Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2022/00427

 

    Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

    Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .......... дүгээр хороо, А4 байрны ...... тоотод оршин суух, Б овгийн У-н Ө-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, ...... улирлын цэцэрлэг С-4 дүгээр байрны ........... тоотод оршин суух хаягтай, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа, Багануур дүүрэг дэх нээлттэй, хаалттай .....................дугаар хорих ангид хүмүүжигч Ж овгийн Б-ын М-д холбогдох гэм хорын хохиролд 250,937,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.М /онлайнаар/

Иргэдийн төлөөлөгч: С.Ц 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э-д нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч У.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 8 дугаар сарын 9-ний оройн 21 цаг 10 минутад ...............................миний нөхөр Т.Г-г хамт ажиллаж байсан ТЗУГ-ын дарга Б.М биеийнх нь толгойн тус газарт 7 удаа, хөлөөрөө 5 удаа өшиглөх зэргээр зодож амь насыг нь хохироосон. Б.М-ыг бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял ногдуулж, гурван шатны шүүхээр эцэслэн 2020 оны ..........дүгээр сарын .........-ны өдрийн Улсын Дээд шүүхийн ................... дугаартай тогтоолоор 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.М-л нь Монгол Улсын Ерөнхийлөгчид “Миний бие хийсэн хэрэгтээ харамсч байгаа бөгөөд хугацаанаасаа өмнө суллагдаж, талийгаачийн ар гэр, үр хүүхдүүдийг цаашид харж хандаж холбогдох төлбөр хохирлыг нь төлөх” тухай хүсэлт гаргаж, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Б бүрэн эрхийнхээ хүрээнд нийт ялын 25 хувьд нь буюу 2,8 жилийн хорих ялд нь уучлал үзүүлсэн.

             Талийгаач бид хоёр 20 жил ханилан суугаад 4 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд энэ хар өдрөөс хойш миний бие 1 ой 6 сартайгаас 16 насны 4 нялх хүүхэдтэй бэлэвсэрч өрх толгойлж үлдсэн. Гэнэтийн их уй гашууг даван туулахын хажуугаар талийгаачийн оршуулгын ажил явдал, хойдын буян хураах, гэмт хэргийн хууль ёсны хохирогчоор тогтоогдон мэдүүлэг, тайлбар өгөх зэрэг үй олон үйл явдалд оролцох, өнчирч үлдсэн үрийнхээ сэтгэл санааг тайвшруулан асрах, үрээ алдсан хадам эцэг, эхээ асран халамжлах зэрэг нулимстай уйтай өдрүүдэд миний бие ажил төрлөө эрхлэн гүйцэтгэх чадал боломж байгаагүй.

             Бага хүү минь нялхаараа хөхүүл үлдсэн тул хүүхдээ асрах, талийгаачийн аав Р.Т-г газар дээрх ганц хүүгээ нас барснаас хойш сэтгэлийн гүн шаналалаас үүдэн ходоодны хорт хавдар өвчнөөр өвчилж байсныг асарсан. /2019 оны 01 дүгээр сарын 01-нд нас барсан/. Талийгаачийн ээж Х.Д-г мөн хөлөө хугалж байнгын асаргаа шаардлагатай байсан зэргээр гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2018 оны 8 дугаар сараас хойш өөрийн үндсэн ажил үүргээ 2019 оны 12 сар хүртэл хийж гүйцэтгээгүй болно.

           Гэм хорын хохирол шийдвэрлэсэн эрүүгийн шүүх хуралдааны шийдвэрт ороогүй хохирол болох хүүхдүүдийн сургалтын төлбөр болон миний цалин хөлсний орлого зэргийг нэхэмжилж байна.

           Үүнд: 1.Хүүхдүүдийн Сургалтын төлбөрын зардал: .................................. их сургуульд инженер мэргэжлээр 4 жил суралцах хугацааны сургалтын төлбөрийн 2 жилийн төлбөрийг ........................ төлж байгаа бөгөөд үлдэгдэл 80,000$-оос .......................... гэр бүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000$ төлсөн. Одоо үлдэгдэл 60,000$ буюу 170,880,000 төгрөг, сургалтын төлбөрөөс гадна амьдрах зардал, хоол унааны төлбөрийг бид өөрсдөө төлдөг. Хүү Г.Т-гийн ...................... .......................төгрөг. Охин Г................................ сургуулийн 2021-2022 оны сургалтын төлбөр 8,660,000 төгрөг, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлд заасныг үндэслэн нас барагчийн эхнэр У.Ө-ийн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг гаргуулах, 2018 оны 8 дугаар сараас хойш өөрийн үндсэн ажил үүргээ 2019 оны 12 сарыг хүртэл хугацаанд хийгээгүй бөгөөд олох ёстой байсан цалин 4,099,215 төгрөг /1 сарын дундаж орлого/, нийт 16 сарын цалин хөлс олох байсан орлого буюу 65,587,440 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрт нийт 250,937,440 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч тал нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 сарын 13-ны өдөр гаргасан гэм хорын хохирол төлбөрт гаргуулахаар нэхэмжилсэн нийт 250,937,440 /хоёр зуун тавин сая есөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийн үнийн дүнгийн зарим хэсэг болох 125,437,440 төгрөгөөс татгалзаж, үлдэх 125,500,000 /нэг зуун хорин таван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч тал нь 2023 оны 5 сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

           Төлбөрийг дараах графикт хугацааны дагуу хэсэгчлэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны дотор 50,000,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 25-ны дотор 40,000,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор 35,500,000 төгрөгийг нэхэмжлэгч У.Ө-гийн ................................. тоот дансанд тус тус төлөхөөр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэх, цаашид Б.М-д холбогдуулан аливаа гэм хорын асуудлаар нэхэмжлэл гаргахгүй байхаар эвлэрлээ гэжээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

                                       ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч .................... нь хариуцагч .............. холбогдуулан охин Г.Б-ийн   ................................  их  сургуулийн төлбөр   170,880,000 төгрөг, хүү Г.Т-ийн .................................... охин Г.Э-ийн “....................... сургуулийн .......................... өөрийн 2018 оны 8 дугаар сараас хойш 2019 оны 12 сарыг хүртэл хугацаанд олох ёстой байсан цалин ....................... /1 сарын дундаж орлого/, нийт 16 сарын цалин хөлс 65,587,440  төгрөг нийт гэм хорын хохиролд 250,937,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан.

          2022.06.09-ний өдрийн 10 дугаартай шүүхийн тогтоолоор зохигчдын хүсэлтээр хэргийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчид шилжүүлсэн.

         Нэхэмжлэгч У.Ө-г нь хариуцагчийн төлөөлөгчтэй 2022.09.26-ны өдөр 01 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж уг эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 125,437,440 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 125,500,000 төгрөгийг хариуцагч тал нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны дотор 3 хуваан хэсэгчлэн төлж барагдуулахаар, тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэх, цаашид Б.М-д холбогдуулан аливаа гэм хорын асуудлаар  нэхэмжлэл маргаан гаргахгүй  байхаар талууд эвлэрч нотариатаар баталгаажуулжээ.

           Дээрх талуудын тохиролцоог Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчийн  2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 147 дугаартай эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй  гэж  үзлээ.

           Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Ц-ү нь “талууд эвлэрсэн учраас  эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэх нь  зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 4,412,637 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэснийг баримтлан тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.5 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Ө. нэхэмжлэлтэй,  М.-д холбогдох гэм хорын хохиролд 250,937,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 125,437,440 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 125,500,000 төгрөгийг хариуцагч Б.М нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны дотор 50,000,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 25-ны дотор 40,000,000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 25-ны дотор 35,500,000 төгрөгийг нэхэмжлэгч .............................................тоот дансанд төлөхөөр, тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэх, нэхэмжлэгч нь цаашид хариуцагч  Б.М-д холбогдуулан аливаа гэм хорын асуудлаар нэхэмжлэл маргаан гаргахгүй  байхаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 4,412,637 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М-аас 125,500,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 785,450 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д  зааснаар энэ тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

                             

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЦЭЦЭГДУЛАМ

                                          ШҮҮГЧИД                                    П.ТУЯА

                                                                                                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ