| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0174/э |
| Дугаар | 2025/ШЦТ/184 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Тунгалагтуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Т.Тунгалагтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Огтор халх овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000194 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто санитар мэргэжилтэй, “******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлын мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Огтор халх овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхины дотор булангийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа болон завьжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх, 11-р шүдний булгаралт, буйлны шарх болон цус хуралт, 21, 31, 41-р шүдний сулрал” зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Огтор халх овогт ******* нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхины дотор булангийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа болон завьжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх, 11-р шүдний булгаралт, буйлны шарх болон цус хуралт, 21, 31, 41-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Миний хувьд прокурорын тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Би тухайн караокены гадаа ахтай муудалцаад байсан залууг салгасан бөгөөд тухайн залуу нь над руу бас дайраад байсан. Би бодохдоо тэр залууг л намайг цохисон байх гэж бодож байна. Нүүр рүү гэнэт л цохиод авах шиг болсон. Цаашаа юу болсныг би сайн санахгүй байна. Намайг газар унасан байхад ахын эхнэр хараад ирж барьж авсан юм шиг байна лээ. ...Миний дээд талын 1 шүд унасан. 3 шүд хөдөлгөөнтэй болсон. Мөн миний зүүн талын нүд хөхөрч хавдаж тагларсан байдалтай байна. Би унасан 1 шүд, хөдөлж байгаа 3 шүдээ янзлуулмаар байна. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан гэм хорын шинжилгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12-13/,
гэрч “...2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд ******* сумын 6 дугаар баг, Классик караоке руу нөхөр Э., түүний ажлын дүү , бас нэг дүү нь гээд нэг залуу, надтай нийлээд тавуулаа орж сууцгаасан. Тухайн караокены 2 давхарт 2 тоот өрөөнд орж сууж байгаад манай нөхөр тамхи татахаа гарсан бөгөөд нөхөр ын хамт караокеноос гараад урд талын модон дунд зогсоод тамхи татаад юм яриад зогсож байсан чинь манай нөхрийн ажлын дүү нь караокеноос гарч ирээд утсаар ярьж байсан. Би тухайн үед харахад нь утсаар ярьж байсан бөгөөд хажууд нь хар цамцтай, ногоон цамцтай, бас нэг жинсэн цамцтай гурван залуу ойртоод хажууд нь ирээд зогсож байхыг харсан. Яг тэр үед миний утас дуугарахаар нь утсаа хальт харчихаад эргээд харсан чинь нь газар уначихсан байхаар нь бид хоёр сандраад яваад очиход нүүр бүр аймаар цус болчихсон, шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ДОР/0725/292 тоот “... биед зүүн нүдний доод зовхины дотор булангийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа болон завьжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын зулгаралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх, 11-р шүдний булгаралт, буйлны шарх болон цус хуралт, 21, 31, 41-р шүднүүдийн сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21/, Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын баримт /хх-ийн 34/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******од прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 1,900,000 төгрөгийг төлж, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Харин хохирогч нь биедээ хөнгөн гэмтэл авч Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 151,956 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаагийн нэхэмжлэл, хохирогч Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын тооцоо зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 151,956 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Огтор халх овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 151,956 /нэг зуун тавин нэгэн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч д 1,900,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
\
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА