийн мэдүүлэг /хх-ийн 9-10, 14-15 дахь тал/,
Гэрч Г.Гийн мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЕГО725/4348 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,
Яллагдагч Э.Бын мэдүүлэг /хх-ийн 73-75 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” хотхоны орчимд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Я.Мийг “дүү охинтойгоо найзлуулахгүй” гэх шалтгаанаар биед нь санаатайгаар халдаж, эрүүл мэндэд нь хамрын зүүн хажуу хана зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” хотхоны орчимд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Я.Мийг “дүү охинтойгоо найзлуулахгүй” гэх шалтгаанаар биед нь санаатайгаар халдаж, эрүүл мэндэд нь хамрын зүүн хажуу хана зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна....” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Б нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.
Яллагдагч Э.Бын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, манай гэрийн гадаа ирсэн байна гэж хэлэхээр нь би гараад уулзсан ба уулзаж суухдаа хуурай дүү Г лүү залгаад ахдаа пиво аваад ир гэж хэлсэн. Тэгтэл улаан Cass 1 лаазыг авч ирсэн ба машины цонх онгойлгож авчхаад гэрт ороод байж бай гээд гэрийн түлхүүр өгсөн. Тэгээд би Мд “чи одоо гэр бүлтэй юм байж яах гэж манай дүүтэй уулзаад байгаа юм бэ? Бас манай ээжид юу харуулна гээд сонин сонин юм яриад байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл юм дуугарахгүй байгаад байхаар нь би “чи яахаараа гэрт дандаа согтуу очдог юм, Бийг яагаад дагуулаад яваад байдаг юм, тэрнээс болоод ээж шөнө унтаж чадахгүй байна гэж надад утсаар хэлээд байна” гэж хэлтэл юу ч дуугарахгүй өөдөөс гөлийгөөд хараад байхаар нь би ахын шугамаар нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиод, “одоо дахиж манай дүүтэй битгий уулз” гэж хэлээд машинаас нь буугаад гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 дахь тал/ авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Я.Мийн өгсөн: “...манай найз охины ах Б гэх хүн машин дотор байж байсан. Би сайн уу ах би ирчихлээ гээд машинаа байрлуулж тавьчхаад очиход өөрийнхөө машинд байж бай, ах нь араас нь яваад очъё гэж хэлэхээр нь машин руу очоод байж байгаад ирж байгааг нь цонхоор хараад өмнөөс нь бууж очсон чинь үгийн зөрүүгүй гараараа нүүр лүү цохисон. Тэгээд тайвширч байгаад машин дотроо суугаад тамхи татаад сууж байгаад гадаа байсан хүнээс ахдаа пиво аваад ир гэж хэлсэн чинь тэр хүн нь лаазтай пиво авч ирж өгсөн. Тэгээд хажууд зэрэгцээд сууж байгаад лаазтай пивоороо 3-4 удаа нүүр лүү цохисон. ...Би сэтгэл санааны хохирол байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр учир зүйгээ олсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 14-15 дахь тал/,
Гэрч Г.Гийн өгсөн: “...Б ах над руу залгаад ахдаа нэг пиво аваад ир гэж хэлээд би та хаана байгаа юм гэхэд байрны доор машин дотор байна гэж хэлсэн. Би дэлгүүрээс улаан Cass пиво нэг лаазыг аваад очсон. Тэгтэл машины цонхоо онгойлгоод надаас пиво авснаа надад гэрийн түлхүүр өгөөд намайг гэртээ орж бай гэж хэлсэн, тэгээд би гэртээ орсон. ...Тухайн машин дотор Б ах нэг үл таних залуу хоёулаа байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЕГО725/4348 дугаартай: “...Я.Мийн биед хамрын зүүн хажуу хана зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/-ээр шүүгдэгч Э.Бын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Шүүгдэгч Э.Б нь Я.Мийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Хохирогч Я.Мийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЕГО725/4348 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Я.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч Э.Бын гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Я.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Би сэтгэл санааны хохирол байхгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр учир зүйгээ олсон. ...Эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн хохирол нэхэмжлэх зүйл надад байхгүй...” /хх-ийн 14-15 дахь тал/ гэжээ.
Иймд шүүгдэгч Э.Быг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Э.Бын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Я.М нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Э.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай..
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Я.М нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ