Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03936

 

 

 

 

 

2022 09 29

101/ШШ2022/03936

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 481 тоот хаягт оршин суух У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 43-2158 хаягт оршин суух Пд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,404,469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагч Ж.Пүрэвням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Пүрэвням нь 2019 оны 4 сарын 19-ний өдөр 4 сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэй зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй, 2019 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл төлж дуусгахаар харилцан тохиролцож, 2543 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд ор сураггүй алга болж, зээлийн гэрээний дагуу үүргээ үл биелүүлж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн болно.

Иймд Ж.Пүрэвнямаас үндсэн төлбөр 8,685,940 төгрөг, 34 сарын хүү 4,329,470 төгрөг, алданги буюу анз 4,329,470 төгрөг, нийт 17,404,469 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Энэ гэрээ хуулийн дагуу бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний дагуу мөнгийг хариуцагч авсан талаар маргадаггүй.

Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа.

Хариуцагчаас Ипотекийн буюу орон сууц авах зорилгоор зээл авсан гэдгээ ч хуралдаан дээр тайлбарлаж байна.

Хариуцагчийн тайлбарт дурдсан зээл төлөгдсөн гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Мөнгөнсүх, Нямгарав нартай холбоотой харилцаа нь тусдаа эрх зүйн харилцаа юм.

Нотлох баримт судлахад гарсан зээл төлсөн төлбөрүүдээс үзэхэд 3,700,000 төгрөг нэхэмжлэгчийн дансруу төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж үндсэн зээл 8,685,940 төгрөгөөс төлсөн 3,700,000 төгрөгийг хасаж, үлдсэн төлбөр 4,958,940 төгрөг, алданги 4,329,470 төгрөг, хүү 4429,470 төгрөг, нийт 13,617,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ж.Пүрэвням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Охин Б.Нямгарав ипотекийн зээл авахын тулд миний цалингийн зээлийг дарахын тулд энэ зээлийг авсан. Манай тухайн үед гэр бүлийн хороололд амьдарч байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцэд материал бүрдүүлж өгсөн. Танай газар болзол хангаж байгаа учраас санхүүжүүлж болно гэсэн албан бичиг ирсний үндсэн дээр байр хайж явж байгаад Оюунчимэг, Мөнгөнсүх нартай тааралдаад 3 өрөө байрыг 1 мкв нь 1,700,000 төгрөг, 72,8 мкв байрыг авахаар болж гэрээ байгуулсан. Нийт 122,536,000 төгрөг болсон. Гэр хорооллын дэд бүтцийн газраас худалдан авах байр нь 70 мкв-аас илүүгүй байна гэж заасан байсан тул Оюунчимэг, Мөнгөнсүх нартай уулзаж ярилцаад орон сууцны захиалгын гэрээгээ өөрчлөөд мкв-г нь багасгаад 1 мкв г 1,850,000 төгрөгөөр бодоод тооцоо гаргахад миний Н.*******аас цалингийн зээлээ дарах гэж авсан 5 сая гаран төгрөг нь дарагдчих юм байна гэж бид ярилцаад энэ 8,685,940 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Үлдсэн зөрүү болох 3 сая гаран төгрөгийг нь охин та 2 төлчихөөрэй гэхэд нь зөвшөөрөөд гэрээ байгуулсан.

Ингээд манай охин Б.Нямгарав нь Оюунчимэг, Мөнгөнсүх нартай 2018 оны 7 сарын 23-ны өдөр тус байрны мкв-ын хэмжээг багасгаад 69,09 мкв талбайтайгаар 1мкь нь 1,850,000 төгрөгөөр тооцож дахиж гэрээ байгуулсан. Шинээр гэрээ байгуулж 127,798,000 төгрөг болсон ба энэ мөнгийг шилжүүлсэн. Энэ үнийн дүнд 5 сая төгрөгийн зээлийн төлөлт хамт явж байгаа.

Учир нь Оюунчимэг, Мөнгөнсүх нарын данс шүүхийн шийдвэрийн улмаас хаагдсан байгаа учраас Б.*******ын данснаас цалингийн зээлийг хаагаад угаасаа ипотекийн 8 хувийн зээлээс 5 сая төгрөг орчих юм чинь үлдсэн мөнгийг та 2 төлчхөөрэй гээд энэ зээлийн гэрээг байгуулж, 5 сая төгрөгийг нь байрны зөрүү мөнгөөр төлсөн.

Улсын бүртгэлийн лавлагаа дээр манай байрыг Совд сервис ХХК худалдах эрхтэй байсан. Гэтэл н.Оюунчимэг, н.Мөнгөнсүх нар нь Совд сервис ХХК-тай холбоотой болоод ирэхээр Чингис хаан банкинд энэ 3 ямар холбоотой гэдгийг тодруулах хүсэлт гаргасан.

Мөн манай охин болон Б.******* нар байрны урьдчилгаа 30 хувь буюу 38,339,000 төгрөгийг зээлсэн гэрээ байгуулсан бөгөөд энэ хуралд О.Мөнгөнсүх нь итгэмжлэл авч ордог. Энэ хүмүүс нэг ашиг сонирхол бүхий хүмүүс юм.

Урьдчилгаа 30 хувь зээлсэн, миний цалингийн зээлийг хаасан 8,658,940 төгрөгийг төлсөн, ипотекийн зээл гарсан энэ үйл явдал 2019 оны 4 сарын 19-ний өдөр давхцаж байгаа. Үүнээс харахад 5 сая төгрөг төлөгдсөн нь харагдана.

Бусад баримт дансны хуулгаар охин Б.Нямгаравын данснаас 1,500,000 төгрөг, 700,000 төгрөг, 500,000 төгрөгийг хийсэн. Миний өөрийн данснаас 1 сая төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг Б.*******ын дансанд шилжүүлсэн баримт хавсаргагдсан байгаа гэв.

Иймд зээлийн бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс: 2019 оны 4 сарын 19-ний өдрийн 2543 тоот гэрээ, Хариуцагчаас: 2017 оны 2 сарын 17-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2018 оны 7 сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 02/515 тоот албан бичиг, Б.Нямгаравын эзэмшлийн хаан банкны дансны хуулга, Чингис Хаан банкны 2019 оны 01 сарын 10-ны өдрийн БХ192 тоот албан бичиг, Б.Нямгаравын дансны хуулга, Ж.Пүрэвнямын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2019 оны 4 сарын 19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний төлбөрийн хуваарь, барьцаалбар, 2022 оны 5 сарын 02-ны өдрийн итгэмжлэл, Б.Нямгаравын тайлбар, 2021 оны 8 сарын 05-ны өдрийн 02308 тоот шүүхийн шийдвэр, 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 20/030 тоот албан бичиг, 2019 оны 4 сарын 19-ний өдрийн №2540 зээлийн гэрээ, 2020 оны 12 сарын 22-ны өдрийн итгэмжлэл Софтвейр сервис ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Чингис хаан банкны 2022 оны 8 сарын 08-ны өдрийн тодорхойлолт, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.Пүрэвнямд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,404,469 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас зээлийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 4 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 8,685,940 төгрөг, 34 сарын хүү 4,329,470 төгрөг, алданги 4,329,470 төгрөг нийт 17,404,469 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар 2019 оны 4 сарын 19-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээний дагуу хариуцагч Ж.Пүрэвням нь 8,658,940 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй зээлж, 2019 оны 8 сарын 01-ний өдөр хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, зорилгоор тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

4.Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, буцаан төлсөн үйл баримтыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2019 оны 4 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг орон сууц худалдан авахын тулд байгуулсан бөгөөд энэ гэрээг байгуулахын тулд цалингийн зээлээ хаах зорилгоор нэхэмжлэгчээс 8,685,940 төгрөгийн зээл авч хаасан бөгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй байгуулсан. Үүний дагуу 2017 оны 2 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний нөхцөл болох 122,536,000 төгрөгийн хэмжээг өөрчлөн, байрны талбайн хэмжээг багасгаж, нэг метр квадратын үнэд өөрчлөлт оруулах байдлаар 127,798,000 төгрөгөөр дахин гэрээ байгуулж, банкнаас 127,798,000 төгрөгийн зээл авч, үүнээс 5,262,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт өгсөн гэж тайлбарлаж байна.

5.Хэрэгт авагдсан баримтаар иргэн О.Оюунчимэг Б.Нямгарав нарын хооронд 2017 оны 2 сарын 17-ны өдөр орон сууц захиалгын гэрээ, 2018 оны 7 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 29-34 дүгээр тал/

6.Нэхэмжлэгчээс иргэн О.Оюунчимэг, Б.Нямгарав нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ нь зээлийн гэрээнд хамааралгүй гэх тайлбарыг, хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний дагуу Чингис хаан банктай зээлийн гэрээ байгуулж 89,450,000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.*******тай охин Б.Нямгарав 2019 оны 4 сарын 19-ний өдрийн №2540 дугаартай зээлийн гэрээ байгуулж 38,339,400 төгрөгийг тус тус зээлж, нийт 127,789,400 төгрөг болсон ба энэ үнийн дүнгээс 122,536,000 төгрөг нь орон сууц захиалгын гэрээний үүрэгт, 5,262,000 төгрөг нь №2543 тоот зээлийн гэрээний үүрэгт тус тус төлөгдсөн гэж тайлбарлаж байна.

7.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл О.Оюунчимэг Б.Нямгарав нарын хооронд байгуулагдсан 2017 оны 2 сарын 17-ны өдрийн орон сууц захиалгын гэрээгээр орон сууцны талбайн метр квадратыг 1,700,000 төгрөгөөр тооцож, гэрээний нийт үнэ 122,536,000 төгрөг, 2018 оны 7 сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээгээр метр квадратыг 1,850,000 төгрөгөөр тооцож, гэрээний нийт үнийг 127,798,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна. /хх-ийн 31-34 дүгээр тал/

Тодруулбал, хариуцагчийн шүүхэд гаргасан орон сууц захиалгын гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах байдлаар 5,292,000 төгрөг /127,798,000-122,536,000=5,262,000 төгрөг/-ийн зөрүү мөнгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх тайлбар нь баримтаар тогтоогдоож байна гэж үзэхээр байна.

8.Мөн хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээнүүд, Чингис хаан банкны 2019 оны 01 сарын 10-ны өдрийн БХ/192 тоот иргэн О.Оюунчимэг, О.Мөнгөнсүх, Б.******* нарт гэх тодорхойлолт, Б.Нямгаравын эзэмшилийн Чингис хаан банк

дахь харилцагчийн дансны хуулга, 2019 оны 4 сарын 19-ны өдөр иргэн О.Оюунчимэг, Б.Нямгарав нарын хооронд байгуулагдсан №2540 дугаартай 38,339,400 төгрөгийн зээлийн гэрээ, Чингис хаан банк болон иргэн Б.Нямгарав, Ж.Пүрэвням нарын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 05-ны өдрийн 02308 дугаар шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Ж.Пүрэвнямын охин Б.Нямгарав нь Чингис хаан банкнаас 89,450,000 төгрөг, Б.*******аас 38,339,400 төгрөгийг тус тус зээлж, нийт 127,798,000 төгрөг болсноос 5,262,000 төгрөгийг 2019 оны 4 сарын 19-ний өдрийн №2543 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх тайлбар нотлогдож байна гэж үзэхээр байна. /хх-ийн 31-34, 40-41, 44-54, 88-89 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан тайлбар, баримтыг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байх тул 5,262,000 төгрөгийг төлсөн гэх хариуцагчийн тайлбар дурдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэв.

9.Хариуцагчаас гэрээний үүрэгт 3,700,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан Б.Нямгарав, Ж.Пүрэвням нарын Хаан банкны эзэмшлийн дансны хуулгаар дээрх тайлбар нь нотлогдож байх бөгөөд гэрээний үүрэгт 3,700,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарт нэхэмжлэгч тал маргаагүй. /хх-ийн 37-39, 42 дугаар тал/

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8,962,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

10.Нэхэмжлэгчээс 34 сарын хүүгийн төлбөрт 4,329,470 төгрөг нэхэмжилсэн.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 8,658,940 төгрөгийг 1.5 хувийн буюу сарын 129,884 төгрөгийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нь 4 сарын хүү болох 519,536 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 4,329,470 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 8,685,940 төгрөг, зээлийн хүү 519,536 төгрөг нийт 9,178,476 төлөх үүргээс хэрэгт авагдсан бичгийн баримтаар 8,962,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчаас гэрээний үүрэгт 216,476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

11.Нэхэмжлэгчээс алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 4,329,470 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгэгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд гэрээний 2.7-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамжд 0.5 хуийн алданги тооцно гэж тохиролцсон байх хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь үндсэн зээл 8,658,940 төгрөгийг 2019 оны 12 сарын 08-ны өдөр төлж дуусгасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь үүргийн зөрчлийг хэзээ гаргасан, хэзээнээс эхлэн алданги төлөх үүрэгтэй болсон гэж үзэж байгаа, алдангийн хэмжээг хэрхэн тооцооллож байгаа тодорхойгүй байна.

Иймд алдангид 4,329,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 216,476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,187,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Пүрэвнямаас 216,476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,187,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Булгантамираас 7,144 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА