Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

Б.Мөнх-Эрдэнэд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 166/2021/0060/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:

              Прокурор                                       Ч.Мядагбадам

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолтой, Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнэд холбогдох, 2018000000044 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 06-нд  Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, “Түм эх эрхэт” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 5-1 тоотод оршин суух хаягтай, урьд нь:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ТА89090612 регистрийн дугаартай, Жандар овогт Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнэ.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 5-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт, хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт, умдагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Алтанцэцэгийг 2020 оны 11 дүгээр сарын 03,  2020 оны 11 дүгээр сарын 27, 2020 оны 12 дугаар сарын 23,  2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Жандар овогт Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Жандар овогт Бат-Өлзийгийн Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т  зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 15.000 төгрөгөөр тооцож, нийт 105.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 645.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 645.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 129,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд үүрэг болгож, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7., 1.8., 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ойлгож хэрэглэх учиртай бөгөөд, тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан байгаа бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан гэж ойлгох шүүхийн практик тогтож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7., 7.1 дүгээр зүйлд тусгагдсан “тэнсэх” ойлголт нь эрүүгийн ял, хариуцлагын төрлөөс зөвхөн хорих ялтай холбогдож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх агуулгаар илрэх бөгөөд, шүүхийн практикт “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэж байна.

            Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...журамлан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д  зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж...” гэж бичигдсэнийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн хэлбэр гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ноцтой зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:           

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Мөнх-Эрдэнэд  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 5-1 тоотод эхнэр Э.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт, хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт, умдагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  мөн  2020 оны 11 дүгээр сарын 03, 27, 2020 оны 12 дугаар сарын 23, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд эрх чөлөөнд нь халдаж,  гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч  Э.Алтанцэцэгийн мэдүүлэг,  гэрч Б.Бат-Өлзий, Л.Баярсайхан,  нарын мэдүүлэг, / х.хийн 26, 21-р хуудас/  Аюулын зэрэг тогтоосон үнэлгээ  / х.хийн 53-54-р хуудас /  Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27 өдрийн 71 дугаар дүгнэлт,/ х.хийн 42-43-р хуудас / “Цээнэ“ эмнэлэгт үзүүлж үзлэг хийлгэсэн тухай  тэмдэглэл, /х.хийн 30-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй  байна.  

Харин шүүх шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх  журмыг хэрэглэх бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1.д заасныг  хэрэглэх, харин  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах  “хорих ялыг хөнгөрүүлэх” “ялаас чөлөөлөх” “албадлын арга хэмжээ чөлөөлөх” тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар заалтыг хэрэглэх нь зөв бөгөөд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн бол энэ заалтыг хэрэглэх нь зөв.  

Өөрөөр хэлбэл хэргийг ердийн журмаар шийдвэрлэж шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр  тэнсэх бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1.д заасныг, шүүгдэгч  ...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөх илэрхийлсэн... буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд ялаас чөлөөлөх, ялаас хасах, тэнсэж үүрэг хүлээлгэх бол 6.7.д заасан журмын хэрэглэх тухай  хоёр өөр агуулгатай зохицуулалт  байна.  

Иймд  ...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх тухай... Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1.,  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Бат-Өлзийн Мөнх-Эрдэнэд холбогдох, 2018000000044 дугаартай 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай. 

           3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ТУЯА

                                                                             ШҮҮГЧ                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР