| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04961/И |
| Дугаар | 101/ШШ2022/04086 |
| Огноо | 2022-10-07 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/04086
2022 10 07 101/ШШ2022/04086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Д.Г /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 ХХК-ийн байранд оршин байрлах, А л ХХК /рд:0/-д холбогдох,
Дутуу олгосон цалин болон ээлжийн амралтын олговорт нийт 2,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс А Л ХХК-д харуулаар ажилд орж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан. 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр харуулын албаны даргаар томилогдсон С нь миний эсэргүүцлийг хүлээж аваагүй, байгууллагын өмнөөс амаар намайг ажлаас халлаа, ажлын хувцас, хэрэглэлээ хүлээлгэж өгөөд rap гэдэг шаардлагыг тавьсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би хүний нөөц Энхтуул, захирал Ц нартай уулзаж шинээр томилогдсон албаны даргатай цаашид хамтран ажиллах боломжгүй, намайг харуулын албаны даргаар томилох байсан талаар мэдэгдэхэд намайг захирлууд 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч уулзсан. Тэд миний гаргасан өргөдлийг хүлээн авах боломжгүй буюу намайг харуулын албаны даргаар томилохгүй, өмнө нь хийж байсан харуулын ажлаа үргэлжлүүлэх хийхийг тулгасан. Хэрэв шалтгаангүйгээр ажлаа тасалсан тохиолдолд ажлаас хална гэдэг хариулт өгсөн. Намайг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажил хийх ямар ч боломжгүй болгож, ажлын хувцас, хэрэглэлийг хураан авсан. Иймд би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй. Надад олгох цалингаас 2022 оны 04 дүгээр сарын цалингаас 100,000 төгрөгийг дутуу бодож олгосон. Мөн 2022 оны 5 дугаар сарын цалин 523,000 төгрөг, 6 дугаар сарын цалин 523,000 төгрөг, 7 дугаар сарын цалин 523,000 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын олговор 523,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Г нь А Л ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн харуул албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. А Л ХХК-ийн Харуул хамгаалалтын албаны дарга Ө.Г ажлаас чөлөөлөгдөж оронд нь С томилогдсон. Д.Г нь С-той хамтарч ажиллаж чадахгүй, түүний удирдлага доор ажиллах боломжгүй хэмээн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирал М.Ц, Хүний нөөцийн менежер Б.Э нартай уулзсан. Уулзалтын үеэр Д.Г нь Сийг ажлаа хийх чадваргүй ба өөрөө түүний удирдлага дор ажиллаж чадахгүй. Тиймээс С-ийг ажлаас чөлөөлж түүний оронд өөрийг нь харуул хамгаалалтын албаны даргаар томилох, мөн 2021 оны шилдэг ажилтанаар харуулын ажилтан Гыг шалгаруулсан нь оновчгүй шийдвэр байсан ба энэ жил 2022 оны шилдэг ажилтнаар өөрийг нь шалгаруулах гэх хүсэлтүүдийг гаргасан. Түүний уг хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй, харуулын ажлаа үргэлжүүлэн хийхийг хэлсэн. Гэтэл Д.Г нь хэрвээ С-ийг ажлаас халахгүй тохиолдолд би энэ компанид ажиллаж чадахгүй гэж хэлээд гарсан. Тэр өдрөөс хойш Д.Г нь ажилдаа огт ирээгүй бөгөөд түүний 95536712 дугаар луу залгахад огт утсаа аваагүй. Ажилдаа ирэх ирэхгүй нь тодорхойгүй маш удсан. Манай байгууллага Гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба харуулын постыг удаан эзэнгүй байлгах боломжгүй тул компанийн зүгээс байгууллагын үйл ажиллагааны хэвийн горимыг хангах үүднээс түүнийг үндэслэлгүйгээр олон хоног ажил тасалсан гэсэн үндэслэлээр 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөсөн. Түүний ажлаас чөлөөлсөн тушаал бичгээр гарсан тухай түүний 95536712 дугаарт залгаж утсаар мэдээллэсэн болно. Д.Г нь 2022 оы 07 дугаар сарын 20-ны өдөр ирж уулзсан ба өөрийн хүсэлтээр халагдах өргөдөлөө өгсөн. А Л ХХК-ны Хүний нөөцийн менежерийн зүгээс түүний ажпаас чөлөөлөгдөх тушаал гарсаныг дахин мэдэгдэж холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн болно. Д.Г нь ажил олгогчоос түүнийг ажлаас чөлөөлөөгүй, харуулын ажлаа үргэлжлүүлэн хийхийг хэлсээр байхад өөрөө үүрэгт ажлаа 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш орхин явсан. Ийм атлаа ажлаагүй хугацааны цалин болон ээлжийн амралтын олговор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.
3.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал, А Л ХХК-д гаргасан гэх хүсэлт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цалин бодолтын лавлагаа, ажлаас гарах амралтын тооцоо зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч А Л ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин болон ээлжийн амралтын олговорт нийт 2,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 04 сарын 18-ны өдрөөс намайг ажил хийх боломж олгоогүй, ажлын хувцас хэрэглэлийг хураан авсан. Миний тавьсан шаардлагад хариу өгөөгүй тул энэ өдрөөс хойш би ажилдаа очоогүй. 2022 оны 04 сарын цалинг 100,000 төгрөгөөр дутуу олгосон, мөн 05, 06, 07 дугаар сарын цалин тус бүр 523,000 төгрөг, 2022 оны ээлжийн амралтын олговор 523,0000 төгрөг, нийт 2,200,000 төгрөгийг гаргуулна гэж,
3.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Д.Гийг ажлаас нь чөлөөлөөгүй, ажлаа хэвийн хийхийг хэлсээр байтал өөрийг нь харуулын албаны даргаар томилоогүй, харуулын албаны дарга Стой хамтарч ажиллахгүй тул түүнийг ажлаас чөлөөл гэх шаардлагыг нь хүлээн аваагүй үндэслэлээр 2022 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй орхин явсан. Түүний ажиллаагүй сарын цалинг олгох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.
4. Нэхэмжлэгч Д.Г нь А Л ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс харуулын албан тушаалд томилогдон ажилласан үйл баримтын талаар талууд тайлбарласан, энэ нь ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
5. Хариуцагч А Л ХХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/22-058 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлүүдэл заасныг тус тус үндэслэн үндэслэлгүйгээр олон хоног ажил тасалсан зөрчил гаргасан гэж Д.Г-ийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, харуулын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 12/
5.1 Зохигчдын хэн аль нь бичгээр гарсан тушаалыг нэхэмжлэгчид 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчаас гардуулсан болон ажилтан Д.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, уг өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгээгүй үйл баримтын талаар маргаагүй, тайлбарласан.
5.2 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад тэрээр 5, 6, 7 дугаар сарын цалин хөлс шаардах болсон үндэслэлийг ажилд эгүүлэн тогтоолгох хүсэл зориггүй, харин ажлаас чөлөөлсөн тушаалыг бичгээр гарсан болохыг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан тул уг өдрийг хүртэл хугацааны цалин хөлс авна гэж тайлбарласан.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т ажилтан нь ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, 42.2.7-д ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан.
6.1 Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан ...миний оюуны чадамжийг компани үнэлэлгүйгээр харуулын албаны даргаар Сийг томилсон. 2022 оны 04 сарын 08-ны өдрөөс ажил хийх боломжгүй болгосон. Компанийн удирдлагууд намайг 2022 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч уулзаж, намайг харуулын албаны даргаар томилох боломжгүй, цаашид харуулын ажлаа үргэлжлүүлэн хийхийг хэлсэн. Миний саналыг хүлээн аваагүй тул би ажилдаа дахин очоогүй гэж тайлбарласан. Уг тайлбарыг хариуцагч мөн тайлбарласан.
6.2 Зохигчдоос гаргасан дээрх тайлбараас үзэхэд ажил олгогчоос ажилтаныг гүйцэтгэж буй ажил үүргээ хэвийн гүйцэтгэхийг мэдэгдсээр байхад ажилтан Д.Г нь түүнийг харуулын албаны даргаар томилоогүй, шинээр томилогдсон харуулын албаны даргатай хамтарч ажиллахгүй гэх шалтгаанаар ажлын байраа өөрөө сайн дураараа орхин явсан байна.
6.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэнэ гэж заасан. Ажил олгогч нь харуулын албаны даргаар хэн нэгэн ажилтныг томилон ажиллуулах нь түүний эрхийн асуудал байна.
6.4 Нэхэмжлэгч Д.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш ажиллаагүй, ажлын байраа орхин явсан байх тул ажиллаагүй хугацааны 5, 6, 7 дугаар саруудын цалин хөлс шаардсан нь үндэслэлгүй, ажилтан дээрх саруудад ажиллаагүй, ажил олгогчоос шалтгаалаагүй буюу түүнийг урд гүйцэтгэж байсан харуулын ажлаас нь чөлөөлөөгүй байхад өөрөө ажлаа орин явсан байх тул гүйцэтгээгүй ажил үүргийн цалин хөлсийг шаардах эрхгүй байна.
6.5 Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Д.Г нь өөрөө 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс ажлын байраа орхин явсан болох нь тогтоогдсон тул хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалыг хожим буюу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан байгаа нь түүний ажиллаагүй саруудын цалин хөлсийг олгох үндэслэл болохгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны 5, 6, 7 дугаар сарын цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Хариуцагч А Л ХХК-иас нэхэмжлэгч Д.Гийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгээгүй, түүнийг ажилдаа ирж ажиллахыг хүлээсээр ирээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан тул уг тушаал гарах өдрийг хүртэл хугацааны цалинг хэдий ажиллаагүй ч бодож олгосон гэж тайлбарласан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын баримтаар 2022 оны 04 дүгээр сард 512,073 төгрөгийн цалинг хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон байна. Иймд 2022 оны 04 дүгээр сарын цалинг 100,000 төгрөгөөр дутуу олгосон гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
8. Мөн нэхэмжлэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа эдэлсэн болох нь талуудын тайлбар, цалин бодолтын лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн дараагийн ээлжийн амралт бодогдох 2021 оны 12 дугаар сараас түүний ажилласан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл тооцож үзэхэд 4 сар байх тул ээлжийн амралтын олговор авах эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн 2022 оны ээлжийн амралтын олговор 523,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
9. Хариуцагч А Л ХХК-д дээр дурдсанаар нэхэмжлэгч Д.Гт дутуу олгосон цалин, 5, 6, 7 дугаар сарын цалин, ээлжийн амралтын олговор олгох үүрэг үүсээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах гэж заасан эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Хэрэгт авагдсан ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх боловч зохигчдын хэн аль нь уг баримтуудын он, сар өдөр, агуулгад маргаагүй тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,790 /20,240+56,550/ төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 42.1.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч А Л ХХК-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин болон ээлжийн амралтын олговорт нийт 2,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 76,790 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ