Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/128

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201105000207 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/

Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /регистрийн дугаар /

 Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэрт *******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэрт *******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэгт тус тус холбогджээ.                          /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн:

2017 оны 06 сарын 04-ний өдөр *******, Амарзаяа нарыг Огтонотой булаг дээр байна гэхэд нь очихдоо 2.5 литрийн 1 пиво авч очсон. Авч очсон шар айргаа *******тай хамт хувааж ууж байтал явахаар болж Амарзаяагаар хөх толгойд Даваамягмарынд бид хүргүүлсэн. Тэнд үлдсэн пивоо ууцгаасан. Даваадалайг таксинд явдаг болохоор нь хүргүүлэхээр дуудсан. *******гийн гэрийн гадаа машинд байж байгаад ам зөрж хэрэлдэж эхэлсэн. ******* надад чи нөхрөөсөө сал гэж хэлсэн. Би нөхөр Нэмэхбаяртайгаа заримдаа хэрэлдэж маргалдаж зодолддог юм. Тэгээд ******* намайг өмөөрч хэлсэн юм шиг байна лээ. Нөхөртэйгээ маргалдаж муудахаараа найз *******г дууддаг, тэрэнд хэлдэг бөгөөд тэр намайг ийм хэрүүлтэй зодоонтой амьдарна гэж юу байдаг юм гэдэг. Тэгээд пиво ууж халсан байсан учир ******* намайг нөхрөөсөө сал гээд байсан болохоор дургүйцэж дандаа энэ үгийг хэлж байх юм, чиний нөхөр тийм сайн юм уу, хэзээ олигтой байсан юм бэ гээд маргаан үүссэн. ******* би гэртээ орлоо гээд машины хаалга саваад гарахаар нь би май гээд салаавч өгсөн чинь тэр буцаж орж ирээд миний үснээс зулгаасан. Би ч зөрүүлээд түүний үснээс зулгаасан. Бие биенээ маажиж цохилцсон. Биднийг Даваадалай, Улка нар салгасан. Тэгээд гэр гэртээ харьцгаасан. Харин миний нүүрэнд учирсан маажигдсан шарх шалбархайг харчихаад манай ээж аав 2 уурлан цагдаагийн байгууллагад өргөдөл өг гээд байсан. ******* бид 2 дотно найз нөхөд байгаа юм. Хоорондоо уулзаж учир зүйгээ ололцсон гэх мэдүүлэг /хх-н 28-29/

*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн:

2017 оны 06 сарын 04-ний өдөр Огтонотой булаг дээр Амарзаяагийн хамт хүүхдүүдээ салхилуулаад байж байхад манай найз ******* ирсэн. Ирэхдээ 2.5 литрийн пиво авчирсаныг ******* бид 2 хувааж уусан. Амарзаяа гэр рүүгээ явахаар болж бид *******гийн хамаатан Даваадалайн гадаа хүргүүлсэн. Тэгээд Даваамягмар гарч ирж бид 3 үлдсэн пивоо уусан. Дараа нь манай гадаа байж байгаад ******* бид 2 маргалдаж эхэлсэн. *******гийн нөхөр нь түүнийг зодож цохиод байдаг юм. Тэгээд би *******д чи нөхрөөсөө сал, дандаа л зодож, нүдүүлж байх юм гэхэд тэр надруу уурлан чи боль дандаа энийг ярьж байх юм, чиний амьдрал тийм сайн юм уу, чиний нөхөр чинь ч гэсэн олигтой юм уу гээд хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би уурлан машинаас буугаад явсан. ******* май гээд надруу салаавч өгөхөөр нь би буцаж машинд суугаад түүнийг үснээс нь зулгаасан. ******* ч зөрүүлээд миний үснээс зулгаасан. Бие биенээ цохиж, түлхэсэн. *******гийн хамаатан Даваадалай, Улка нар салгасан. Бидний хувьд согтууруулах ундаа хэргэлсэн байсан ч ухаан мэдрэлээ алдаагүй байсан. Бид өмнө нь муудалцаж байгаагүй. Би найзыгаа нөхөртөө зодуулаад байдаг болохоор түүнийг өмөөрөөд байдаг. Би хүний амьдралын гүнд хэтэрхий шургаж орж байсан байна гэдгээ ойлгосон. *******тай уулзаж учир зүйгээ ололцсон учраас гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 277 дугаартай:

*******гийн биед дух, зүүн шанаа, зүүн хацар, хүзүү, баруун хацар, эрүү, хамрын нуруу, баруун шуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 44-45/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 278 дугаартай:

*******гийн биед дух, баруун зүүн хацар, эрүү, баруун нүдний зовхи, баруун мөр, нуруу, баруун гарын шуунд зулгаралт, нуруу, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 50-51/

-*******гийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6-7/

-*******гийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8-10/

-эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14-23/

-Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын *******г тодорхойлсон тодорхойлолт, *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, *******гий иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банкны депизит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 72-75/

-Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын *******г тодорхойлсон тодорхойлолт, *******гий иргэний үнэмлэхний хуулбар, *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ХААН банкны депизит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 76-79/

-Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******, ******* нарын хүсэлт, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80-86/

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь харилцан бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчоор өгсөн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч *******, ******* нарын хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар нэг нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хоорондоо эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын эзэмшлийн 32 инчийн зурагтыг тус тус битүүмжилсэн 2017 оны 08 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллгаа явуулах тухай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон           

                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд гурав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн 32 инчийн зурагтыг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилснийг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ