Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/04000

 

 

 

 

 

 

 

 

2022 10 05 101/ШШ2022/04000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.А /рд:/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Н.М  /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөгийг Н.М-д сарын 15 хувийн хүүтэй буюу сар бүр 300,000 төгрөгийг хүүд төлөхөөр зээлдүүлсэн. Аман тохироогоор бол 5 сарын хугацааны дотор буцааж төлөхөөр тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлсэн мөнгөө төлөхгүй байна. Энэ хугацаанд 2020 оны 02 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 03 сарын 03-ны өдөр 270,000 төгрөг, 2020 оны 05 сарын 09-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 06 сарын 21-ний өдөр 180,000 төгрөг, 2020 оны 08 сарын 20-ны өдөр 80,000 төгрөг, 2021 оны 07 сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,030,000 төгрөгийг төлсөн. 2021 оны 11 сарын 12-ны өдөр 150,000 төгрөгийг манай найзын дансаар дамжуулан төлсөн болохыг шүүхэд гаргасан дансны хуулгаас нь мэдлээ. Уг мөнгийг төлсөн нь үнэн юм байна. Н.М нь намайг залгахаар утсаа авахгүй, эргэж холбогдохгүй болсон. Иймд Н.М-аас үндсэн зээл 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.А-аас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг сар бүр 300,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцож авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг төлж дуусах хүртлээ л сар бүр хүүд 300,000 төгрөгийг төлөх байсан. Би гэхдээ 3 сарын хугацаанд шахаад төлж барагдуулна гэж бодож байсан боловч цар тахал гарч мөн манай том охин төрсөний улмаас ажил хийх боломжгүй болж төлж чадаагүй. Энэ хугацаанд нийт 1,210,000 төгрөгийг төлсөн. Үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, нэг сарын хүү 300,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг төлөх ёстойгоос 1,210,000 төгрөгийг төлсөн. Би ажилгүй болж, эдийн засгийн байдал хүндэрсэн, 6 хүүхэдтэй би зээлийн хүү өндөр зээлийн хүү төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлээс 1,090,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Н.М-аас гараар бичсэн гэх бичвэр, иргэний үнэмлэхийн хуулбар,

3.2 Хариуцагчаас гаргасан дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Н.Мд холбогдуулан гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.А нь 2,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр Н.М-д зээлдүүлсэн болох нь талуудын тайлбараар болон Н.М-аас гараар бичсэн бичвэрээр тогтоогдож байна. /хх-4/

 

3.1 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

4. Талууд зээлийн гэрээний хугацааг бичгээр тохиролцоогүй байх ба гэрээний хугацааг харилцан адилгүй өөр, өөрөөр буюу нэхэмжлэгч нь ...мөнгө авсан өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлж дуусгахаар тохирсон гэж, хариуцагч нь ...үндсэн төлбөрийг хэзээ төлж дуусгана тэр өдөр хүртэл сар бүр зээлийн хүүгээ төлж явахаар тохирсон, тодорхой хугацаагүй гэж тус тус тайлбарласан.

 

4.1 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт гэрээний аль нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан.

 

Зохигчид зээлийн гэрээний хугацааг ойлгомжгүй байдлаар өөр, өөрөөр тайлбарласан тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн нэхэмжлэгчээс гаргасан ...5 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирсон гэх тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд 5 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Зээлдэгч Н.М-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,210,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн хүүг өндөр хүүтэй тул төлөх боломжгүй гэж маргасан.

 

5.1 Зээлдүүлэгч Ц.А нь зээлдэгч Н.М-д сарын 15 хувийн хүүтэй буюу сар бүр 300,000 төгрөгийг хүүд төлөх нөхцөлтэйгээр зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон нь зах зээлд тогтсон жишиг дундаж хүүгийн хэмжээнээс 3 дахин их байна. Уг зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзэхээр байна.

 

5.2 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Иймд талуудын тохиролцсон 15 хувийн зээлийн хүүг багасгаж, 7 хувиар тогтоох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

6. Зээлдэгч Н.М-ы зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлбөл зохих төлбөрийг тооцож үзвэл үндсэн төлбөр 2,000,000 төгрөгөөс 7 хувиар зээлийн хүү тооцоход сарын 140,000 төгрөгийг 5 сараар бодоход 700,000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлөх үүрэгтэй байна.

 

6.1 Иймд хариуцагч Н.М нь үндсэн төлбөр 2,000,000 төгрөг, зээлийн хүү 700,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 1,210,000 төгрөгийг хасч, үлдэх 1,490,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ад олгож шийдэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.М-аас 1,490,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 510,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ